sonin.mn

Дунай мөрний усны түвшин сүүлийн 44 жилийн хугацаанд үзэгдээгүй хэмжээгээр эрс татарсан тул Унгар дахь цорын ганц “Пакш” АЦС-ыг зогсоохоор шийдвэрлэжээ. Энэ тухай ням гарагт шилжих шөнө Унгарын Ерөнхий сайд Петер Мажар нийгмийн Х сүлжээний хуудсандаа мэдэгдсэн байна. 


“Пакш” АЦС нь Унгарын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 50 орчим хувийг хангадаг бөгөөд станцын реакторуудыг Дунай мөрний усаар хөргөдөг ажээ. Эрчим хүчний хямрал дэгдэж болзошгүй тул цахилгааны хэрэглээгээ багасгахыг оршин суугчид, бизнесийн байгууллагуудад хандан эрх баригчид уриаллаа.


Саяхан Ерөнхий сайд хэлэхдээ, үйлдвэрүүдийн хэрэглээг ээлж дараатай хязгаарлахад чиглэсэн онцгой төлөвлөгөөг засгийн газар боловсруулсан бөгөөд бусад станцууд үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ гэдгийг мэдэгдсэн юм.  Төв Европт энэ онд хэт халж, ган болж байгаагаас үүдэн Дунай мөрөн эрс татарч байна. Зарим газарт усны түвшин түүхэнд үзэгдээгүйгээр доошилсон тул хөлөг онгоцууд явах боломжгүй болж, эрчим хүчний салбарт бэрхшээл үүсэж байгаа юм.


Тухайлбал, 7 дугаар сарын сүүлчээр Румынд "Чернаводэ" АЦС-ын I блокийг зогсоож, эрчим хүчний сүлжээнээс салгасан байна.


Мөн Сербийн цаг уурчдын анхааруулснаар, Дунай мөрний усны түвшин сүүлийн 100 жилд үзэгдээгүйгээр доошилж магадгүй байна. Үүний улмаас өөртөө засах эрх бүхий Воеводина хязгаарын хойд хэсгийг усаар хангадаг шахуургын станцыг зогсоожээ.



Б.Адъяахүү