sonin.mn

Агаарын хоолтон Элитом Эль-Амины яриаг сийрүүлэн хүргэж байна.


Намайг Элитом Эль-Амин гэдэг. Би АНУ-ын Эхояа мужаас ирсэн. Яг одоогоор би нарны агааран хооллолтын зам мөрийг баримталж байгаа. Энэ зам мөрөөр 23 дахь жилдээ явж байна. Энэ нарны зам мөр нь маш бага идэх, эсвэл огт идэхгүй байх зарчимтай. Эртний соёлд үүнийг өлсөх, цангахаа даван туулах арга хэмээн үздэг байсан.


Хоолны эрх чөлөө гэдэг бол ямар нэгэн зүйлийг гэмшихгүйгээр идэх эрх чөлөө байдаг. Харин энэ замнал нь нарны агааран замнал бөгөөд маш бага идэх, эсвэл огт юм идэхгүй, уухгүй байхыг баримталдаг зам мөр юм.

 

Тэгэхээр энэ дэлхийн хамаг энергийн эх үүсвэр нь ерөөсөө нар юм. Хоол хүнсний энерги ч гэсэн эцсийн дүндээ нарнаас эхтэй. Тиймээс бид энэ энерги, эрч хүчээ хоолоор дамжуулан, өвс ногоо, ургамал, мал амьтнаар дамжуулан авахын оронд шууд нарнаас авах боломжтой гэсэн ойлголт нь энэ зам мөрийн үндсэн зарчим юм.

 

Үүнийг боломжтой болгохын тулд бие махбодоо тусгай төлөвт бэлтгэх шаардлагатай. Энэ бэлтгэлийн хамгийн чухал суурь нь бясалгал байдаг. Мөн энергийн дасгалуудыг тууштай хийснээр хүний бие гаднаас энергийг шингээн авах боломжтой төлөвт маш аажмаар шилждэг. Энд нэг чухал зүйлийг онцлон хэлэх хэрэгтэй. Энэ зам мөр нь мацаг барихтай огт адил зүйл биш. Мацаг барих гэдэг нь тодорхой хугацаанд хоолноос татгалзахыг хэлдэг. Харин энэ замнал нь биеэ хүчээр хоолгүй байлгаж, тэсвэрлэх тухай огт биш. Мацгаас ялгаатай нь бясалгал болон энергийн дасгалуудыг тогтмол хийж, биеэ аажмаар дасгах үйл явц юм. Үүн дээр нэмээд амаар орж байгаа хоол хүнсээ аль болох хөнгөн, цэвэр байлгаснаар биед гарах өөрчлөлт илүү нэмэгддэг. Ингэснээр биеийн энергийн хэлбэлзэл дээшилж, гаднаас, тэр дундаа нарнаас ирэх энергитэй илүү зохицон, илүү их хэмжээгээр энерги шингээж авах боломжтой төлөвт шилждэг. Энэ зам мөрд хүн мацгийг маш аажмаар, тогтмол байдлаар эхэлдэг.


Ер нь хүмүүс мацаг гэхээр аль болох олон хоног хоол идэхгүй тэсэхийг зорилго мэт ойлгодог. Энэ бол маш буруу ойлголт. Нарны агааран хооллолтын энэ замналын амжилт нь нэг удаа хэр удаан тэсэж чадсанаар хэмжигдэхгүй. Харин хэр тогтмол, хэр тууштай дадлаа хэвшүүлж чадсанаар үр дүн нь гардаг.


Тиймээс үүнийг удаан тэсэх уралдаан гэж ойлгож болохгүй. Мөн энэ зам мөрийг дагахын тулд бие маш эрүүл, чийрэг байх шаардлагатай. Тэгж байж өндөр хэлбэлзэлтэй энергийг шингээж авах боломжтой гэж үздэг. Иймээс дасгал хөдөлгөөн хийх нь ч мөн чухал байдаг. Ерөнхийдөө энэ нь зөвхөн хооллолтын тухай биш, харин бүхэлдээ шинэ амьдралын хэв маягт шилжих үйл явц юм.


Энергийн дасгал, бясалгалын тухай мэдлэг олон мянган жилийн турш дэлхий дээр уламжлагдан ирсэн. Харин өнөө үед интернэтийн ачаар энэ төрлийн мэдээлэл олон нийтэд илүү нээлттэй хүрдэг болсон. Урьд цагт ийм мэдлэгийг ихэвчлэн олон жил бясалгал, шашны дадал хийсэн хүмүүст дамжуулдаг, нууцын зэрэглэлтэй шахуу хадгалдаг байсан. Бясалгал гэдэг нь зөвхөн хүний оюун санаанд өрнөдөг үйл явц биш. Энэ нь бие махбод бүхэлдээ оролцдог процесс юм. Тиймээс хүн чин сэтгэлээсээ зорьж, тодорхой хугацаанд өөрийгөө зориулан тууштай дадал хийснээр үр дүн нь аажмаар гардаг.

 

Хүмүүс надаас "Агааран хоолтон болоход хэр хугацаа шаардлагатай вэ?" гэж их асуудаг. Үүнийг би тулааны урлагтай зүйрлэж тайлбарладаг.

 

Жишээлбэл, тулааны урлагт хар бүс хүртэл нэг шөнийн дотор хүрдэггүй. Эхний хоёр жилд сууриа тавина. Таван жилийн дараа тодорхой чадварт хүрнэ. Арван жилийн дараа туршлага сууж эхэлдэг. Энэ замнал ч мөн адил. Энергийн болон биеийнхээ чадамжийг олон жилийн турш хөгжүүлж байж үр дүнд хүрдэг.

 

Хамгийн чухал нь агааран хоолтон болох нь өөрөө зорилго биш. Гол зорилго нь эрүүл мэндээ сайжруулах, энергийг ойлгох, энергийг мэдэрч сурах явдал юм. Харин агааран хоолтон болох эсэх нь зөвхөн дагавар үр нөлөө байж болно.

 

Цаг хугацаа өнгөрөх тусам уйгагүй хичээл, сургуулилтын үр дүнд биеийн хоолны хэрэгцээ аажмаар багасдаг гэж үздэг. Бие хангалттай хэмжээний энергитэй болсон үед биет хоолны хэрэгцээ ч мөн аажмаар буурдаг. Хамгийн сүүлд нэг зүйлийг онцлон хэлэхэд, энэ бол ид шидийн зүйл биш. Бид бүгд физикийн хуульд захирагдан амьдардаг. Тиймээс энэ замнал нь физикийн хуулийг зөрчих тухай биш, харин бие махбодоо аажмаар дасгаж, энергийн хэрэглээ болон хооллолтын түвшнээ шат дараатай өөрчлөх үйл явц юм.

 


У.Анударь, Н.Отгончимэг