САН-САЛЬВАДОР, 2026 оны долоодугаар сарын 27 /Reuters/. Эль Сальвадорын сөрөг хүчний намууд ирэх оны хоёрдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд хууль тогтоогч асан Мэйти Ирахета, эмч, үйлдвэрчний эвлэлийн удирдагч Рафаэль Агирре нарыг тус улсын одоогийн Ерөнхийлөгч Найиб Букелетэй өрсөлдүүлэхээр нэр дэвшүүлжээ.
М.Ирахета сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үеэрээ баруун төвийн үзэл баримтлалтай "Үндэсний Бүгд Найрамдах Эвсэл" (ARENA) намаас нэр дэвшихээ зарласан бол зүүний төвч үзэлт "Фарабундо Мартигийн Үндэсний Чөлөөлөх Фронт" (FMLN) нам Р.Агиррег нэр дэвшүүлж байгааг бичгээр гаргасан мэдэгдэлдээ дурдсан байна.
Нэр дэвшигчдийг намын дотоод сонгуулиар тодруулжээ. "ARENA" намын түүхэнд анх удаа Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчид хоёулаа эмэгтэй нэр дэвшигчид өрсөлдөхөөр болж байна. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Н.Букеле гурав дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй болсны дараа “Шинэ санаа” (Nuevas Ideas) нам нийтлэлч байсан түүнийг 2027 оны сонгуульд дахин нэр дэвшүүлсэн бөгөөд түүний хамтрагчаар одоогийн Дэд ерөнхийлөгч Феликс Ульоа өрсөлдөнө. “Шинэ санаа” нам 2024 оны сонгуульд илт давуу ялсан бөгөөд эрх баригч намын хяналтад байдаг парламент өнгөрсөн оны долоодугаар сард Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг уртасгаж, хугацааны хязгааргүйгээр дахин сонгогдох боломжийг нээж, дахин санал хураалт явуулах журмыг цуцалжээ.
Л.Буянаа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 07 сарын 28,
2026
Сэтгэгдэл0