sonin.mn
Социализмын оргил үе 1970 онд В. Ерофеев алдарт Москва-Петушки туужаа бичжээ. Тууж хэвлэгдэж тархаж сүйд болсонгүй. Харин социализм нуран унасны дараа хүмүүс эвэртэй туулай үзсэн мэт гайхан балмагдаж, олон хэл дээр хэвлэгдсэн гэдэг.
Уг туужийг архичны нэвтэрхий толь гэж нэрлэж болно. Туужийн эхнээс дуустал Венечка гэх архаг архичны монолог явна. Ердийн архичдаас энэ нөхөр маш ухаалаг гэдгээрээ ялгаатай. Хурц оюунлаг түүний зарим хараал зүхэл /русский мат/ дээр та чихээ дарна, зарим солиорол нь таныг гайхашруулна, заримдаа таны хөх инээд хүрнэ, зарим гүн ухааны дүгнэлт дээр та дуу алдаад бараг босоод ирнэ. Архичин л хэлсэн болохоос үг нь ямар агуу вэ! Зүгээр л нэг архичны солиорлыг утга зохиолын арвин их уламжлалтай оросууд яагаад найраглал гэж нэрлэв? Харахад тууж. Гэвч архичны монолог дэндүү гайхамшигтай яруу байсан учраас “Москва-Петушки”-ийг найраглал гэж нэрлэсэн бөгөөд В. Ерофеевыг Оросын сюррализмыг үндэслэгч гэж үздэг. Архичны хүүрнэлийг шүү!
 
В. Ерофеевын номдоо хэлсэн олон ухаантай санаануудаас зөвхөн ганц ишлэлийг уншаад л миний ухаанд нэг зүйл “гүлдхийтэл” ороод ирсэн юм даа. Ээлжит шилэн аягатайгаа татах зуур найраглалын баатар “Хүний оюун сэтгэлийн орон зайг ХҮНДЭЛ. Давтан хэлье. ХҮНДЛЭХ, ДЭЭДЛЭХ ХЭРЭГТЭЙ. Тэр орон зай руу хар. Тэнд бүр хов хоосон байсан ч, хог новшоор дүүрэн байсан ч хамаагүй ХАР. ДЭЭДЭЛ, ХАР, БҮҮ НУЛИМ” гэж хэлдэг.
 
Түүнийг уншаад миний ухаанд нэг юм гүлдхийтэл орж ирсэн. Үнэн шүү. Би яагаад хэн нэгнийг “Гаднаа гяланцаг дотроо паланцаг” гэж бодох ёстой гэж? Дүгнэлт буруу байвал яах юм вэ? Өөр нэгнийг “Овоо ухаантай хирнээ хуурай, хүйтэн, хачин хүн” гэхчлэн сонжих эрх бидэнд үнэхээр бий гэж үү? Бас яагаад хэн нэгнийг “Амьдрал туулсан, хэрсүү гэхдээ дэндүү тулга тойрсон бодолтой” гэхчлэн сортлох ёстой юм? Яагаад би хэн нэгнийг “За манай нүүрээ маажиндагч, чамайг логикийн хүндхэн ажил дээр яаж сайхан сарвайгаад өгөхийг чинь харна аа” гэж дотроо тавлах ёстой юм? Хүүхдийнхээ цуглуулсан зэс утас, төмрийн хогийг их мэдэгч эхийн хувьд хогтой хамт гаргаж хаясан тохиолдол надад байгаа. Гэтэл бяцхан хүү минь робот хийх гэж байсан юм билээ. Мөрөөдлийг нь хамт хаячихсан ч юм билүү. Хүн дүрстэй, хүний төрлийг олж төрсөн бүхэн бурхан гэж сургадаг. Хэний оюун сэтгэлийн орон зай байх нь хамаагүй. Эгэлгүй ухаантай нэгний, хогийн архичны, галзуу хүний, нялх хүүхдийн, хүн дүрстэй л бол гомо трансжендэр хэн ч байсан хамаагүй ХҮНИЙ ОЮУН СЭТГЭЛИЙН ОРОН ЗАЙ өөд би цаг ямагт хүндэтгэлтэйгээр харах болно. Бүр дээдэлж, хөндлөнгийн нүдээр цөхрөлтгүй харна. Тэнд хог байсан ч, хоосон байсан ч хамаагүй НАДАД НУЛИМАХ ЭРХ БАЙХГҮЙ. Ямар нэгэн учир утга, том юмны үр хөврөл тэнд байгаа. Хүний оюун санаа, сэтгэлээс дээш шүтээн гэж үгүй. Архичны ганц өгүүлбэр миний бусдад хандах хандлагыг гүнзгий өөрчилсөн юм даа.
Зохиолын гол шугамаар бол архичин Венечка танихгүй орцонд хоног төөрүүлээд сэрж байгаагаар ном эхлэх ёстой юм. Венечка танихгүй орцонд хонох нь ч хоносон. Гэхдээ тууж огт хамааралгүй мэт нэгэн уянгын халилаар эхэлнэ. “Кремль, Кремль л гэлцэх юм. Амтай болгоноос л сонслоо, харин би нэг ч олж харсангүй. Хичнээн ч удаа магад мянган удаа уучихсан, халамцуу умраас өмнө зүгт, өрнөөс дорно зүгт, захаас захад, нэвт шувт, хаана л намайг хүргэнэ тэр чигт явсан, нэгээхэн ч бээр удаа Кремлийг олж харсангүй” гэж тэр хэлнэ. Зохиолын гол баатарт “Венечка чи Кремлийг олж харж чадахгүй. Чиний битүү цагариг Танихгүй орцоос - Архины дэлгүүр - Курскийн өртөө –“Москва-Петушки”-ийн галт тэрэг – дахиад Танихгүй орц гэсэн давтамжтайгаар явдаг. Кремль өөр маршрут. “Сильные мира сего” гэж оросууд ярьдаг. Тэр бол энэ ертөнцийн хүчтэнүүдийн маршрут. Веня Кремлийг олж харж чадахгүй, Кремлийн дарга нар ч түүнийг харахгүй.
Эхний өгүүлбэрээс л би маргаад эхэллээ. Өөрөө ч бас хуучлаад эхэллээ. Анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байсан үе. Нэг өдөр цагдаагийн ажилтан архины албадан эмчилгээнд явуулахаар орон гэргүй этгээдийг авч ирэв. Үнэр танар өнгө зүс, үс толгой, хувцас хунар /хэрэв хувцас гэж нэрлэж болдог бол/ авах юм алга. Архинд донтох өвчний сүүлчийн шатанд орсон хүмүүсийн царай хүрэн манжин шиг туяатай болдог. Яг тийм нил хүрэн ягаан туяа нүүрэнд нь суучихаж. Ёсыг бодож өөрөө сайн дураар архинаас гарах бодолтой байгаа эсэхийг асуулаа. Урдаас “Наадам, наадам л гэнэ. Хүй долоон худагт морьд уралдлаа л болсон. Түрүүллээ л болсон...” гэж бувтнаад чимээ тасрав. Уг нь наадам өнгөрөөд намар болж байсан цаг юмсан. Миний нүд бүлтийж, “Хурдхан албадан эмчилгээнд аваад яв” гэхээс өөр юм дуугарч чадсангүй. Тэр залууд ”Чи Хүй долоон худагт хүрч чадахгүй. Чиний маршрут Хар хорин-32” гэж хэлмээр байж билээ. Хорьдугаар зууны эхэн үед Хятадад 13 сая гаруй хятад иргэн /насанд хүрсэн хүн амын 27 хувь/ хар тамхины хамааралтай байсан бөгөөд тэдгээр хүмүүс эх оронд нь 3-4 жил үргэлжилсэн иргэний том дайн болоод өнгөрснийг мэдээгүй гэдэг.
 
Венечка танихгүй орцонд доороосоо 40 дэх шатны гишгүүр дээр чемоданаа тэврээд сууж хоносон байв. В.Ерофеевын хэрэглэсэн бэлгэдэл хүртэл гүнзгий. Дөрвийн тоо үхлийг бэлгэддэг. Үхэл дээр сууж хоноод сэрэв. Шалдаа унасан хүнд ч гутралын хамгийн оргил үе байдаг. Энэ оргил үе нь шартчихсан, танихгүй орцонд сэрэх. Ном социализмын оргил үед бичигдсэн. Тэр үед нийгэм нинжин байж. Ямартай ч орцонд хоноглож болдог байж. Одоо бүх орц төмөр хаалгатай, кодтой, чийптэй. Албан газар, айл хунар, амбаар сав цоожтой, нохойтой, манаачтай. Траншей эзэнтэй, зиндаатай. Өнөөгийн Венечканууд хаана хоноглож байгааг хэн ч үл мэднэ. Хэчнээн хүн байгалийн шалгарлаар цэвэрлэгдэж хөлдөж үхэв, траншейнд юу болж байна? Бүү мэд.
 
Агаарт хөвж яваа юм шиг мэдрэмж өгдөг ном бий. Бардо Тойдол /Завсрын орны зааварчилгаа/ судрыг уншихад хөвөөд байгаа мэт, махан биеэсээ гарчихсан ч юм шиг санагддаг. Архичны судрыг уншихад нэг л хөнгөн, найгаад ч байгаа юм шиг, ямар ч зорилгогүй, орчлон уужим болчихсон, жижиг зүйлс ч томорчихсон юм шиг. Шал дэмий жижиг зүйлсийн тухай олон юм чалчина. Тэгсэн атлаа гуниглах ёстой том асуудлаас хөнгөхөн зайлж гарч байгаа нь их сурамгай. Архитай холбоотой жижиг сажиг асуудалд маш их ач холбогдол өгнө. Нийгмийн ёроолд хаягдсан ганцаардмал тэрбээр өөрөө өөртэйгээ чалчихаас гадна ярианд нь сахиусан тэнгэрүүд, өдөөн хатгагчид, хэрэгт дурлагсад, бурхны дуу хоолой, чөтгөрүүд гээд олон өөр оршихуй, үзэгдлүүд орж ирнэ. Сахиусан тэнгэрүүд бүр дэндүү нялуун жингэнэсэн дуутай. Яг л хонх шиг. Хүнийг зориуд хорлоод алах гэж байгаа мэт дээд зэргийн нялуун. Ер нь тэгээд сахиусан тэнгэрүүд мөн ч юм уу, биш ч юм уу? Таны амьдралд дэндүү нялуун яруу донгоддог, “соёлтой” сахиусан тэнгэрүүд тааралдсан уу? Зовлон ирж, шаардлага тулгарсан яг хэрэгтэй үед тэдгээр уран донгодогчид аврахаар ирж байсан уу?
Венечка шарталтын, утгагүй амьдралын хүнд ачааг 40 гишгүүр шат уруудуулан арай ядан чирсээр агаарт гаргана. Архичны хувь заяатайгаа эвлэрч чадахгүй байгаа агшин. Томоор харах юм юу ч байхгүй. Зүгээр л архины дэлгүүр онгойхыг хүлээх. Дахиад л В.Ерофеевын гайхамшигтай хөнгөн найраглал орж ирнэ. “Зүгээр, зүгээр. Тээр эмийн сан байна, харж байгаа биз? А вон - этот пидор в коричневой куртке скребет тротуар. Үүнийг чи бас харж байна. Тайвширч үз. Бүх юм жамаараа явж байна. Хэрэв зүүн тийшээ явбал Венечка зүүн тийшээ яв, чамайг хэн ч албадахгүй. Хэрэв баруун тийшээ явбал баруун тийшээ яв”. Ер нь хаашаа ч явдаг байсан гол баатрын зам архины дэлгүүр, Курскийн өртөөг чиглэнэ. Веня уушийн газрын хаалгач, архины мухлагийн худалдагчийн өмнө жижгэрч дуусна. Түүнд энэ хорвоод ямар ч албан тушаал, байр суурь байхгүй. Харин архиа ууж бие нь тавирсан үедээ “Би ёроолдоо үлдээд, та нарын нийгмийн өсөлт дэвжилтийн шат гэгч өөд доороос нулимж байна. Тийм ээ. Гишгүүр болгоны чинь тоогоор нулимъя. Наад шатаар чинь өгсөхийн тулд еврей нүүртэй, айх айдасгүй, ичих булчирхайгүй байх ёстой. Хөлийн улнаасаа толгойн оройгоо хүртэл цэвэр ган төмрөөр цутгасан... нөгөө... /хараалын үг/ байх хэрэгтэй. Харин би тийм байж чадахгүй” гэж томроно. Өртөөний уушийн газраас пиво асууж эргэлдэж байгаад шидүүлж гарсныхаа дараа архины дэлгүүрээс ганц хоёр юм олсон уу яасан мань эр чиглэлийнхээ Москва-Петушки галт тэргэнд сууна. Архичин хүн уушийн газрын таазанд өлгөсөн гэрлийн бүрхүүл гайхах, тэр бүрхүүл гэнэт толгой дээр унаад ирвэл яана гэж сэтгэх, өртөөний ханын том цагийг гөлрөх нь зүгээр л нэг цаг алсан шинжтэй. Энэ хорвоогоос холбоо тасрахгүй гэсэн мэт толгойдоо юмсыг байнга эмх цэгц, эрэмбэ дараалалд оруулах гэж оролдож явна. Хэдэн рублиэр хэчнээн шил юм авснаа тооцно, Борис хаан хан хүү Дмитрийг алсан уу, эсхүл хан хүү хааныг алсан уу? гэдгийг цэгцлэх гэж оролдоно.
Яагаад энэ номд ач холбогдол өгөөд задлан шинжлээд байгаагаа ойлгохгүй байна. Үнэхээр ямар нэгэн далдын хүч “Энэ номын учрыг ол, хүмүүст зөв өнцгөөс нь хүргэ” гээд байх шиг. Би хувьдаа бодитой, гүдэс, баримжаатай, элдэв маяггүй, мунхаггүй, алив юмны цаад мөн чанарыг зөв барьж авч задлахдаа шинжлэх ухаанч байх гэж оролддог. Бариад авчихсан хирнээ энэ зөв үү, буруу юу гэж олон талаас нь харьцуулж, маш их эргэлзэж байж сая би үнэн зөвийг тогтоодог. Эргэлзэх сэтгэл бардам занг устгах том хэрэгсэл. Хүн болгон үнэнийг таних гэж энэ хорвоод саатсан. Юутай ч муу юм бүхэн муу биш. Сайн юм бүхэн сайн биш. Зохиогчийн хэлснээр “Энгийн юм бүхэн гэм зэмгүй байдаггүй, туульс болгон тэнгэрлэг байдаггүй”. Би үнэнд дуртай. Үнэн гашуун байх тусмаа сайхан. Нүцгэн үнэнийг өгүүлсэн ийм ном дэлхийд ховор. Зохиолч гол баатраа Ерофеев гэж өөрийн нэрээр нэрлэж өөрийн нэрийн өмнөөс хуучилжээ. Ухаан суусан энэхэн насандаа дусал ч архи амсаж үзээгүй миний бие Москва-Петушки найраглалыг бусдад согтуу юм шиг уншиж өгмөөр, илтгэх урлагийн гайхамшгийг харуулмаар, нийгэм рүү харж байгаад сэтгэлээ онгойтол үгэлмээр тийм гашуун мэдрэмж төрнө. Найраглал яруу хэлээр бичигдсэн, олон этгээд хэллэгтэй, цэвэр орос хараал, гудамжны үгтэй, оросууд өөрсдөө тайлбар тольтойгоор уншдаг. Би орос эхээс нь чадан ядан орчуулан шинжилж байгаа тул зарим хөнгөн хөвж яваа мэт, гэнэн бодлогогүй, тансаг өгүүлбэрүүдийг энд оросоор нь үлдээв. Туужийг уншаад “Ээх, русская душа” гэж дуу алдмаар, ”Социализм аа, чи биднийг багалзуурдаад алчихлаа ш дээ” гэж орилмоор. Өнөөгийн нийгэмд Венечка нар үй түм байгааг бодохоос дуугаа хураамаар.
 
Архичны чалчилт заримдаа сэтгэлгээний намаг, мухардлаас, БҮР ГУНИГААС ХҮРТЭЛ сэв сэв хийтэл татаж гаргах нь сонин. “Хүн ганцаардах ёсгүй. Миний дүгнэлт. Хүн өөрийгөө бусдад зориулах ёстой, бүр чамайг авахыг хүсэхгүй байсан ч” гэж сөөнгө хоолой цэцэрхэнэ. Тийм ээ, энэ бол миний үлдсэн амьдралын ЗАМ. Өөрийгөө бусдад зориулах, намайг бүр авахыг хүсэхгүй байсан ч... 
 
Миний хамгийн их гайхсан зүйл бол энэ архичны хөнгөмсөг байдал. Шар тайлагдмагц дотор хүндээ хандаж “Цаашид яах вэ?” гэдэг гүн бодолд ормоор байтал солиот үсээ илж хувцсаа засах шиг болоод л “Миний дотор нэг л тайвшраад нам жим болбол найдвартай, тэр чигтээ ногоон гэрлээр. Байгалийн хуулийг хүндлэх хэрэгтэй. Тиймээ” гэж цэцэрхээд вагон руу орж явчихав. Архичид аймшигтай хүнд зовлонг биеэрээ туулаад байгаа хирнээ асуудлынхаа гүнд нэвтэрч оюун дүгнэлт хийх туйлын дүргүй. Эвтэйхэн, хурдхан, толгой эргүүлээд өөрсдийгөө хуураад алиалаад хошигноод эсвэл “чишш чимээгүй” гээд займраад тойроод явчихна.
Вагонд Зөвлөлтийн үеийн амьдрал нүдний өмнүүр жирэлзэнэ. Ухаантайгаас ухаантай царайтай нэг нөхөр мунхагаас мунхаг царайтай нэг нөхөртэй аяга аягаар нь дуу дуугаа авалцан татан тавина, татан тулгана, даруулгаа зажлан магтана, хивэн магтана. Зөвлөлтийн борчууд гал болж тойрч суугаад шил юмаа “гуялангаа” хүн болгон ээлжилж түүх ярина. Гэнэн хонгор, өрөвдмөөр гуниг шингэсэн хүмүүс. Гэсэн ч тэд Евгений Онегин, Герцен, Тургенеев, Писарев, тайж нар, сэхээтнүүд, Оросын шилдэг хүмүүсийн тухай, мэдээж тэдний хэрхэн уудаг байсан тухай ярина. Гетёг дурсахдаа ч огт уудаггүй байсныг нь онцолно. Бүгд л төгөлдөр хуурчид шиг толгойгоо арагш шидэж байгаад татацгаана. “Зах дээр Гоголь, Белинский байхгүй, зөвхөн архи тамхи дүүрэн бий” талаар ч дуугүй өнгөрсөнгүй.
Өвгөн Митрич зөвлөлийн нэг даргын тухай, тэрээр завиар зугаалаад, гунигт автаад, ганцаараа дуугаа хураагаад хэвтээд өгдөг, заримдаа бүр хүүхэд шиг шалан дээр шээдэг тухай авцалдаагүй хэдэн өгүүлбэр хэлээд гэнэт ам нь муруйж сэнхэр хамар нь чийдэн шиг дэлбэрч шатаад енгэнэтэл уйлж эхлэв.
Тэнд бас нэг хүүхэн хайрын түүх ярина. Чихнийхээ дээд талын сорви, хугарсан дөрвөн шүдээ үзүүлж, хайртдаа шүдээ хүү цохиулсан тухайгаа хүүрнэх хүүхний үг товчхон. “На сеновале Бога гневали” (Бухал дээр Бурханыг хилэгнүүлж явлаа).
 
Галт тэргэнд билет шалгагч хааяа явнаа. Манай цагдаа нар уудаг хэдээ таньдаг шиг билет шалгагч Семеныч ”Бас л чи явж байна уу, Митрич? Орехово орохоор л явна уу?”, “Аа Веня, чи бас л өдөр болгон Петушки орохоор явдгаараа явж байна уу?” гэж хашгирна. Веня “Тиймээ. Энэ удаад бүр мөсөн...” гэнэ. Билет шалгагч Семеныч өөрөө бас архичин. Билетгүй туулайнуудаас 100 грамм, 250 грамм гэхчлэн буудлаас нь шалтгаалж архиар татвар авна. Оюуны чадамжтай Венечка дорнын ном зохиол үлгэр ярьж өгч татвараа төлнө. Нэг удаа Шахрезадагийн тухай ярьж байтал Семенычийн хамаг юм нь хөдөлж бүх хувцасаа, дотуур өмдөө хүртэл тайлаад Веня руу дайрсан тал бий.
 
Цэцэн билгүүн нэгэн хүмүүсийн дунд, аль ч нийгмийн үед амьдрахад хэцүү. Сүргийн сэтгэлгээтнүүд нэг талдаа гарч, ямагт тэднийг адлан шоолж байдаг. Социализм хүмүүсийг яаж хэвлэж барлаж, дардас тавин үйлдвэрлэж байсныг Венечкагийн ярьсан жижигхэн жишээнээс харж болно. Венечка 4 нөхрийн хамт нийтийн байрны нэг өрөөнд гар сэтгэл нийлэн амьдарч байв. Өнөөдөр пиво ууна гэвэл цугаараа пиво л ууна, хатуу юм ууна гэвэл цугаараа хатуу юм л ууна. Хэсэг хугацааны дараа 4 нөхөр нь зайгаа аваад булагнаад л шивнэлдээд л, яг өвчтэй хүнийг харж байгаа мэт харцаар Венечкаг хараад л нэг л биш. Гэтэл нөгөө дөрөв нэг өдөр Венечкаг орондоо хэвтэж байхад нь яг өвчтөнийг харгалзах мэт 4 талд нь суугаад авав.
-Чи өөрийгөө биднээс илүү, ухаантай гэж үзээд байна.
-Юу гэсэн үг вэ? Би тийм юм яриагүй.
-Шууд хэлээгүй ч чиний харц хандлага тийм байна. Чи Кайн, Манфред. Бид чиний улан доорх шүлс юм биз дээ.
Үгүй яалаа гэж дээ гэж Веня учирлавч тэд чи хэвийн хүн мөн юм бол жорлонд орохдоо яах гэж байгаагаа чангаар тунхаглан зарлаж бай гэхчилэн хэвлэнэ.
Та өөрийгөө өнөөдрийн нийгэмд хэвлэгдэж барлагдахгүй байна гэж бодож байна уу? Хаа сайгүй хэвлэлт барлалт. Венягийн үеийнхээс тэс өөр болж бүр Кайн, Манфред гэдгээ батлах хэрэгтэй болсон. Алдар нэр, зэрэг зиндаа, хөрөнгө, брэнд загвар зэрэг аймшигтай том том хэвлэх машинууд бий болж. Юун Зөвлөлтийн үеийн Веня, түүнийг хол хаясан гэж мэд. Венечка ээлжит монологтоо “Үнэнийг оносон, эсхүл үнэнд нягт ойртож очсон гэж хэлж чадахгүй ч үнэнийг ажиглан харахад тун эвтэйхэн тийм зайд байгаа” гэж өөрийгөө тодорхойлно. Үнэхээр ч нэг тийм оновчтой зай, байрлалаас үнэнийг шимтэн ажиглах юмсан. Яг л театрын голын суудал шиг.
Энэ номын аймшигтай нь завсар зайгүй архидалт. Зөвхөн архины тухай л ярина. Улаан, ягаан юм л гэнэ, анчин л гэнэ. Хөгийн архичин чинь зүгээр нэг чалчихгүй хажуугаар нь бас зөндөө олон жор өгнө. Үнэртэй усыг юу юутай холиод юу юу гаргаж авна ч гэнэв. Маш нарийн тоочилттойгоор элдэв найркануудын биед үзүүлэх мэдрэмжийг ярина. Заримдаа Венечкагийн яриа дэндүү аймшигтай. Олон янзын орц найрлагатай, гар аргаар найруулсан “Анхны үнсэлт”, “Клава эгчийн үнсэлт”, ”Хүчиндүүлсэн үнсэлт” гэх мэт коктейлуудын тухай ярьж явахдаа энэ олон янзын үнсэлтүүд бөөлжис цутгуулах гээд байдаг тул бага наснаасаа биеэ дасгах хэрэгтэй гэж хээв нэг өгүүлнэ. Сэргэлт, уналт, гутрал, солиорол нь “Архи уу, архи уу” гэж сурталчлаад байгаа мэт эвгүй боловч эцсийн дүндээ энэ ямар аймшигтай вэ, үүнээс холуур яваач гэж хүмүүст хэлээд байгаа мэт. Магадгүй хүн төрөлхтнийг ухааруулах гэсэн аргын нэг ч байж болох.
Манайхан хар тамхи мансууруулах бодис, архийг тус тусдаа зүйлс гэж ойлгодог. Тэр бүү хэл архи идээний дээж гэж мунхаглана. Ланцет хэвлэлийн газар дэлхийн тэргүүлэх зэргийн 100 химичийн дунд санал асуулга явуулаад архи буюу этилийн спиртийг дэлхийн хамгийн аймшигтай 5 мансууруулах бодисын дээрээс нь 3-д оруулжээ. Амаараа ууж, судсаар тарьж, татаж, үнэрлэж мансуурч байна. Дэлхий даяар хорын жагсаал яг л цэргийн хороо, мянгат, түмэт шиг тал талаас давших болсон. Шантидева бодисадва “Хорвоо дүүрэн өргөстэй, бүх өргөсийг бүтээх хэмжээний том үхрийн шир олдохгүй /угаасаа байх ч гүй/. Тийм болохоор чи хөлдөө ширээр цариг татаж ав” гэсэн байдаг. Афганистан, Пакистан, Таджикстан, Казакстан, Хятад, Оросын Ойрхи дорнод гээд бидэнд аюул учруулахгүй бүс, зангилаа, тойрог, гурвалжин, дөрвөлжин гэж алга. Хар тамхийг хэрэглэсэн хүн байтугай хилийн шалган нэвтрүүлэхийн үнэрч нохой хүртэл 3-4 жил үнэрлээд л мангуу болдог. 1 мансуурагч ардаа 10-15 хүнийг дагуулдаг. Үйлдвэрлэгч, хэрэглэгч, дамжуулагч гэсэн ангиллаас манай улс дамжин өнгөрүүлэгч, хэрэглэгч орон болсон гэх аймшигтай мэдээ байна. Кыргизийн эмч Назаралиевын бичсэн гайхамшигтай судалгааны ном байдаг. Тэрээр бүх дэлхийгээр хэрэн хэсэж архи, хар тамхи, мансууруулах бодисын донтолтоос эмчлэх арга хайгаад олж чадаагүй. Эмчийн ёс зүй нь зөвшөөрөхгүй байсан байх л даа, гэхдээ тэр эмч бараг л “ЭМЧИЛГЭЭГҮЙ ӨВЧИН” гэж дүгнээд зогссон юм шүү. Бөө буулгах, ховсдох, кодлох, ерөндөг тавих, хор тайлах, саунд суулгах, хусны хальс сахартай хольж шатааж үнэртүүлэх, гахайн шээс ч гэнэ үү сүү ч гэнэ үү түрхэх гээд хүн төрөлхтөнд хэрэглээгүй арга байхгүй. Хүмүүс ёстой аргаа барж байна.
 
Венечкагийн гандан буурахгүй нэг чанар нь дээр өгүүлснээр хүнд асуудлыг хошин шог болгож хувиргах, түүнээс зугтах. Ядуурлыг судлаад Нобелийн шагнал авсан эрдэмтэд ядуурал санхүүд биш хүний толгой, хандлага хоёрт байгааг тогтоожээ. Ядуус бэрхшээлтэй асуудлыг хошигноод, зөөлрүүлээд өнгөрдөг, маш хошин шогийн мэдрэмжтэй хүмүүс. Венечка амьдралдаа ганц удаа дарга хийж үзэхдээ /энэ нь архи уудаг хэсэг хар ажилчдын бригадын даргын ажил байв/ хүн болгоны өдөрт уусан архины хэмжээ, давтамжийг тэмдэглэж графикаар гаргана.
 
Нөгөө л хошигнуур зангаараа “Заримынх нь Гималай, Тироль, Бакины нуруу шиг, зарим нь миний хэзээ ч олж хардаггүй Кремлийн хананы шүд шиг. Нэг нөхрийнх Кама гол дээр үүрийн туяа намуухан цалгилж, гэрлийн түмэн хугарал үүсгэх шиг. Гурав дахь нөхрийнх бардам зүрхний цохилт, салхич шувууны дуу, 9 дэх валлын давалгаа шиг. Энэ нь зөвхөн гадна хэлбэрээс харахад. Гүнзгийн нэвтэрч харвал хүний тухай, хүний зүрх сэтгэлийн тухай илчилж болох бүх л зүйлийг /хүний бүхий л чанар, секс, ажил хэрэгч байдал, түүний сул талыг/ харж, тэр бүү хэл далд ухамсрын нууцыг мэдэж болно” гэжээ. Магадгүй дэлхийн эмч нарын хайгаад олохгүй байгаа эмчилгээний аргын нууц кодыг тэр график агуулсан ч байж мэднэ.
Гайхамшигт маргаашийн төлөө гэсэн уриа зөвхөн Зөвлөлтийн үед байсан юм биш, хүн төрөлхтөн үеийн үед л тэгж сэтгэлээ хуурч ирсэн. Өнөөдрийн төлөө биш, яг одоо цагт биш, ирээдүйд сайн сайхан ирнэ, маргааш бүх юм гоё болно, маргааш амьдрал сайжирна, маргааш архинаас гарна. Амьдрал яг одоо энд сайн сайхан биш, харин хаа нэгтээ Петушкид сайхан болно.
Удахгүй шинэ жил болно. Хэн бугай ч гэсэн шинэ жил өнгөрөөгөөд шинэ хүн болж чаддаг уу? Үндэстний үйлийн үр гэж байдаг бол монголчууд муу үйлийг 11, 12 сард бүх нийтээр чухалчлан үйлддэг. Идэш нэрийн дор олон мянган амьтны амь тасалдаг. Шинэ жил нэрийн дор их хэмжээний архидалт явагддаг. Оргилуун дарсыг зөвхөн хуримын анхны шөнөө л хэрэглэж болох эд гэж үздэг. Пиво /Венечка шиг архины тухай ам халах нь/ генийн өөрчлөлтөд оруулдаг. Пиво их уудаг эрчүүд шингэн дуутай, гүзээ ихтэй, эмэгтэйлэг, хэрүүлч, чарлаа, усан нүдтэй болдог. Энэ их архидалт, найр наадмаа больцгоовол яасан юм бэ. Үсээ овоолж, саа цацаж, нүүрээ маажиндаж, хөглөрсөн палаажид хөрөнгө хаяж, хөлдөж үхэх шаардлагагүй болно. Ганц үдэш учиргүй торон бээлий өмслөө гээд тэр чигтээ бид язгууртан болчихгүй. Шинэ жил болоход сахартай гурилтай торт идэж, оргилуун дарс уух ёстой гэж хэн лүндэгнэсэн юм вэ? Энэ бүх нийтийн мунхаглал биш гэж үү? Том гүрнүүдийн бусад улс үндэстэнг дотроос нь генийн хувьд устгах хэрэгсэл нь хар тамхи, мансууруулах бодис /мансууруулах бодисын дээрээсээ гуравт архи ордог/ Дээр үед хятадууд бүр аргаа ядаад англичуудын усан онгоцоор ачиж ирсэн хар тамхийг бөөгнүүлээд шатааж байсан гэдэг.
Найраглал нөлөөлсөн үү би сэдвээс хальчихлаа. Суусан газар зовлонтой, сонссон газар жаргалтай. Венечка Петушки орохоор л явдаг. Яг Петушкийн буудал дээр ирэх үед тэр голдуу тасраад уначихсан хэвтдэг тул хэзээ ч бууж чаддаггүй. Петушки бол сэр сэр салхитай, бур бур бороотой бумбын орон. Тэнд хүүхэн хонгор нь Венечкаг хүлээж байгаа. Хүүхэн хонгорынхоо тухай Венечка эгэл хар ажилчны үгээр “ёстой сэрэл хөдөлтөл” хэлсэн байдаг. “...Зогсож байгаад, толгойгоо яг л төгөлдөр хуурч шиг хойш шидэж байгаад архиа татангуут оршихуй дотроо байгаа бүх юмаа, бүхий л ариун гэгээн бүхнээ нэг амьсгаагаар гаргаж шидэв”. Хачин янаг хүүхэн хонгор хүлээж байгаа гэх боловч тийм хүүхэн бодит байдалд байгаа эсэх нь тодорхойгүй. Ер нь Петушки ч гэсэн ямар нэгэн утопи тосгон гэж утга зохиол судлаачид үздэг. Ямартай ч яг одоо энд, байгаа газартаа энэ мөчид биш, маргааш, Петушкид, манант алсын цаана, шувуудын жиргээ тасардаггүй мэлрэг цэцэг хагдардаггүй Петушкид маргааш бүх юм сайхан болно.
 
Хамгийн гайхалтай нь энэ галт тэргэнд нэг ч үйлчлэгч байхгүй. Хүний төлөө үйлчилгээ үзүүлж, хамгаалж хямгадаж, “Буудал чинь боллоо, сэр” гэж байгаа хүн алга.
Венечкаг нэг сэхээ ороход вагон нилээд хоосорсон байна. Орехово-Зуевогийн тойрог хавьцаа очиж явахад хий үзэгдэл /галлюцинаци/ эхлэв. Бутан дундаас Тихонов ч л гарч ирнэ. Бүгд хурлууд ч болох шиг. Бүгд хурлын гишүүд ямар ч өөрийн толгойгүй, саналаа 100 хувь өгч, нийтээрээ дэмжинэ. “Петушки хаана байна?Петушкийн буудал мөн үү?” гэж асууна. Хүмүүс хариулж чадахгүй.  
 
Өмнөөс нь “Нөхөр ахлах дэслэгчээ” гэх мэт утгагүй хариулт өгнө. Хүмүүс галзуурсан уу, өөрөө галзуурсан уу мэдэхгүй. Бууж байгаа нь ч галзуу, сууж байгаа нь ч галзуу. Орь ганцаар, учраа олохгүй. Гэнэт чөтгөр өөрийн биеэр ирж галт тэрэгнээс үсэр, гэмтэхгүй байж мэднэ гэж зөвлөнө. Сүүлгүй, толгойгүй, биегүй хэн нэгэн ирж их мэргэн цэцэн юм шиг хирнээ учир утгагүй тааврууд таалгана. Нялуун сахиусан тэнгэрүүд ажлаа хийж дууссан мэт. Тэд л байхгүй. Бурханы дуу хоолой байхгүй. Урт хоосон вагонд түнэр харанхуй шөнөөр ядаж ганц амьд хүн хайн гүйж явахад гашуудлын урт хар нөмрөг өмссөн гав ганц эмэгтэй цонхоор харан уйлж зогсоно. Хий үзэгдэл дотор бүх юм логикгүй. Ямар нэгэн утга учир байж мэдэх ч тэр логик нь Веняд хамаарч өгөхгүй. Хий үзэгдлийн оршихуйтай яаж ч харилцаад тэдний логик Веняд хамаарахгүй. Хэн ч түүнд туслахгүй, зам заахгүй. Хийсвэр ертөнцөд ч, энэ ертөнцөд ч ганцаар. Зүг чиг байхгүй, хаашаа явж байгаагаа мэдэхгүй, вагон дамжин гүйх аймшигт ганцаардлыг туулсан, орхигдсон гээгдсэн, гадуурхагдсан, мартагдсан хүнээс л “Хүн ганцаардах ёсгүй. Өөрийгөө бусдад зориул. Бүр чамайг авахыг хүсэхгүй байсан ч өөрийгөө бусдад өргөн барь” гэсэн философи гарч ирсэн байх. Гэнэт Псков гэсэн хаягтай яралзсан хот цонхны цаана гараад ирэв. Ашгүй нэг зүг чиг авлаа. Удахгүй дараачийн буудал Петушки гэтэл галт тэрэгний чиглэлээс үзвэл Москвагийн зүг, анх эхэлсэн битүү цагирагийн зүг давхиж байв. Самуурал, солиорол, ганцаардал бүгд бодитой. Утга зохиолын арвин уламжлалтай оросуудад хандаж “Юуны чинь сюррализм вэ? Энд ямар ч сюр мюр алга. Энэ чинь реализм, бүр натурализм байна” гэж хашгирмаар.
 
Курскийн өртөөн дээр буугаад Веня өөрийгөө Петушкид буулаа гэж ойлгосон. Петушкийн байшингууд өндөр болчихсон ч юм шиг. Би Веняг өөрийгөө хуурсан, гэнэн архичин, хошин нөхөр, асуудлаас зугтагч нэгэн гэж дүгнэсэн. Гэтэл эцэстээ бүх дүгнэлт 360 градус эргэсэн. Веня бол энэ аймшигт битүү цагираг, түүний нөхцөл шалтгаан, хүнийг, нийгмийг бүхэлд нь үнэн зөвөөр 100 хувь танин мэдсэн нэгэн байж. Гагцхүү тэр битүү цагирагаас гарч чадаагүй.
 
Хамгийн сүүлд дээрэмчин ч биш сонгодог маягийн царайтай 4 этгээд тааралдаж, Веняг зодож элдэн хөөсөөр танихгүй орцонд оруулна. Орцны шатны дээд талын гишгүүр дээр /магадгүй 40 дэх/ амьсгаадан чичирч нуугдан суугаа нь аймшигт бодит, үнэнд гүйцэгдсэн мөч. Нялуун дуутай сахиусан тэнгэрүүд ирээгүй. Өнөө дөрвөн этгээд чимээ гаргахгүйн тулд бүр гутлаа тайлчихсан мярааж ирэхэд ГАВ ГАНЦ Веня айхаасаа илүү гайхна. Эрүүгийн эрх зүйд урьдчилан үгсэн тохиролцох гэж ойлголт байдаг. Мөн үйлдлээрээ нэгдэх гэж ойлголт байдаг. Энэ дөрвөн этгээд яг л үхэл шиг, давагдашгүй хүч шиг үйлдлээрээ эвссэн байв. Тамиргүй, өвчтэй Веня тасалданги дуугаар, авцалдаагүй орос хэлээр мянга ч гуйгаад, “Үсэг сайн сурсных нь төлөө хүүдээ чихэр авсан, гагцхүү хүргэж өгч чадахгүй” байгаагаа хэлээд ч нэмэргүй. Сонгодог царайтнууд хохирогчийн дөрвөн мөч дээр дарж байгаад нэг нь Венягийн улаан хоолой руу хурц юмаар шаалаа. Энэ бүхэн архины цагаан солио биш бодит явдал байв. Өтгөн шавсан улаан Ю үсэг нүдэнд нь хайлмагтан урсаж, чичрэгнэсээр зохиол төгсөнө.
Курскийн өртөөний 4-р битүү цагаригаас хөдөлсөн Москва-Петушки галт тэрэг буудлаас буудалд өртөөлөн, энэ хорвоогоос зугтах мэт ум хумгүй ниссэн. Алх, хадуур – Чухлинка – Реутово – Төмөр замын гэхчлэн Есиногоос бусад бүх л пунктаар дайран давхина. Галт тэрэг үхлийн 4-р битүү цагаригаас хөдөлсөн, өмнөөс нь алх-хадуур угтсан, үхлийн төгсгөл тийш тэнхээ мэдэн жирийсээр л... Хүмүүс энэ үхлийн галт тэрэгнээс цагаа олоод, газраа олоод бас бууж чадаж байнаа. Бүх буудал дээр л үхлийн галт тэргэнд хүмүүс нэмж сууна, бас бууна. Уг нь би Есиногийн хүмүүс энэ аймшигт галт тэргэнд огт суудаггүй, үйлчлүүлдэггүй юм байна гэж тун их найдсан юмсан. Гэтэл Есиночууд ойролцоох буудал дээрээс тосоод, дараагийн буудал дээрээс хүлээгээд суудаг болж таарлаа.
Та хаашаа давхиж байгаагаа нэг удаа ч болов бодож үзсэн үү? Та зөв чиглэлдээ сууж чадсан уу? Та өөрийгөө эрүүл саруул гэж бодож байна уу? Огт архи уугаагүй ч согтуу Веня шиг “2 шил кубанский тус бүр нь 2.62, нийлбэр дүнгээр 5.24” гэхчилэн дотроо тооцож, үглэж, хямарч, айж, долгилж, тачааж, хорсож явдаг бол Венягаас ялгарах юм байна уу. Дотооддоо тогтуун тунгалаг тэнцвэртэй болоогүй цагт их бага, дээдэс доодос, сэрүүн, согтуугийн ялгаа харагдахгүй. Хүн амьдралдаа олон төрлийн бардод /ухамсаргүй төлөвт/ явдаг гэж Буддын гүн ухаанд үздэг. Эхийн хэвлий дэх бардо, зүүдний бардо, амьдралын бардо, үхэх үеийн бардо, үйлийн үрийн бардо, үхсэний дараах завсрын орны бардо гэх мэт.
 
Бид амьдралын бардод гүнзгий унтаж яваа. Маш тухтай байрлал эзэлж аваад маш сайхан хурхираад унтаж – амьдарч яваа. Та юуны битүү цагаригт явдаг вэ? Санхүүгийн эрх чөлөөгүйн битүү цагаригт явна уу? Мөнгөний боол болж явна уу? Эрх мэдлийн боол болж сонгуулиас сонгуульд гэсэн цагаригт явна уу? Эсхүл ажил – гэр гэсэн битүү цагаригт явна уу? Гэр бүлийн хүчирхийллийн бал сар – асуудал хуримтлагдах – тэсрэлт – бал сар гэсэн битүү цагирагт явна уу? Шантидева бодьсадвагийн “Бодьсадын явдал дор орохуй” сударт зарим нь харь газарт боолчлогдохоор оддог, зарим нь хэдэн зоосны төлөө цаг наргүй ажиллаж ядраад үхдэл мэт унтаж хэвтдэг, хол одсон заримынх нь эхнэр хүүхдүүд орох оронгүй модны дор төрдөг тухай өгүүлсэн байдаг. Та бидэнд эрх чөлөө байгаа юу?
 
Бид юуны битүү цагирагт явдаг байсан ч цагирагийг эвдэх хэрэгтэй. Болж өгвөл алгуурлалгүй ухаарч шууд ажилдаа орвол сайн сан. Дадал зуршил, үзэл бодол, төөрөгдөл мунхаглал, үйлийн үрийн ган төмөр замыг эвдэх хэцүү. Ганц хүнд ахадсан ч ажил байж мэднэ. Гэхдээ л та жаахан тамиртайхан байгаа бол эвдэх гээд оролдоод үз. Хүн бүтээхээсээ эвдэхдээ сайн. Болохгүй бол дэлбэл. Дэлбэлчхээд төвд яаралтай мэдээ өг. Тэр чиглэлд төдөн км-т зам дэлбэлсэн байна гэж. Тэгвэл галт тэрэг ирэхгүй. Галт тэрэг ирэхгүй юм чинь та Москва-Петушкид суухгүй. Москва-Петушкид суугаагүй юм чинь зам зуурын гай тааралдахгүй, цагирагийн бүх дэглэмд өөрчлөлт орж эхэлнэ. Дэглэмд өөрчлөлт орсон юм чинь биоритмд өөрчлөлт орно. Биоритмд өөрчлөлт ороод эхлэхтэй зэрэг өмнө нь тасарч унадаг байсан цагтаа та сэрүүн байна. Үргэлж сэрүүн тунгалаг, сэргэг бай. Үргэлж сэрүүн тунгалаг байвал Кремлийг ч олж харна, Петушкийг ч олж бууна. Эрүүл явбал улсын наадам үзнэ. Сэтгэл зөөлрөөд явчихлаа. Хүний төрлийг олж төрсөн, хүн болгон бурхан гэсэн үг миний дотоодод гэрэлтэнэ. Өтгөн шавсан хүрэн улаан том Ю үсэг биш харин хүн болгон бурхан гэсэн хурц цагаан гэрэлтэй үг миний дотоодод жигтэйхэн томоор зөөлнөөр мандан бадамласаар л. Бидний зарим нь энэ дэлхийд багшлахаар, аврахаар дахин буцаж ирнэ. Зарим нь эргэж ирэхгүй. Дээд хэмжээс өөд нэг мөр одно.
 
О. Хараа