sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг Цагаан ордонд хүлээн авч уулзан, хоёр улсын батлан хамгаалах хамтын ажиллагаа болон Орос-Украины дайныг зогсоох боломжийн талаар хэлэлцжээ.



Хаалттай хэлбэрээр болсон уулзалтын үеэр Украинд Patriot агаарын довтолгооноос хамгаалах системийн пуужин үйлдвэрлэх лиценз олгох асуудал, цаашдын цэрэг-техникийн хамтын ажиллагаа, энхийн хэлэлцээг дахин эхлүүлэх боломж зэрэг асуудлыг хөндөн ярилцсан байна.


Уулзалтын дараа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский "амжилттай уулзалт боллоо" хэмээн мэдэгдэж, АНУ-тай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн хоёр тал батлан хамгаалах үйлдвэрлэл болон дипломат хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн байна.


Энэ удаагийн уулзалт нь 2025 онд Цагаан ордонд болсон ширүүн маргаантай уулзалтаас ялгаатай нь илүү тайван, ажил хэрэгч уур амьсгалд өрнөсөн гэж ажиглагчид үнэлж буй юм.


Н.Отгончимэг