sonin.mn

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр нар "Бага үдийн сүү" хуулийн төсөл санаачлан, УИХ-ын даргад уг хуулийн төслөө өргөн барьсан талаараа мэдээлэл хийлээ.


Энэ үеэрээ УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: " "Бага үдийн сүү" хөтөлбөрөөр Монгол Улсын 21 аймаг, 330 суманд 750 гаруй мянган ЕБСургууль болон цэцэрлэгийн хүүхдүүдэд бага үдийн 11 цагт хөөрүүлсэн сүү өгөх юм. Энэ хуулийн төслийн ач холбогдол нь үнийн өсөлтөөс хамааран үдийн цайндаа цаддаггүй, "Үдийн цай" хөтөлбөрийн хөрөнгийг нэмэхэд санхүүгийн асуудал тулгарч байгаа, мөн орон нутагт байгаа хүүхдүүдэд шүдний эмч хүрэлцээ муутайгаас шүд цоорох өвчин 80 орчим хувьтай байгаа, хөдөө орон нутагт байгаа иргэд сүүгээ борлуулах асуудалд хүндрэлтэй байгаа гурван том асуудлыг шийдэх өргөн боломжтой юм.


Хөдөө сумын төв дээр малтай 6000-7000 өрх айлууд сүүгээ сургууль, цэцэрлэгт нийлүүлснээр тэр хэмжээний ажлын байр бий болж, орлоготой болох ач холбогдолтой. Кали, кальциар баялаг Монгол үнээний сүүг хүүхдүүдэд тогтмол уулгаснаар 80 гаруй хувьтай байгаа шүд цоорох өвчин эрс багасах юм. 2025 оны 1-р сарын 1-нээс улсын төсөвт 60 гаруй тэрбум төгрөг суулгаж өгнө. Ингэснээр хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалж, давхар ажлын байр бий болгоно.



Малын гаралтай түүхий эдийг үнэтэй болгох нь зөвхөн үйлдвэр байгуулснаар, том хөрөнгө оруулалт хийснээр шийдэгдэхгүй. Үндэсний хэмжээнд малын гаралтай түүхий эдийг эргэлтэнд оруулж, үнэлгээг нь өндөрсгөх нь ач холбогдолтой.



Мал аж ахуйн ард 240 гаруй мянган өрх айл харьяалагддаг. Энэ хуулийг дагаж ирэх төсвийн ачааллыг хуурамч шатахуун дээр татвар ногдуулж, Үндэсний баялгийн сангийн хуулиас, "Эрдэнэт" үйлдвэрийн овоолгоос олох орлогоос гэх зэргээр шийдэх боломжтой. Энэ асуудлаар 2 жилийн өмнө ХААЯ, ЭМЯ зэрэг газрууд судалгаа хийсэн боловч гацсан байсан. Уг хуулийн төслийг УИХ-ын 26 гишүүн хамтран өргөн барьж байна. Шинээр сонгогдох УИХ уг хуулийн төслийг хэрэв батлаад, хүчин төгөлдөр болбол хүүхдүүд маань гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй, аймаг, сумын төв дээр амьдардаг мал бүхий иргэд ажлын байртай болж, орлоготой болох юм.


Сум, орон нутагт байгаа учраас монополь компаниуд оролцохгүй. Сумын төв дээр байгаа иргэд ариутгасан сүүгээ нийлүүлэх боломжтойгоороо онцлог юм. Малчин айл орой сүүгээ хөөрүүлээд өгдөг байсан Монгол сайхан уламжлал бий. Монгол үнээний сүү нь фермийн үнээний сүүнд байдаггүй Омега 3 агуулдгаараа онцлог. 750 орчим мянган хүүхдэд өдөрт 250 гр сүү өгөхөд 187 мянга 500 литр сүү нэг өдөрт Монгол Улс даяар олгогдоно. Ажлын хоногоор бодвол 4 сая литр буюу хичээлийн нэг жилийн хугацаанд 37 сая литр сүү болж байгаа. Үүнийг өнөөдрийн ханшаар бодоход 60 орчим тэрбум төгрөг 330 сумын орлого болж очих юм. 3-4 үнээтэй айл энэ хуулийн төслийн хүрээнд жилд 8 сая төгрөгийн орлого олох боломжтой юм. " гэлээ.



М.Чой