sonin.mn

Бид өмнөх дугаартаа Өмнөговь аймгийн Ноён сумаас 30 орчим километрийн зайтай нутагт үйл ажиллагаа явуулдаг “Бидний зорилго” хэмээх Хятадын хөрөнгө оруулалттай хайгуулын компанийн тэслэгээний ажлыг гэрээгээр гүйцэтгэдэг “Пинк Оптим” ХХК-ийн ажилтан осолдсон тухай мэдээлсэн билээ.

 

Уг ослыг мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас тодруулахад “тухайн ажилтан тэсэлгээний бэлтгэл ажлыг ажлын байранд биш амрах байр, гэртээ хийж, тэсэлгээний төхнологийн дүрмийг зөрчсөн учраас уг ослыг үйлдвэрлэлийн осолд тооцохгүй” хэмээн тайлбарлаж, харин уг тэсэлгээний ажил гүйцэтгэж байсан компанийн “үйл ажиллагааг хаасан” гэсэн хариултыг л өгч байгаа.


Уншигч та бодоод үз дээ. Тэсэлгээний ажлыг дөрвөн жил хийж байгаа тэрээр яагаад тэсэлгээний бэлтгэл ажлыг ажлын байрандаа биш амардаг гэртээ хийв. Өмнө нь ийнхүү амардаг гэртээ тэсэлгээний бэлтгэлийг хийж байсан болов уу. Онцгой энэ ажлыг гүйцэтгэхэд нь яагаад зааварчилга өгсөнгүй вэ. Эсвэл аюултай гээд хориод байхад нь “яадгийн үхсэн ч хамаагүй ээ” гээд осолдчихов уу.

 

Юутай ч тэр “үхэх хүсэлтэй” байсан бол хөдөлмөр хийж тэгэхдээ ийнхүү санаачилгатай ажиллахгүй байсан болов уу. Үхсэн хүн үг хэлэх биш дээ. Эх орныхоо төлөө тулалдаж амиа алдсан цэрэг эрсийг эх орон, ард түмэн нь “тэр буруу үйлдэл хийсэн, чадаагүй, түүний буруу” гэдэг бил үү. Амьдралынхаа, өөрийнхөө төлөө тэр хүн хөдөлмөрлөж байгаа ч энэ хөдөлмөрөөрөө эх орондоо хөгжил цэцэглэлтийг бүтээн байгуулж байгаа биш үү.

 

Компанийн үйл ажиллагааг “түр” хаасан нь амиа алдсан түүний өмнө хүлээж байгаа хариуцлага уу. Эдгээр асуултыг мэргэжлийн хяналтын улсын байцаагч, хуульчдад тавибал ослыг судлан бүртгэх, дүгнэлт хийхэд баримталдаг хууль, холбогдох журам, дүрэм ийм л гэж хэлнэ. Тэр нь ч үнэн. Хүмүүсээ! Тэгвэл хуулийг санаачлан, баталж буй төрийн түшээд хөдөлмөрчин хүнийг ажилдаа үнэнч зүтгэснийх нь төлөө, санаачилгатай ажилласных нь төлөө амиараа хохирсныг нь “хохь чинь” гэж хэлэх гэж хуулийг бий болгодог хэрэг үү?


“Хөдөлмөр” сонины редакциас уншигчдынхаа дунд ажлаа хийж байгаад осолдсон тохиолдолд “хохь чинь” гэснээс өөрцгүй хуулийн заалтыг өөрчлөх хэрэгцээ, боломж бий юу агуулгын дор “Бүгдээрээ хэлэлцье" хэлэлцүүлэгт саналаа ирүүлж оролцохыг урьж байна. Мөн та бүхэн энэхүү хэлэлцүүлэгт ажил үүргээ гүйцэтгэж байгаад осолдоод үйлдвэрлэлийн осол биш ахуйн осол хэмээн тогтоолгож эрүүл мэнд, амь насаараа хохирсон эмэгнэлтэй жишээг ирүүлээрэй.

Эх сурвалж: "Хөдөлмөр"