sonin.mn

“PUBG Mobile” цахим спортын тэмцээнд 1,2,4-р байранд шалгарсан Монголын баг, тамирчдад шагнал гардуулж, Дэлхийн аварга болсон "IHC Esports" багийг Монгол улсын цахим элчээр зарлалаа.


Энэ үеэр Цахим Хөгжил, Харилцаа холбооны сайд Н.Учрал: "Ирэх онд зохион байгуулагдах тэмцээнүүдэд төр засгийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллах болно. Мөн энэ спортоор хичээллэхэд тулгардаг асуудал болох интернетийн хурд дээр төрийн мэдэлд байдаг интернетийн шууд урсгалаас шилэн кабель татаж, та бүхний бэлтгэл хийж байгаа байрууд дээр өндөр хурдны интернет холболт хийж, нэг жилийн хугацаанд өндөр хурдны интернетээр хангахаар болсон.



Ер нь Esport-д хандах хандлага төдийлөн өөрчлөгдөөгүй байна. Миний хувьд залуу хүн. Энэ бол шинэ үеийн спорт. Залуу үеийнхний сонирхдог спорт. Энэ спорт эдийн засаг болтлоо өргөжиж, хөгжсөн.



Мэргэжлийн спорт болсон байна. Орлого бүрдүүлж, тухайн улс орны эдийн засаг төрөлждөг болсон. Тийм учраас Esport-д хандах хандлагаа Монгол төр өөрчлөх ёстой гэдэг утгаараа өнөөдөр албан ёсоор та бүхнийг хүндэтгэж, олон нийтэд ч мөн улстөрчдөд ч энэ салбарт хандах хандлагаа өөрчилцгөөе гэж уриалж байна. Та бүхэн Монгол улсын цахимжилтыг эрчимжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж байгаа цахим элч, төлөөлөгч нар юм. Ирэх жилүүдэд зохиогдох тэмцээн, уралдаанд Монгол улсаа төлөөлөх, улсынхаа нэрийг гаргах тамирчид бол та нар шүү гэдгийг энэ үйл ажиллагаагаар зарлан, бусдад ойлгуулхыг хичээж байгаа юм." гэлээ.







М.Чой