sonin.mn

2026 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд "Орос хэлний элч нар" олон улсын сайн дурын хөтөлбөрийн төлөөлөгчид зочиллоо. Бүрэлдэхүүнд Хэл шинжлэлийн ухааны доктор, А.С.Пушкины нэрэмжит Орос хэлний улсын дээд сургуулийн Ерөнхий ба орос хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор А.Н.Матрусова, хэл шинжээч, гадаад иргэдэд орос хэл заах арга зүйч багш Г.И.Марданова, Ф.М.Достоевскийн нэрэмжит утга зохиол, дурсгалын музейн соёл судлаач А.А.Овсянникова нар багтжээ.


Сайн дурынхан Олон улсын хүүхдийн «Найрамдал» төвд соёл хоорондын харилцааны сэдэвт оюуны багийн тоглоом, орос үндэсний тоглоом урлах болон уран зургийн семинар зохион байгуулж, Оросын гар урлалын өв соёл, модон халбагаар хөгжимдөх уламжлалт урлагийн талаар сурагчдад танилцуулах юм.


"Дэлхий дэх орос хэлний элч нар" нь олон улсын сайн дурын хөтөлбөр бөгөөд оролцогчид нь тоглоом болон интерактив хэлбэрээр гадаадын сурагч, оюутнуудад орос хэл, соёл, уран зохиолыг таниулахын зэрэгцээ орос судлалын хичээлүүдийг заадаг билээ. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш тус хөтөлбөрт Оросын болон гадаадын 75,500 гаруй сурагч, оюутан хамрагдаад байна.