sonin.mn
Хишиг-Өндөр сумынхан Л.Чүлтэмжамцыг бал даргын ахлах комиссар гэж дуудна. Дан ганц сумынхан ч гэлтгүй анхдагчийн өлгий нутгийнхан аймаг даяараа “ясны” дарга төрхтэй өндөр өвгөнийг комиссар гэдгээр нь ер андахгүй. Арга ч үгүй 20 гаруйхан насандаа Л.Чүлтэмжамц Монголын төрийг 44 жил удирдсан Улсын баатар, маршал Ю.Цэдэнбалын дэргэд хамгийн ойр шадарлаж явсан нь өнөөг хүртэл түүнийг энэ их хайр хүндлэлээр хүрээлүүлж яваа. Мөн төдий чинээ зүрх сэтгэлд нь “Бал дарга” хэмээн “амьдран” буй аж. 38 жилийн өмнө улсын нэгдүгээр хүний дэргэд шадарлаж хэн бүхэнд ховорхон тохиох завшааныг эдэлж явсан тэрээр өнөөдөр хөдөөгийн буйдхан суманд номонд шимтэж, ногоо тарьсан шигээ амар жимэр аж төрж байхад нь уулзсан юм. 
 
АРДЫН ХҮҮ АЮУЛЫГ ХАМГААЛАХ ЯАМАНД ТОМИЛОГДОВ
 
 
1982 он. Л.Чүлтэмжамц Ю.Цэдэнбал даргатай хар далайд амарч байсан үе.
 
Л.Чүлтэмжамц сумынхаа анхны наймдугаар ангийн төгсөгч. Аймагтаа хоёр жил үргэлжлүүлэн суралцаад МУИС-ийн Орос хэлний ангид элсч 1976 онд Орос хэл, уран зохиолын багш мэргэжил эзэмшжээ. Гэтэл багшлах нь битгий хэл огт өөр ажилд томилогдсон тухайгаа тэрээр “Уг нь багш хүн хичээл заах ёстой биз дээ. Гэтэл би нэг өдөр ч  багшилж үзээгүй. Их сонин хувь тохиолтой. Тухайн үеийн Нийгмийг аюулаас хамгаалах яам буюу одоогийн Тагнуулын төв газар төрийн тусгай хамгаалалтын газарт  ажилд орсон. Нэг ёсондоо багшийн мэргэжлээ орхиод цэргийн хүн болсон. Сүүлд сонсоход тухайн үеийн Нийгмийг аюулаас хамгаалах яам, Гадаад явдлын яаманд дандаа дарга нарын хүүхдүүд ажилд ордог байсан юм билээ. Тэрийг Ю.Цэдэнбал  дарга дуулаад малчин, ажилчин гаралтай хүмүүсийн хүүхдийг оруулах ёстой гээд Төв хорооны улс төрийн товчооны нууц тогтоол гаргасан бололтой. Яг тэр үед нь би төгсч таарсан. Намайг их сургуулиа алтан медальтай төгссөн жигтэйхэн мундаг амьтан л “дээшээ” шилж сонгогдоод явсан байх гэж хүмүүс асуудаг.  Сургуульдаа толгой цохиж яваагүй ч бүр адагт нь ороогүй. Нөгөө талаас эгэл жирийн малчны хүү гэдэг утгаар нь намайг сонгосон юм болов уу. Хүний хувь тохиол гэж юм бий” гэлээ.
 
Бичвэрийн эхэнд дурдсанчлан Л.Чүлтэмжамц 5-6 жил Ю.Цэдэнбалын гэрт байж, аюулгүй байдлыг нь хангасан байдаг. Өөрөөр хэлбэл, тэрээр Аюулаас хамгаалах яамны гуравдугаар хэлтэст төлөөлөгч хийж байхдаа буюу 1978 оноос бал даргатай ойр явжээ. Тэр тухайгаа “Даргынх руу очих болсон гол нөлөө нь орос хэлээр бага зэрэг ярьдагтай холбоотой байх. Мөн ажилдаа хариуцлага алдаж дутагдал гаргасан удаагүй. Энэ бүхнийг дарга нар ажиглаж байна шүү дээ. Гэхдээ шууд тушаал гаргаад даргынх руу очихгүй. Эхлээд ажилд дасгахын тулд хамгаалалтад явуулна. Дараа нь албан ёсоор комиссар болж гэрт, ажил дээр нь хамт сууж, цугтаа машинд явдаг болсон. Комиссар гэдэг бол шадар хамгаалагч гэсэн үг шүү дээ.
 
 
Анх жижүүрийн комиссараар даргынд очсон. Ээлжээр гэрт нь 24 цаг жижүүрлэж аюулгүй байдлыг нь хангаж, ажлын хуваарийг нь зохицуулна. Жил гаруй болоод дэвшиж ахлах комиссар болсон. Над шиг 20 гаруйхан настай залуугийн хувьд ховор тохиолдол л доо. Энэ үед миний ажлыг тусгай тасаг болгож орлогч даргаар нь намайг томиллоо. Залуу насандаа ийм алба хашиж явсан маань шидийг олж нисэхийг шахав гэдэгтэй л адил зүйл болсон доо” хэмээн инээмсэглэж байна. Тухайн үед Ю.Цэдэнбал даргын ахлах комиссараар хоёр л хүн ажиллаж байсны нэг нь  Л.Чүлтэмжамц юм. Тэрээр 1978-1983 он хүртэл ажиллаад өөр газарт шилжсэн ч маршалын тухай олон дурсамж үлджээ.
 
“БАЛ ДАРГАТАЙ БАРИЛДАЖ ЯВСАН ГЭХЭЭР ХҮМҮҮС ҮНЭМШДЭГГҮЙ”
 
Ахлах комиссар нь явсныхаа хувьд Ю.Цэдэнбал даргатай холбоотой дурсамжаа эргэн сөхөхдөө “1990 оноос хойш даргыг нэг хэсэг мөн ч их муулсан. Тэр үед дарга бүх албан тушаалаасаа буучихаад Москвад гэрийн хорионд байсан. Нутагтаа ирчихээд мэдээ үзэж байтал даргыг муулж хашхиралдаад байх шиг байсан. Тэр үед даргыгаа өмөөрч байгаа ухаантай юм уу болдогсон бол жагсаалынх нь индэр дээр гараад даргыг өмөөрөхсөн гэж бодож, сэтгэл учиргүй үймэрч эмзэглэж билээ. Тэгээд 1997 онд 80 насных нь ойгоор даргад зориулж жижигхэн хэмжээтэй дурдатгалын ном бичсэн. Гэхдээ би улс төрийн үйл хэргийг нь дүгнэж цэгнээгүй. Хэдийгээр түүхч, судлаач биш ч гэсэн 5-6 жил хамт байсны хувьд гадарлах юм бий. Даргыг би Монголын түүхэн дэх хаад ноёдын адил бас нэг агуу хүн гэж боддог. Тойрон хүрээлж хамт байсан юм чинь магтахгүй яахын гэж бодож магадгүй. Ю.Цэдэнбал дарга өөрт байгаа бүх зүйлээ улсдаа зориулсан. Хувийн юм гэж тэр хүнд байгаагүй. Амь, амьдралаа бүгдийг нь эх орондоо өгсөн. Бал даргын үед Монголчууд бичиг үсэгтэй болсон. Айхтар өвчнүүдээсээ  салсан. Даргын үед 500 гаруй сургууль ашиглалтад орсон гээд бод доо. Дэлхий дахинд Монголын тусгаар тогтнол, нэр хүндийг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан. НҮБ-д элсүүлэх, хил хязгаарын будилааныг арилгах гэрээ хэлэлцээрийг амжилттай хийж тусгаар тогтнолыг баталгаажуулахад чухал хувь нэмэр оруулсан  гээд тоочоод байвал Ю.Цэдэнбал дарга  гавьяа нь мөнх гарамгай удирдагч байлаа. Монголын сэтгүүлзүйн оргил, нэрт сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Хорлоогийн Цэвлээ “Сүмбэр гурван оргил” номондоо Чингис хаан, их жанжин Сүхбаатар, агуу удирдагч Ю.Цэдэнбал гурвыг бичсэн. Тэр олон удирдагчдаас энэ гурван хүний тухай л онцгойлон бичсэн байдаг.
 
Харин хувь хүн талаасаа маш дөлгөөн. Биднийг загнах нь битгий хэл муухай ч харж байгаагүй. Хэдэн жил хамт байгаад дасаад ирэхээр өрөөнөөсөө гарч ирэх нь өнчин өссөн надад ч тэр юм уу яг л аав шиг минь санагддаг байж билээ. Юманд их зөөлөн, тайван. Ямар ч шуналгүй. Хүнд итгэмтгийгээсээ болж алдах үе ч байсан байх. 40 гаруй жил төр удирдана гэдэг амаргүй. Сайн, муу олон ч хүн таарна. Элдэв саад бэрхшээл тулгарна. Одоо бол 40 жил байтугай дөрвөн жилийн хугацаанд улсаа самарчихаад байна шүү. Улс битгий хэл дөрвөн ам бүлтэй гэр бүлээ толгойлохдоо будилж байна” хэмээн буурал даргаа дурсахдаа  түүний тухай ном зохиол бүрийг цуглуулж нямбайлан хадгалснаа үзүүллээ.
 
 Тэрээр “Би даргатай холбоотой хөгжилтэй дурсамж ярих уу” инээмсэглэн цааш нь яриа дэлгэхдээ “Наян хэдэн онд улсыг аюулаас хамгаалахын ой болсон юм. Даргын эхнэр санаачлаад өмнө нь ажиллаж байсан жолооч, үйлчлэгч, тогооч гээд бүгдийг нь урьж уулзлаа. Тэр үед бий тусгай тасгийн орлогч, ахлах комиссараар ажиллаж байсан. Тэмцээн зохион байгуулж би нэгийн даваанд орос тогоочтой барилдаж давлаа. Гэтэл хоёрын даваанд даргатай оноолт таардаг юм байна. Дарга бид хоёрын барилдахаар өрж буй ховор зураг байсан ч гэр шатах үеэр галд үрэгдсэн.  Заримдаа залуучуудад сонирхуулаад ярихаар үнэмшдэггүй. Тэр үед Монгол Улсын нэгдүгээр хүн бал даргатай барилдах нь битгий хэл барааг нь ч харах хэцүүхэн байлаа шүү дээ” гэв.
 
 
 
 Бал даргатай холбоотой ном товхимлыг өөрийн эрхгүй судалж хадгалдаг гэнэ. Энэ тухайгаа“Даргын талаар гаргасан номууд ихэнх нь надад бий. Зарим нь зохиогч нь бэлэглэдэг. Бас худалдаж авна. Даргын 100 жилийн ой тэмдэглэх үеэр надад урилга ирсэн. Тэр үед Ю.Цэдэнбалын академиас гаргасан дөрвөн боть номыг худалдаж авч хөрөнгө оруулалт хийсэн ухаантай.  Даргын Москвад байх үеийг нь бодохоор эмзэглэдэг. Гэхдээ түүх түүхээрээ  л үлдэх ёстой. Таамаглаж, гуйвуулж болохгүй. Үнэн байх учиртай. Залуучууд түүхээ мэдэхийн тулд ном, сонин сайн унших хэрэгтэй” гэлээ.
 
 
 
 
Л.Чүлтэмжамц бал даргын дэргэд үргэлжлүүлээд ажиллах байсан ч амнаасаа болж алдаа гаргаж  өөр газарт ажиллах болсон тухайгаа хэнээс ч нуудаггүй. Гэхдээ түүний эл үйлдэлд “ноцтой” алдаа биш гэдгийг хүмүүс хэлдэг.
Л.Чүлтэмжамц “Даргатай Москвад явж байгаад Засгийн газрын тусгай холбоогоор хамаатныхаа хүмүүстэй ярьсан юм. Өмнө нь хэд хэд очсон болохоор оросын тусгай албаныхныг сайн танина. Тэгээд үеийн залуучууд нэг машинд явж байгаад манай хамаатан Францад Элчин сайдын яаманд ажилладаг юм. Утсаар ярьж болох уу гэтэл тэд “Асуудалгүй” гээд намайг яриуллаа. Тэгж утсаар ярихдаа “Тавдугаар сард дахин явж магадгүй. Тэр үеэр боломж олдвол холбогдоё” гэчихгүй юу. Энэ яриа болсноос хойш Монголд ирээд 2-3 сарын дараа газрын дарга орж ирээд нэлээн ширүүн “Франц руу утсаар ярьсан хүн байна уу” гэлээ. Тэгэхээр нь “Би ярьсан” гээд үнэнээ л хэллээ. Тэгээд л үнэмлэхээ хураалгасан. Яагаад тэгсэн гэхээр Франц хөрөнгөтөн орон. Хөрөнгөтөн орон руу ярихдаа “Тавдугаар сард очиж магадгүй” гэж мэдээлэл задруулсан гэж үзсэн. Яахав “Танай хүн утсаар ярьсан” гээд матчихгүй юу. Дээр нь тухайн үеийн хууль журам хатуу байсан л даа. Зарим хүмүүс юу нь нууц мэдээлэл байдаг юм. Чи хэлмэгдсэн байна л гэдэг юм. Тэгэхээр нь “Би хэлмэгдээгүй хариуцлага алдсан”” гэдэг хэмээв.
 
 
Л.Чүлтэмжамц аюулаас хамгаалах яам, хилийн ба дотоодын цэргийг удирдах газарт 16 жил ажилласан. Сүүлд Төрийн ордны хамгаалалтад ээлжийн даргаар хошууч цолтой ажиллаж байгаад сайн дураараа өргөдлөө өгөөд  нутагтаа иржээ. Түүнээс хойш Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын орлогч, ИТХ-ын дарга хийж байгаад гавьяаны амралтдаа гараад байгаа юм. Комиссараас одоо юу хийж байна гэхэд “Би хоёр настайдаа аав, ээжээсээ өнчин хоцорч эмээгийнхээ элгэнд наалдаж өссөн. Нагац нараа бараадаж өссөн. Эхнэрүүд нь гэж ховорхон хүмүүс тохиож өнчин өрөөснийг мэдэхгүй  өссөн дөө. Одоо тэтгэврийн өвгөн болсон ч зүгээр суухгүй хэрэгцээнийхээ ногоог хашаандаа тарьж байна. Энэ жил төмс, байцай, сонгино, лууван, улаан, шар манжин, чацаргана, үхрийн нүд, өргөст хэмх тарьсан. Хөдөө хэдэн малаа эргэж тойрч амаараа ажил хийж байна даа. Ном уншихад багагүй цаг зарцуулж байна. Би маш их ном уншдаг. Номын хорхойтон. Даргынд ажиллаж байхад байнга ном уншдаг байсан маань нөлөөлсөн. Даргынх 10 гаруй мянган номтой.  Жижүүрт гарч байх үед цаг нөгцөөх гэж ном их уншина” гэлээ.
Харин гэргий О.Оюунгэрэл биднийг очиход ач нараа харах гээд хот руу явсан гээд эзгүй байлаа. О.Оюунгэрэл насаараа багшилж өнгөрсөн жил гавьяаны амралтаа авчээ. Хүү гэр бүлээрээ Японд сурч, ажиллаж байгаа бол охин Англи хэлний орчуулагч мэргэжилтэй. Жет сургалтын төвд багшилдаг гэнэ. Ийм л эгэл эрхмийн амьдралын тойргоор багахан ч болов аялсан юм.
 
 
 
Гэр бүлээрээ. Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нарын хамт.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин