sonin.mn
Инженерийн цэргийн түүхэнд өөрийн нэрээ мөнхөлж, алдраа дурсгахын хамт өдгөө гаргасан амжилт, хийсэн бүтээсэн бүхнээрээ бахархал дүүрэн яваа хүний нэг нь чөлөөнд байгаа хурандаа Ядамжавын Цэнджав юм. 1960-аад оны эхээр Монголын Ардын Армийг өргөтгөн зохион байгуулах үед шинээр байгуулагдсан Инженер саперын тусгай ротын анхны захирагчаар томилогдож, хожим инженер саперын тусгай хорооны анхны захирагчаар ажиллаж байсан түүнийг нэгэн үеийн захирагч, дарга нар, цэргийнхэн андахгүй гэхэд хилсдэхгүй. Учир нь удирдах албан тушаалтанд тавих шаардлага, шалгуур маш өндөр байсан жилүүдэд зөвхөн нэг ангийн захирагчаар 11 жил тогтвортой ажилласан түүний амжилтыг эвдсэн ангийн захирагч одоогоор алга байна.
 
Тэрбээр 1935 онд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутагт төрсөн агаад сумынхаа бага сургуулийг дүүргэж, эрдэм номд хичээнгүйлэн суралцсаны буянд 1956 онд сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны даргын сонгуульт ажлыг хүлээж, гурван жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд үеийн нөхдийн хамтаар эр цэргийн албанд мордохоор саналаа өгсөн ч эвлэлийн хорооны даргыг явуулахгүй гэж хориг тавьдаг байсан юм. Харин БХЯ-ны Авто, хуягт танкийн хэлтсийн дарга, Монгол Улсын гавьяат тээвэрчин, хурандаа Батын Намхай цэрэг татлагын комиссоор очиж, “Өөрийн саналаараа явах гэж байгаа тул цэрэгт мордуулна” гэснээр түүний хүсэл биелсэн хэрэг. Ингэснээр тухайн үед Улаанхуаранд байрлаж байсан Инженер саперын тусгай ротод хугацаат цэргийн алба хааж эхэлсэн бөгөөд жирийн нэг байлдагчаас хурандаа болох ирээдүйн зам нь шуударсан аж. Я.Цэнджав тухайн үедээ намын гишүүн байсан бөгөөд тусгай ротын намын гишүүдийн хуралд суудаг маадгар цэрэг байсан болохоор ротын улс төрийн орлогч, ахлах дэслэгч Билэгтийн Банзрагч нэг удаа “Залуу намын гишүүн шүүмжлэл тавиарай” гэж үүрэгджээ.
Энэ үед байлдагч Я.Цэнджав "Шинээр ашиглалтад орох гэж байгаа 36 айлын орон сууцны гадна талбайд ажиллахаар яваа цэргийн алба хаагчдыг байнга галуун цуваагаар суулган явуулж байгаа нь эрүүл мэндэд их хортойгоос гадна бага дарга нар эрх мэдлээ хэтрүүлэн цэрэг дэглэж байна” хэмээн нэлээн ширүүн шүүмжлэлийг тавьсан ажээ.
 
 
 
Ингэснээр дарга нарыг шүүмжилдэг айхтар цэргийн тоонд орж, “өөрийн биеэр үлгэрлэ” гэдэг үүрэг өгөгдөж, удалгүй ротын жагсаалын даргаар дэвшин томилогджээ. Тэрбээр 1961 онд бага дэслэгч цол хүртэж, салааны захирагчаар дэвшин томилогдсоноор инженерийн цэрэгтэй өөрийн ажил, амьдралаа холбосон хэрэг.
 
 
 
Шинэхэн салааны захирагч түүнд хичээлийн конспект бичиж, салааны дайчидтай онолын болон дадлагын сургалтыг явуулах, цэргийн алба, ахуй хангалтыг нь зохион байгуулах, үндсэн ажлынхаа хажуугаар 10 жилийн боловсрол олгох сургалтад хамрагдах гээд унтах завгүй шахам байсан нь ойлгомжтой биз. Нийтлэлийн баатар маань 1962 онд Офицеруудын мэргэжил дээшлүүлэх төвд 6 сарын хугацаатай суралцаж, цэргийн хэргийн дадлага, ур чадвараа ахиулсан бөгөөд тухайн үед АЦХЭЯ-ны Инженерийн хэлтсийн дарга, дэд хурандаа Ламаахүү хүсэлт тавьснаар Амгалангийн орчим шинээр байгуулагдсан Инженер саперын тусгай ротын захирагчаар томилогджээ. Энэхүү тусгай рот нь 1965 онд Инженер саперын тусгай батальон болон зохион байгуулагдсан бөгөөд тэр үед дэслэгч Я.Цэнджав штабын даргын орлогчоор дэвшин ажилласан юм.
 
 
Тэр бээр 10 жилийн сургуулийг оройгоор төгсөж, боловсролын гэрчилгээгээ гардсан бөгөөд тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсад цэргийн сургуульд суралцахаар “конкурс”-т өрсөлдөн тэнцсэнээр В.В.Куйбышевийн нэрэмжит Цэргийн инженерийн академид суралцах ховорхон боломж, их хувь заяа түүнд олджээ. Ахлах дэслэгч цолоо гардаж, академи явах болзлоо хангасан түүнийг наадам үзэх зуур 1966 оны аймшигт үер болж, Богд хан уулаас Улаанхуаран хүртэл үргэлжилсэн ихээхэн хэмжээний үерийн ус тогтож, хүн ам, эд баялагт ноцтой хохирол учирсан ба үерийн голомтоос хүн ардыг авран хамгаалах, түүний хор уршгийг арилгах талаар олон хоног нойр, хоолгүй зүтгэн өөрийн хувь нэмрээ оруулжээ. Энэхүү нэн хариуцлагатай ажилд өөрийн хамт олныг сайн удирдан оролцсон Я.Цэнджавыг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнасан нь түүний хөдөлмөр, зүтгэлийн тод илрэл төдийгүй энгэрт нь гялалзах хамгийн хүндтэй шагналынх нь нэг байлаа. Я.Цэнджав Цэргийн инженерийн академийг, хожим инженерийн цэргийн дарга болсон хурандаа Л.Өлзийбат, УБХТН-ийн дарга асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, хурандаа С.Сайнцог нарын хамт 1972 онд амжилттай төгссөн бөгөөд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид штабын даргын хариуцлагатай албанд дэвшин томилогдсон юм. Тухайн үеийн шинэхэн штабын дарга тэр бээр ангийн байлдааны болон тусгай үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг дээшлүүлэх, гэмт хэрэг, сахилгын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, бие бүрэлдэхүүний ур чадвар болоод цэргийн мэргэжилтний тоог нэмэгдүүлэх талаар ихээхэн анхаарал хандуулж, ажилтад хүрсэн юм.
Үүний үр дүнд Я.Цэнджав ердөө нэг жилийн дараа ангийн захирагчийн нэр хүндтэй бөгөөд өндөр хариуцлагатай албанд дэвшин томилогдож, энэ албан тушаалд 11 жил тогтвортой ажиллажээ. Энэ үед ангийн үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, зэвсэглэл, техникийн бэлэн байдлыг дээшлүүлэх, сургалт, соёл хүмүүжлийн ажлын нэгдлийг хангах, армийн хэмжээнд явагдах бүхий л уралдаан, тэмцээнд амжилт гаргаж оролцох, ар тал, ахуй хангалтыг сайжруулах, байнгын бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх гээд ямархан их цар хүрээтэй ажлыг үлгэр жишээчээр зохион байгуулж ирснийг илтгэх олон арван баримт түүхийн хуудаснаа үлдэж, өнөөдөр тэрхүү амжилтыг нь бахархан магтах хүн олон юм билээ. Мөн инженерийн төрөл бүрийн машинд зориулсан тусгай тавиулан, автогражтай болох асуудлыг бүрэн шийдвэрлэж, томилгоот алба хаагч нэг бүрийг хариуцсан техниктээ эзэн нь болж, ямар нэгэн осол, зөрчилгүй үүрэг гүйцэтгэх чадвар эзэмшүүлэхийн зэрэгцээ зарим техник дээр нэгнийгээ орлон ажиллах дадлагатай болгоход анхаарч ирсэн нь түүний амжилтын нэг үндэс байлаа.
 
Тэрчлэн Налайх хотноо шинээр буурь сэлгэж, шилжин байрласан ангийнхаа гадна, дотно орчны тохижилтод онцгой анхаарч, их бүтээн байгуулалтыг өрнүүлсний дотор ангийн байрлалд инженерийн төхөөрөмжлөл бүхий сургалтын хотхоныг шинээр байгуулж, байрлалын гадна инженерийн саад байгуулах, саадыг арилгах, инженерийн төхөөрөмжлөл хийх зориулалттай сургалтын талбайг дотоод бололцоогоо дайчлан байгуулсан ба өнөөдөр ч ашиглагдаж байгаа нь алсын хараатай ажил болсныг гэрчлэх бөлгөө.
Түүнийг ангийн захирагчаар ажиллах хугацаанд 1976 онд Ардын Армийн тэргүүний ангийн болзлыг хангаснаас хойш хоёр жил тутам явагддаг БХЯ-ны сайдын нэрэмжит иж бүрэн шалгалтын дүнгээр тэргүүний ангийн нэр алдрыг таван удаа бататгаж ирсэн нь түүний удирдах арга барил, нөр их хөдөлмөрийн үр дүн, захирагч, орлогч нарын гар нийлэмжтэй ажиллагаа, нийт бие бүрэлдэхүүний бүтээлч ажлын тод илрэл болж байсныг тус ангийн түүх бэлхнээ гэрчилж байна.
Хошууч Я.Цэнджавыг ангийн захирагчаар томилогдсон жил алдарт “Хэрлэн-73” хээрийн сургууль болж, энэхүү сургалтын явцад Армийн командын үндсэн болон бэлтгэл байрыг төхөөрөмжлөх, инженерийн саад байгуулах, сааданд гарц гаргах, усны хангалтыг зохион байгуулах зэрэг үүргийг үлгэр жишээ биелүүлж чадсан бөгөөд тэр үеэс хойш явагдсан бүхий л хээрийн сургууль, команд штабын сургуульд тавигдсан үүргийг чадамгай биелүүлж оролцсон нь тус ангийн бахархах үйлсийн нэг болохыг би бээр сайтар мэдэх юм. Түүнчлэн Налайх хотын захиргаа, орон нутгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, иргэдэд Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, хотын хөгжилтөд ангийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх талаар ихээхэн санаачилгатай ажилласан нь хотын депутатаар сонгогдож, үр дүнтэй ажилласнаар мэдрэгдэж байна.
 
Түүний удирдсан инженер саперын ангийн өөр нэг чухал үүрэг нь эх орныхоо хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулснаар тодорхойлогдох ба Дорноговь, Сүхбаатар, Өмнөговь аймгуудад усны хайгуул хийж, худаг гаргах, зудад нэрвэгдсэн аймаг, сумдад цувааны зам гаргаж, хүн, машиныг цуваагаар явах нөхцөлийг хангах үүргийг нэр төртэй гүйцэтгэж ирснийг аймаг, орон нутгийн удирдлага, иргэд ямагт өндрөөр үнэлж байдаг юм. Тэрчлэн Дорнод аймгийн Халхын голын районд тариалангийн талбайг шинээр байгуулах ажилд дэмжлэг үзүүлж, дайны дараах тэсэрч, дэлбэрээгүй сум, галт хэрэглэлийг илрүүлж, устгах, аюулгүй болгох үүргийг тус анги хүлээж, тэрхүү хариуцлагатай ажлыг удирдах, тусгай бүлэг томилон ажиллуулах, шаардлагатай хангалтуудыг тасралтгүй зохион байгуулах, үүрэг гүйцэтгэлтийг нь биечлэн шалгах, үр дүнг тооцох зэрэг олон ажлын ард амжилт дүүрэн гарч байснаараа буурал хурандаа өдгөө ихэд бахархаж явна.
Нийтлэлийн баатрын маань хувьд 1976 он түүхэн жил байсныг тэр бээр хуучлах тун дуртай бөгөөд учир нь тэр жил Я.Цэнджав БХЯ-ны сайдын тушаалаар дэд хурандаа цол хүртэж, түүний удирдсан анги нь “Армийн тэргүүний хороо”-ны болзлыг хангасан зэргээр амжилт дүүрэн байжээ. Түүнчлэн тэр жил эрхэм захирагч маань ард түмнийхээ итгэлийг дааж Ардын Их Хурлын депутатаар сонгогдсон түүхэн үйл явдал нь түүний арвин их амжилт, баялаг түүхийг улам бүр тодотгох ажээ. Энэхүү нэр хүндтэй сонгуульд манлайлна гэж огт санаанд нь багтаагүй явсан гэдэг бөгөөд тухайн үеийн Ардын Армийн Улс төрийн газрын дарга, дэслэгч генерал Д.Ёндондүйчир тэргүүтэй ажлын хэсгийнхэн түүний захирсан ангид гурвантаа ирж, шалгасан түүх бас л сонирхол татна. 
 
Учир нь, дэслэгч генерал Д.Ёндондүйчирийн удирдсан ажлын хэсэг эхний удаа өглөөний босолт, үйл ажиллагааг, дараагийнхад нь шөнийн амралт, харуул, хоногийн манааны бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлтийг, төгсгөлд нь ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, сургалт, соёл хүмүүжлийн ажлын явц, хоолны амт чанар, боловсруулалтыг шалгаж, “Аргагүй л тэргүүний анги юм даа” хэмээн магтсан байдаг.Ингэснээр Ардын Их Хуралд нийгмийн давхарга бүрийн төлөөлөл орж байсан тухайн үед Армийн онц анги болсон Ардын Армийн 028 дугаар ангийн захирагч, хурандаа Ч.Пүрэвдоржийн дараагаар депутатаар сонгогдсон түүхэн хүн нь дэд хурандаа Я.Цэнджав байсан юм. 1978 онд тус анги дахин Армийн тэргүүний ангийн болзлыг хангасан бөгөөд энэхүү ажлын үр дүнгээр Инженер саперын тусгай хорооны захирагчийн орлогч, дэд хурандаа Ж.Чимэд, улс төрийн орлогч, дэд хурандаа Б.Санжаа нар Сүхбаатарын одон хүртсэн нь “нэг ангиас хоёулаа нэг дор” гэдгээрээ содон бөгөөд түүнд эрхэм хурандаа ихэд баярлаж, бахдаж явдгаа илэрхийлж билээ. Харин түүний дараа жил Я.Цэнджав захирагч БХЯ-ны сайдын тушаалаар “Хурандаа” хэмээх эрхэм цол хүртэж, байлдагч, бага дэслэгчийн халаасанд хурандаагийн мөрдэс байдаг гэдгийг жинхэнэ утгаар нь харуулж, үе тэнгийн офицерууд, ангийн хамт олон, хань, үр хүүхдийнхээ бахархал нь болж гэрэлтсэн юм.
Хурандаа Я.Цэнджав 1984 онд Барилгын цэргийг удирдах газрын чанарын албанд ажиллах болж, аливаа нэгэн санал, гомдол гарсан барилгын ажлын явцыг шалган туслах, зарим барилга, объектод гарсан доголдлыг арилгах талаар ихээхэн санаачилгатай ажилласнаар удалгүй Барилгын цэргийн 222 дугаар ангийн захирагчаар томилогдсон юм. Энэхүү анги нь Дорноговь аймгийн Сайншанд хотод байрлаж байсан бөгөөд тус аймгийн төвд мах боловсруулах үйлдвэр болон дулааны цахилгаан станцын барилгыг гүйцээж, ашиглалтад хүлээлгэн өгөх, аймгийн төвийн халаалтын системийг бүхэлд нь холбох ажлыг бүрэн дуусгах үйл хэрэгт ангийн захирагч, хурандаа Я.Цэнджавын үүрэг, оролцоо их байсан гэдэгт эргэлзэх юун билээ. Ингэж тавигдсан үүргээ үлгэр жишээ биелүүлсэн Барилгын цэргийн ангийг Улаанбаатар хотод шилжин байрлуулах, улмаар Барилгын цэргийн 017 дугаар ангитай нэгтгэх ажлыг тэр бээр чадварлаг зохион байгуулсан юм. Харин түүнийг 1988 онд дэд хурандаа С.Цэдэндамба өөрийнх нь анхлан байгуулсан төрөлх ангидаа хамтран ажиллахыг урьснаар Инженер саперын тусгай хорооны захирагчийн орлогчоор ажилласан юм. Энэхүү сонголт нь түүний алдар гавьяаны түүхэн замналтай тус ангиас гавьяаны амралтад гарах холч ухаан байсны илрэл бөгөөд ердөө нэг жилийн дараа тэрээр гавьяаныхаа амралтад гарсан юм.
 
 
Ийнхүү инженер саперын тусгай хороог байгуулах цагаас түүхийг нь дархлалцсан эрхэм хүмүүний нэг нь хурандаа Я.Цэнджав бөгөөд тэр бээр “Миний амжилт бүхэн чадварлаг дарга нарын ажилч хичээнгүй чанар, хамт олны маань итгэл, зүтгэл, ханийн минь түшиг” гэдгийг олонтоо онцолж байв. Я.Цэнджав 1973 онд Сүхбаатар аймгийн Хонгор сумын харьяат Лувсандоржийн Нинатай ханилж, найман хүүхэд төрүүлж, өсгөн эрүүл энх, аз жаргал дүүрэн, энх тунх амьдарч яваа бөгөөд эхнэр Л.Нина нь багшийн мэргэжлийг эзэмшиж, олон жил үр бүтээлтэй ажиллажээ.
Хурандаа Я.Цэнджав гавьяаныхаа амралтад гарсны дараа төрөлх ангийнхаа Ахмадын зөвлөлийн даргын үүрэгт ажлыг олон жил хийсэн бөгөөд ямартаа л түүнийг захирагч байхад нь хугацаат цэргийн алба хааж, хожим Ус хангалтын батальоны захирагчаар ажилласан бэлтгэл хошууч С.Сандаг “Олон жил Я.Цэнджав захирагчийн командад явлаа. Одоо нэг энэ захирагчийн мэдлээс мултарлаа гэсэн чинь бэлтгэлд гарангуутаа бас л удирдлагад нь ирчихлээ” гээд хошигнож суух вэ дээ.
Эрхэм хурандаа маань тус ангийн Ахмадын зөвлөлийн даргаар ажиллахдаа мэргэжлийн уралдаан, тэмцээнийг явуулж, ахмадуудтай дурсамж уулзалтуудыг зохион байгуулах, тэдний хөдөлмөрийн алдрыг тэмдэглэх зэрэг олон бүтээлч ажлын эхлэлийг тавьсны дотор 1990-ээд оноос жил бүрийн 7 дугаар сард инженерийн анги, салбаруудад ажиллаж байсан ахмадуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг ажил нь аль ч захирагчийн үед хэрэгждэг уламжлалт арга хэмжээ болсонд бид бахархалтай ханддаг билээ.
Инженерийн цэргийн түүхийг бичилцсэн эрхэм хурандаа Я.Цэнджав захирагч маань үнэхээр л бахархам гавьяатай, бахдам амжилттай буурал хурандаа болохыг гэрчилсэн энэхүү нийтлэлээ бичиж, уншигч тантай саналаа хуваалцахыг зорьсон нь энэ билээ.
 
 
Хурандаа Б.ОТГОНБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин