Монгол Улсын байгаль орчны салбарын нэрт эрдэмтэн, төрийн зүтгэлтэн, доктор (Ph.D), Монгол Улсын Байгаль орчны сайд асан Замбын Батжаргал таалал төгсөж, Монголын төр, шинжлэх ухаан, байгаль орчны салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.
З.Батжаргал нь 1945 онд Увс аймгийн Сагил суманд төрж, 1964-1969 онд ЗХУ-ын Ленинград хотын Ус цаг уурын дээд сургуулийг төгссөнөөс хойш амьдралынхаа бүхий л хугацааг эх орныхоо ус, цаг уур, байгаль орчны шинжлэх ухаан, төрийн бодлого, олон улсын хамтын ажиллагааны хөгжилд зориулсан эрхэм хүмүүн байлаа.
Тэрбээр 1990-1996 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдаар ажиллахдаа байгаль орчны салбарын эрх зүйн шинэчлэлийн суурийг тавьж, салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, төрийн байгууллагын тогтолцоог бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд Монгол Улсад байгаль орчны асуудал төрийн бодлогын түвшинд бэхжин төлөвшихөд түүний манлайлал онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ.
Мөн 1990-1996 онд Дэлхийн цаг уурын байгууллага дахь Монгол Улсын байнгын төлөөлөгчөөр ажиллаж, Монгол Улсын байр суурийг олон улсын түвшинд нэр төртэйгээр илэрхийлж байсан.
З.Батжаргал нь 1996-2001 онд Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар, 2001-2006 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллахдаа Монгол-Японы уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Түүнчлэн 2015-2022 онд Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Монголын үндэсний зохицуулагчаар ажиллаж, дэлхий нийтийн өмнө тулгамдсан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Монгол Улсын дуу хоолойг хүргэн, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвх санаачилгатай ажилласан билээ.
З.Батжаргал нь эрдэм мэдлэг, туршлагаа залуу үед өвлүүлэн үлдээхийн төлөө тууштай зүтгэж, сүүлийн жилүүдэд Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн шинжлэх ухааны зөвлөхөөр ажиллаж байсан нь түүний шинжлэх ухаандаа үнэнч, эх орондоо зориулсан хөдөлмөрийн тод жишээ юм.
Замбын Батжаргалын өндөр мэдлэг боловсрол, шударга зан чанар, алсын хараатай манлайлал, эх оронч үйл хэрэг нь хамтран зүтгэгчид, шавь нар, хойч үеийнхнийх нь сэтгэл зүрхэнд мөнхөд хадгалагдан үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ойр дотнын хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.
Монгол Улсын Гадаад харилцааны Сайд Б.Батцэцэг,
ГХЯ-ны хамт олон.
Улаанбаатар хот,
2026 оны 8-р сарын 7-ны өдөр
Баасан - 08 сарын 07,
2026
Сэтгэгдэл0