Монголын эрүүл мэндийн салбарын худалдан авалт, төсөв мөнгөний зарцуулалт олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн. Улсын эмнэлгүүд эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, үйлчилгээ худалдан авахад жил бүр их хэмжээний төсөв захиран зарцуулдаг. Эрүүл мэндийн даатгалын сангаас ч асар их хэмжээний санхүүжилт авдаг.
Гэвч иргэдийн авч буй тусламж, үйлчилгээ энэ их мөнгөтэй дүйцэж байна уу гэдэг асуулт байнга тавигддаг.
Үүний нэг жишээ болгож Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу ЭХЭМҮТ-ийн худалдан авалттай холбоотой асуудлыг сөхөх шаардлагатай болжээ.
Тус төвийн удирдлагатай холбоотой худалдан авалт, тендерийн шийдвэрүүдэд эргэлзээ төрүүлсэн мэдээлэл эмнэлгийн хүрээнд яригдаж байгаа бөгөөд үүнд ЭХЭМҮТ-ийн удирдлага олон нийтэд баримттай, тодорхой тайлбар өгөх нь зүйтэй.
Ялангуяа чихрийн шижинтэй хүүхдүүдийн цусан дахь сахарын хэмжээг хянахад шаардлагатай хэрэгсэл худалдан авах ойролцоогоор 800 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендер анхаарал татаж байна.
Бидэнд ирсэн мэдээллээр уг тендерт шалгарсан компанийн үнийн санал 796 сая төгрөг байсан. Гэтэл үүнээс ойролцоогоор 200 сая төгрөгөөр бага үнийн санал ирүүлсэн оролцогч байсан ч шалгараагүй гэх мэдээлэл байна.Үүнтэй холбоотойгоор хамгийн түрүүнд нэг асуулт гарч ирнэ.
Яагаад 200 сая төгрөгөөр бага үнийн санал өгсөн оролцогчийг хасаж, 796 сая төгрөгийн саналыг сонгосон бэ?
ЭХЭМҮТ-ийн удирдлага дээрх тендерийн хувьд 796 сая төгрөгийн санал яагаад хамгийн сайн үнэлэгдсэн, хямд санал ирүүлсэн оролцогч ямар үндэслэлээр хасагдсан, хоёр компанийн санал болгосон бүтээгдэхүүний чанар болон техникийн үзүүлэлтэд ямар ялгаа байсан талаар олон нийтэд нээлттэй тайлбарлах шаардлагатай.
Энд яригдаж байгаа зүйл нь жирийн нэг бараа бүтээгдэхүүний худалдан авалт биш.
Чихрийн шижинтэй хүүхдүүдийн өдөр тутам хэрэглэх, эрүүл мэндтэй нь шууд холбоотой хэрэгслийн тухай асуудал юм.
Тиймээс энэ тендерийн цаана ашиг сонирхлын зөрчил, хэн нэгэн компанид давуу байдал олгосон үйлдэл, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан асуудал байгаа эсэхийг холбогдох байгууллагууд шалгаж, олон нийтэд бодит мэдээллийг өгөх ёстой.
ЭХЭМҮТ-ийн захирал Ж.Отгонбаатар ч энэ асуудалд нэр холбогдон яригдаж байгаа бол хардлагыг тайлах хамгийн зөв арга нь дуугүй өнгөрөх бус, тендерийн материал, үнэлгээ, сонгон шалгаруулалтын үндэслэлийг ил тод болгох явдал.
Хэрэв бүх зүйл хууль журмын дагуу явагдсан бол үүнийг баримтаар тайлбарлахад хүндрэлгүй.
Харин хямд үнийн саналыг үндэслэлгүй хасаж, төсөвт өртөгтэй бараг ижил хэмжээний санал өгсөн компанид давуу байдал олгосон нь тогтоогдвол энэ бол маш ноцтой асуудал.
Төрийн эмнэлгийн мөнгө бол хэн нэгэн даргын хувийн хөрөнгө биш. Татвар төлөгчдийн мөнгө. Тэр тусмаа өвчтэй хүүхдүүдийн эмчилгээ, оношилгоонд зориулагдсан мөнгөнөөс нэг төгрөг ч үр ашиггүй зарцуулах ёсгүй.
Өвдсөн хүүхдийн зовлон хэн нэгний бизнес, ашиг орлогын эх үүсвэр болж хэрхэвч таарахгүй.
Тиймээс 800 сая төгрөгийн энэхүү тендерийн цаана яг юу болсон бэ?
Яагаад 796 сая төгрөгийн санал шалгарсан бэ?
Ойролцоогоор 200 сая төгрөгөөр хямд санал өгсөн оролцогчийг ямар үндэслэлээр хассан бэ?
Эдгээр асуултад ЭХЭМҮТ болон тус төвийн захирал Ж.Отгонбаатар олон нийтэд баримттай хариулт өгөх ёстой.Үгүй бол чихрийн шижинтэй хүүхдүүдийн зовлонгоор хүртэл бизнес хийдэг болчихсон гэж дүгнэхэд буруудахгүй юм.
Б.Намуун
Мягмар - 08 сарын 11,
2026
Сэтгэгдэл0