Дэлхий нийтээр цахим хэрэглээ эрчимтэй өсөж, сошиал сүлжээ хүмүүсийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болжээ. Томчууд төдийгүй хүүхэд багачууд ч гар утас, таблет, цахим орчинтой бага наснаасаа танилцаж байна. Мэдээлэл авах, харилцах, суралцах боломжийг сошиал орчин олгодог ч хэт хэрэглээ нь хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжил, сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм.
Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээ эрс нэмэгдэж, чөлөөт цагаа гар утас, богино бичлэг, тоглоом, сошиал платформд өнгөрүүлэх нь түгээмэл болсон. Үүний улмаас төвлөрөх чадвар буурах, хичээл сурлагын идэвх сулрах, нойргүйдэх, хөдөлгөөний дутагдалд орох зэрэг асуудал нэмэгдэж байна. Мөн цахим орчин дахь бусдын “төгс” дүр төрхтэй өөрийгөө харьцуулснаар өөртөө итгэх итгэл буурах, ганцаардах, сэтгэл түгших байдал ч хүүхдүүдийн дунд ажиглагдах болжээ.
Сошиал донтолт нь зөвхөн хүүхдийн асуудал биш бөгөөд гэр бүлийн харилцаанд ч нөлөөлдөг. Нэг гэрт хамт байвч хүн бүр өөрийн дэлгэц рүү ширтэж, харилцан ярилцах, ойлголцох цаг багасч байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ утасны хэрэглээг хориглохыг урьтал болгохоос илүүтэй зөв хэрэглээний дадал суулгах нь илүү үр дүнтэй гэж сэтгэлзүйчид зөвлөж буй.
Юуны өмнө томчууд өөрсдөө үлгэрлэх шаардлагатай. Хүүхэд эцэг эхийнхээ үйлдлийг даган дуурайдаг учраас гэр бүлийн хүрээнд утасгүй цаг гаргах, хоолны үеэр дэлгэц хэрэглэхгүй байх зэрэг энгийн дадал ч чухал нөлөө үзүүлдэг. Мөн хүүхдийн чөлөөт цагийг спорт, ном унших, урлаг, аялал зэрэг бодит харилцаа, идэвхтэй үйл ажиллагаагаар баяжуулах нь цахим хамаарлаас хол байхад тусалдаг аж.
Нөгөө талаар хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж, цахим орчны сайн ба муу талыг ойлгуулах нь хамгаас чухал юм.
Хүүхэд цахим орчинд ямар мэдээлэл үзэж байгаа, ямар хүмүүстэй харилцаж байгааг сонирхон ярилцах нь итгэлцлийг бий болгодог. Ингэснээр аливаа эрсдэл, дарамттай нөхцөлд хүүхэд айлгүйгээр эцэг эхдээ хандах боломж бүрдэнэ. Цахим хэрэглээ өнөө цагт зайлшгүй хэрэгцээ болсон ч хяналтгүй хэрэглээ хүүхдийн ирээдүйд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс хүүхдүүддээ сошиал хэрэглээний зөв соёл төлөвшүүлж, бодит амьдралын үнэ цэнэ, гэр бүлийн халуун дулаан харилцааг мэдрүүлэх нь өнөөгийн цаг үед хамгийн чухал хүмүүжлийн хэлбэр болоод байна.
Н.Отгончимэг
Мягмар - 05 сарын 19,
2026
Сэтгэгдэл2
Насанд хүрсэн хүн донтож байгаа юм чинь бага насны хүүхэд бүр донтоно. 16 наснаас доош насныхан хэрэглэхийг хоригломоор байна.
Хүүхдүүд яахав ээ, учраа олчихно. Харин томчууд л хэцүү байна. Тэнэгрэлийн түвшин дээд цэгтээ хүрчихсэн.