sonin.mn

Хятад улс "Гадаад дахь хөрөнгө оруулалтын тухай Төрийн зөвлөлийн дүрэм тогтоол”-ыг нийтэлсэн бөгөөд 2026 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих юм. Саяхан Хятадын Хууль зүйн яам, Үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо, Худалдааны яамны албан тушаалтнууд тус дүрэм тогтоолын талаар сурвалжлагчийн асуултад хариулав. 


Сурвалжлагч: Уг дүрэм тогтоолд гадаад дахь хөрөнгө оруулалтыг хамгаалах талаар ямар дүрэм заалтууд орсон бэ? 


Хариулт: Нэгдүгээрт, Төрийн зөвлөлийн холбогдох яамд гадаад дахь хөрөнгө оруулалтын хяналт, урьдчилсан сэрэмжлүүлэг, эрсдэлийн үнэлгээг бэхжүүлж, холбогдох улс орны (бүс нутгийн) аюулгүй байдлын талаарх мэдээллийг шуурхай гаргаж, хөрөнгө оруулалтын эрсдэлийн талаар сэрэмжлүүлж, хөрөнгө оруулагчдыг аюулгүй байдлын эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг удирдан жолоодож, тусалж, гадаад дахь үндэсний ашиг сонирхол болон хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаална. 


Хоёрдугаарт, Хятад улс өөрийн байгуулсан эсвэл нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу, эсвэл тэгш байдал, харилцан ашигтай байх зарчимд үндэслэн, бусад улс орон (бүс нутаг), олон улсын байгууллагуудтай хууль сахиулах салбарын хамтын ажиллагаа, харилцаа солилцоо өрнүүлж, хөрөнгө оруулагчдын болон тэдний хөрөнгө оруулсан аж ахуйн нэгж, төслийн ажилтан болон хөрөнгийн аюулгүй байдал, түүнчлэн холбогдох байгууллага, хувь хүмүүсийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах болно. Тус улс олон талт болон хоёр талт худалдаа хөрөнгө оруулалтын хэлэлцээр зэрэг олон улсын эдийн засаг худалдааны гэрээг идэвхтэй зөвшилцөж, гарын үсэг зурж, гадаад дахь хөрөнгө оруулалтыг хамгаалах түвшинг сайжруулж, хөрөнгө оруулалтыг чөлөөлөх, хөнгөвчлөхийг дэмжих болно. 


Гуравдугаарт, Хятад улс бусад улс орон (бүс нутаг)-д хөрөнгө оруулалт хийж буй Хятад улсын иргэд, байгууллагууд болон тэдгээр улс орон (бүс нутаг)-д хөрөнгө оруулсан компани, төслийн Хятад улсын иргэншилтэй ажилтнуудад хуулийн дагуу консулын хамгаалалт, туслалцаа үзүүлж, тэдний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаална. Холбогдох байгууллага, хувь хүмүүс Хятад улсын засгийн газрын гаргасан эрсдэлээс зайлсхийх аливаа зохицуулалттай хамтран ажиллах ёстой. 


Дөрөвдүгээрт, хөрөнгө оруулагчдыг өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалахын тулд гадаад дахь хөрөнгө оруулалттай холбоотой холбогдох маргааныг хэлэлцээр, зуучлал, арбитрын ажиллагаа, шүүх ажиллагаа зэрэг төрөл бүрийн арга хэлбэрээр шийдвэрлэн зохицуулахыг дэмжиж байна.