Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Энди Бёрнэмтэй уулзаж, түүний албан тушаалдаа орсноос хойш хүлээн авсан анхны гадаадын төрийн тэргүүн боллоо. Энэхүү айлчлал нь Лондон шинэ Засгийн газар бүрдсэн ч Украиныг дэмжих бодлого нь өөрчлөгдөхгүй гэдгийг харуулсан бэлгэдлийн ач холбогдолтой гэж ажиглагчид үзэж байна.
Хоёр удирдагч Английн Портсмут дахь тэнгисийн цэргийн баазад уулзаж, Их Британид сургалтад хамрагдаж буй Украины тэнгисийн цэргийн алба хаагчидтай уулзсан байна. Мөн Украины аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцжээ.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Энди Бёрнэм Их Британи Украиныг үргэлжлүүлэн дэмжихээ дахин нотолж, дроныг Оросын агаарын довтолгооноос хамгаалахад ашигладаг "Stone Cloak" электрон хамгаалалтын технологийн оюуны өмчийг Украинд шилжүүлж, тус улсад дотооддоо үйлдвэрлэх боломж олгохоо мэдэгдсэн байна. Түүнчлэн дрон үйлдвэрлэл болон агаарын довтолгооноос хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцжээ.
"Их Британи Украины талд тууштай зогсоно. Бид шударга бөгөөд урт хугацааны энх тайванд хүрэх хүртэл дэмжлэгээ үргэлжлүүлэх болно" хэмээн Бёрнэм уулзалтын өмнө мэдэгдсэн байна.
Энди Бёрнэм өнгөрсөн долоо хоногт Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон бөгөөд Володимир Зеленскийг анхны гадаадын удирдагчаар хүлээн авсан нь Лондонгийн Украиныг дэмжих бодлого шинэ Засгийн газрын үед ч хэвээр үргэлжлэх мессеж боллоо.
Н.Отгончимэг
Мягмар - 07 сарын 28,
2026
Сэтгэгдэл2
Нацист алиалагч Зелягийн дараагийн золиос! Ккк
Их Британи ерөнхий сайд нар солигдсон ч Украиныг дэмжсээр. Манай ояа нар горьдолтгүй