sonin.mn

“Хүүхэд бүр хүсэж мөрөөдөж, сурч боловсрох эрхтэй. Харин хүүхдүүд хөдөлмөрийн хүнд ачаа үүрэх ёсгүй гэдгийг сануулдаг Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр өнөөдөр /зургаадугаар сарын 12/-нд тохиож байна. Энэ өдрийн талаар “Зууны нэг өдөр” булан онцолж байна.


Жил бүрийн зургадугаар сарын 12-ны өдрийг Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг ОУХБ санаачлан 2002 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд хүүхдийн хөдөлмөрийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, түүнийг бүрэн устгахын төлөө хамтын хүчин чармайлтыг өрнүүлэх зорилготой юм.


“Эдийн засгийн өсөлт, хөгжил дэвшил нь хүүхдийн хөдөлмөрийг үл тоомсорлох, эсвэл түүнтэй эвлэрэн зохицох шалтгаан байж болохгүй. Хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүдийн амьдралыг үнэлэхгүйгээр хөгжилд хүрнэ гэж үгүй” хэмээн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ОУХБ) ес дэх Ерөнхий захирал Хуан Сомавиа хэлсэн байдаг. Энэ өдрийг бий болгох санаа нь 1997 онд Амстердам, Осло хотуудад болсон хүүхдийн хөдөлмөрийн хамгийн хүнд хэлбэрүүдтэй тэмцэх асуудлаарх олон улсын хурлуудын дараа гарч иржээ. Түүнээс хойш жил бүрийн энэ өдөр дэлхийн улс орнуудын Засгийн газар, ажил олгогчид, ажилтнуудын байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл болон сая сая хүн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэдэг болсон байна.


Сүүлийн үеийн тоо баримтаар дэлхий даяар 138 сая орчим хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд тэдний 54 сая нь эрүүл мэнд, амь насанд аюултай нөхцөлд ажиллаж байна гэсэн мэдээлэл байна.


Хөдөлмөр эрхэлж буй олон хүүхэд сургуульд суралцах, тоглож наадах боломжгүйгээс гадна зохистой хоол хүнс, асаргаа халамж ч хүртэж чадахгүй байгаа нь энэ өдрийг тэмдэглэх, энэ асуудалд анхаарлаа хандуулах нэг шалтгаан юм. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын (ОУХБ)-ын 1973 оны “Ажилд авах доод насны тухай” 138 дугаар конвенц, 1999 оны “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг хориглох, нэн даруй устгах тухай” 182 дугаар конвенцын үзэл баримтлалд тулгуурлан хүүхдийн хөдөлмөрийг устгах олон улсын хэмжээний бодлого хэрэгжиж байна. НҮБ-ын мэдээлснээр дэлхий нийт бараг хоёр арван жилийн турш хүүхдийн хөдөлмөрийг бууруулах чиглэлд тогтвортой ахиц гаргасан ч сүүлийн жилүүдэд зэвсэгт мөргөлдөөн, эдийн засгийн хямрал, COVID-19 цар тахал зэрэг хүчин зүйлс олон сая гэр бүлийг ядууралд хүргэж, хүүхдүүдийг хөдөлмөр эрхлэхэд хүргэжээ.


Эдийн засгийн өсөлт нь бүх нийтэд хүртээмжтэй байж чадаагүйгээс хүүхдийн хөдөлмөрийг өдөөж буй шалтгаанууд хэвээр үлдсэн байна. Иймээс ОУХБ-ын гишүүн орнууд хүүхдийн хөдөлмөрийн хамгийн хүнд хэлбэрүүдийг аль болох богино хугацаанд бүрэн устгах зорилт тавин ажиллаж байна.


Үүнд зөвхөн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэхээс гадна улс төрийн хүсэл эрмэлзэл, нийгмийн хамтын оролцоо чухал үүрэгтэй гэж үздэг. Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр нь жил бүр тодорхой уриа, сэдвийн дор зохион байгуулагддаг. Тухайлбал, “Аюултай хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдэд анхааръя”, “Хүүхдийн хөдөлмөрийг устгая”, “Хүүхдийн хөдөлмөр үгүй, чанартай боловсрол тийм”, “Хүүхдүүд мөрөөдөх ёстой болохоос ажиллах ёсгүй”, “Нийгмийн хамгааллыг бүх нийтэд хүртээмжтэй болгоё”, “Нийгмийн шударга ёсны төлөө, хүүхдийн хөдөлмөрийг зогсооё” зэрэг уриан дор тэмдэглэж иржээ. ОУХБ-ын суурь конвенцуудад Монгол Улс хоёуланд нь нэгдэн орсон байна. Тодруулбал, “Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай” 138 дугаар конвенцод 2002 онд нэгдэн орсон. Ингэснээр конвенцын дагуу Монгол Улсын хөдөлмөрийн насны доод хязгаарыг 15 нас гэж тогтоосон байдаг аж. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг хориглох, нэн даруй устгах тухай 182 дугаар конвенцод Монгол Улс 2001 онд нэгдэн орсон байна.


Конвенцуудыг https://legalinfo.mn/mn/detail/1283 https://legalinfo.mn/mn/detail/1275 эндээс уншиж болно. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг хориглох олон улсын конвенц Монгол Улсад сайн хэрэгжиж байгаа юу???



Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин