sonin.mn
“Соёмбо” сонины нийтлэлийн бодлогод Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, уншигч-захиалагчдын эрэлт хэрэгцээг хангах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Дээрх зорилтыг бодит ажил хэрэг болгох чухал хөшүүрэг нь хөдөө, орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа Зэвсэгт хүчний анги, салбар, түүний алба хаагчдын ажил үйлсийн талаарх сурвалжилгыг бэлтгэж олон нийтэд сурталчлах ажил юм. Энэ ч үүднээс өдгөө үүсэн байгуулагдсаныхаа 23 дахь жилийн зунтай золгож буй Зэвсэгт хүчний 325 дугаар ангид ажилласан аяны богцоо задалж байна.
 
 
 
Монгол Улсын баруун бүсийн агаарын хил, орон зайд радиолокацын хяналт тавих, агаарын цагийн байдлын мэдээг Агаарын хяналтын төвд дамжуулах үндсэн чиг үүрэг бүхий ангийг байгуулах тухай Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 113 тоот тогтоол хэрэгжсэнээр Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн түүхийн хуудас нээгджээ.
 
 
 
Биднийг тус ангид очих үед “Covid-19” цар тахалтай холбогдуулан урьдчилан сэргийлэх чиглэлээр багагүй ажлыг хийж, хэрэгжүүлж байгаа нь нүднээ илхэн харагдсан. Тухайлбал, ангийн шалган нэвтрүүлэх байранд өглөө бүр бие бүрэлдэхүүний халууныг хэмжиж хэвшсэн бөгөөд бид ч ялгаагүй “усыг нь уувал, ёсыг нь дагадаг” жамаар биеийнхээ халууныг хэмжүүлж, сольж зүүх хоёр ээлжийн маскаа шалгуулсан ба ирсэн зорилгоо хэлснээр тус ангид нэвтэрсэн. Ангийн захирагч, хурандаа Г.Чулуунзагд, штабын дарга, дэд хурандаа Д.Хишигбаатар нараар ахлуулсан хоёр бүлэг сургуулийн жилийн төгсөлтийн шалгалт авах мөн шалган туслах ажлаар харьяа салбаруудаараа явсан байлаа. Тус ангийн удирдлага болон холбогдох албан тушаалтнууд нь салбаруудаараа тогтмол тойрч, алба хаагчдынхаа ажил, үүргийг шалгахын зэрэгцээ нийгмийн асуудлуудыг нь өөрсдийнхөө боломж, бололцоогоор шийдвэрлэж ирсэн тухай захирагчийн орлогч, ерөнхий инженер, дэд хурандаа Б.Ганзам онцолсон. Тэр бээр тус ангид хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж байгаа бөгөөд 2011-2013 онд захирагчийн орлогчоор ажиллаж байсан аж. Түүнээс ажил, албандаа баримталдаг зарчмын талаар тодруулахад “Хүнээ мэдэрч ажиллахыг хичээдэг. Аливаа ажлыг техник, технологи биш хүн хийдэг. Харин үйл ажиллагааг нь хөнгөвчлөх үүднээс техник, технологи ашигладаг. Тиймээс аливаа ажлаас ямар нэгэн үр дүн, тухайн хүнээс албаа гэсэн сэтгэлийг шаардахын тулд эхлээд хүнээ мэдрэх нь зайлшгүй шаардлагатай. Амьдрал өөрөө баялаг тул хүнд юу ч тохиолдож болдог” хэмээн хэлсэн юм.
Хаана ажил хийднэ, тэнд сахилга, хариуцлага алдагдаж байдаг. Тийм ч учраас Зэвсэгт хүчинд ажиллаж байгаа захирагч, дарга нар өөрсдийн удирдлагад ажиллаж байгаа бие бүрэлдэхүүнийг өдөр бүр томилгоожуулж, үүрэг, зааварчилгаа өгч, араас нь шалгаж явдаг. Ингэснээр ангийн бүхий л үйл ажиллагаа хэвийн явагдаж, өмнөө тавигдсан зорилго, зорилтуудаа бүрэн хангадаг учиртай. Ингэж ажиллавч ажил хийдэж сахилга, хариуцлага алдагдах тохиолдол цөөн биш гардаг. Харин Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын хэмжээнд цэргийн алба, сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор явагдсан “Цэргийн алба, сахилгын зөрчилгүй, сэтгэл зүйн хангалтын таатай орчныг бүрдүүлсэн тэргүүний анги” шалгаруулах болзолт уралдаанд 2018 онд тусгай байр, 2019 онд тэргүүн байр эзэлсэн нь тус ангийн үйл ажиллагааны талаар нуршиж, илүү үг бичих шаардлагагүйг илтгэнэ. Мөн тус анги 2019 оны үүрэг гүйцэтгэлт, сургалт бэлтгэлийн үнэлгээгээр Агаарын цэргийн командлалын харьяа ангиудаа хошуучилжээ.
 
Аливаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа амжилттай явагдаж байгаа нь санхүүгийн тайлан, тооцоогоор харагддаг. Тэгвэл Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн санхүүгийн албаны хамт олон нь 2019 онд санхүү, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой тушаал, заавруудыг удирдлага болгон батлагдсан төсвийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулж, өр төлбөргүй ажилласнаар Төрийн Аудитын шалгалтад “Зөрчилгүй” хэмээн үнэлэгджээ. Мөн өнгөрсөн онд Завхан аймгийн хэмжээнд явуулсан санал асуулгаар салбартаа үр бүтээлтэй ажиллаж, санхүүгийн үйл ажиллагааг хуулийн дагуу хариуцлагатай сайн биелүүлж, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж тус ангид “Оны онцлох аж ахуйн нэгж-2019” гранпри хүртээсэн бол Татварын ерөнхий газраас татвараа хугацаанд нь үнэн, зөв төлж, тайлагнасан тул “Талархал” илэрхийлсэн аж.
 
 
 
Ангийн удирдлага, санхүүгийн албаны хамт олон хоёр жилийн өмнөөс бие бүрэлдэхүүндээ мөнгөн хуримтлалтай болохыг уриалж, ач тусыг нь ойлгуулж чаджээ. Ингэснээр хүний амьдралд урт ба богино хугацааны төлөвлөж болох болон төлөвлөж болохгүй бэлэн мөнгөний хэрэгцээ, шаардлагыг даван туулах боломжтой болсон бөгөөд нэг хүн дунджаар 1.5 сая төгрөгийн мөнгөн хадгаламжтай аж.
 
 
 
Зэвсэгт хүчний бүхий л анги, байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж буй орон нутагтаа хэцүү цагт, хэрэгтэй тусламжийг нь хүргэдэг уламжлалтай. Энэ л жишгийн дагуу Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн хамт олон энэ оны гуравдугаар сарын 7-24-ний өдрүүдэд Хөвсгөл, Завхан аймгуудын өвөлжилт хүндэрсэн есөн суманд 6355 километр замыг туулж 77.1 тонн тэжээл, 817 боодол өвс, хоёр тэвш задгай өвсийг тээвэрлэсэн ба өвчтөн, жирэмсэн эхийг татан гаргах, эм, эмнэлгийн хэрэгсэл, хоол хүнс хүргэх, цасанд боогдож суусан автомашиныг чирэх, даваа нээх, айл нүүлгэх, туйлдаж муудсан малуудыг ачих зэрэг ажлуудыг хийжээ. Ингэснээр аймаг, сумын удирдлага, иргэдийн талархлыг хүлээж, иргэн-цэргийн харилцаанд томоохон ахиц гарсан аж.
 
Дээрх дурдсан ажлуудыг хийж гүйцэтгэх явцдаа цэргийн сургалт, бэлтгэлийг цалгардуулахгүйгээр батлагдсан төлөвлөгөөний дагуу явуулсан байна. 2019-2020 оны цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу 30 километрийн явган маршийг явуулжээ. Тус маршийн үеэр дадлагын долоон цэгийг байгуулж бие бүрэлдэхүүний мэдлэгийг шалгахын зэрэгцээ холбогдох албан тушаалтнуудад давхар сургалтыг явуулсан нь онцлог болжээ. Мөн Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалаас тус ангитай явуулсан байлдааны үүргийн команд штабын сургуульд амжилттай оролцож бие бүрэлдэхүүнийхээ цэргийн хэргийн болон онолын мэдлэгийг бататгаад авчээ.
Энэхүү ангийг 1997 онд байгуулагдаж байх үеэс ажиллаж байсан бие бүрэлдэхүүн нь тус ангид ашиглагдаж байгаа техник, хэрэгслийг гарын арван хуруу шигээ мэдэрч, сар, улирал, жилдээ хийх ёстой засвар, үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг байна. Үүний нэг илрэл нь тус ангийн харьяа салбарууд 2019 онд хорооны төвөөс засварын бүлэг дуудаагүй бөгөөд Радиолокацын станцууд нь сул зогсолт хийгээгүй аж. Энэ нь Монгол Улсын баруун бүсэд агаарын нэг ч целийг алдалгүй илрүүлж, мэдээллийг нь төв рүү дамжуулан ангийнхаа үндсэн үүргийг бүрэн дүүрэн гүйцэтгэсэн гэсэн үг юм. Ангид шинээр томилогдон ирж байгаа офицер, ахлагч нартай тусгай төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу сургалтыг явуулдаг. Энэхүү сургалтыг дадлага, туршлагатай, ажлаа арван хуруу шигээ мэддэг ахмад ажилтнуудыг дагалдуулах хэлбэрээр зохион байгуулдаг. Ингэснээр онолоор сурч үл болох чадваруудыг эзэмшдэг аж. Тухайлбал, удаан жил болсон техник, хэрэгслүүдэд элбэг тохиолдох гэмтэл, засвар, үйлчилгээг хурдан шуурхай хийж сурна.
 
Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн бие бүрэлдэхүүний сургалт, дадлага, бэлтгэлжилт сайн байгаагийн бас нэгэн илрэл нь Улиастай цэргийн хүрээнд явагддаг марш-тактик, тусгай бэлтгэлийн тэмцээнд таван жил дараалан тэргүүн байрыг эзэлж бидний хэлдгээр “тасархай” амжилтыг үзүүлсэн байна. Зөвхөн марш-тактик гэлтгүй спорт, урлаг, соёлын үйл ажиллагаанд тогтмол дээгүүр амжилт үзүүлдэг тухай Ажиллагааны удирдлагын тасгийн дарга, дэд хурандаа П.Мэндбаяр бахархан ярьсан юм.
Зэвсэгт хүчний анги, салбар бүр өөрсдийнхөө нөөц бололцоонд тулгуурлан эрвийж, дэрвийхээрээ засвар, үйлчилгээ, тохижилтын ажлыг хийж, материаллаг баазаа сайжруулдаг. Уг хамт олны хувьд өнгөрөгч онд 274 дүгээр тусгай салбар дээр ажиллаж байгаа алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг нь шийдэх хүрээнд найман айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулсан ба энэ жил хоёр ч салбар дээрээ тус бүр найман айлын орон сууцыг барихаар төлөвлөж байгаа аж.
Хэдийгээр өөрсдийн нөөц, бололцоогоор бүхнийг хийхийг хүсэвч яагаад ч боломжгүй зүйлс тус ангид ч байв. Тухайлбал, улсын комиссоос тус ангийн штабын байрыг ашиглах боломжгүй гэсэн актыг гаргасан хэдий ч өнөөг болтол ашигласаар байгаа аж. Хэчнээн дотор талаас нь тордож байгаа ч уг барилгын яс нь муудсан тул улирлын шинжтэй хүндрэлүүд гарч, хийсэн засвар, үйлчилгээг нь “урсгачихдаг” байна. Энэхүү асуудлыг шийдэх нэгэн гаргалгаа нь Аймаг, сумын төсөвт суусан байдаг “Хил хамгаалалтад туслах чиглэлийн зардал"-ыг улсын агаарын хилийг сахин хамгаалж байгаа гэсэн үүднээс тус ангийн бүтээн байгуулалтад ашиглаж болмоор. Дээрх “Хил хамгаалалтад туслах чиглэлийн зардал"-ыг ХХЕГ-ын харьяа анги, салбаруудад нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд түлхүү ашигладаг боловч Зэвсэгт хүчний 325 дугаар ангийг Хилийн цэргийн анги биш гэж үзэн хамруулдаггүй нь бас л сонин. Уг нь тус ангийн хамт олон нь хуулиараа ч тэр, үүргээрээ ч мөн адил Монгол Улсын агаарын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалагч агаарын хилчид юм.
 
ХАМТ ОЛНЫХОО ХӨДӨЛМӨРӨӨР АРД НЬ ГАРСАН
 
Төвийн ротын захирагч, ахмад М.БАЯНБИЛЭГ
 
 
-18 нас хүрч амьдралдаа хийсэн алхам бүр минь Зэвсэгт хүчний 325 дугаар ангитай салшгүй холбоотой юм. 2004 онд БХИС-ийн Ахлагчийн сургуулийг Радиотелеграфчин мэргэжлээр төгссөн. Төгсөөд тус ангидаа үндсэн мэргэжлээрээ ажиллаж байгаад 2006 онд БХИС-д Радио-электроникийн инженер мэргэжлээр элссэн суралцаж 2011 онд төгссөн. Мөн л сургуулиа төгсөөд ангидаа өөрийн хүсэлтээр ирж ажилласан. Надад итгэл хүлээлгэж ахлагчийн албанаас офицерын албанд дэвшин суралцах боломжийг олгосон үе үеийн захирагч, дарга нартаа үргэлж талархаж явдаг.
Манай хамт олон 2019 онд онцгой болон тусгай үүргийн целийг алдагдалгүй илрүүлж, хорооны төвийн удирдах байранд мэдээллийг дамжуулан ажилласан. Мөн ротынхоо хичээлийн танхимыг өөрсдийнхөө нөөц, бололцоогоор тохижуулсан, ангийн хэмжээнд болон Агаарын цэргийн командлалын харьяа ангиудын дунд зохиогдсон мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнд ротын бие бүрэлдэхүүнээс оролцсон цэргийн алба хаагчид өндөр амжилт үзүүлсэн зэрэг олон бүтээлч ажил үйлсийг хамт олныхоо бүтээлч үйл ажиллагаагаар өрнүүлсэн. Бидний ажил үйлсийг ангийн удирдлага өндрөөр үнэлж "2019 оны ангийн тэргүүний хамт олон”-оор шалгаруулсан.
 
ЧАДВАРЫГ ЗӨВХӨН БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛТААР ОЛЖ АВДАГ
 
Төвийн ротын планшет салааны тасгийн захирагч, ахлагч Л.НЯМ-ОСОР
 
 
ҮБХИС-ийг 2012 онд Төрийн захиргаа, эрх зүйч мэргэжлээр төгссөн. Уг нь тухайн үед ҮБХИС-ийн цэргийн мэргэжлийн ангид үргэлжлүүлэн суралцах боломж байсан боловч өөрийнхөө “хэнэггүй” зангаасаа болоод ороогүй юм. Тэгтэл 2013 онд Зэвсэгт хүчний 065 дугаар ангид Планшетчин, радиотелеграфчин бэлтгэх дамжаа хичээллэх гэж байгаа, амжилттай төгсөгчдөд цэргийн цол олгож, Зэвсэгт хүчний ангид ажиллуулна гэдгийг хүнээс сонсоод эргэлзэх зүйлгүй элсэн орж суралцсан. Энэ шийдвэр минь маш зөв байсан гэдэг нь цаг хугацаа өнгөрөх тусам улам батлагдаж байна.
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн “Мэргэжлийн аварга” шалгаруулах цогцолбор тэмцээнд 2017 онд оролцож "Мэргэжлийн аварга планшетчин”-аар шалгарсан. Тус тэмцээн нь жил болгон явагддаг бөгөөд тэргүүн байр эзэлсэн хүн дахин оролцдоггүй журамтай. Иймээс 325 дугаар ангиас оролцох цэргийн алба хаагчдыг дасгалжуулдаг болсон ба бид багагүй амжилтыг үзүүлсэн. Тодруулбал, өнгөрсөн онд миний дасгалжуулсан ахлагч П.Хажидмаа, Б.Баяржавхлан нар "Мэргэжлийн аварга планшетчин” төрөлд нэг, хоёрдугаар байрт шалгарсан.
Мэргэжил бүхэнд өөрийн гэсэн зайлшгүй сурах ёстой чадвар гэж байдаг. Бидний мэргэжлийн хувьд целийн мэдээллийг цаг хугацаанд нь хоцрогдолгүй, үнэн зөв буулгах чадварыг шаарддаг. Энэхүү чадварыг зөвхөн бэлтгэл сургуулилтаар олж авдаг. Хийх тусам ажил гарт ордог юм гэж онцолсон.
 
 
Ахмад Э.ОЧХҮҮ
Эх сурвалж: "Соёмбо" сонин