Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Америкийн тал Хятадын хиймэл оюуны компаниудад мөрдөн шалгалт явуулж, хориг арга хэмжээ авах төлөвлөгөөний талаар сэтгүүлчийн асуултад хариуллаа.
Сэтгүүлч: Сүүлийн үед Америкийн зарим өндөр албан тушаалтан Хятадын хиймэл оюуны компаниудыг Америкийн дэвшилтэт загваруудыг “нэрэх (distillation)” аргаар ашигласан гэх асуудлаар шалгаж, цаашлаад “Америкийн оюуны өмчийг хулгайлсан” гэх үндэслэлээр хориг арга хэмжээ авч болзошгүй гэж мэдэгдсэн. Үүнд Хятадын тал ямар байр суурьтай байна вэ?
Хэвлэлийн төлөөлөгч: Бид холбогдох нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Хятадын тал шинжлэх ухаан, технологи болон эдийн засаг, худалдааны асуудлыг улс төржүүлэх, хэрэгсэл болгон ашиглахыг тууштай эсэргүүцдэг бөгөөд ямар ч үндэслэлгүйгээр Хятадын аж ахуйн нэгжүүдийг гутаан доромжилж, хориг арга хэмжээ авахыг хүлээн зөвшөөрөхгүй.
Америкийн тал Хятадын хиймэл оюуны зарим загварууд Америкийн дэвшилтэт загваруудтай бараг ижил хугацаанд гарсан, мөн Хятадын зарим загварын чадвар хэдийнээ дэлхийд тэргүүлэх түвшинд хүрсэн зэрэг бодит баримтыг үл тоомсорлон, Хятадын компаниудад “нэрэх технологид тулгуурласан”, “Америкийн оюуны өмчийг хулгайлсан” гэх үндэслэлгүй нэр зүүлгэж, цаашлаад дарамт шахалт, хориг арга хэмжээ авахаар сүрдүүлж байна. Ийм үйлдэл нь баримт нотолгоогүй, хууль зүйн үндэслэлгүй бөгөөд практикт давхар стандарт баримталж буй хиймэл оюуны салбар дахь ноёрхогч үзлийн тод илрэл юм.
Инноваци бол аль нэг улсын онцгой өмч биш. Хятадын хиймэл оюуны компаниуд суурь судалгаанд олон жилийн турш тууштай хөрөнгө оруулж, шинжлэх ухаан, технологийн бие даасан хөгжлийг нээлттэй хамтын ажиллагаатай хослуулан хэрэгжүүлж, хамтран зөвлөлдөх, хамтран бүтээн байгуулах, хамтдаа хүртэх үзэл баримтлалыг баримталсаар ирсэн. Үүний үр дүнд хиймэл оюуны технологи хурдацтай хөгжиж, ялангуяа код боловсруулах чадвар зэрэг улам олон чиглэлээр өндөр амжилт гаргаж байна.
Мөн Америкийн хиймэл оюуны олон компани өөрсдийн судалгаа, сургалтын явцад Хятадын загваруудыг нэрэх технологи ашигласан нь ил болж байна. Түүнчлэн Америкийн бизнесийн салбарын олон компани Хятадын хиймэл оюуны компаниудад хориг арга хэмжээ авахаар сүрдүүлж байна. Үүнийг Хятадынт ал эрс эсэргүүцэж байна. Америкийн 200 орчим гарааны компани Америкийн засгийн газарт Хятадын нээлттэй эхийн загваруудад нэвтрэх боломжийг хаахгүй байхыг уриалж, ийм алхам нь Америкийн компаниудын өрсөлдөх чадварыг сулруулна гэж үзсэн байна. Мөн Америкийн томоохон үндэстэн дамнасан компаниуд загвар нэрэх технологи нь салбарт өргөн хэрэглэгддэг арга бөгөөд Америкийн компаниуд Хятадын нээлттэй эхийн хиймэл оюуны загваруудыг ашиглах боломжтой байх ёстой гэж мэдэгджээ.
Хоёр орны үйлдвэрлэл, бизнесийн салбарын бодитой, эрүүл саруул дуу хоолойг сонсож, ноёрхогч сэтгэлгээгээ засаж, Хятадын компаниудыг гутаан доромжлох болон хориг арга хэмжээ авах сүрдүүлгээ зогсоохыг бид Америкийн талд шаардаж байна. Хятадын ашиг сонирхолд бодитоор хохирол учруулах аливаа үйлдлийн эсрэг Хятадын тал шаардлагатай бүх арга хэмжээг авч, өөрийн хууль ёсны эрх ашгаа тууштай хамгаална.
Мөн Америкийн тал хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн нийтлэг ойлголтыг бодитоор хэрэгжүүлж, Хятадын талтай нэг чиглэлд ажиллан, хиймэл оюуны салбарын яриа хэлэлцээ, харилцаа холбоог бэхжүүлж, хиймэл оюуныг хүн төрөлхтөнд илүү үр өгөөжтэй хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж, хиймэл оюуны засаглалыг тасралтгүй боловсронгуй болгосноор хоёр улс болон дэлхий нийтэд үр өгөөж авчирна гэдэгт найдаж байна гэв.
Лхагва - 07 сарын 29,
2026
Сэтгэгдэл0