sonin.mn

Ил захидал


Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Танаа


Төрийнхөө хуулийг хэрэгжүүлж, Улсын Дээд Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж өгнө үү


Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн менежментийн хувьчлалыг дуусгавар болгох тухай Улсын дээд шүүхээс эцэслэн гарсан шийдвэрийг Улаанбаатар хотын дарга хэрэгжүүлэхгүй байгаагаас болж, хохирдгоороо хохирч, гүтгүүлж доромжлуулж, эцэстээ хүн ардынхаа эрүүл энхийн төлөө зогсоно гэж өргөсөн тангаргаа биелүүлж чадахгүйд хүрэх нөхцөл байдал үүсч байгаа тул Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын тэргүүн танд хандаж байна. Монгол Улсын Их Хурлаас баталсан төрийн бодлогыг хэрэгжүүлж, хуулийн дагуу явагдсан нэмэлт хөрөнгө оруулалт бүхий менежментийн хувьчлалд оролцож ялалт байгуулан гурван жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж, гэрээний үүргээ бүрэн биелүүлэн дуусгавар болгосноос хойш 12 жил, Гэрээний үүргээ биелүүлсэн гэдгийг Монгол Улсын дээд шүүхээс эцэслэн тогтоосноос хойш 10 жил, Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа эхэлснээс хойш 9 жил өнгөрч байгаа атал өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй явж, бид хуулийн дагуу шийдэгдэнэ гэж хүлээж, хохирсоор ирлээ.


Тодруулбал,


-“Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн Менежментийн хувьчлал Монгол Улсын Их хурлын 56 дугаар тогтоол, Засгийн газрын 34 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 128 болон 61 дүгээр тогтоол, Нийслэлийн өмч хувьчлалын комисс /НӨХК/-ын 73 дугаар тогтоолуудын дагуу 2008-2011 онд нийт 3 жилийн хугацаатай явагдаж, НӨХК-ын 2012 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 12-р тогтоолоор Менежментийн гэрээний биелэлтийг “Хангалттай” гэж дүгнэгдсэн. 


Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль /ТБОНӨТХ/ болон гэрээнд заасны дагуу Нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгөөр Менежментийн хувьчлал хийгдэж дууссан тул НӨХКомисс нь хууль, гэрээний заалтын дагуу өмчийг шилжүүлж, дуусгавар болгох шийдвэрийг гаргах ёстой байсан атал гэрээнд огт заагдаагүй “нэг жилээр сунган ажиллуулах” гэдэг шийдвэр гаргасны улмаас эцэслэн шийдвэрлэгдэхгүй байсаар “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн хувьчлал шүүхийн байгууллагад шилжсэн.


“Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг хувьчлах, менежментийн гэрээг дуусгавар болгох асуудал шүүхийн гурван шат дамжин улмаар Монгол Улсын дээд шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдэж, Улсын дээд шүүх 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2012 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг “Илт хууль бус болохыг” тогтоож, “Гэрээний дагуу дуусгавар болгосон шийдвэрийг гаргахыг Нийслэлийн өмч хувьчлах комисс-т даалгасугай” гэсэн 620 дугаартай шийдвэрээ гаргасан билээ. Улсын дээд шүүхийн дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-ын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 97 дугаартай албадан гүйцэтгүүлэх хуудсыг НӨХК-т хүргүүлсний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн боловч асуудал өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдэхгүй байгаа учраас бид Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Монгол Улсын хүний эрхийн комисст хандсан. Гэвч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын 2024 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн менежментийн багийн талаар олон нийтэд худал мэдээлэл өгөх, гүтгэж, хүний нэр хүнд, өмч хөрөнгө, хүний эрхийг ноцтой зөрчсөн балмад үйл ажиллагааг зогсоохгүйгээр барахгүй, хууль зөрчсөн үйлдэл нь улам даамжиран, гүтгэлэг гүжирдлэгээ уулзалт цуглаан бүртээ үргэлжлүүлсээр байна.


Төрийн тэргүүн, Засгийн газарт хотын дарга Х.Нямбаатарыг хуулийн хил хязгаарыг зөрчихийг нь зогсоож өгөхийг хүссэн боловч, хотын даргын хуулиас давсан үйлдэл хэрээс хэтэрч, хүн арддаа 1989 оноос тасралтгүй 35 жил үзүүлж байгаа эмнэлэгийн тусламжийн үйл ажиллагааг үндэслэлгүйгээр буруутган гуйвуулж, төрийн өмчийг үнэгүй эзэмшин завшигч мэтээр сурталчилсаар л байна. 


Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлагыг бид олон удаа Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад албан тоотоор хүргүүлсэн бөгөөд хүсэлт, шаардлага хүргүүлэх бүрт Нийслэлийн харьяа мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн хяналт, аудит зэрэг нийслэлийн харьяа хяналт шалгалтын чиг үүрэг бүхий бүх газраас “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-д шалгалт оруулах; менежментийн гэрээнд заагдаагүй, илт хууль зөрчсөн, хуулийн эсрэг ажиллахыг тулгах; хууль, журмын дагуу хийгдсэн ажлуудыг буруутгахыг оролдох; газрын зөвшөөрөл зэрэг бичиг баримтыг сунгаж шийдвэрлэхгүй хэдэн жилээр чирэгдүүлэн дарах; төр засаг, олон нийт, ард иргэдэд буруу ташаа ойлголт өгөх зорилгоор хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээгээр худал мэдээлэл тараах; хэрэгжих боломжгүй шаардлага тавих зэрэг төрийн байгууллага, төрийн албан хаагчдын мэргэжлийн ёс зүй, үүрэг хариуцлага, өргөсөн тангарагийн эсрэг увайгүй үйлдэл, үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгааг бид холбогдох дарга нарт мэдээлж, хууль зөрчсөн үйлдлээ зогсоохыг сануулсаар байгаа.


Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газраас Улсын дээд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг мэдэгдсээр байтал, Нийслэлийн харьяа төр захиргааны холбогдох байгууллагуудаар үйл ажиллагааг тасалдуулах дарамтуудыг тасралтгүй үзүүлсээр байна.


Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн Менежментийн баг нь 2008-2011 оны хооронд Менежментийн хувьчлал явагдаж, ТБОНӨТХууль, гэрээнд заасны дагуу НӨХКомиссын 12 дугаар тогтоолоор Гэрээний биелэлтийг “хангалттай” биелэгдсэн гэж дүгнэгдэн дуусгавар болсон учраас 2012 онд Гүйцэтгэх захирал Х.Гүрбазарыг хууль, журамд заасны дагуу менежментийн багаас томилсон, мөн ажлаас чөлөөлөх эрх менежментийн багт байхад НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган дарга өөрт байхгүй эрхийг эдлэн, тушаал гаргаж чөлөөлөх зэргээр хууль дүрэмд үл нийцэх, хууль бус зарчимгүй үйл ажиллагаануудыг удаа дараалан давтан үйлдсээр, төрийн хууль цаазыг завхруулсаар байна. Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Оюумаа эмийн үйлдвэрийн барилгын халаалтыг зогсоох шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр бус тогтоол үндэслэн гаргаж, 11 сар гарах гэж байхад дулаан халаалтыг хууль зөрчин хаасан байгаагаас үүдэн гарах хохирлыг үүрэг гүйцэтгэгч, хотын дарга хоёрын хэн нь хариуцах вэ.  


Хотын дарга өөрөө шийдвэрээ гаргахгүй, дандаа үүрэг гүйцэтгэгч төрийн албан хаагч нарыг хууль зөрчсөн үйлдэл рүү түлхэж тэднээр хууль бус үйл ажиллагааг хийлгэсээр байна. 


Нийслэлийн засаг даргын тамгын газрын санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Энхжин нь нийслэлийн харьяа Эрүүл мэндийн газрын даргын хууль бус тушаалыг хэрэгжүүлэн, эмнэлгийн гүйлгээ хийх эрхийг өөрчлөн 2024.10.22-ны өдрөөс эхлэн зарлагын гүйгээг зогсоож, эмнэлгийн тусламжийн үйл ажиллагааг саатуулж байна. Өмчийн эрхийг менежментийн багт шилжүүлээгүй атлаа өвчтэй хүмүүс үзүүлж эмчлүүлдэг эмнэлгийн санхүүжилтийн гүйлгээний эрхийг өөрчлөн саатуулж байгаа нь хүний амь нас эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг мөн. Санхүүжилт саатсанаас үүдэлтэй гарах аливаа эрсдэл, иргэдийн эрүүл мэнд амь настай холбоотой асуудлыг Б.Энхжин дарга өөрөө хариуцах уу, хотын дарга хариуцах уу. Эмчлүүлэх сувилуулах гэсэн иргэдийнхээ амь насанд аюул заналхийлэх хэмжээнд хүрч байгааг хараад, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллана гэж өргөсөн тангаргаа биелүүлж чадахгүйд хүрч байгаадаа, хууль шүүхийн шийдвэрийг уландаа гишгэлсэн хотын даргын “ёс зүйгүй бусармаг” үйлдэлд эмч эмнэлгийн ажилтнууд маань үнэхээр бухимдаж байгаагаа хурцаар илэрхийлж байна. Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвөөр үйлчлүүлдэг эмчлүүлэгчид ч шударга ёсыг шаардан менежментийн баг, эмнэлгийнхэнтэйгээ нэгдэхээр шийдэж байгаагаа бидэнд мэдэгдээд байна.


УИХ-ын даргаа: Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв нь өнө эртнээс өв уламжлалтай монгол анагаах ухаанаа орчин үеийнхтэй хослуулан хөгжүүлэх талаар төрөөс тодруулбал, УИХ-аас гаргасан бодлогыг хэрэгжүүлж ажилласан байгууллага. Миний бие энэ байгууллагыг үүсгэн байгуулахаас эхлээд менежментэд шалгаран оролцож, бас төрдөө итгэж, хууль хэрэгжинэ гэж итгэж найдаж 10 жил чилийтэл хохирон хохирон хүлээж суугаа эмч хүн.


Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын Их хурал нь Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага мөн хэмээн заасан бөгөөд Монгол Улсын төрөөс уламжлалт анагаах ухааныг орчин үеийнхтэй хослуулсан эмнэлэг хэрэгтэй гэж үзсэн бодлого хэвээр байгаа бол хуулийг хэрэгжүүлж, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж өгнө үү.


Уламжлалт анагаах ухааныг цааш хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндэд ашиглахгүй гэвэл хууль тогтоох байгууллага бас шийдвэрээ гаргаж өгнө үү. Эцэст нь Нийслэлийн Засаг даргын эдлэх эрх, үүргийг хуулиар тогтоодог бас түүнийг нь нэхэж шаарддаг, зөрчвөл хууль хариуцлага хэн тооцох ёстой вэ гэдэг асуултыг УИХ-ын дарга танд болон УИХ-ын 126 гишүүнд, олон түмэнд нээлттэй үлдээе.

 

Таныг хүндэтгэсэн,


МЕНЕЖМЕНТИЙН БАГИЙН АХЛАГЧ Ж.ХАТАНБААТАР АХЛАГЧ Монгол улсын Ардын эмч АУ-ны доктор, профессор


Улаанбаатар хот 2024 10.30