Саяхан өрнөдийн Испаний “El Mundo” сонинд мэдээлснээр Оросын тусгай албад гадаадад амьдардаг Оросын сөрөг хүчний удирдагч, чөлөөт Оросын форумын үндэслэгч Гарри Каспаров, Иван Тютрин, Оросын Думын депутат асан Илья Пономарёв нарыг хөнөөхөөр төлөвлөж байна хэмээн мэдээлжээ. Энэхүү сонинд мэдээлснээр Кремлийн удирдагчид гадаадад амьдардаг хоёр гурван сөрөг хүчний удирдагчдыг хөнөөж бусдад нь сануулах дохио болгохоор шийджээ.
2026 оны зун АНУ-ын төр засаг АНУ-ын Нью-Иорк хотод амьдарч байгаа шатрын дэлхийн аварга, Оросын формумын үндэслэгч Гарри Каспаровт “Оросын тусгай албад чамайг хөнөөхөөр бэлтгэж байна” хэмээн анхааруулжээ.
Ингээд 2013 оноос АНУ-д дүрвэж амьдарч байгаа Г. Каспаров эдүгээ өөртөө бие хамгаалагч авч амьдарч байгаа ажээ. Мөн Илья Пономарёв Оросын тусгай албадын нэг номерийн бай болж байгаа ажээ. Түүнийг хөнөөсөн хүнийг 40 000 ам доллараар шагнана гэсэн мэдээлэл гарчээ. Харин түүнийг хөнөөх үүрэгтэй Венесуэлийн нэгэн иргэн Вашингтон хотод Пономарёвын видео болон фото зургуудыг авсан боловч түүнийг хөнөөхөөс татгалзсан байна. Тэгмэгц Оросын тусгай албад түүнийг өөрийнхөө оронд өөр хүн олж өгөхийг хүсчээ. Гурав дахь бай болсон Иван Тютренийг Литвийн Вильнюст хотод амьдарч байхад нь боож алах эсхүл бензин цацаж шатааж алахаар төлөвлөж байв. И.Тютрин 2024 онд Литвийн нийслэлд хэсэг хугацаагаар бие хамгаалагчтай амьдарч байв. Сүүлийн саруудад АНУ-ын төр засаг түүнийг дахиад Оросын тусгай албадын бай болсон талаар түүнд анхааруулж мэдэгджээ. Балтийн орнуудад Башкирын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Руслан Габбасов амьдардаг юм. 2025 онд тэр бээр өөрийнхөө автомашинд түүний машины хөдөлгөөнийг мөрдөх зориулалттай жижигхэн тоног төхөөрмж суурилуулсан байсныг илрүүлжээ. 2026 оны хавар Литва улсын тусгай албад түүнийг Оросын тусгай албад хөнөөх гэж байгааг илрүүлж зогсоожээ. Оросын тусгай албадын АНУ дахь нэг гол бай бол Оросын хүний эрхийн төлөө тэмцэгч, сэтгүүлч, нийтлэлч Владимир Кара-Мурза юм. 2024 онд түүнийг Сибирийн шоронгоос гаргаж АНУ-тай шоронгийн хоригдол солилцох ажиллагаагаар АНУ-д шилжүүлжээ. Өнгөрсөн онд Оросын тусгай албадын ажилтнууд түүнийг 2 удаа хорлохыг оролджээ.
АНУ-д алан хядах ажиллагаа явуулдаг Оросын нууц бүлэглэл нь Оросоос АНУ-д ирсэн дүрвэгсэд, Кремлийг эсэргүүцдэг хүмүүс, 2024 оноос эхэлж Украиныг дэмждэг хүмүүсийн эсрэг халдлага болон хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг ажээ.
2026 оны 9-р сард АНУ-ын Шүүх яам АНУ-д ажилладаг энэхүү бүлэглэлийн 5 хүнд алан хядах ажиллагааг санхүүжүүлсэн, хөлсөөр алан хядах ажиллагаа явуулсан гэсэн ял тулгажээ. АНУ-ын Шүүх яамны мэдээлснээр энэхүү бүлэглэлд Оросын тагнуулын байгуллагын хурандаа Юрий Храмеев, түүний хүү Оросын ФСБ-ын офицер Кирилл Храмеев, Куба улсын иргэн Оэмис Ромагос, Ядель Дельгадо, Венесуэл улсын иргэн Анхель Кастро нар байсан байна. Храмеевынхан Европд үйл ажиллагаа явуулдаг, Чех болон Литвад болсон халдлага дайралтыг бэлтгэхэд оролцсон ажээ. Одоогоор эдгээр хүмүүс бүгд АНУ-д эрх чөлөөтэй амьдарч байгаа тул Оросын сөрөг хүчний удирдагчдын амь нас аюулгүй гэхийн баталгаа байхгүй байна. Ер нь Зөвлөлт улсын НКВД, КГБ болон эдүгээ үйл ажиллагаа явуулж байгаа ОХУ-ын ФСБ хэмээх тусгай нууц албад гадаадад маш олон хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан түүхтэй бөгөөд эдгээр нууц албадын ажилтнууд хүний эрхийн төлөө тэмцэгчид, тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид, ардчиллын төлөө тэмцэгчид, хаан, тайж язгуурын удмын хүмүүс заримдаа тухайн улсын төрийн тэргүүний эсрэг алан хядах ажиллагаа явуулсан байдаг. Зөвлөлтийн нууц албад Монголын Ерөнхий сайдууд болон Афганистаны ерөнхийлөгчийн амь насыг хүртэл хөнөөсөн байдаг. Зарим нэг түүхийг нь өгүүлье.
Лев Троцкий (1940 он, Мексико): 1917 оны оросын хувьсгалын удирдагч. Түүнийг Сталины тушаалаар НКВД-ын агент Рамон Меркадер Мексикт мөс хагалагч сүхээр толгойг нь цохиж амь насыг нь хөнөөжээ.
Евгений Коновалец (1938 он, Нидерланд): Украины үндсэрхэг үзэлтнүүдийн удирдагч. Түүнийг Зөвлөлтийн тагнуулч Павел Судоплатов гэгч дотроо тэсрэх бөмбөг нуусан шоколадны хайрцаг өгч дэлбэлэн амь насыг нь хөнөөжээ.
Степан Бандера (1959 он, ХБНГУ, Мюнхен) -Украины үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллагын (ОУН) удирдагч. Түүнийг КГБ-ын тусгай агент Богдан Сташинский Баруун Германий Мюнхен хот дахь орон сууцны орцонд нь түүний нүүр рүү цианид калитай хий цацдаг тусгай гар буугаар буудаж амь насыг нь хөнөөжээ.
Лев Ребет (1957 он, ХБНГУ, Мюнхен) -Украины тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, улс төрч, сэтгүүлч. Түүнийг Зөвлөлтийн агент Богдан Сташинский гэгч хорт хийтэй буугаар буудаж амь насыг нь хөнөөжээ
Георгий Марков (1978 он, Их Британи, Лондон) -Болгарын коммунист дэглэмийг шүүмжлэгч, зохиолч, сэтгүүлч. Түүнийг Зөвлөлтийн КГБ-ын нэгэн нууц ажилтан Английн Лондон хотын гүүрэн дээр явж байхад нь таягтай шүхрээр хөлийг нь хатгаж, рицин (ricin) хэмээх маш хүчтэй хортой үрэл арьсан дор нь шахсанаар Марков хэдхэн хоногийн дараа эмнэлэгт нас баржээ.
Хафизулла Амин (1979 он, Афганистан, Кабул) -Зөвлөлтийн КГБ-ын “Альфа”, “Зенит” тусгай тасгийн ажилтнууд 1979 оны 12-р сард “Шторм” хэмээх нууц ажиллагаа явуулж Афганистаны нийслэл Кабул хотод десант буулгаж, Афганы Ерөнхийлөгчийн "Таж-Бек" төрийн ордон руу дайран орж, Афганистаны ерөнхийлөгч Амин болон түүний гэр бүл, үр хүүхдүүдийг нь хүртэл харгисаар буудан хөнөөжээ. Дараа нь зөвлөлтийн тусгай албад Зөвлөлт улсад орогнож байсан коммунист Бабрак Кармалийг Москвагаас нисэх онгоцоор Кабулд авчирч Афганистан улсын төрийн тэргүүнээр тавьжээ.
Николай Артамонов /Николас Шадрин/ (1975 он, Австри, Вена) -Зөвлөлтийн Тэнгисийн цэргийн офицер, 1959 онд АНУ руу дүрвэж, Холбооны мөрдөх товчоо (FBI)-нд зөвлөхөөр ажиллаж байсан. Зөвлөлтийн КГБ-ын агентууд түүнийг Австрийн Вена хотод хууран авчирч, хулгайлан ЗХУ руу нууцаар хил давуулахаар явж байхдаа түүнд хэт их мэдээ алдуулагч (хлороформ) тарьсний улмаас зүрх нь зогсож нас баржээ
АлександрЛитвиненко]
(2006 он, Их Британи, Лондон) -ФСБ-ын офицер асан, Оросын төр засгийг шүүмжлэгч, Их Британид орогнож байсан. 2006 онд Английн Лондон хотын нэгэн зочид буудлын ресторанд ФСБ-ын агентуудтай уулзах үед нь түүний ногоон цайнд маш ховор, цацраг идэвхт Полони-210 (Polonium-210) хэмээх бодисыг нууцаар хийж хордуулан амь насыг нь хөнөөжээ
[ЗелимханЯндарбиев]
-Оросын Холбооны Улсын Ичкерийн Чечень Улсын Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгч асан, Чечений салан тусгаарлагчдын удирдагч. Түүнийг Катарын нийслэл Доха хотод явж байхад нь түүний жийп автомашинд Оросын ГРУ (Цэргийн тагнуул)-ын агентууд тэсрэх бөмбөг суурилуулж дэлбэлж амь насыг нь хөнөөжээ. Катарын цагдаа нар Оросын хоёр агентыг баривчилж, бүх насаар нь хорих ял оноосон ч гэсэн хожим нь Орос улс тэднийг шилжүүлж авчээ
[ЗелимханХангошвили]
(2019 он, ХБНГУ, Берлин)
-Чечений дайчдын командлагч асан, Гүржийн иргэн. Түүнийг Германий Берлин хотын "Клейнер Тиргартен" паркад явж байхад нь
[Вадим Красиков]
( хэмээх ФСБ-ын "Вимпел" тусгай тасгийн агент унадаг дугуй унаж түүнд ойртон очиж толгой руу нь буудан хөнөөжээ. В. Красиков ХБНГУ-д бүх насаараа хоригдох ял авсан ч гэсэн хожим нь хоригдол солилцоогоор Орос улс түүнийг буцаан авчээ.
[Ибналь-Хаттаб]
(2002 он, Чечень /Хилийн ажиллагаа/ -Чеченьд тулалдаж байсан Саудын Арабын иргэн, Исламын зэвсэгт дайчдын удирдагч. Түүнийг Оросын ФСБ-ын ажилтнууд түүний дундын зуучлагчаар дамжуулан авсан хувийн захидалд нь маш хүчтэй зүрх зогсоогч химийн хор шингээж дамжуулж өгснөөр захидлыг нээж уншсан Хаттаб газар дээрээ тэр даруй хордож нас баржээ.
[СергейСкрипаль]
(2020, Орос улс) нарыг ФСБ/ГРУ-ын ажилтнууд "Новичок" хэмээх химийн зэвсгээр хордуулсан боловч тэд амьд үлдсэн. Гэвч удалгүй Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный Оросын Сибирийн шоронд нас баржээ.
Борис Немцов -ОХУ-ын түлш эрчим хүчний сайд, сөрөг хүчний удирдагч. 2015 оны 2 дугаар сарын 27-ны орой Москва хотын төвд, Кремлийн ойролцоох Их Москворецкийн гүүрэн дээр түүний ар нуруу руу нь 6 удаа буудаж амь насыг нь хөнөөсөн.
Евгений Пригожин -Оросын хувийн цэргийн "Вагнер" бүлэглэлийг үүсгэн байгуулагч, генерал, тэрбумтан. Тэр бээр 2023 оны 8 дугаар сарын 23-ны орой Москва хотоос Санкт-Петербург руу нисэж явсан өөрийн эзэмшлийн “Embraer Legacy 600” загварын хувийн онгоц нь Оросын Тверь мужийн Куженкино тосгоны ойролцоо агаарт дэлбэрч түүний хамт явсан 10 хүний хамт амь үрэгдсэн.
Борис Березовский -Оросын тэрбумтан, техникийн ухааны доктор. Б. Берёзовский 2013 оны 3-р сард Британий Аскот хотод хаустаа боолгож үхсэн байдалтай олджээ. Түүний хөрөнгө нь 3.0 тэрбум доллар байв. Зөвлөлтийн тусгай албад өнгөрсөн зууны хорь, гучаад онуудад Монголын төрийн олон зүтгэлтнүүдийг хөнөөж байсан балмад түүхтэй. Зөвлөлт Оросын тусгай албад анх Монголд 1922 онооос эхлэн орж ирсэн бөгөөд Яков Блюмкин мэтийн зартай алуурчид монголын төрийн зүтгэлтнүүд, лам хуврагуудыг олноор нь хөнөөж эхэлсэн түүхтэй байдаг юм. Зөвлөлт Оросын тусгай албад монголын төрийн тэргүүн, төрийн зүтгэлтнүүдийг хэрхэн хөнөөж байсан тухай цөөхөн жишээ дурдая.
Пэлжидийн Гэндэн. Монгол улсын Ерөнхий сайд. Зөвлөлтийн тусгай албадын шахалтаар 1936 оны 3 дугаар сард түүнийг Ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулж, "сувилуулах" нэрийдлээр урьж ЗХУ-ын Крымд авчирчээ. Улмаар 1937 оны зун Сочид амарч байхад нь "Японы тагнуул, эх орноосоо урвагч" гэсэн зохиомол хилс хэргээр түүнийг баривчилжээ. 1937 оны 11 дүгээр сарын 26-ны Монгол улс тунхагласан баярын өдөр ЗХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн коллегиос түүнд цаазын ял оноож, Москва хотод буудан хөнөөж, хөрөнгийг нь хураажээ.
Анандын Амар. 1939 оны 3 дугаар сард Сталины тусгай удирдамж, Х. Чойбалсангийн тушаалаар Монгол улсын Ерөнхий сайд А.Амарыг "Ангийн дайсан лам нарыг өмгөөлөгч", "Японы тагнуул" хэмээн хилсээр гүтгэж баривчлан ЗХУ-д хүргүүлсэн. Түүнийг ЗСБНХУ-ын Дээд Шүүхийн хаалттай хуралдаанаар яллаж, Монгол Ардын хувьсгалын 20 жилийн ойн өдөр буюу 1941 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Москва хотын Коммунаркагийн полигонд буудан амь насыг нь хөнөөжээ.
Гэлэгдоржийн Дэмид. БНМАУ-ын анхны өрлөг жанжин (Маршал), Цэргийн яамны сайд 1937 оны 8 дугаар сарын 22-нд ЗХУ-ын нутаг дэвсгэрт Сибирийн төмөр замын “Тайга” өртөөнд түүний хоолонд нь хор хийж хордуулан амь насыг нь хөнөөжээ. Маршал Г.Дэмид 1937 оны 8 дугаар сард албан ажлаар ЗХУ-ын Москва хотыг зорихоор галт тэргээр явжээ Түүнийг явж байх үед Зөвлөлтийн чекист (Дотоод хэргийн ардын комиссариатын удирдах ажилтан) М.Фриновскийн өгсөн хортой лаазалсан загасны махаар хооллож вагон дотроо нөхдийн хамт хордож “Тайга” өртөөний орчимд амь насаа алджээ.
Г.Дэмидийг насан эцэс болмогц Зөвлөлт болон Монголын коммунист удирдагчид түүнийг "Японы тагнуул, хувьсгалын эсэргүү бүлгийн удирдагч" хэмээн гүтгэж зарлажээ. Энэхүү зохиомол гүтгэсэн хэргээр түүний төрсөн ах дүүс, төрөл төрөгсдийг бүгдийг нь хэлмэгдүүлжээ.
Түүний эхнэр, хэвлийдээ гурван сартай хүүхэдтэй жирэмсэн бүсгүй Навчааг баривчлан хэрцгийгээр эрүүдэн шүүж буудан хороожээ. 1936 оноос эхлэн БНМАУ-ын Дотоод яамны сайд бөгөөд Онцгой Бүрэн эрхт комиссын дарга болсон Х.Чойбалсан нь Зөвлөлт Оросын тусгай албадтай нягт холбоотой ажилладаг байсан бөгөөд Х. Чойбалсангийн гарын үсэг зурсан тушаалаар ямар ч гэм зэмгүй 20 660 монгол хүнийг цаазаар авсан байдаг. 1922-1950 оны хооронд Монголд 45 000 гэм зэмгүй монгол хүнийг ямар ч нотлох баримтгүй, шүүх, өмгөөлөлгүйгээр буудан хөнөөжээ.
Х.Чойбалсан 1937 онд Зөвлөлт Холбоот Улсын НКВД-ын дарга Николай Ёжовт “Монголын том толгой лам нар болон хувьсгалын эсэргүү нарыг бүгдийг нь баривчлан цаазаар авч, таны даалгаврыг амжилттай биелүүлэв. Таны зарц Х.Чойбалсан" гэсэн цахилгаан утас илгээж байв.
Зөвлөлт улсын төр засаг Х.Чойбалсангийн тэрхүү “гавьяа”-г үнэлж 1940 онд Лениний одонгоор шагнаж байв. Тэр үед Николай Ёжовын удирдаж байсан зөвлөлтийн НКВД нь зөвхөн 1937-1940 онуудад нийт 1 сая 500 000 зөвлөлтийн иргэнийг баривчилж, ямар ч гэм зэмгүй 680 000 хүнийг буудан хороож байжээ. Оросын тусгай албад нь хуулиас дээгүүр эрхтэй байдаг бөгөөд гадаад, дотоодын иргэдийн амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэгтээ ямар ч хариуцлага хүлээдэггүй ажээ. Хорин нэгдүгээр зуун гарчихаад хорь гаруй жил болж байхад одоо ч гэсэн Оросын тусгай албад алан хядах ажиллагаагаа дэлхий даяар үргэлжлүүлсээр байна.
Доржийн СҮХБААТАР
2026.11.3
Лхагва - 11 сарын 04,
2026
Сэтгэгдэл0