sonin.mn
“Ийгл” телевизийн сэтгүүлч, редактор Б.ЖАРГАЛМААГ урьж ярилцлаа. Тэр бээр өнгөрсөн 3 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд багтаж БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдын үйл ажиллагааг сурвалжлаад ирсэн билээ. 
 
Холын хүнээс үг сонс гэдэг дээ ...
 
-Айлчлалын бүрэлдэхүүнд багтаж Африк тивээс тэр тусмаа БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байгаа монгол цэргүүдийнхээ талаар нэвтрүүлэг бэлтгэж ирэх үү гэсэн саналыг би маш уриалгахан хүлээж авсан. Сэтгүүлч хүний хувьд монгол цэргүүдийнхээ үүрэг гүйцэтгэж байгаа халуун цэгт очиж, тэднийхээ үйл ажиллагааг бодитоор харж нэвтрүүлэг бэлтгэнэ гэдэг ховор завшаан шүү дээ. Бид Тайланд, Кени улсаар дамжин БНӨСУ-ын нийслэл Жубад бууж, тэндээсээ монгол цэргүүдийнхээ үүрэг гүйцэтгэж байгаа Бентью хотод очлоо. Манарсан саарал орчин л угтсан. Сэтгүүлчид бид хүмүүс нь, гол ус нь, мал амьтан нь хаана байна вэ гэж ам амандаа үглэцгээн онгоцноос дуугүй буусангүй. Тэгээд л монгол цэргүүдээ хараад “Өө манайхан” гэж ирээд учиргүй баярласан. Баазад ирэхэд яг л гэртээ ороод ирж байгаа мэт тийм өөриймсөг сэтгэл төрж байв. Бид 3 дугаар сарын 8-ны өдөр Бентью хотод буусан. Тэр өдөр батальоны эмэгтэйчүүдээ баярлуулах бяцхан арга хэмжээг зохион байгуулж, энхийг сахиулагчид маань ээждээ бичсэн захидлаа уншаад л ... Бид ч өөрийн эрхгүй догдолж, нулимс дуслуулж суулаа. Батальоны захирагч, хурандаа Д.Жавхланбаярт “Би энд үлдчихмээр байна аа” гэсэн чинь “Жагаа эгч ээ! 3 дугаар сарын 8-ны өдөр ганц л тохионо шүү дээ” хэмээж бөөн инээдэм болсон. Ингээд л томилолтын хугацаа хязгаартай учраас үндсэн ажилдаа орж, энхийг сахиулагчдынхаа үйл хэргийг сурвалжлах ажилдаа орсон доо. 
 
Ажиллагааны газар оронд, халуун цэгт ажилласан сэтгүүлчид монгол цэргүүдийнхээ тухай ярих зүйл их бий гэдэг нь ойлгомжтой ... 
 
-Монгол цэргүүд ямар хүчирхэг, яасан мундаг юм бэ? Бүс нутагт энхийг сахиулж, амар амгалан, тайван байдлыг бий болгох тэрхүү үндсэн үүргээ яасан чадмаг биелүүлнэ вэ. Товчхон хэлэхэд тэнд манайхан л манлайлж байна. Үндсэн үүргээ ингэж чадварлаг гүйцэтгэхийн зэрэгцээ өөрсдийгөө хөгжүүлэх, бүтээн байгуулах, эх орноо сурталчлан таниулах гээд л тэдэнд хийгээгүй, хийхгүй юм гэж алга. Мужийн зохицуулагч япон эмэгтэйтэй уулзахад, монголчууд байхгүй бол бид ёстой хэцүүднэ ээ, монголчууд байгаа болохоор бид үнэхээр тайван байдаг. Тэднийг бид түшиж ажилладаг, бусад орны энхийг сахиулагчдыг бодоход монголчууд хамаагүй хүчирхэг, шийдэмгий, аливаа асуудлыг шийдэх гарцыг хайж, оновчтой шийдэлд хүрдэг. Бид шаардлагатай үед Монгол Улсын батальоны захирагч дээр очоод зөвлөгөө авахад, хангалттай тусалж чаддаг болохоор би энэ мужид тайван ажиллаж чаддаг юм гэсэн. Үүнийг сонсоод дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа монгол цэргүүдээрээ, эрчүүдээрээ, бүсгүйчүүдээрээ бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн. Түүнчлэн НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNМISS” ажиллагааны Хүчний командлагчийн орлогч, бригадын генерал Д.Баярсайхантай уулзаж суухдаа тэр хүнээр үнэхээр их бахархсан. Тэнд байгаа өвчтэй, зовлонтой хүүхдүүдийг эрүүлжүүлэхийн тулд эмнэлэг бариулахаас эхлээд энхийг сахиулагчдаар ямар их зүйлийг хийлгэж чадаж байна вэ, НҮБ гэдэг малгай дор байгаа улсуудыг нэгтгэх тэр хүчийг чадварлаг удирдаж байгаа гээд үнэхээр бахархмаар. 
 
Энхийг сахиулах ажиллагааг мөнгөөр хэмждэг өрөөсгөл ойлголт олон нийтийн дунд бас бий. Үүнийг Та хэрхэн тайлбарлах вэ? 
 
-Энхийг сахиулах ажиллагаа гэдгийг мөнгөөр хэмжиж, амьдралын төлөө тэмцсэн хүмүүс биш, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргаж чадах тийм хаттай, тэнхээтэй монгол эрчүүд, бүсгүйчүүд энхийг сахиулах үйлсэд үүрэг гүйцэтгэж байгааг, өгдөг хэдэн төгрөгийнх нь төлөө тэр хүртэл явдаггүйг би олж харсан. Аав ээж, хань ижил, үр хүүхэд, хайртай бүхнээсээ хол, тийм эрсдэлтэй бүсэд үнэхээр л Чингисийн монгол гэдгээ батлан харуулах тийм чадалтай, тэнхээтэй, хаттай цэргийн алба хаагчид очдог юм байна гэдгийг би мэдэрсэн. Тиймээс энхийг сахиулагчдадаа бид байнга хүч чадал, урам зоригийг өгч байх ёстой юм байна гэдгийг бас ойлголоо. Монгол Улсын Ерөнхий сайд цэргүүдээ эргэсэн нь маш их сэтгэлийн хүч, урам зориг өгсөн. Хэзээ ч, хаанаас ч, хэн ч буу тулгачихаж магадгүй тийм эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа энхийг сахиулагчдадаа миний хүү, миний хань, миний ах, эгч, миний дүү чадна гэсэн тэрхүү сэтгэлийн дэмийг харамгүй хайрлаж байгаасай. Сэтгүүлч намайг хараад л “Жагаа эгчдээ нэг тэврүүлчихье, нэг үнсүүлчихье” гээд ирж байгаагаас харахад үнэхээр сэтгэлийн хүч өгөх хэрэгтэй байж гэж бодсон. 
 
Орон нутгийн ард иргэдийн аж амьдралын тухай бодол хөврүүлж л явсан байх... 
 
-Тэднийг хараад ямар азаар монгол оронд монгол хүн болж төрсөн юм бэ гэж уулга алдмаар. Орон нутгийн эмэгтэйчүүд нь үнэхээр өрөвдмөөр, худлаа хэлсэн хүнд 50, 60 кг жинтэй ачаа толгой дээрээ тавьчихсан явж байхад эрчүүд нь модны сүүдэрт хөлөө жийгээд зүгээр сууж байх жишээтэй. Тэд юу хийдэг юм бол, яагаад амьдралынхаа төлөө тэмцдэггүй юм бол, ард түмнээ ийм байдалд оруулчихсан төр, засаг нь юу хийдэг юм бол, ийм байдалтай байгааг мэдэрдэг болов уу, ер нь иргэд нь амьдралын төлөө тэмцэлгүй, өөрсдийнхөө залхуу хойрго, арчаагүй хэнэггүйгээсээ ийм байдалтай байдаг ч юм болов уу гэх мэтээр элдвийг л эргэцүүлж явлаа. Гэхдээ өнгөц харахад, тэгж ойлгогдохоор байгаа ч яг ул мухарт нь ороод нарийн ширийнийг нь ухвал учир шалтгаан нь юу байгааг бид мэдэхгүй шүү дээ. Өв уламжлал, зан заншил, амьдралын хэв маяг гээд бүгд үнэхээр л өөр тивийн амьдрал юм даа. 
 
Олон улсын “Энхийг сахиулагчдын өдөр” тохиож буй энэ мөчид Та цэнхэр дуулгат монгол цэргүүддээ хандаж юу хэлэх вэ? 
 
-Хэдхэн хоногийн өмнө би НҮБ-д очоод ирсэн. Тэнд Монгол Улсаа төлөөлөн суугаа Элчин сайд маань юу ярьж байна вэ гэхээр Монгол Улсыг НҮБ-д дээгүүр байр суурь эзлэхэд, нэр хүндтэй байх тэр боломжийг бүрдүүлэхэд энхийг сахиулагчдын нэр хүнд, гавьяа асар их байгааг мөн л онцолж байсан. Хэдийгээр манайх тусгаар тогтносон улс ч гэсэн хөгжиж байгаа орны тоонд ордгоос хойш бидэнд аль болох олон улсын дэмжлэг туслалцаа хэрэгтэй, тэр дэмжлэгийг авахад бид өөрсдөө хүчтэй, нэр хүндтэй байх ёстой. Түүнд энхийг сахиулагчид чухал үүргийг гүйцэтгэж байна гэдгийг л би дахин онцолмоор байна. Төгсгөлд нь мянга мянган энхийг сахиулагчдадаа баярын өдрийнх нь мэндийг дэвшүүлж, эрүүл энхийг хүсье. 
 
Сэтгэгдлээсээ хуваалцсанд баярлалаа. Танд амжилт хүсье. 
 
 
Ахмад Д.МЭНДБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин