sonin.mn
Франц улсын иргэн, монгол судлаач Стив Морел бол Монголын өв соёл, язгуур урлагийг биднээс илүүтэй судалж, дэлхий нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа бөгөөд тэрээр хэдийнээ бидний эчнээ танил болжээ. Түүнтэй цухас хөөрөлдсөнөө уншигч танаа болгооё.
 
Та анх ямар зорилгоор Монгол Улсад ирсэн бэ?
 
-Манай найз надад Монголын язгуур урлагийн нэг цомог бэлэглэсэн юм. Тэрхүү цомог түүний гарт яаж яваад орсныг нь мэдэхгүй, тэр үед би нэг их тоолгүй шүүгээндээ хийчихсэн. Дараа нь нэг удаа сонирхоод сонсоход уртын дуу, морин хуур, хөөмийн аялгуу байсан нь надад содон байсан. Мэл гайхаж, цэл хөхөрнө гэж ярьдаг байх аа. Яг л тийм зүйл болсон шүү. Тэгээд л ямар учраас, яагаад ийм сонирхолтой, сонсголонтой байгааг цаашид судлах зорилгоор эрэл хайгуул хийж эхэлсэн юм. Монголын соёл, язгуур урлаг руу би ингэж л анх татагдсан даа.
 
Монголын язгуур урлаг, морин хуур, өв соёлыг судалж, түгээн дэлгэрүүлэх болсон шалтгаан юу вэ?
 
-Цахим орчноос монголчуудыг нүүдлийн аж ахуй, соёл, хөдөөгийн амьдралыг их үзэж, хардаг байсан. Харин энд ирэхэд огт өөр дүр зураглал ажиглагдсан юм. Жишээлбэл, би Монголд ирэхээсээ өмнө хээр тал нутаг, урт үстэй сайхан монгол бүсгүй, монгол эрчүүд нь цээж нүцгэн, булчинлаг гэх мэт олон зүйлийг харахыг хүсдэг байлаа. Угаасаа тийм төсөөлөлтэй байсан гэхэд болно.  "Чингис хаан" нисэх онгоцны буудалд газардсаны дараа би хаана буучхав, буруу газраа ирчихсэн юм болов уу ч гэж бодсон. Нэг үгээр хэлбэл сэтгэл бага зэрэг гонсойсон. Хөтчөөр ирсэн монгол эмэгтэй маань ч намайг зочид буудалд үлдээгээд хаашаа ч юм яваад өгсөн. Харин гудамжинд таарсан нутаг нэгтэн маань надад их тусалж билээ. Би анхны аяллаа Монгол Улсаас эхлүүлэхээр, олон сайхан зүйлсийг төлөвлөөд ирсэн ч бүгд л нурсан мэт санагдаж байв. Би юу хийчих вэ гээд өөртөө гомдож бараг л уйлсан. Харин надтай таарсан франц хүн намайг Ховд аймаг руу дагуулж явсан. Ингээд хөдөө очиход миний төсөөлсөн бүх зүйл байсан шүү.
 
Морин хуур хөгжмийг тань шиг гойд сайн сурсан гадаадын иргэн өөр байхгүй мэт санагддаг. Энэ хөгжмийн юунд тэгтлээ их татагдсан юм бэ?
 
-С.Бүжидмаа гэдэг бүсгүй анх надад морин хуур тоглохыг заасан. Тэр хүн энэ хөгжмийг судалдаг байсан учраас морин хуур тоглож сурахаас илүүтэй ёс заншил талаас нь олон зүйл зааж сургасан. Би цааш нь морин хуур, уртын дуу, бий биелгээг судалсаар байна. Хотжиж, техникжихийн хэрээр уламжлалт зүйлс мартагддаг. Харин монголчуудын хувьд энэхүү гайхалтай хөгжмийг одоо хүртэл уянгалуулж, амилуулсаар байгаа нь тун гайхалтай. Морин хуур бол миний дотнын анд, амьдралын минь аврагч гэж хэлэх дуртай.
Монголчууд нүүдэлчин ард түмэн. Тиймээс бичиж үлдээсэн зүйл ховор. Харин ам дамжуулан ёс уламжлалаа үлдээж ирсэн нь олон баримтаар нотлогддог. Жишээ нь үлгэр, домог, тууль гэх мэтээр. Тиймээс настай хүмүүстэй уулзаж янз бүрийн мэдээлэл олж, үлгэр, домог сонсох дуртай. Мөн баруун, зүүн аймгийн хүмүүс адилхан үг хэлж байгаа хэр нь өөр өөр санааг илэрхийлдэг. Энэ бүгдийг нийлүүлж байж дундаас нь гол санааг нь ойлгож авах нь миний хувьд их чухал.
 
 
 
Морин хуурын соёл нь дундаршгүй бөгөөд цаашдаа улам их судалж, мэдэж, мэдсэнээ олон хүмүүст зааж өгөх хүсэлтэй байгаа.
 
 
 
"Уугуул төв"-ийг үүсгэн байгуулах санаа хэзээ төрсөн бэ, төвийнхөө талаар товч танилцуулахгүй юу?
 
-Өмнө нь би морин хуурыг гэрээрээ заадаг байсан. Төдийлөн олон хүнд хүрдэггүй байлаа. Тийм учраас өнгөрсөн жилийн хавар “Уугуул төв”-ийг байгуулсан. Энэхүү сургалтын төвөөрөө дамжуулан морин хуур хэрхэн тоглохыг бий биелгээний хамтаар заадаг. Гэхдээ цахим хэлбэрээр сургалтаа явуулсаар байгаа. Герман, африк хүн ч морин хуур сурч байгаа шүү. Түүх, домог нь ямар агуулгатай, хуурын татлага бүр нь юуг илэрхийлдэг вэ гэдгийг хүмүүст зааж өгмөөр байна. Орчин үед морин хуурын бүтээлүүд нь уламжлалаас өөр хэв шинжтэй болсон мэт санагдсан. Энэ нь тийм ч сайн зүйл биш. Яагаад гэвэл, монгол хэв шинжийг агуулсан язгуур сайхан аялгуу үгүй болох аюултай. Тийм учраас жинхэнэ язгуур монгол аялгууг л морин хуураар эгшиглүүлэхийг сургана гэж боддог. Тэд маань өөрсдөө бие дааж цааш нь судлаасай гэж хүсдэг.
 
Монгол бичгийг сурах нь гадаад хүний хувьд нэн бэрхшээлтэй зүйл. Таны хувьд яаж ийм гаргууд сурсан юм бэ?
 
-Чой.Лувсанжавын нэрэмжит Хэл иргэншлийн дээд сургуульд байхдаа монгол бичгийг судалж эхэлсэн. Эхлээд морин хуур, дараа нь уртын дуу, монгол бичиг гэх мэтээр шат дараалан судалсан. Хольж судалдаггүй гэсэн үг л дээ. Энэ нь надад илүү үр дүнтэй санагдсан юм. Монголд зургаан жил болсноос таван жилийг нь монгол бичиг сурахад зарцуулсан. Бүх зурлага нь домог, утга учиртай. Гайхалтай бичгийн соёл юм. Харин кирилл үсгийг хэрэглэж байгаа нь надад харамсалтай санагддаг. Гэхдээ монгол бичгийн хэрэглээ сүүлийн жилүүдэд ихэссэнд баяртай байгаа. Би яваандаа өөрийнхөө гарын үсгийг монгол бичгээр зурах бодолтой байгаа.
 
Монголчуудын хорхог, боодог хийх, толгой хуйхлах нь гаднынханд тийм ч таатай сэтгэгдэл төрүүлдэггүй ч тэд идсэн хойноо амтанд нь ороод үзсэн харснаа бараг л мартчихдаг ...
 
-Тийм арга, хэлбэрээр хийж байгаа учраас хоол нь их амттай болдог байх. Бас таван хошуу мал нь идэж байгаа ургамлаасаа хангалттай шим тэжээлээ авдаг учраас мах нь амттай байдаг юм шиг байна лээ. Францад малын дотор махыг бараг хэрэглэдэггүй. Харин монголчууд хоол хүнсэндээ их өргөнөөр хэрэглэдэг. Би нэгэн удаа хөдөөгийн айлд очоод дотор мах идэж үзсэн юм. Надад гүзээний салат хийж өгсөн. Маш амттай байсан болохоор би их идсэн л дээ.
 
Монгол орны байгалийн дурсгалт олон газраар аялсан нь лавтай. Хамгийн их дурсамж үлдээж, гүн сэтгэгдэл төрүүлсэн газрын тухайд ...
 
-Энэ улс өргөн уудам, цэлгэр тал нутагтай. Соёл нь ч мөн адил арвин. Би 21 аймгийн хагасаас илүүгээр нь аялсан. Аймаг бүр л байгалийн дурсгалт, өвөрмөц тогтоцтой газруудаар дүүрэн. Увс аймгийн Тэс суманд хамгийн удаан байсан. Бараг л хоёр сар амьдарсан байх.
 
Монголд ирэхээсээ өмнө Франц улсад ямар ажил эрхэлж, юу хийдэг байсан бэ?
 
-Би гэрэл зурагчин, кино дизайнераар ажиллаж байсан. Мэргэжилгүй гэж хэлж болно. Яагаад гэвэл би дипломгүй. Гэхдээ маш олон зүйлийг мэргэжлийн хүн шиг сэтгэлээ шингээж судлахыг хичээдэг.
 
"Тэнгэрээс буусан од" кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
 
-"Хувьсал" продакшнийн жүжигчин, МУГЖ У.Урнаа кинонд тоглох санал тавьсан. Зураг авалт нь хийгдэхээс жилийн өмнө тийм санал ирсэн юм. Албан ёсоор тохироогүй учраас бараг л мартчихсан байсан. Гэтэл зураг авалт эхлэхийн өмнөхөн кино багийнхан надтай холбогдсон тэр үед л кинонд тоглоно гэдэгтээ итгэсэн. Би ихэвчлэн жүжигчний бус зураглаачийн үүргийг гүйцэтгэдэг байсан учраас дүр бүтээх нь тун сонирхолтой санагдсан шүү.
 
Та цаашдаа Монгол Улсад хэдий хэр хугацаанд байх вэ?
 
-Би энэ сайхан оронд бүх насаараа амьдармаар байна. Энэ насандаа судлаад барахгүй их ажил бий. Монгол Улсад та бараг зургаан жил амьдарч байна.
 
Францад байгаа найз нөхөд тань үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?
 
-Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд нэг л удаа төрөлх гэртээ очсон. Францад буцаад очиход гэрийнхэн, найз нөхөд маань намайг хараад их өөрчлөгдсөнийг анзаарсан. Маргаангүй үнэн.
 
 
 
Монголд ирээд би өөр Стив болсон. Би Монголд амьдарч, зан заншил, соёл урлагийг нь судлах явцдаа өөрийгөө сэтгэн бодох чадвар, амьдрах арга ухааны хувьд түвшин дээшилсэн гэж боддог.
 
 
 
Нөгөө талдаа нэг муу зан чанартай болсон. Хүнд итгэдэггүй, өмнөхөөсөө илүү хашир болсон. Учир нь зарим монгол хүн маш хариуцлагагүй, хэлсэндээ хүрдэггүй. Энэ нь ажил хийхэд хүндрэл учруулдаг. Хэдий соёлын ялгаа, улс үндэстний онцлог байж болох ч хотын соёлтой, эрх чөлөөт нийгэмд хариуцлагагүй байж болохгүй. Улс орны хөгжилд ч дөнгө болно гэж боддог.
 
Та гэрлэсэн үү?
 
-Би 34 настай. Заяаны хань зам дээр гэдэг үг бий. Гэхдээ яг хаана, аль зам дээр байгааг би таашгүй. Уг нь монгол бүсгүйтэй гэрлэнэ гэсэн мөрөөдөл байдаг. Хэт их шунасан болчих вий ч гэж бас бодогддог л юм.
 
 
Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин