ВАШИНГТОН, 2026 оны долоодугаар сарын 28 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгдэхдээ, АНУ, Ираны хооронд “үр дүнтэй хэлэлцээ” өрнөж байгаа бөгөөд хоёр талын зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэх тохиролцоонд хүрэх боломж бий гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ хэлэлцээ амжилтгүй болбол АНУ Иранд цэргийн цохилтоо үргэлжлүүлнэ гэдгийг анхааруулсан байна.
Д.Трамп хэдийгээр нааштай мэдэгдэл хийсэн боловч Техран АНУ-ын тал цэргийн ажиллагаагаа түр зогсоосныг сорихоор шийдсэн бололтой. Д.Трампын мэдэгдлийн дараахан Саудын Араб, Йордан, Ирак улсууд дрон ашигласан довтолгооны талаар мэдээлсэн байна.
Таван сарын турш үргэлжилж буй энэхүү мөргөлдөөнд Д.Трамп стратегиа дахин эрс өөрчилж, Иранд хоёр долоо хоногийн турш өгсөн агаарын цохилтоо өнгөрсөн бямба гарагт гэнэт зогсоосон юм. “Бид үр дүнтэй хэлэлцээ хийж байна" гэж тэрбээр хэлээд "Ямар нэгэн ахиц гарч, тохиролцоонд хүрэх боломж байгаа гэж бодож байна. Хэрэв тэгвэл сайн хэрэг. Харин үгүй бол хоёр хоногийн өмнө хийж байсан зүйл рүүгээ буцаж орно” гэжээ.
Д.Трамп мөн даваа гаргийн орой Мичиганд болсон сонгуулийн сурталчилгааны цуглаанын үеэр Ираны талаар ярихдаа, "Тэдэнд ая тал засаж болохгүй. Тэднийг ялах ёстой, бид тэднийг бут цохих болно. Гэхдээ юу болохыг харж л байя. Одоогоор маш нөхөрсөг яриа хэлэлцээ үргэлжилж байна" гэсэн байна.
Үүний сацуу Ираны Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Исмаил Багаи даваа гарагт мэдэгдэхдээ, талуудын хооронд зуучлагчдаар дамжуулан мэдээлэл солилцсоор байгаа бөгөөд Иран дипломат харилцаанаас татгалзаагүй, харин яриа хэлэлцээ хийх хүсэлт гаргасан гэх мэдээлэл нь "худал" гэв. Д.Трампын зарласан гал зогсоох дэглэм үргэлжлэх хугацаанд Ираны тал мөн довтолгоогоо зогсооно гэж Ираны өндөр албан тушаалтан ням гарагт мэдэгдсэн байна. Харин даваа гаргийн орой Ираны Зэвсэгт хүчний төв командлал АНУ-ыг Ираны нутаг дэвсгэрийн усан бүсэд хөлөг онгоц болон газрын тос тээвэрлэгч танкеруудад аюул учруулж, “хууль бус тэнгисийн бүслэлт хэрэгжүүлэхийг оролдож байна” гэж буруутгаад, энэ нь "бүс нутгийн сөргөлдөөнийг хурцатгаж байна" гэж мэдэгджээ.
Нийслэл Эр-Рияд болон бусад хотод орших газрын тосны байгууламжууд руу нь чиглэсэн дронуудыг сөнөөсөн гэж Саудын Арабын эрх баригчид мэдэгджээ.
Дронуудыг Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүд Иракийн нутгаас хөөргөсөн гэж үзэж байгаа бөгөөд хариу арга хэмжээ авах эрхтэй гэдгээ Саудын Арабын эрх баригчид онцолсон байна. Үүнээс гадна, Йемен дэх Ираны холбоотон хуситууд Улаан тэнгис дэх Саудын Арабын гол боомт болох Янбу руу газрын тос нийлүүлдэг "Зүүн-Баруун" хоолойг Саудын Арабаас өгсөн дроны цохилтын хариуд бай болгосон гэж мэдэгджээ. Түүнчлэн Ираны тал дэлхийн эрчим хүчний эх үүсвэрүүдийн нийлүүлэлтийн чухал зам болох Ормузын хоолойг хяналтдаа байлгасаар байгаагаа мэдэгдсэн байна. Д.Трамп уг хоолойгоор хөлөг онгоцуудыг саадгүй чөлөөтэй өнгөрүүлэхийг шаардаж байгаа юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 07 сарын 28,
2026
Сэтгэгдэл1
тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачины тусгай ажиллагааны балаг.