sonin.mn
Шинэ, сонин, содон цуглуулгатай эрхмүүдийг онцолдог "Хобби" булан маань Зэвсэгт хүчний АЦК-ын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Б.Баярсайханы ажлын өрөөнөөс танд хүрч байна.
Хурандаа Б.Баярсайхан хэд хэдэн төрлийн цуглуулгатай бөгөөд заримыг нь өөр хооронд нь шүргэлцүүлэх шахам шахаад тавихад томхон нэг ширээ ч ядмагхан багтааж билээ. Та 1994 оны 10 төгрөгийн дэвсгэртийг өөрийнх нь үнээс хэд дахин илүү үнээр худалдаж авахыг хүсэх байсан уу? Бүр боломж олдох бүрд шүү. Тэгвэл хурандаа Г.Баярсайхан эрж хайж зорьж очоод авдаг. Бэлтэй биш сэтгэлтэй хүнээс л гарах үйлдэл. Боломж нь байвал гар татахгүй. Олон жилийн уйгагүй хөдөлмөр бас тууштай байдал нь түүний цуглуулгыг “эрдэнэсийн сан” мэт болгосон байна. Цуглуулгад нь 1950-аад он, түүнээс хойш өнөөдрийг хүртэлх үеийн Монголын болон 200 гаруй улсын мөнгөн дэвсгэртүүд байдаг. Зарим нь хэрэглэгчдийн гарт олон жил элэгдэн гандаж, хуучирсан байх юм. Тэдгээр нь шинэ мөнгөн дэвсгэртүүдээсээ "Норовын намтар" шиг л илт ялгарна. Тэдгээр нь гүйлгээнд гарсан болон гараагүй байхад нь авч хадгалсан мөнгөн дэвсгэртүүд байдаг юм аж.
 
Хурандаа Б.Баярсайханы хобби анх маркаар эхэлсэн бөгөөд төрөл бүрээр хөрвөсөөр 10 гаруй жилийн өмнөөс мөнгөн тэмдэгтээр солигджээ. Түүнээс өмнө бусад цуглуулгынхаа дийлэнхийг нь ойр тойрныхон, найз нөхөд, танилууддаа бэлэглээд тэдний зарим нь ч алтны дэргэдэх гууль шарладгийн адилаар өөр өөрсдийн хоббиг хөөх болцгоосон байна.
 
Азийн орнуудын мөнгөн тэмдэгтүүд олдоц сайтай. Харин Африкийн орнуудын мөнгөн дэвсгэртүүдийг олж авах нь тэр бүр хүслээр болдоггүй хэдий ч энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй орон орны цэргийн алба хаагчдад энэ боломж харьцангуй нээлттэй байдаг аж. Өөрийн улсын мөнгөн дэвсгэртээрээ солих эсвэл бусад орны цэргийн алба хаагчид өөрт нь дурсгал болгож үлдээдэг байна. Энгийн иргэдийн хувьд голдуу интернэтээс захиалж авах нь түгээмэл гэнэ. Хурандаа Б.Баярсайхан Туул ресторанд Ням гараг бүрийн өглөө очдог. Тэнд төрөл бүрийн цуглуулга, хоббитой улс цуглардаг юм байна. Бас өөр хоорондоо харилцан ашигтай байдлаар солио, наймаа ч хийдэг бололтой. Тэгэхээр хурандаа Б.Баярсайхан ч бас цуглуулгынхаа тоог ганц хоёроор нэмчих гэж үздэг нь лавтай.
 
 
Хүн өөрийгөө бага зэрэг голоход бурууддаггүй. Шулуухан хэлэхэд хүн өөрийгөө боллоо гэж бодсон цагт л утгаараа “суулт” хийдэг гэлцдэг. Ер нь уулзаж, ярилцаж суухад амжилтдаа цаддаггүй тамирчин хүний зоримог чанар ч бас төрөл бүрийн цуглуулгатай, сонин содон хоббитой хүмүүст наалдчихсан нь ажиглагддаг шүү.
 
Хурандаа Б.Баярсайханаас ч бас тийм чанар үе үе цухалзсаар. Тэрээр “Зарим орны мөнгөн тэмдэгтүүд энд байхгүй. Мэргэжлийн гэмээр хүмүүс орон орны мөнгөн тэмдэгтүүдийг он оноор нь багцалж цуглуулдаг юм билээ. Тэдний хажууд минийх ч түүхий дээ” гэж даруухан загнах нь үүнийг нотолно. Мөн хүн харахад илүү ойлгомжтой байх үүднээс мөнгөн тэмдэгттэй нь хамт тухайн орны төрийн далбааг ч бас хавтаслах болжээ. Хэтэвчинд нь агаар салхи ч үздэггүй байсан зарим мөнгөн тэмдэгтүүд энэ хүнд ямар үнэтэй, хэрэгцээтэй зүйл болохыг найз нөхөд нь мэддэг болсон нь түүний цуглуулгыг арвижуулахад ч жин дараад эхэлжээ. Захиж, хүсээгүй байхад өөр улс орны шинэ мөнгөн тэмдэгтүүдийг найз нөхөд, төрөл төрөгсөд нь бэлэглэх болсон байна.
Хамгийн ховор цуглуулга нь Ирак улсад хэрэглэгдэж байсан Садам Хусейны зурагтай мөнгөн тэмдэгт. Учир нь тус улсыг олон жил эрхшээсэн энэ эрхмийг түлхэн унагасны дараагаар түүний зурагтай мөнгөн дэвсгэртүүдийг гүйлгээнээс гаргаж, устгасан байдаг. Түүнээс гадна хурандаа Б.Баярсайхан мөнгөн дэвсгэрт нь уналтад ордоггүй, ханш нь тогтмол өндөр байдаг орон бол Кувейт гэдгийг хэлж дуусахтай зэрэгцээд нэг динар гаргаж ирлээ. Нэг динар нь 2,8 ам.доллартай тэнцдэг юм байна. Тэгэхээр манайхаар бараг л 6000 гаруй төгрөгтэй тэнцэнэ. Кувейт нь чинээлэг орнуудын тоонд зүй ёсоор орох болсон бөгөөд мөнгөн тэмдэгтийнхээ ханшаар дэлхийд долоод эрэмбэлэгддэг аж. Энэ мэтчилэн цуглуулгаа танилцуулахдаа давхар тухайн улс орны соёл, нийгэм, эдийн засгийн байдал зэрэг олон талын мэдлэг, мэдээллийг хүргэж байсан нь бидний ярианд хүч нэмэх шиг болж байв.
 
Энэ дундаас хамгийн олон тэгтэй мөнгө нь Зимбабве доллар. Нэгийн ард 10 дөхсөн тэг байв. Харагдах байдлаараа сүртэй ч худалдан авах чадвараараа таны төсөөлснөөс хүчин мөхөс. Зуун мянган Зимбабве доллар ердөө нэг талхны үнэтэй тэнцэнэ. Үнэхээр ч олон нийтийн сүлжээнд усны тэрэг дээр овойж, оцойсон их мөнгө түрээд талханд явж буй Зимбабве жаал хүүгийн зургийг та харж байсан нь лавтай. 
 
Нэг зүйл сонирхол татсан нь 1, 3, 5, 10, 20, 50, 100, 500 болон 1000-ын дэвсгэртүүдийг ойрхон хавтасласан байв. 1993 онд үйлдвэрлэгдсэн мөнгөнүүд учраас ингэж ойрхон хавтаслагдсан байна. Нэг оны эдгээр мөнгөнөөс 100 төгрөг нь 1994 ондоо ахин хэвлэгдсэн нь эрэлт ихтэй байсантай холбоотой гэнэ. Та хэрвээ анзаарч байсан бол ихэнх мөнгийг арагш эргүүлэхэд зүүн доод буландаа үйлдвэрлэгдсэн он нь байдаг. Харин үйлдвэрлэгдсэн онгүйг нь олж авахад цаг хугацаа, мөнгө их зарцуулдаг нь сонирхолтой санагдав. Бас мөнгөний нүүрэн хэсгийн баруун дээд буланд байдаг хоёр цифр долоон оронтой тоо бүхий серийн дугаарууд ч анхаарлын гадна үлдсэнгүй. Тоонууд нь ард, урдаасаа адилхан уншигддаг байвал тэр хэрээрээ үнэ нь өсөөд л явчихдаг гэнэ. Мөн есийн тоо ихээр орсон байвал үнэ өсөх шалтгаан. Хурандаа Г.Баярсайханы хамгийн онцлог цуглуулга нь Пёнчаны олимпын үеэр гаргасан 2000 вон. Монгол мөнгөөр бараг 60.000 төгрөг өгч байж авсан гэнэ. Харин хамгийн хожоотой наймаа нь гэвэл Канад улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчийн 20 долларыг 20 төгрөгөөр сольжээ.
 
"Хобби" булангийн эзэн маань цуглуулгаа арвижуулах гэж зүтгэж буй өнгөрсөн хугацаанд Монгол Улсын мөнгөн тэмдэгтүүд хэдэн онд яаж үйлдвэрлэгдсэн, хоорондоо ямар ялгаатай, ямар түүхтэй гэхчлэн тал талаас нь судалж эхэлсэн гэдгээ ч хэлээд амжлаа.
 
Энэ нь ч түүний цуглуулгыг хөдөлмөр нэвт шингэсэн, илүү утга учиртай болгосон байх. Та бидэнд хамгийн их анзаарагддаг ялгаа нь мөнгөн дэвсгэртүүдэд бичигдсэн Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийн гарын үсэг л байх. Бусдаар ч над мэт нь бантагнуулна даа гэсэн бодол төрөв. Хавтас дүүрсэн гурав, дөрвөн альбом эргүүлсний дараагаар та гэнэтийн шаардлагаар цуглуулга руугаа “гараа дүрж үзсэн үү” гээд асуутал нэг их гайхсангүй, “Солио, наймаа мэтийн зүйлс байлгүй л яах вэ. Харилцан ашигтайгаар солилцож болдог. Хэрэглээндээ зарцуулна гээд цөөн удаа сүүлийн үед үйлдвэрлэгдсэн мөнгөнүүдээсээ авч үзсэн. Үйлдвэрлэгдсэн он нь хөгшин байх тусмаа эргээд олдох магадлал багасдаг юм” гэв.
 
 
Түүний өөр нэг хобби нь зоос цуглуулах. Монгол Улсад гүйлгээнд байсан 76 төрлийн зоосноос 73 нь бий. Олноо өргөгдсөний 15 он буюу 1925 оны зоосон мөнгө хамгийн хөгшин нь. Тухайлбал, тус оны 10, 15, 20, 50 зоосон мөнгө байх бөгөөд 15 мөнгийг нь л гэхэд 280 мянган төгрөгөөр худалдаж авсан. Их өндөр сонсогдож байж болох ч нэг талаасаа ховордсон, нөгөөтэйгүүр цэвэр мөнгөөр цутгасан гээд орц, найрлага цаашлаад хэлбэр хийцийн хувьд дээрхтэй дүйх үнэлгээтэй байдаг аж. 1935 оноос зоосон дээр крилл бичгээр сийлж эхэлсэн, 1970-1981 он хүртэл зоосон мөнгийг нэг ижил загвараар үйлдвэрлэсэн, 1994 онд монгол бичгээр Монгол Улс гэж бичих болсон ба 20, 100, 500 зэрэг оронтой тоонд хүрсэн гэхчлэн олон мэдээллийг түүний цуглуулга өгдөг юм билээ.
Нийтлэлийн эхэнд зарим цуглуулга нь томхон ширээн дээр ядмагхан багтаж байна гэснийг та мартаагүй биз. Одоо тэр талаар өгүүлэх болно. Энэхүү цуглуулга өмнөх хоёроосоо эрс ялгарна. Сьерра-Леон улсад байхдаа хамт үүрэг гүйцэтгэж байсан Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнийг дуурайж, бараг барьцах шахам нэгэн дурсгалын зүйл авснаар цуглуулгынхаа эхлэлийг тавьжээ. Хүүхдийн тоглоом шиг төрхтэй жижиг хундаганаас авхуулаад янз бүрийн хэлбэр дүрстэй шаазан, шил, мод, зэс, гууль, шавар, төмрөөр хийсэн зүсэм зүйлийнх л байна. Цай, виски, дарс, архи, сөжүнийх гээд зориулалтаараа өөр өөр. Мөн түүний мэргэжлийн онцлогийг харуулахуйц генераторийн тагаар хийсэн болон дотор талд нь ялимгүй өнгөр тогтсон модон тагш, Афганистан улсаас авчирсан морины толгой хэлбэрийн суурьтай гоёмсог хундага, гүцний хундага бий. Тэр ч бүү хэл ус хийхээр ёроолд нь эмэгтэй хүний дүрс тодордог шаазан хундага зэргийг онцолж болно. Мөн туфль, усны гутал, туулай болон бусад амьтдын хэлбэр дүрстэйгээс гадна үхрийн эвэр, Африкийн импала гөрөөсний эврээр бүтсэн зэрэг нарийн ур хийцтэй, урлагийн бүтээл ч гэж болохоор ховор хундаганууд цуглуулгыг нь чимж, өнгө нэмдэг юм байна.
 
Цаашлаад Энэтхэгийн Таж махал, Парисийн Эйфлийн цамхаг гэх мэт улс үндэстний түүхэн дурсгалт газруудыг ч та алган дээрээ тавиад харж болохоор. Эдгээрээс тэнгисийн цэргүүдийн хэрэглэдэг хундага их сонирхолтой. Гадна талд нь зангуу сийлж, эсрэг талд нь зүүний сүвэгчээс арай томхон гэгч нь цоолсон байдалтай харагдана. Цоорхой хэсгийг нь гараараа дарж байгаад ууж дундлах ёстой. Эс бөгөөс далайн давалгаанд хундган доторх архи цалгиж өнөөх цоорхой нүхээр асгарах магадлалтай аж. Тэнгисийн цэргүүд энэ хундагыг дундлах, эсвэл ёроолд нь тулгадаг заншилтай гэнэ.
 
Тухайн орчин нөхцөл, соёл, ёс заншлаасаа шалтгаалан хийгдсэн өвөрмөц хийцтэй өөр олон хундагын нэг нь Кени улсад үйлдвэрлэгдсэн хирсийн цээжин биеийг товойлгож дүрсэлсэн шилэн хундага. Түүний хамгийн ойрын зорилт нь цуглуулгынхаа ам бүлд Оросын матрёшка хүүхэлдэй шиг дээр дээрээсээ давхарлагддаг хундагыг шинэ гишүүнээрээ элсүүлэх гэнэ шүү.
Дашрамд, саяхан Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, хурандаа Б.Баярсайхан нар төрөл бүрийн цуглуулгатай бусад цэргийн нөхөдтэйгөө хамтран “Мөрдэстэй цуглуулагчид” хэмээх ТББ-ыг байгуулсан байна. Энэхүү байгууллага цэргийнхнийхээ хоббиг хөгжүүлэх, цуглуулгыг нь арвижуулахад дэмжлэг үзүүлэх зарим ажлыг төлөвлөж хэрэгжүүлэх аж.
Хүссэн зүйлээ хийх нь хүнийг аз жаргалтай золгуулдаг. Тэр бол хобби. Та ч бас өөрийн зан араншин, үзэл бодол, хүсэл сонирхолд тохирсон зүйлийг хийж, цуглуулгатай болох үүд хаалгаа нээгээрэй.
 
 
Дэслэгч Ц.Энх-Оргил
Эх сурвалж: "Соёмбо" сонин