sonin.mn

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байгаад саяхан эх орондоо буцсан Шэнь Миньжуан БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн газрын даргаар томилогджээ. Энэ нь түүний дипломат албан тушаал ахиж буй хэрэг юм. Азийн газар нь БНХАУ-ын Гадаад харилцааны яамны гол бодлогын нэгжүүдийн нэг бөгөөд Зүүн, Зүүн өмнөд, Өмнөд, Төв Азийн улс орнуудтай харилцах бодлого боловсруулах, өндөр түвшний айлчлал, хэлэлцээ, бүс нутгийн хамтын ажиллагааг зохицуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.


Иймээс тус газрын даргын албан тушаал нь Хятадын дипломат албаны нөлөө бүхий удирдах албан тушаалын нэгд тооцогддог.


Шэнь Миньжуан 2023 онд Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ажиллах хугацаандаа хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хил дамнасан хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй ажилласан юм. Мөн хоёр улсын төр, засгийн өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтуудыг зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж, Монгол, Хятадын хамтын ажиллагааны томоохон төслүүдийг урагшлуулахад анхаарч ажилласан билээ.


Тэрбээр дипломат үүргээ дуусгаж эх орондоо буцахын өмнө Монголын төр, засгийн удирдлагуудтай үдэлтийн уулзалтууд хийж, хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь Монголын тал өндрөөр үнэлэн хүндэтгэл үзүүлсэн юм.


Шэнь Миньжуаны Азийн газрын даргаар томилогдсон нь Монголын хувьд ч анхаарал татах үйл явдал гэж болно. Учир нь Монголын нөхцөл байдал, хоёр улсын хамтын ажиллагааны онцлогийг сайн мэддэг дипломатч БНХАУ-ын Азийн бодлогыг хариуцах болсон нь цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэж дипломат хүрээнийхэн үнэлж буй юм.


С.Сарнай