sonin.mn

БРЮССЕЛЬ, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Европын удирдагчид Украин, Молдова улсуудыг Европын Холбоонд гишүүнээр /ЕХ/ элсүүлэх тухай хэлэлцээг тус хоёр улстай эхлүүлж, Гүржид нэр дэвшигчийн статус олгохоор шийдвэрлэжээ.



Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Бельгийн нийслэл Брюссель хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр гаргасан эл шийдвэрийг өөрийн орны болон Европын хувьд “ялалт” болж байна хэмээн сайшаасан байна.




Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишелийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, удирдагчид санал нэгтэйгээр тохиролцоонд хүрчээ. Унгар улсын хувьд Киевтэй яриа хэлэлцээ эхлүүлэхийг удаан хугацааны турш эсэргүүцсээр ирсэн боловч хориг тавьсангүй. Улмаар Унгарын Ерөнхий сайд санал өгөхөөс түдгэлзсэн бол бусад 26 орны удирдагчид дэмжсэн санал өгчээ.



2022 оны хоёрдугаар сард Орос Украин руу довтолсны дараа Украин, Молдова улсууд ЕХ-нд элсэх хүсэлтээ гаргасан бөгөөд тухайн оны зургаадугаар сард хоёуланд нь нэр дэвшигчийн статус олгосон юм.



Молдова улсын Ерөнхийлөгч Майя Сандугийн хувьд, Украинтай мөр зэрэгцэн ЕХ-нд элсэх үйл явцыг үргэлжүүлж байгаа нь нэр төрийн хэрэг хэмээгээд, Оросын түрэмгийллийн эсрэг Украин зоригтой эсэргүүцэл үзүүлээгүй бол бид өнөөдөр энд байхгүй байх байсан хэмээн мэдэгджээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг