sonin.mn
“Зууны мэдээ” сонин “Эрхзүйн шинжлэл” шинэ булан нээж байна. Анхны зочноор хуульч Д.Оросоог урьж Үндсэн хуулийн эдийн засагтай холбоотой асуудлаар байр суурийг нь сонслоо.
 
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа улс оронд тулгамдсан асуудлаа зөв олж харж, оновчтой шийдэх байсны нэг нь эдийн засагтай холбоотой зохицуулалт. Улстөрчид санал авахын тулд юу ч хамаагүй амлаж, түүнийгээ өрөөр шийдэж байна. Үндсэн хуульд эдийн засагтай холбоотой асуудлыг нарийвчлан тусгаж өгвөл улс орныг өрийн дарамт, эдийн засгийн хямралд оруулахгүй.
 
 
 
Улс орнууд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа өрийн дээд хэмжээ, төсөв зардалтай холбоо асуудлыг онцлогтоо нийцүүлдэг. Манай улс ч гэсэн Үндсэн хуулиа  өөрчлөхдөө өрийн дээд хязгаарыг зааж өгөх ёстой байсан. Үүнийг олон хуульч, улс төрчид хэлсэн ч биелэлээ олсонгүй. Энэ бол Үндсэн хуулийн алдагдсан боломж.
 
 
 
Үндсэн хууль, эдийн засагтай нягт уялдаатай. Үндсэн хуулийн эдийн засгийн онолд улс орны төсөв, татвар, өр зээл, байгалийн баялагтай холбоотой эдийн засгийн гол асуудлыг шийдвэрлэх зарчим, стандарт, хязгаарлалт, зохицуулалтыг Үндсэн хуульд заавал тусгаж өгөх ёстой гэж үздэг.  Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар төрийн эдийн засгийн эрх мэдлийг хянаж, хязгаарлах ёстой. Гэтэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа төрийн эдийн засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар хянаж хязгаарлаагүйгээс  дур зоргоор ажиллах үндэс бүрдлээ. Үүний уршгаар улсын төсвийг алдагдалтай батлах нь хэвийн үзэгдэл болж, байгалийн баялгаа өөрсдөө ашиглаж чадахгүй даяаршлын эргүүлэгт алдаж, өрийн дарамтад орох өндөр эрсдэл учирдаг.  Үүнээс сэргийлэхийн тулд Үндсэн хуульд эдийн засагтай холбоотойгоор төрийн эрх мэдлийн хязгаарлалт, стандарт, зарчмыг тусгах шаардлагатай. Улс орнууд эдийн засгийн онолын зарчмыг Үндсэн хуульдаа суулгаж өгсөн байдаг. Тухайлбал, “Төсвийн орлого, зарлага тэнцвэртэй байна” гээд Үндсэн хуульдаа заачихвэл  төсвөө алдагдалтай батлахгүй. Мөн Парламент Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийг өөрийн дураар нэмэхгүй, зөвхөн хянаж батална гэж тусгасан байх жишээтэй. Гэтэл манай Үндсэн хуульд энэ заалт байхгүйгээс Засгийн газрын боловсруулж, өргөн мэдүүлсэн төсвийг УИХ өөрийн үзэмжээр нэмж танигдахын аргагүй болтол өөрчилдөг. Ингэхээр Засгийн газрын хэрэгжүүлэхээр зорьсон бодлого, үйл ажиллагаа эдийн засгийн утгаараа алдагдаж, улстөрчдийн тойрогтоо зарцуулах мөнгөний төсөв болж байгаа юм. Парламентын эрх хэмжээг төсөвтэй холбоотойгоор Үндсэн хуулиар ингэж хязгаарладаг зарчимтай. Тиймээс Үндсэн хуулийн эдийн засгийн зарчим, стандартыг Үндсэн хуульдаа тусгаж, шинэчлэл хийх шаардлагатай.
 
Хамгийн гол эрхзүйн мухардал нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг цэц хянах ёстой.Нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэг хэсэг учраас цэц хянахгүй бол зөрчилтэй, дур зоргын өөрчлөлт хийх эрсдэлтэй. Гэтэл эрх баригчид өөрсдийнхөө баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг цэцээр хянуулахгүйн тулд 2000 онд үүссэн маргааныг сэдрээж нэг талд нь шийдвэрлэсэн байсан хуулийн заалтыг хүчингүй болгосон. Ингэж нэмэлт өөрчлөлт нэртэй Үндсэн хуулийн суурь зарчмаас давсан зүйлийг хийх боломжийг бүрдүүлсэн ухралт боллоо. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах процедурыг зөрчсөн.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин