sonin.mn

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын гадаад харилцааны сайд Ван И, Ираны гадаад харилцааны сайд Аббас Аракчи нар 7-р сарын 24-нд Киргиз улсад болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Гадаад харилцааны сайд нарын зөвлөлийн хурлын үеэр уулзлаа.


Ван И энэ үеэр хэлэхдээ, сүүлийн үед Ойрх Дорнодын булангийн бүс нутгийн байдал дахин хурцадсанд Хятадын тал санаа зовж байна. Одоогоос нэг сар гаруйн өмнө байгуулсан харилцан ойлголцлын санамж бичиг нь олон талын зуучлал, эвлэрүүлэн зохицуулах хүчин чармайлтын чухал үр дүн бөгөөд Иран болон Ойрх Дорнодын ард түмний дайныг зогсоож, энх тайвныг сэргээх хүсэл тэмүүллийг илэрхийлж байгаа учраас өмнөх ололтыг талаар болгож болохгүй. Хэлэлцээний хаалга нэгэнт нээгдсэн бол дахин хааж болохгүй, энхийн төлөө найдвар байгаа цагт түүнээс татгалзаж болохгүй.


Одоогийн хамгийн чухал зорилт бол маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэх чиглэлээ тууштай баримталж, санамж бичигт туссан зөвшилцөлд эргэн орох явдал юм гэв.


Тэрээр Хятад улс Ираны иж бүрэн стратегийн түншийн хувьд Иран улсын бүрэн эрх, аюулгүй байдал, үндэсний нэр төрийг хамгаалахыг тууштай дэмжинэ гэдгийг онцлоод, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн Ойрх Дорнодын энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах, ахиулах дөрвөн зүйлт саналыг баримталж, Пакистан зэрэг талуудын эвлэрүүлэн зуучлах хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжиж, холбогдох талуудын яриа хэлэлцээг аль болох хурдан сэргээх, Хормузын хоолойн асуудлыг зохистой шийдвэрлэх, хөрш орнуудын харилцааг сайжруулах, булангийн орнуудын хамтын аюулгүй байдлыг ахиулах замаар Ойрх Дорнодод энх тайван, тогтвортой байдлыг аль болох хурдан сэргээхэд хүчин чармайлт гарган ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.



Аббас Аракчи Ойрх Дорнодын булангийн бүс нутгийн хамгийн сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар танилцуулж, Америкийн тал хоёр талын байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийг зөрчсөний улмаас байдал дахин хурцадсан гэж мэдэгдэв. Тэрээр Ираны хэлэлцээ хийх байр суурь огт өөрчлөгдөөгүй бөгөөд мөргөлдөөн үргэлжлэхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлж, Америкийн талыг амлалтаа биелүүлж, хүлээцтэй байж, Ирантай харилцан ойртон ажиллан, асуудлыг зохистойгоор шийдвэрлэх гарцыг хамтдаа эрэлхийлэхийг уриалав.


Аббас Аракчи мөн өнөөгийн чухал үед Иран, Хятад хоёр иж бүрэн стратегийн түншийн хувьд харилцаа холбоо, уялдаа зохицуулалтаа бэхжүүлэх нь нэн чухал болохыг онцолж, Хятадын тал үргэлж бодитой, шударга байр суурь баримталж, энх тайвныг дэмжин, дайныг зогсоохын төлөө тууштай ажиллаж ирсэнд талархал илэрхийлээд, цаашид ч Хятад улс чухал үүрэг гүйцэтгэн, нөхцөл байдлыг намжааж, хурцадмал байдлыг бууруулахад үргэлжлүүлэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.


Г.Бямба