БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улсын мужийн түвшний засаг захиргааны 31 бүс нутгаас ирүүлсэн мэдээллээр пүрэв гарагт тус улсад шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны 5090 шинэ тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас 121 хүн нас баржээ.
Үндэсний эрүүл мэндийн комиссын баасан гарагийн тайлан мэдээнд дурдсанаар, пүрэв гарагийн оройны байдлаар коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо 63851 хүрч, нийт 1380 хүн нас барсан байна.
Мөн коронавирусний халдвар авсан байх магадлалтай тохиолдлын тоо 10109 хүрч, биеийн байдал хүнд хүний тоо 10204 хүрсэн бол эдгэрч, эмнэлгээс гарсан хүний нийт тоо 6723 хүрсэн байна.
Пүрэв гарагт нас барсан хүмүүсийн 116 нь Хубэй мужид, 2 нь Хэйлунжянд, 1 нь Аньхуйд, 1 нь Хэнаньд, 1 нь Чунчинд тус тус бүртгэгдсэн байна. Мөн тухайн өдөрт 2174 хүний биеийн байдал хүндэрсэн бол 1081 хүн эдгэрэн эмнэлгээс гарчээ.
Үүний зэрэгцээ вирусний халдвартай өвчтөнүүдтэй ойр байсан 493067 хүн тогтоогдсоноос 26905 хүнийг гэр лүү нь буцаасан бол 177984 хүн эмнэлгийн хяналтад байгаа аж. 
 
 
 
Пүрэв гарагийн оройны байдлаар Хонконгт коронавирусний халдварын 53 тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас барсан бол Макаод 10, Тайваньд 18 тохиолдол тус тус илэрсэн байна. Мөн Хонконгт 1, Макаод 3, Тайваньд 1 хүн эмнэлгээс гарчээ. 
 
 
 
Мөн Хубэй мужаас гадна бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо 10 дахь өдрөө дараалан буурчээ. Пүрэв гарагт Хубэй мужаас гадна коронавирусний халдварын 267 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд уг үзүүлэлт энэ сарын 3-наас хойш аажмаар буурсан байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг