Хорвоогийн 7 гайхамшиг, 10 гайхамшиг, 20 гайхамшиг гэж буй. Чухамдаа юуг гайхамшиг гэж үнэлэх талаар нэгдсэн, маргаангүй шалгуур гэж харин байхгүй. 30, 40, 50 гайхамшиг тодруулж, сурталчилж ч болно. Аялал, жуулчлал ихэд хөгжсөн одоо үед энэ нь их орлого ч авч ирнэ. Хорвоогийн 7 гайхамшиг хэмээж одоогоос 4586 жилийн өмнө баригдсан гэгдэх асар том пирамид, 2400 орчим жилийн өмнө босгосон өндөр цамхаг, мөн тэр үед босгосон гэгдэх том, өндөр хөшөө, одоогоос 2500 орчим жилийн өмнө барьсан том сүм, олон давхар бунхан, 2600 жилийн өмнө босгосон Зевсийн сүрлэг хөшөө, Вавилон дахь (2700 орчим жилийн настай) олон давхар цэцэрлэгийг нэрлэж байна. Тэд бол одоогийн Египет, Грек, Туркэд байгаа барилга, байгууламжууд юм. 10, 20 гайхамшиг ч мөн л барилга, байгууламжууд. Гэхдээ үнэхээрийн гайхах зүйл зөвхөн л барилга, байгууламжуудад байдаг биш билээ. Хүн төрөлхтний бүтээл дунд биетэй болон биегүй, мөн амьд гайхамшгууд гэж ч буй. Суурин аж төрж байсан иргэд байшин сууцанд амьдарч, бүтээсэн барилга, байгууламжийнхаа хийц, загвар, чимэглэл, материал, олон мянган жилийг элээсэн нас, бат бэх чанар зэргээр бусдад болон бүр дэлхий дахинд гайхуулж иржээ.
Харин нүүдэлчдийн хувьд гайхуулах зүйл юусан билээ?
Нүүдэлчид барилга, байгууламжинд анхаарч, ач холбогдол өгч, олон мянгаар нь барьж, бүтээж байсангүй. Тэгэх ахуйн хэрэгцээ, шаардлага, сонирхол ч алга байв. Нүүдлийн мал аж ахуйн шаардлагыг дагаж шилжиж, нүүж амьдрах нь л тэдэнд чухал байжээ. Яг л үүндээ тохирсон сууц, тавилга, хувцас, уналга, ачилгын хэрэгсэл, тоноглол зохион бүтээж ямагт сайжруулж, хамгийн хөнгөн материалаар хийх нь л нэн чухал байв. Нүүдэлчид чадахгүйдээ, хоцрогдсондоо, соёлгүйдээ, чулуу, шавраар бүтээл туурвиж, гайхагдахаар уран гоё барилга бариагүй биш юм. Тэгэх, асар их хүч, хөдөлмөр зарцуулах, бүр олон зуун, олон мянган боолчууд ажиллуулах ахуйн болоод үйлдвэрлэлийн хэрэгцээ, шаардлага нүүдэлчдэд ер байсангүй. Гэхдээ нүүдэлчид биеэ даасан, биеэ тоосон угсаатан, төр улс болж оршин тогтносоор, нүүдлийн соёл-иргэншлийг бүтээсээр, заримдаа хүчирхэгжин том эзэнт гүрэн байгуулж, XIII зуунд тэр үеийн дэлхий дахиныг бараг л бүрэн байлдан дагуулж байв. Тэр үед Америк тив, Австрали тив нээгдээгүй, Африкийн хойд хэсэг, Ази, Европоос л дэлхий дахин бүрэлдэж байжээ. Хэрэг дээрээ баруун Европын цөөн улс, Африкийн хойд хэсгийн цөөхөн орон л Чингисийн эзэнт гүрний гадна үлджээ. Иймэрхүү түүх, намтартай нүүдэлчдэд хорвоогийн гайхамшигт тооцогдох юу ч байхгүй гэж үү? Чухам яахлаараа нүүдэлчдийн бүтээсэн үнэт зүйлүүдийг сонирхох талаар хүн төрөлхтөн хайхрамж муутай байдаг юм бэ? Үнэндээ бол нэг байшин барихаас 6 ханатай гэр төхөөрөх нь ур, ухаан илүү шаардана шүү дээ. Аль ч салбарын инженер хүн ингэж л хэлнэ. Бид зөвхөн гэрийг буулгах, барих л чадвартай. Харин гэрийн хана, хаалга, тооно, унь, багана, бүрээс, дээвэр, туурга, бүслүүр, уяа мэтийг энэ талын инженер хүн л хийнэ шүү дээ.
Барилгын инженер гэхийн адилаар гэрийн инженер бэлтгэж, сургаж болно. Ханын мод бэлтгэх, унийн мод, тоононы мод бэлдэх, эсгий хийх, хана үдэх үдээр бэлтгэх технологи нарийн шүү дээ! Олс, дээс томох, оосор бүч бэлдэх ч ярвигтай...
Мөн тариа, ногоо тарихаас 5 хошуу мал маллах, өсгөх нь мөн л илүү их мэдлэг, ухаан шаарддаг ажээ. Сайн малчин болохын тулд олон жилийн туршид суралцах, дадлагажих шаардлагатай байдаг. Малын ашиг, шимийг бүрэн авна, боловсруулна гэдэг бол амьдралын их сургууль дүүргэж байж олдог чадвар билээ... Нүүдэлчдийн түүхийг судлах, бичих тухайд ч алдаа, дутагдал, зохисгүй хандлага байсаар ирсэн, одоо ч мөн байсаар байна. Нүүдэлчдээс үлдэж хоцордог материаллаг биет зүйл тун бага, мөн биет бус соёлын талаарх мэдээлэл ч их биш, бичгээр тэмдэглэгдэж хоцорсон зүйлс нэн ховор зэрэг нь том бэрхшээл хэдий ч нүүдлийн соёл-иргэншлийн судалгааг шинэ арга, технологи хэрэглэн шинэ шатанд гаргаж хөгжүүлэх хэрэгтэй байна. Нүүдэлчдийн соёл иргэншил бол хүн төрөлхтний хөгжил, хувьслын нэгэн бүрэлдэхүүн хэсэг, угсаатан нэг бүрийн тойрч гарсан биш, харин дайрч өнгөрөөсөн зам, түүхэн хөгжлийн нь бага бус урттай хэсэг, хэрчим мөн болно. Суурин иргэдийн соёлын эх үндэс нь тэдний нүүдэлчид байх үеийн нь соёл юм. Үр жимс цуглуулах, ан гөрөө хийх, шилжин нүүдэллэн аж төрөх шатыг дамжаагүй овог, аймаг гэж үгүй. Ер нэг нь нөгөөдөө нөлөөлөөгүй соёл, иргэншил гэж мөн үгүй билээ.
Соёлтой, хөгжилтэй суурин иргэд, хөгжлөөр дорой нүүдэлчид гэх үнэлгээ, зэрэгцүүлэлт бол их харьцангуй ойлголт юм. Гэхдээ цөөн зүйл дээр тийм ялгаа байдаг нь ч мөн үнэний хувьтай.
Харин эко, хүмүүнлэг, энэрэнгүй, байгальд ээлтэй, ясан болон цусан төрлийн холбоо, харилцаа сайтай гэх мэтийн олон шинж, байдлаар нүүдлийн соёл, иргэншил давуутай байдаг. Нүүдэлчин өрх айл бүр гар урлал эрхэлж гэр, гэрийн дотоод тавилга, хувцас, гутал, сур, аргамж, мөн уналга, ачилгын тоног хэрэгсэл хийж байдаг бол суурин иргэд ч гар урлал эрхэлж иржээ. Харин томоохон тосгод, хот буй болох цагт олборлох, боловсруулах аж үйлдвэр хөгжиж эхэлснээр суурин соёл-иргэншил хурдацтай хөгжиж нүүдлийн соёл-иргэншил уламжлалт байдлаа хадгалсаар үлджээ. Суурин амьдрал, суурин соёл-иргэншилд шилжих, автагдах байдал цаашид өргөсөж, нүүдэлчдийн тоо, хэмжээ хумигдаж, нүүдлийн мал аж ахуй, ан гөрөө эрхлэн аж төрдөг иргэдтэй улс орон хуруу дарам цөөхөн болсон түүхтэй. Гэхдээ тэд аж үйлдвэрийн соёлоор л хоцрогдсон болохоос биш амьдралын бусад бүх хүрээ, салбарт суурин иргэдтэй ойролцоо, бүр адилхан соёлтой байсан болно. Нүүдэлчдийг доорд үзэх, тэдний түүхэнд хайш яйш хандах, дарж үнэлэхийн зохисгүйг, алдаатайг орчин үеийн түүхчид, соёл судлаачид хүлээн зөвшөөрөх болов. Чингэж нүүдлийн соёл-иргэншил судлал, шинэ, дээд, шинжлэх ухаанч шатандаа шилжээд байна. Байгальд элбэг байдаг, нөхөн сэргээгддэг материал, түүхий эд ашиглаж, малын үс ноос, арьсыг боловсруулж, бүх талын нарийн хэмжээ, харьцааг чанд сахин бэлдэж бүтээдэг гэр сууц бол яах ч аргагүй нэгэн гайхамшиг юм. Салхи, бороо, хурц нар, өвлийн хүйтэнд ажирдаггүй, агаарын солилцоо сайтай, буулгах ба барихад хялбар, дотоод бүрэн тавилга, ширмэл дэвсгэртэй гэр сууц бол олон мянганыг дамжин боловсронгуй болсон шилмэл, сонгодог бүтээл, маш их ур, ухаан, тооцоо шаардсан, жилийн аль ч улиралд ашиглахад зориулагдсан, ижилгүй суут бүтээл билээ.
6 мянган жилийн өмнө баригдсан пирамид нэгэн гайхамшиг, бас 6 мянганы туршид төгөлдөржиж ирсэн монгол гэр мөн л нэгэн гайхамшиг юм. Пирамидыг 6 мянганы туршид хүмүүс зөвхөн сонирхож ирсэн бол гэр сууцанд хүмүүс олон мянганы туршид амьдарч иржээ.
Ач холбогдлоор нь тооцох аваас гэр илүү их гайхамшигтай ажээ. 8 метрийн голчтой гэр сууцны талбай нь 50 гаруй метр квадрат байдаг... Наадамд унахад зориулж сойж, дэл, сүүлийг нь зассан, мөнгөн хазаар, гоёмсог эмээл, гөлөмтэй хүлэг сайн морь бол хэн ч сэтгэл алдрахаар сайхан, сүрлэг харагддаг. Энэ бол эцсийн дүндээ нүүдэлчдийн ур, ухаан, гоосайхны мэдрэмжээр буй болсон ижилгүй нэгэн бүтээл, гайхамшиг юм. Хаад, жанжид, баатруудын хөшөөг морьтой босгодог нь ч тун их учир, утга, бэлгэдэлтэй, урлаг, гоосайхны сэдэлт, бүрдэлтэй гэгддэг. Энэчлэн нүүдэлчдийн бүтээл болсон гайхамшгууд нь хөнгөн, шингэн, авсаархан, тэр мөртлөө гайхамшиг гэж баттай үнэлэгдэхээр байдаг онцлогтой. Тэр шинж, байдлыг нь ойлгох, үнэлэх мэдлэг, мэдрэмж, сэрэл, хүртэлт одоохондоо 21-р зууны хүмүүст хомсдуу байгаа нь үнэн юм. Адуу бол байгалийн бүтээгдэхүүн. Гэхдээ гаршуулж, гэршүүлсэн, сургаж номхруулсан, өнгө зүсийг нь өөрчилсөн, хүний бүтээсэн олон тоног, хэрэгслээр чимсэн, дэл сүүлийг нь зассан хүлэг морьд бол хүний бүтээл мөн. Зэрлэг тахь адуутай зүйрлэмгүй шүү дээ! Бүтээсэн гайхамшгаа дэлхий дахинд сурталчлах ажил нүүдэлчдийн хувьд бараг хийгдэж байсангүй. Гайхамшгаар дүүрэн хорвоод бид ямар ч гайхамшиггүй мэт л байсаар 21-р зуунтай золгосон гэж хэлж болно. XIII зуун дахь нөхцөл, байдал, хөгжлийн нь түвшинтэй нь уялдуулан үзвээс Чингисийн эзэнт гүрэн хэмжээ, нөлөөгөөрөө нэгэн гайхамшиг байв.
Ази, Европод хэрэгжүүлж чадсан цэрэг, дайны амжилт, жанжны ур, ухаанаар Чингис хаан өөрөө үнэхээр л мянганы хүн байлаа. Мянгануудын хувьд тэргүүнд нь орох “мянганы хүн” бол хорвоогийн энэ талын нэгэн дээд гайхамшиг мөн юм.
Энэ хүний түүх, намтар, үйл хэрэг, төрсөн нутаг, ус бол бас л гайхамшиг гэсэн үг. Аялал, жуулчлалын утга, ач холбогдол нь мөн эгнэшгүй их байх нь мэдээж билээ. Энэ талаарх бидний ажил, үйлс хэр зэрэг амжилттай байна вэ? Хорвоогийн 7 гайхамшгийн нэгэнд тооцогддог Зевсийн хөшөөнөөс илүү гарах л сонин, содон намтар, түүх, үйл ажиллагаа мөн билээ. Дэлхий дахинд ч яг л ингэж ойлгогддог байх учиртай. Суурин соёл-иргэншил болон нүүдлийн соёл-иргэншлийн бүтээсэн гайхамшгуудыг биет болон биет бус хоёр хэлбэрээр нь таньж, тодруулах ёстой. Зөвхөн л өндөр сүрлэг барилгаар баримжаалж гайхамшгийг тодруулах нь мэдээжээр ихэд өрөөсгөл юм. Гадаад ертөнцийг таньдаг, чанар, байдлыг нь үнэлдэг бидний мэдрэхүй тус бүрээр гайхамшигт бүтээлүүдийг шалгаруулах нь гайхамшгийг бүтээх цаашдын үйлсэд тун том түлхэц болно. Энэ талыг нь ч бодолцох, тооцох нь зөв юм.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Пүрэв - 05 сарын 28,
2026
Сэтгэгдэл13
Сайхан бичлээ. Бидэнд бахархах зүйл маш их бий.
сайхан шааж өгчээ. нүүдлийн амьдрах хэв маяг бол ямар ч соёл иргэншил биш шүү.
Нүүдэлчин чинь хоцрогдол, бүдүүлэг үе. Суурин амьдрал бол соёл, хөгжил
тоггүй бол жорлондоо өмхийрч,өлсөж үхнэ
Чулуунжав шиг интуиционист , философи сэтгэлгээтэй , логицист хэл шинжлэлийн боловсролтой соён гэгээрүүлэгч энэ хүртлэх ХХ1 зуунд л лавтайя үгүй . ХХ зууны хоёрдугаар хагаст ч тийм л байсан даа . Одоогийн бүх хулгайчид нам , үзэл онолын ялгаралгүйгээр бүгдээрээ Женко , Зика хоёрыг үзэн ядаж буйн адил манай эрх зүйчдэд \ түүх , философи , хэл шинжээчид гэгчид орно \ Чулуунжав таалагддаггүй байж мэднэ , өөрөө ч гажиг зожиг нэгэн юм билүү , хэн мэдлээ . ХХ зууны дунд үед Д . Төмөрочир гэдэг бүгдээрээ ил дальжганацгаадаг - сүнсээ зайцгаатал айцгаадаг нэг хүн байж билээ . Тиймэрхүү типийн нөхөр юм болов уу . Ямар ч бай , Энэ Чулуунжавт Хүрэлсүх ерөнхийлөгч маань нэг юм хүртээчихээсэй гэж улныхан бид \ өөрөө ч тоохгүй байж мэдэхээр хүн байж магадгүй \ хүсцгээдэг юм . . .
Диалёктик матёриализмыг гарамгай эзэмшсэн ! марксист лёниннист философийн сүүлчийн төлөөлөгч Чуукаа өвгөн одооны шагналыг тоохгүй ээ ! Тэрний оронд Оргилд нэг амрах бичиг өгчихвөл баярлах байх !
Бээжин рү вагоноор явж байсан чинь гэнэт тэр хараач цагаан хэрэм байна гэж уулга алдахад хаана байна аль модон дээр вэ гэж асууж байсан шиг юм болох нуу үгүй юу ! Манай өвөг дээдэс цагаан хэрмийг бариулахад хүргэсэн шүү дэ ! өөрөөр хэлбэл ёртөнцийн нэг гайхамшигтай гэсэн үг ! 1380 онд Мин улсын цэрэг ирж Хархорумийг бүрэн галдан шатаагаагүй бол бидд одоо бас нэг ёртөнцийн гайхамшигтай байх байлаа ! Монгол цэрэг нь цаашаагаа Арын сайхан хангай ру зугтчихсан гэсэн ! Олон сайхан сүмтэй хэрэмтэй төрөл бүрийн ундаа амттан гоождог оргилууртай сайхан хот байсан гэсээн !!
We are all human being with own life types. Who can't understand this human intellect level of understanding that is out of normal discussion about civilization types. Any pessimist is has not right to write about nomads. Any terrorist , racist and follower of Hitler are very sad type of small part of human being. Long live nomadic life and freedom from fatal mistakes.
Дэлхийн инээдэм! Гаыхамшигтай зүйл баыхгүй! Толгойгоо эргүүлдэг хүмүүс ховордсон шүү! Саванг мэдэхгүй 20 зуунд орж блаа
Дэлхийн инээдэм! Гаыхамшигтай зүйл баыхгүй! Толгойгоо эргүүлдэг хүмүүс ховордсон шүү! Саванг мэдэхгүй 20 зуунд орж блаа
Дэлхийн инээдэм! Гаыхамшигтай зүйл баыхгүй! Толгойгоо эргүүлдэг хүмүүс ховордсон шүү! Саванг мэдэхгүй 20 зуунд орж блаа
Nuudelchid himi,fizikiin turshlaga,shinjilgee analysis hiij chadahgui.yagaad gevel togtvorgui oorchlolt hudulguund orshij bgaa tul.Tiimees science,agriculture,architecture,industrial development,infrastructure.. hugjih bolomjgui or mash udaan.timees ch bid ih ard hotsorson..Harin suurin ulsuudiig haldan dovtolj tednii buteen bosgoson zuiliig evdlen suitgej bulaan deeremdej, orchin ued bol(thru internet) shuud copy-doj bna(technology bur law-g hurtel)
Нүүдэл-н Соёл Иргэншил-н 1том оюуны өв бол "товч бөгөөд тодорхой бх". Нүүдэлчин МGLчууд-д Европын язгууртнууд шиг уншаад бичээд суух боломж бгаа-гүй. Тийм-с тэд бүхн-г тархиндаа даатгадаг, харин хийсэн дүгнэлт хүрсэн үр дүн нь маш товч минимал хэлбэртэй бжээ. Бидний тэрхүү уламжлал, заяагдмал чадавх өнөө үед улам чухал болж бн. Учир нь мэдээлэл-н exponential тэсрэлттэй өнөөг-н нийгэмд "номыг нийтлэл, нийтлэл-г thread, тэр-г нь quote болтол ширгээх" аливааг хасч тайралгүйгээр агшаан багасгах зайлшгүй шаардлага үүссэн. 1 Жишээ => Непко-гийн орчуулж хэвлүүлсэн "Thinking, Fast & Slow" гдг том номыг олон хүн барьж аваад дуусгалгүй орхисон бх. Их нуршуу. Бидний мэдэх Суу, Заль гсн 2 ойлголт-г л маш их дэлгэрүүлж задлаад биччихсэн. Тэр бүхнийг үндсэндээ 6-хан үгэнд багтааж болно: хааны Суу (strategic insight)-р шийдэж, харц-н Заль (tactical maneuvering)-аар гүйцэлдүүлэх. Ердөө л энэ. Үхрийн махыг үнхэлцэгэнд нь багтаана гдг чинь л энэ шүү дээ. Олон үг Улиг (platitude) цөөн үг Билиг (insight).