sonin.mn
Аль 1988 онд О.Дашбалбар багш "Номон дээр гишгэсэн алдас" гэдэг нийтлэл бичиж, Л.Түдэв гуай "Үнэн" сониндоо нийтэлж байжээ. Номон дээр гишгэвэл алдас болно шүү гэж хэлсээр байтал ердөө дөрөв тавхан жилийн өмнө бид номон дээр гишгэсэн. Удахгүй ямар гээчийн харалган харанхуй явдал болох гээд буйг Их найрагч зөнгөөрөө мэдэрч, сэрэмжлүүлж байсан мэт. 
 
Түүнээс ердөө 4-хөн жилийн дараа 1992-1993 оны зааг өвөл номон дээр хайр найргүй гишгэчин буй нэгэн дүр зураг харсан юм. Тэр үед би оюутан байлаа. Ажил олддоггүй. Ашгүй нэг ажлын сураг гараад очлоо. Одоогийн Амгалангийн цахилгаан станц байгаа тэр газарт, галт тэрэг ороод гардаг нүсэр том агуулах байх. Ингэхэд Амгалангийн ЦС-ийг тэр галт тэрэгний зам түшиглүүлж барьсан байх. 
 
Агуулахад ороход өвс нуруулдчихсан мэт ном овоолчихсон байв. Хэдэн хүн ажиллана. Хатуу хавтастайнх нь хавтсыг хуу татаад, ялгаж тусад нь преслэнэ. Өөрөөр хэлбэл төмөр утсаар багашиг авдрын хэмжээтэй болгон жимбийтэл боон, вагонд ачихад бэлэн болгоно гэсэн үг. Хөл дорх ном хөдлөх бүрээр ширжигнэн урагдаж байгаа нь мэдрэгдэнэ. Залуу байсан, овоолготой номын доохноос хэдэн ном аваад хатуу хавтасыг нь хуу татаад хурааж эхлэв. Гэтэл гарт нэг их танил ном таарах. Добролюбовын "Түүвэр зохиол". Хонины бэлчээрт энэ номыг мөн ч их ноолсон. Гончаровын "Обломов"-той нь, Тургеневийн "Рудин"-тай нь харьцуулж байгаад уншдаг байлаа. Тиймээс их дотно, танил байхаас аргагүй. Хатуу хавтасыг нь хуу татаж төвдсөнгүй, хажуу тийш нь тавьлаа. Би биш гэхэд тэнд ажиллаж байгаа хэн нэгэн хуу татах нь тодорхой гэсэн мэдрэмж... Гэвч дахиад гар сунгаж, бас нэг ном автал Алишер Навойн шүлгийн түүвэр гарч ирсэн юм. Дундад азийн энэ их найрагчийн шүлгээр нэгэн үе амьсгалж явсансан. Цаана нь санаж буйгаар Жюль Вернийн "Капитан Грантын хүүхдүүд" харагдлаа. Хүүхэд насны маань нандин сайхан дурсамжуудын нэг. 
Тэгээд уг ажлыг зохион байгуулж байсан эгчээс, ажлынхаа хөлсөнд хэдэн ном авч болох уу гэж асуусанд олон юм ярилгүй ажлаа хурдан хий гэлээ. Үнэхээр ч их ажил, бас өвлийн хүйтэнд хурдан хөдлөхгүй бол хөндий гунз агуулахад осгож мэдэхээр. Тэгээд би явлаа гээд гарсан. Гарахдаа зүгээр гарч чадаагүй. Өнөөх Добролюбов, Навой хоёрыгоо курткныхаа доогуур шургуулчихсан. Хулгайлсан гэсэн үг. Амьдралдаа зорилго, санаатайгаар хулгай хийсэн маань энэ. "Капитан Грантын хүүхдүүд"-ийг ч бас хусчихмаар байсан боловч томдоод цүдийгээд баригдчих гээд болоогүй хэрэг. Тэр нуруулдаж овоолсон номууд хаашаа явсан бэ гэхээр вагонд ачигдаад хаягдал цаас нэрээр Хятад руу гарсан юм. 
 
Ийм л нэгэн явдал болсон. Түүний дараа зун хөдөөгийн 220 сум бүрд байсан Худалдаа бэлтгэлийн ангиуд хувьчлагдахад тэнд байсан, агуулахад нь байсан хэдэн мянган ном бүгд хувьчлагдсан. Тэр үед сум бүрд номын худалдааны лангуу байсан юм шүү дээ. Харин одоо номын дэлгүүртэй сум байтугай аймаг ховордсон. 
 
Тэд хувьчлагдсан номын хэдэн хувь нь бас Зил130-ийн тэвшинд ачигдаад хил давсныг мэдэх аргагүй. 
Соц үеийн ном бүтээлүүд дотор өнөөдөр хэрэг болохооргүй нь бий. Гэвч хоёр гурван зүйлийг мартаж болохгүй юм.
Монголчууд бид түүхэндээ Иргэний танин мэдэхүй, соён гэгээрлийн зорилгоор хамгийн их бүтээл туурвил гаргасан цаг үе бол соц үе юм. Маргах аргагүй. Баримт дурдая. 1981-1984 онуудад монгол хэлэнд орчуулагдсан гадаадын уран зохиолын тойм. - 90 орны 840 гаруй зохиолчдын 1734 гарчиг зохиолыг монголчилжээ. 4 жилд шүү дээ. Энэ дотор О.Хенри, Марк Твен, Шервуд Андерсен, Б.Брехт, Е.Винокуров, Ф.Достоевский, Есенин, Лерментов, Ф.Мориак, Э.Золя, Р.Таагүүр, А.Линдгрен, И.Андрич, К.Оэ гээд, энэ нэрсийг сонсоход л ойлгомжтой. Мэдээжийн хэрэг эдний хажуугаар хэрэггүй нь ба байгаа. Гэхдээ яагаад сайн мууг нь ялгахгүй хамаад тийн хаягдал цаас болгочихдог билээ? Номон дээр гишгэхийг алдас гэдэг ард түмэн гишгэх нь бүү хэл хаягдал болгоод гадагш нь ачуулсаныг зах зээлийн зарчим гэдгээр цагаатгах уу?  Ерөөсөө соц үед таг харанхуй байсан юм гэж итгүүлэхийн тулд уу??? Яагаад ийм хийрхэл туйлшрал болчихов?
Сайн, муу ч тэр соц цаг үе нь бидний л түүх. Хүн өмхий гээд хойтхоо тайраад хаячихдаггүй. Тэр түүхийн алдаанаас нь суралцаад, өвлөхийг нь өвлөж, өргөжүүлээд явах ухаан дутаа юу, дутаагаа юу? Өнөөдөр соц үеийг харанхуй нүхэнд байсан мэтээр залууст ойлгуулах, тархийг нь угаах хэнд хэрэгтэй вэ?
Өмнөх үеэ мухар сохроор үгүйсгэх хийрхэл 1920-30-аад оны зүүнтний нугалааны үеэр гарсан, хэдэн сая ном судар устгагдсан. Одоо Нийтийн төв номын сангийн Төвд номын фондод байгаа 1 сая ном судар бол их юмны үлдэгдэл төдий. Харин яг тэр хийрхэл 1990-ээд оны эхээр давтагдсан нь харамсалтай. Үр дүнд нь хэдэн үе хоорондоо ойлголцож мэдэхээ байсан.
Бид 800 жилийн тэртээх түүхээ сайн мэддэг атлаа 20 гаруйхан жилийн өмнө болсон түүхээ тэр бүр мэддэггүй. Тэгэхэд юу болчихов, яачихав гэдгийг... Тиймээс л сануулж нэгийг бичсэн юм.
 
 
Энэ бүх номууд буцаад найркааны спирт, 00-ийн цаас, өттэй гурил, төмрийн үртэстэй элсэн чихэр, крелинтэй цагаан будаа болон орж ирсэн. Өөрөөр хэлбэл бид оюун санаагаа тийм юмаар арилжаалчихсан. Тэгээд оюун санааг нь үймүүлж, ёс зүйг нь самарсан сексийн хувьсгал болж, "Халуун хөнжил", "Янаг хорвоо" зэрэг порно сонинуудын үер урсаж, авилга цэцэглэж, амиа бодоцгоож, архинд хүлэгдэж, янханчлал цэцэглэж, хүүхдүүд сургууль завсардаж, траншейнд орж, төр нь гундаж, түмэн нь үймээд эхэлсэн. Тэгээд байгал эх рүүгээ ханцуй шамлаад уралдаад орчихсон. 1980-аад оны сүүлчээр 140 000 тоо толгой байсан халиун буга аа 10,000 болтол нь хядсан. Заарыг нь авах гэж хүдрээ, арьсыг нь авах гэж тарвагаа хядсан. Сая сая жилийн явцад бий болдог чулуужсан модоо, үлэг гүрвэлийн ясаа зөөсөн. Үнэт эрдэнэсийн чулуунуудаа, эмийн ургамалуудаа гаргасан. Музей, сүм хийд, эрдэнэсийн сангаа хүртэл тонож, эртний үнэт олдворуудаа хулгайлан гаргасан. өөр хоорондоо намчирхан талцаж хэрэлдэн, хамаг хүч нөөцөө шавхаж байх хооронд овтой зальтай хэсэг нь орой дээр гараад заларчихсан. Буулгах гэж бөөн юм болж байна. Тийм л юм болчихсон.
 
 
 
Ер алив үндэстнийг сөгтгөн дарж авахын тулд эхлээд оюун санааных нь тэжээлийг тасалдаг. Тийм технологи хэзээд байж ирсэн. Бид гэнэн байж боломгүй. Дэлхий энх тайвнаар дандаа байдаггүй. Хэн тэсэж үлдэх, хэн жанжлах тэмцэл үргэлж өрнөж байдаг. Одоо ч үргэлжилж байна. Өнөөдрийн үйл явдлыг дэлхийн III дайн гэж судлаачид нь бичиж нэрлээд эхэллээ. Хүйтэн дайн дуусаагүй, хоёр, гуравдугаар эрэмбийн дайн өрнөж байгаа. Бүр мутацлагдан, улам аюултай болдог энэ Covid19- шиг дүрс, өнгөө хувиргадаг болсон. 
 
 
 
Номон дээр гишгэсний алдас ямар их гээч. Их найрагчийнхаа гэрээсийг бид өнөө эргэж санахаа байх вий. Энэ мэт эргэцүүллээс үүдэн хэдэн жилийн өмнө номын тухай нэг бяцхан дурсамж, тэмдэглэл бичсэн юм. Гэтэл тэр дурсамжийг маань залуус үзэж ярилцаад кино болгоно гэж байна. Би анхандаа итгээгүй, залуусын мөрөөдөл биз гээд. Гэтэл болгочихож. Бүр уран сайхны кино болгочихож. 1990-ээд оны эхэн үед Монгол орон даяар болж өрнөсөн тэр бүх үйл явдлуудыг ганцхан сумын төвийн хонхорт нэгтгэн, хүн зоны амьдрал, ахуй, залуусын хайр сэтгэлтэй сүлэлдүүлэн кино бүтээчихжээ. Тэр самуун цаг үед эрүүл саруул сэтгэлээтэй, эрж хайсан хүмүүст нэн хүнд цаг үе байлаа. Ялангуяа дөнгөж хүсэл мөрөөдөл нь урган дэлбээлж буй өсвөр үеийнхний даль жигүүрийг хайр найргүй гишгэчиж орхисон.  Ийм л нэгэн түүхээр кино хийжээ. Гэхдээ их энгийн, зүгээр л, бараг баримтат кино шиг. Энэ киног хийсэн нь “Босго” фильмийн залуус. Анхных нь уран сайхны кино. Киноны нэр “Дурсаж яваарай”. Мартаж болохгүй ээдрээтэй түүхийн тоосон дунд мартахын аргагүй зүрх ширдхийлгэсэн хөвүүн, охин хоёрын нэгэн хайрын гунигт түүх. Насаараа дурсаж явах нэг тийм эмзэг, гэгээн нандин дурсамж гэж хүнд байдаг даа. Тэр л дурсамжийн тухай кино. 
 
Б.Наминчимэд
 
2020.05.27
 
Эх сурвалж: Цэгц медиа групп