sonin.mn
“Аяллын цаг” нэвтрүүлгийн эзэн, сэтгүүлч, судлаач Г.Бадамсамбууг “Хойморь” булангийнхаа анхны зочноор урилаа.
 
-Цэнхэр дэлгэцээр таны намуухан зөөлөн хоолой, урсгал гол шиг хүүрнэн өгүүлсэн тогтуун яриаг сонсож өссөн. Харин өнөөдөр нэвтрүүлгийн тань тухай яриа дэлгэж суугаадаа баяртай байна ...
 
-Баярлалаа. Надтай уулзсан хүн бүр нэвтрүүлэгтэй минь холбоотой урмын үгийг харамгүй хайрладаг юм. “Аяллын цаг” минь намайг сэтгүүл зүйд тодоос тод тамгалсан нь амьдралын маань аз жаргалтай дурсамжийн нэг болон үлдэж дээ.
 
-Дурсамж болон үлдсэн гэж нэвтрүүлгээ бүр мөсөн зогсоосон юм уу?
 
-Сүүлийн таван жил нэвтрүүлгээ хийсэнгүй. Нэгд, улс төрийн нам, хоёрд, судалгаа, тэр дундаа түүх судлалд илүү их цаг зарцуулах болсон зэргээс улбаатай. Хэрхэхийг цаг хугацаа харуулах биз.
 
-“Аяллын цаг”-ийг хэзээнээс хэрхэн эхлүүлж байсан талаараа ярихгүй юу?
 
-1990-ээд он хүртэл Монголчууд эх орондоо итгэх итгэл тун багатай байлаа. Шалтгаан нь хөгжил, цэцэглэлтэй холбоотой. Хоёрдугаарт, гадаадын орныг тахин шүтэх сэтгэлгээ давамгайлж байсан нь нөлөөлсөн байж таарна.
 
 
Тэгээд би гэдэг нөхөр 1997 оны намар Их Британид очиж хагас жил амьдраад ирэхдээ “Дэлхийн орнуудын хөгжил, түүх, соёл уламжлал, угсаатан зүй, амьдрах ёс зэргийг нь харуулсан нэвтрүүлэг хийе” гэдэг шинэ санаа, хүсэл мөрөөдөлтэй ирсэн. Ирэхдээ боломжийн “хөөрхөн” тоног төхөөрөмж авчирсан юм даг. Нийгэм, цаг үе хүнд, иргэдийн аж амьдрал амаргүй байхад шүү дээ. Тэгээд анхны бүтээлээ 1998 онд “Бурхан халдун”-ы тухай баримтат нэвтрүүлгээр эхлүүлэн 1999 оноос үндсэндээ тогтворжуулж, “Гараг” продакшныг байгуулсан. Ингээд анхны нэвтрүүлгээс хойших 20 орчим нь дан гадаад, тэр дундаа Европын орнуудын тухай бэлтгэсэн. Тэгэхэд тухайн орнуудын иргэд их гайхаж байсан. “Монгол хүн, монгол сэтгүүлч аялж байгаа гэж үү? Зөвхөн орос, америк сэтгүүлч нар л аялдаг биз дээ” гээд л. Их сонин хүлээж авч байсан шүү.
 
 
-Та бас эх орныхоо өнцөг булан бүрийг нэвтрүүлгээрээ тольдон харуулсан ...
 
-Тэр мэдээж. Хорь гаруй жилийн хугацаанд дэлхийн 60 гаруй орноор аялсан ба эх орноо бүтэн тойрсон байна. Долоо хоног тутмын нэвтрүүлэг гэхээр жилд дунджаар 40 орчим, 20 гаруй жилийн хугацаанд 700 гаруй нэвтрүүлгийг олны хүртээл болгожээ. “Аяллын цаг” нь үзэгч олондоо өөрийн өнгө төрхөө дархлан үлдээснээс гадна аяллын сэтгүүл зүйг хөгжүүлэн иргэдэд эх орноороо бахархах үзэл, хүмүүжлийг олгосон гавьяатай нэвтрүүлэг гэж би боддог. Яагаад гэж та асуух байх. Энэ нэвтрүүлгийг бэлтгэн гаргахаас өмнө аяллын нэвтрүүлэг гэж бараг байгаагүй. Цөөн тоотой байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр нь тогтвортой бус, жилдээ ганц, хоёр л удаа гаднын орны тухай аян замын тэмдэглэл байдлаар гарч байж. Харин “Аяллын цаг” нэвтрүүлэг гарснаар дэлхийн орнуудын түүх, соёл, уламжлал, аж төрөх ёс, зан заншил гээд олон зүйлийг нь нийтэд гаргаж эхэлснээрээ иргэдийн мэдэх эрхийг хангаад зогсохгүй аяллын сэтгэл зүйн суурь баазыг бэхжүүлж, хөгжүүлсэн. Та бод л доо. Өнөөдөр телевиз бүр аяллын нэвтрүүлгийн хүний нөөцтэй, өөрийн гэсэн хөтөлбөртэй болсон байна шүү дээ. Нөгөө нэг сайн үр дагавар нь гаднын орныг тахин шүтэхээс илүү эх орныхоо үзэсгэлэнт байгалиар бахархах, гэр бүл, найз нөхдөөрөө зугаалж, аялдаг болсонд гол учир нь оршиж байна. Энэ бол миний туйлын хүсэл мөрөөдөл байсан. Мэдээж үүнийг ганцхан нэвтрүүлгээрээ бий болгосон гэж хэлэхгүй. Хүний мэдэх, сонжих, сонирхох эрх дээр нь тулгуурлан өөрийн хувь нэмрээ оруулсан гэдэг л хамгийн чухал. Бас нэг дурдах ёстой зүйл бол монгол сэтгүүлч анх удаа цүнх үүрээд, камер бариад дэлхийг тойрж, эх орноо бүтэн эргэсэн. Энгийн хүүрнэл яриагаар ярих хэв маягийг гаргаж ирсэн зэрэг нь энэ нэвтрүүлэг буюу миний бий болгосон зүйл. Миний бодлоор цагаа олоогүй ямар ч агуу зүйл амжилт олдоггүй. Туршлагаас харахад ч тийм юм. Харин цагаа олсон өчүүхэн зүйл ч амжилт олдог гэдэг шиг би цагаа олсон азтай хүн. Монголчууд удаан хугацаанд буюу Манжийн дарлалын 200 жилээс эхлээд Зөвлөлтийн нөлөөллийн үе хүртэл хүн төрөлхтнөөс нуугдмал, бөглүү, таних мэдэх хэрэгцээгээ хязгаарлуулсан байсан нь энэ нэвтрүүлэг амжилтад хүрэх үндэс байжээ гэж боддог юм.
 
-Тэгэхээр та нэг зүйлийг ойлгов уу?
Мэдэх хэрэгцээ их байсан нь нөлөөлж гэж ойлголоо ...
 
 
-Миний чадалтайд биш, ийм хэрэгцээ байсанд гол утга оршиж байгаа юм. Эхлээд нэвтрүүлгээ хийх гэж ёстой нэг балладаг байлаа. Залуу насныхаа ааг омгоор л явдаг байж дээ. Камераа тэврээд, замын машинд суугаад уул хадаар хэдэн хоног, сараар явчихна. Зэрлэг ан амьтнаас айж сүйд болсон ч юм байхгүй. Гэр бүл, найз нөхөд маань “Чи их тэнэг хүн юм. Хамгийн их зардалтай, бартаа ихтэй сэтгүүл зүйг сонголоо” гэж загнаад л. Эхний дөрвөн жилд ганцаараа энэ жимээр л явсан. Нэвтрүүлэг жаахан олны танил болоод ирэхэд олон улсын байгууллага, гадаадын орнуудын Элчин сайдын яамдын урилгаар дэлхийн орнууд руу уригдаж, орон нутгийн удирдлагуудын хүсэлтээр нь эх орныхоо хүссэн газар очиж нэвтрүүлгээ бэлтгэсэн байна. Одоо бодоход аяллын сэтгүүл зүй их хүнд ажил байж дээ. Тэр үедээ сайхан байна, болж байна гэж л боддог байв. МҮОНРТ-ийн “Цагийн хүрд”, “Аяллын цаг” хоёр хэдэн жилдээ үзэгчдийнхээ тоогоор хамгийн оргил нь болж, түүнд нь ихэд урамшин “давхисан” байна. Нээрээ үзэгчид их сонирхохын хэрээр миний өмссөн хувцас хүртэл "мода" болсон шүү.
 
-Тийм гэж үү?
 
-Тэр үед хөдөө явдаг хүмүүс бүрх малгай, олон халаастай майк өмсдөг болж эхэлснийг одоо ч тод санаж байна. Надтай хамтран ажиллаж байсан аяллын барааны “Аянч” дэлгүүрийн орлого хүртэл суга нэмэгдэж байлаа шүү дээ.
 
 
Одоо хааяа нэг оюутан залуучуудтай уулзахаар “Тань шиг аялагч, сэтгүүлч болмоор байна” гэдэг юм. Тэгэхэд нь “Би цаг нөхцөөх гэж нэвтрүүлгээ хийгээгүй. Энэ миний бага насны мөрөөдөл. Миний аав үлгэрч хүн байсан. Үлгэр гэдэг хамгийн их адал явдал, мөрөөдлийг бий болгодог зүйл. Уншиж сурснаасаа хойш адал явдалтай номноос бас салаагүй. Зохиолд гарч байгаа оронд очиж үзэх сэн, түүх, соёл, уламжлал нь их өвөрмөц юм, бодитоор харах сан гэсэн туйлын хүсэл намайг аялагч, сэтгүүлч болгосон. Та нар мөрөөд, хүс, хичээ” гэж хэлдэг юм. Үнэхээр л би зохиолд гарсан орнууддаа очиж үзсэн. Сонирхлоо мэргэжил болгоод түүгээрээ амжилт олно гэдэг их азтай явдал. Магадгүй Монголд надаас илүү аялсан, нэвтрүүлэг бэлтгэсэн хүн байгаа байх. Голдуу дипломат шугамаар. Харин миний хувьд мөрөөдлөө таашаал, мэргэжил болгож явсан учраас амжилтад хүрсэн.
 
 
-Санаанаас гардаггүй ямар аялал байдаг вэ. Улс болгоны аж төрөх ёс, угсаатан зүй бүр харилцан адилгүй биз ...
 
-Яривал хэдэн өдрийн ажил болно. Маш олон адал явдал, дурсамж байна. Хамгийн тод санагдаж байгаа нь Шотланд, Израиль хоёр. Израиль яагаад сонин гэвэл цөлд хэзээ ч бүтэшгүйг байгуулсан орон. Тэрхүү газар нутгаа 2000 жил орхиж явчихаад 1948 онд буцаж ирээд тийм зүйл байгуулсан гэдэг гайхалтай. Үнэхээр гайхамшигтай. Дэлхийд том биш гэхдээ супер орон. Цөлийг яаж усжуулж, соёлжуулж болдгийг, саяхан нэгдсэн хүмүүс хэзээний л юм шиг оршиж, тэгээд бас хүчтэй байж болдгийг тэндээс л олж харсан. Хүчирхэг байдал болон хөгжил цэцэглэлтэд нь угсаатны үнэт зүйл, сүсэг бишрэл нөлөөлсөн байх. Яг үүн дээр жишээ авч хэлэхэд өнөөдөр манай залуус “Шинжлэх ухаан байвал болчихно. Бодит зүйл хамгийн чухал” гэдэг инээдтэй зүйл их ярьж байна. Нөхцөл байдал ердөө тийм биш. Шашин, шинжлэх ухаан хоёр хамтдаа оршин байж хүчирхэг болдог юм. Шашин бурхны номлол нь үнэн биш боловч хүмүүст биет бус хүчтэй сэдэл төрүүлдэг. Оюун санаагаараа олж болох чухал биет бус зүйл гэсэн үг. Тэгэхээр ухаантай орчин үеийн хүн гэдэг нь шашны талаар ч тэр, уламжлалын талаар ч тэр сайн мэдлэгтэй, тэнцвэрт байдлыг хадгалдаг хүнийг хэлнэ. Зөвхөн шинжлэх ухаанч байх эсвэл зөвхөн шашинлаг байх нь мунхрал. Шинжлэх ухаанч, бодит байдлыг эрхэмлэх нь чухал, гэхдээ ингэж туйлшрах нь оюун санааны хүчийг сулруулдаг. Шинжлэх ухаанч хүн хэзээ ч театр руу очиж, уран зохиолын ном унших шаардлагагүй болдог байхгүй юу. Мөрөөдөл бол шинжлэх ухаан биш. Хүсэл тэмүүлэлтэй хүн амжилтад хүрнэ. Мөрөөдөгч, сониуч байх нь амжилтад хүрдэг хүмүүсийн хамгийн гол үндэс нь. Амьдрал дээр ч ийм л байдаг.
 
-Та дэлхийд тархан суурьшсан монголчуудын тухай нэлээд нэвтрүүлгийг бэлтгэн гаргасан. Тэдний туйлын хүсэл нь юу байна вэ?
 
 
 
-Дэлхийн монголчуудын олонхтой нь очиж уулзсан. Тэдэнд ирээдүйд одоо байгаа нөхцөлөө хэрхэн дээшлүүлэх вэ гэдэг ганцхан хүсэлт, зорилго байгаа. Оюун санааны болоод угсаатны хувьд урам дэм авах гол найдлага нь мэдээж Монгол Улс. Тэр байгаа газар орондоо ямар байхаас үл хамааран уугуул Монгол орон тэдний бахархал болж байвал тэд сэтгэл нь ханаж байдаг улс. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хөгжил өндөртэй, хүчтэй байвал тэд “Бид Монголын ахан дүүс” гэж цээж дүүрэн бахархаж чадна. Тэр хэрээрээ “Бид Монгол угсаатай” гэдгээ санаа зоволгүйгээр ам бардам хэлдэг болно. Надтай уулзсан монгол үндэстнүүдийн маань хэлдэг нэг л үг байдаг. “Монгол хөгжөөсэй” гэж. Энэ бол ирэх гэсэндээ огт биш. “Монгол руу нэгдэх гэсэн далд санаатай” гэж зарим хүн ярьдаг л юм. Одоо нэгдэнэ гэж юу байх вэ дээ. Нөгөө талаас дэлхийн монголчууд хоорондоо геополитикийн бодлого явуулж чадахгүй ч өөрсдийн гэсэн соёлын геополитикийн орон зайтай. Үүгээр нь дамжуулан хамтарсан соёлын арга хэмжээг зохион байгуулахаас эхлээд олон талаар “Монгол” гэдэг бахархлыг нь улам лавшруулах боломжтой гэж харж байна.
 
 
 
-Та залуучуудтай хийсэн нэг уулзалтын үеэрээ аливаа зүйл хөгжлийнхөө эхлэлд эргэж очдог тухай ярьсан. Энэ тухай тайлбарлахгүй юу?
 
-Аливаа зүйл ромбо маягаар хөгждөг. Өнөөдөр зарим зүйл цоо шинэ юм шиг санагддаг атлаа тэр нь ямар нэгэн юмны хуучин холбоо байдаг. Юу ч уламжлалаас тасардаггүй. Уламжлал, шинэчлэл хоёр хэлхээ холбоотой. Уламжлалт амьдрах ухаан, уламжлалт технологи, байгалийн хуулиуд эргээд заавал хэрэгжиж байдаг дүрэмтэй. Зарим нь бүр уламжлалаараа дархлагдсан хэрэглээний хэв маяг болчихдог. Үүний жишээ нь нүүдэлчид. Нүүдэлчдийн амьдрал нь зөвхөн гэр бүлдээ зориулсан хэрэглээний үйлдвэрлэл явуулдаг. Малаа өсгөх нь ч тэр. Цагаан идээгээ боловсруулах нь ч тэр, малаа нядлах нь ч тэр. Сур, ган үйлдвэрлэл ялгаагүй өрхийн хэрэгцээнд зориулагддаг. Тэр нь хэдэн зуун жил болсон ч яг хэвээрээ.
 
-Та одоо юу хийж байгаа вэ?
 
-Судалгаа хийж, хэд хэдэн төслүүдэд зөвлөхөөр ажиллаж байна. Удахгүй баримтат бүтээлийн цуврал төсөл эхлүүлнэ. Мөн хүүхдийн болон монголчуудын түүхэн газрын тухай төсөл ч бас байна. Хийх ажил тун ихтэй явна. Судалгааны бүтээл хийх нь хөгжмийн зохиол, яруу найраг бичихтэй адил тийм гоё гэж бодож байгаагүй. Одоо бол тийнхүү бодох болсон. Яагаад гэвэл судалгааны үр дүнгээр тайлсан шинэ нууцууд, ээдрээ, учир жанцанг нь олсон зүйлс дараа нь нийгэмд тодорхой хэмжээнд мэдлэг үйлдвэрлэх нь чухал юм байна гэж ойлгосон. Ер нь цаашдаа яах вэ, хойч үедээ зориулж үлдээчихсэн байх хэрэгтэй. Хувь хүний зүгээс энэ бол нэр алдрын төлөө биш юм. Би чинь нэг талаар их сонин хүн. Бусдын хийгээгүй юмыг хийе л гэж боддог, багаасаа л тийм хачин мөрөөдөлтэй байж. Сайн баримтат бүтээл, сайн гэрэл зураг, сэтгүүл зүйн сайн төрөл, зүйлүүдийг бусдаас илүү хийж байж, түүнээсээ таашаал авах аминчхан гэмээр юм уу, хувийн бодолтой хүн. Бас миний хэв маяг цаг, нар, элдэв зүйлд захирагдаж үзээгүй. Өөрийнхөө дураар л ажилладаг. Ямар ч амралтгүй ажиллаж чадна, эсвэл хэдэн өдрөөр ч амарч бас чадна.
 
-Бидний асуух дуртай асуулт бол салбарынхаа тухай. Та Зэвсэгт хүчнийхээ өнөөгийн хөгжил дэвшлийг хэрхэн үнэлж байна вэ? Тантай ойр салбар мөн үү?
 
-Яг одоо миний хувьд Д.Сүхбаатар жанжны тухай бүтээл хийж байгаа. Энэхүү судалгааг хийж байхад надад их сонин зүйл ажиглагдлаа. Юу гэхээр цэргийн эзэнт гүрэн мөхөж сэргэхээрээ ямар байх бол гэдэг нь хамгийн сонин. Үнэхээр сонин. 1911 оны Богд хаант Монгол Улсын цэрэг, 1921 оны Хувьсгалын цэрэг бол дэлхийн талыг эзэлж байсан их гүрний мөхөөд гарч ирж байгаагийн хэлбэр нь тэр. Тэгвэл энэхүү хоёр хувьсгалыг төлөөлүүлээд гаргах цэрэг хэн байх вэ гэхээр Д.Сүхбаатар жанжин юм билээ. Д.Сүхбаатар жанжин нь 1911 оны Богд хаант Монгол Улсын үед бэлтгэгдсэн орчин үеийн анхны цэрэг. Бэлтгэгдэж явсаар 1921 оны хувьсгалын гол жанжин болсон энэ хүнээр л Чингис хааны үеийн цэрэг яаж сэргэснийг төлөөлүүлж үзэх юм байна гэж бодогдож байна.
 
-Үнэхээр сонирхолтой санагдаж байна. Хэзээ олны хүртээл болох вэ?
 
-Энэ тухай ярих хараахан болоогүй. Надад нэг л зүйл тодорхой харагдаж байна. Надад гэлтгүй түүхчид ч хэлдэг шүү дээ. Монгол Улсын түүх тэр чигтээ цэргийн түүх гэж. Монгол Улс их гүрэн байсны хувьд цэргийн түүхээр угсаатны түүх бичигдсэн юм бол бид хүчтэй армитай байж, өндөр хөгжилтэй улс магадгүй аль хэдийн болох байж. Жишээлбэл, Израиль хэзээ ч хүчтэй армитай улс байгаагүй. Шашинлаг улс байснаа өдгөө цэргийн тулгуурт орон болсон байна. Харин Монгол Улс цэргийнх байснаа иргэний шинжтэй улс болчихоод байна. Хэдийгээр бид цөөхүүлээ ч гэсэн орчин үеийн зэвсэг, техникээр зэвсэглэгдсэн хүчирхэг армитай болох ёстой. Өнгөрсөн онд Чойбалсан хотод болсон Монгол, Оросын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ” сургуулийн хаалтын ёслолыг үзэх завшаан тохиосон юм. Оросуудын танк, байлдааны онгоц, хуягт техникүүд нь ямар агуу юм бэ. Хэдийгээр бидэнд дайны аюул, газар нутгийн зөрчил байхгүй тайван улс ч гэсэн Зэвсэгт хүчнээ зэвсэглэл, техникээр нь бүрэн хангах ёстой. Бэлтгэл гэдэг нь зөвхөн хүн нэг бүрийн бие бялдрын бэлтгэлээр хэмжигддэггүй. Нөгөөтэйгүүр манай Зэвсэгт хүчний бодлого бидний үр хүүхдүүдийг эх оронч үзлээр хүмүүжүүлж, сургаж бэлтгэхээр хязгаарлагдахгүйгээр энхийг сахиулах үйлс буюу дэлхийн бодлогод оролцох болсон нь маш зөв алхам. Цаашид энэ чиглэлд илүү бэхжих хэрэгтэй. Өнөөдөр Монголын хамгийн эвгүй үе ирж байна шүү.
 
-Ямар үе ...
 
-Амьдрах чадвараас зайлсхийсэн иргэншлийн үе. Өнөөдөр нийгэмд компьютер, гар утаснаас эхлээд бүгд техникжсэн, тийм нэг сул дорой, хэт их нялхамсуу, хэт их соёлжуу иргэн болон төлөвшиж байна. Хэт их соёлжуу, нялхамсуу, технологижсон байх нь бүтээлч чадварыг сулруулдаг талтай. Энэ утгаар нь 18 нас хүрсэн эрэгтэй хүн бүрийг заавал цэргийн албаар дамжуулан жинхэнэ эр хүн, жинхэнэ иргэн болгоход Зэвсэгт хүчин онцгойлон ажиллах ёстой. Одоо ч ажиллаж байгаа л даа. Гэхдээ миний гол санаа бол цэргийн албыг биеэр хаахаас өөр хэлбэрүүд байх шаардлагагүй юм шиг санагддаг. Өвчний учир мэдээж байх ёстой. Яг үнэндээ миний дээд үе буу бариад гарахад л бэлэн хүмүүс байсан.
 
 
 
Миний үеэс эхлээд аажим аажмаар буурч, өнөөдрийн нийгэмд бүр эмэгтэйлэг эрчүүд гарч ирж байх жишээтэй. Энэ байдал удаан үргэлжилвэл магадгүй ижил хүйстэн ч олшрохыг үгүйсгэхгүй. Хоёрдугаарт, өнөөдөр Зэвсэгт хүчин улс орныхоо бүтээн байгуулалтад оролцож, нийгэмдээ зам, барилгын инженерүүд буюу бүтээгчдийг бэлтгэж байгаа нь үр дүнтэй арга. Энэ их сайн арга. Төрд ийм механизм хэрэгтэй.
 
 
 
Ер нь судалгааны явцад анзаарагдсан зүйл нь Монгол Улс олон мянган жилийн түүхэнд энэ их олон гүрэн, улс оронд дагаар оролгүй оршин байгаагийн шалтгаан нь цэргийн зохион байгуулалт бүхий орон байсантай холбоотой юм байна. Хэрэв бид цэргийн бүтэцгүй байсан бол Монгол гэж байхгүй, энэ том иргэншлүүдэд аль хэдийн ууссан байх байсан. Энэ үнэн шүү.
 
 
Сонирхолтой яриа дэлгэсэнд тань баярлалаа.
 
дэслэгч Д.БОЛОРМАА
Эх сурвалж: "Соёмбо" сонин