
Өнөөдөр (2025 оны 4 дүгээр сарын 24) Хятадын Худалдааны яам хэвлэлийн бага хурал хийжээ.
Хятадад чиглүүлж буй ганц талын тарифын арга хэмжээгээ бүрэн цуцлах ёстой гэж Хятадын Худалдааны яам мэдэгдлээ
АНУ-ын талаас "Хятад–Америкийн тарифын маргаан удахгүй намжина" хэмээн илэрхийлсэнд холбогдуулж, хэвлэлийн төлөөлөгч Хэ Я-дүн хэлэхдээ, “Америкийн тал олон улсын хамтын нийгэмлэг болон өөрийн орны иргэдийн дуу хоолойд нухацтай анхаарал хандуулж, Хятадын эсрэг авсан бүх ганц талт тарифын арга хэмжээгээ даруйхан бүрэн цуцлах шаардлагатай” гэжээ.
Тэрээр цааш нь, АНУ-аас хэрэгжүүлж буй тарифын арга хэмжээнүүд нь эдийн засгийн болон зах зээлийн дэг журмыг ноцтой зөрчиж байгаа бөгөөд энэ нь Америкийн дотоод асуудлуудыг шийдэхэд тус болохгүй, харин ч олон улсын эдийн засаг, худалдааны дэг журмыг гүн хохироож, аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаа, энгийн иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна.
Мөн энэ байдлыг олон улсын хамтын нийгэмлэг болон АНУ-ын дотоодод ч хүчтэй эсэргүүцэж байгаа тул, “энэ маргааныг АНУ эхлүүлсэн болохоор үүнийг шийдвэрлэх жинхэнэ хариуцлага мөн тус улсад ноогдоно”, асуудлыг эрх тэгш яриа хэлэлцээгээр шийдвэрлэх нь цорын ганц зөв зам гэв.
Хятад улс Европын талтай яриа хэлэлцээ, зөвшилцлийн аргаар худалдааны маргаанаа шийдвэрлэхэд бэлэн
Хятад, Европын Холбооны хооронд өрнөсөн цахилгаан автомашины үнийн амлалтын хэлэлцээрийн талаар Хэ Ядүн хэлэхдээ, Хятад улс Европын талтай яриа хэлэлцээ, зөвшилцлийн аргаар худалдааны асуудлыг шийдвэрлэхэд бэлэн гэжээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ, дөрөвдүгээр сарын 8-нд Хятадын Худалдааны сайд Вань Вэньтао болон Европын Комиссын Худалдаа, эдийн засгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн комиссар Шефчович нар видео уулзалт хийснээс хойш, Хятад болон Европын техникийн багууд цахилгаан автомашины үнийн амлалтаас гадна худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар нягт харилцаа холбоотой ажиллаж, зөвшилцлийн үйл явцыг ахиулсаар байна гэв.
Хэ Ядүн мөн “Хятад улс Европын талтай худалдааны маргаанаа зүй зохистой шийдвэрлэх, хоёр талт ажил хэрэгч хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх, цаашлаад Хятад-Европ болон дэлхийн эдийн засагт илүү их тодорхой хувь нэмэр оруулахад бэлэн байна” гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл0