Одоогоос 20 жилийн өмнө, тухайн үеийн БНХАУ-ын Жэжян мужийн намын хорооны нарийн бичгийн дарга Ши Жиньпин “И Ү-гийн хөгжлийн туршлага”-ыг нэгтгэн дүгнэхдээ төр “хариуцах ёстой асуудлаа сайн зохицуулж, зах зээлд шилжүүлэх ёстой эрхийг бүрэн шилжүүлэх” ёстойг онцолж, төрийн “харагдах гар” болон зах зээлийн “үл үзэгдэх гар”-ыг үр ашигтай уялдуулах шаардлагатай гэж тэмдэглэжээ. Тэрээр үүнийг “хурдан өсөж буй хүүхдэд томхон хувцас өмсгөх хэрэгтэй” хэмээн зүйрлэн тайлбарлаж, бодлогын зохицуулалт нь хөгжлийн хэрэгцээтэй нийцэж байх ёстойг онцолсон байна.
Энэхүү үзэл баримтлалын дагуу Жэжян муж 2006 онд И Ү хотод удирдлагын 400 гаруй бүрэн эрхийг шилжүүлснээр гадаад худалдаа, зөвшөөрөл олголтын тогтолцооны саад бэрхшээлийг арилгажээ. 2011 онд И Ү хот улс даяарх хошуу шяний түвшний олон улсын худалдааны цогц шинэчлэлийн анхны үндэсний туршилтын бүсээр батлагдаж, зах зээлийн худалдан авалтын худалдааны шинэ хэлбэрийг бий болгосноор жижиг барааны “олон төрөл, бага хэмжээ, олон удаагийн” экспортын хүндрэлийг шийдэж, жижиг, дунд болон бичил аж ахуйн нэгжүүдэд илүү хүртээмжтэй худалдааны суваг нээсэн юм.
Сүүлийн жилүүдэд “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд И Ү хот “И Ү–Шиньжян–Европ” чиглэлийн Хятад–Европын ачааны галт тэргийг нээж, Нинбө–Жөүшань боомтын “6 дахь боомтын бүс”-ийг байгуулснаар авто зам, далайн тээвэр, агаарын тээвэр, төмөр зам, шууданг хослуулсан нээлттэй хөгжлийн тогтолцоог бүрдүүлжээ. Өдгөө И Ү хот дэлхийн 230 гаруй улс орон, бүс нутагтай худалдаа хийж байгаа бөгөөд зах зээлийн худалдан авалтын худалдааны хэлбэрийг улсын хэмжээнд 21 мужийн 39 зах зээлд нэвтрүүлээд байна.
Энэ оны эхний хагас жилд И Ү хотын импорт, экспортын нийт хэмжээ 486.42 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 19.9 хувь өсөв. Үүнээс экспорт 420.72 тэрбум юань болж, оны эхний хагаст анх удаа 400 тэрбум юанийн босгыг давлаа.
“И Ү-гийн хөгжлийн туршлага” нь үр ашигтай зах зээл, бүтээлч төрийг оновчтой хослуулж, шинэчлэлээр дамжуулан хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэснээр зах зээлийн эрч хүчийг улам идэвхжүүлж, өндөр чанартай хөгжилд хүчтэй түлхэц үзүүлж болохыг харуулж байна.
Мягмар - 07 сарын 28,
2026
Сэтгэгдэл0