sonin.mn
Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” Монголын тайзнаа амилах өдөр ойртсоор. Олон нийтийн дунд хүлээлт үүсгэсэн тус жүжгийн бэлтгэл ид өрнөж байх үеэр Гавьяат жүжигчин Б.ЖАРГАЛСАЙХАНТАЙ уулзаж ярилцлаа. Тэрбээр “Анна Каренина” жүжигт Каренины дүрийг бүтээж буй юм. “Жүжгийн бэлтгэл дууссан ч улам сайжруулж, чамбайруулах гээд их ажил өрнөж байна. Тайзан дээр, үзэгчдийн өмнө хурдан гарах юмсан” гэсээр бидний ярилцлага эхэлсэн юм.
 
-Энэ жилийн “Гэгээн Муза” наадам болж өндөрлөлөө. Удаан хугацааны турш нам гүм байсан урлагийн амьдрал, та бүхний ажил саяхнаас эхэлж байна. Та болон таны гэр бүлийн хувьд “Гэгээн Муза” хүртсэнээр их ажлаа эхлүүлж байх шиг. Баяр хүргэе?
 
-Маш их баярлалаа. Театрын энэхүү наадам 15 дахь жилдээ боллоо. Жилээс жилд өргөжиж, оролцогчид ч нэмэгдсээр байна. Гадаадаас л гэхэд 10 гаруй орны уран бүтээлч оролцож байх жишээний. Хэдийгээр цар тахалтай байсан ч наадам маань амжилттай болж өндөрлөлөө. Манай театрын хувьд Н.Наранбаатар найруулагчийн найруулсан “Бүсгүйн зурвас” жүжгээр оролцож, би шилдэг эрэгтэй гол дүр, миний хань, Гавьяат жүжигчин Г.Урнаа маань шилдэг туслах эмэгтэй дүр, Итгэл сурвалжлагч бүсгүйн дүрийг бүтээсэн Б.Золзаяа дүү маань шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн. Өөрийн тань хэлдгээр энэ оны ажил “Гэгээн Муза”-гаар эхэлж байна. Ер нь “Анна Каренина” жүжгийг өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр тайзнаа тавих байсан ч коронавирусийн цар тахлаас болж хойшилсоор одоо л биеллээ олж байна. Хоёрдугаар сард нээнэ гэдэг утгаараа жүжгийн бэлтгэл сургуулилалт нэлээд эрчимтэй өрнөж, бэлэн болсон байлаа. Гэвч бүх зүйл хойшилсон. Ингээд зургаа, долоон сарын хугацаанд мартаж санаснаа сэргээж, бэлтгэлээ улам чамбайруулж, лавшруулах гээд мундахгүй ажилтай байсан. Бүх зүйл жигдрээд, хяналт өглөө. Өмнөхөөсөө илүү өргөн бүрэлдэхүүнтэй хяналтын баг ирж, жүжгийг үзсэн. Сайхан сэтгэгдэлтэй, өндөр үнэлгээ өгөөд явсан байна билээ.
 
 
-Өнгөрсөн хугацаанд 15 удаа “Гэгээн Муза” боллоо. Танай гэрийн хойморт хэчнээн нь залрав?
 
-Долоо байгаа юм байна шүү. Г.Урнаа маань гурав, би дөрвөн удаа авчээ. Анх “Гоо марал” гэж байхад би “Хаан түүх” жүжгийн дүрээр авсан байдаг. Манай гэр бүлийн хүн бас нэг “Гоо марал”-тай. Гэхдээ миний хань, Ж.Биндэр найруулагчийн найруулсан “Далд уянга” киноны Тавилангийн дүрээр авч байсан юм. Урлагт хоёргүй сэтгэлээр үнэнч зүтгэсний хариуд урлаг маань Урнаа, бид хоёрт хайр хишгээ харамгүй хүртээж байна гэж боддог.
 
-Хоёрдугаар сард “Анна Каренина”-гийн бэлтгэл эрчимтэй өрнөж, яг бэлэн болтол цар тахал дэлгэрч эхэлсэн. Улмаар тов зарласан ч хорио үргэлжиллээ. Үүнээс хойш хоёр ч удаа хойшиллоо шүү дээ. Үзэгчид төдийгүй уран бүтээлчид маш удаан хүлээлээ. Яг найм хоногийн дараа шинэ жүжгээр үзэгчидтэйгээ тайзнаас уулзах гэж байна. Хэр догдолж байна вэ, та?
 
-Өөрийгөө уядаг морь шиг л байна. Ажлаа хийгээд байгаа атлаа тайзан дээр гарч тоглохгүй болохоор нэг зүйл үгүйлэгдээд байдаг юм байна. Тэр утгаараа догдлохоос илүүтэй тайзан дээр гарах хүсэл маань илүү буцалж байна гэхэд болно. Шинэ бүтээлээр үзэгчидтэй уулзаж байгаа учраас догдлол байх нь зүйн хэрэг. Яг өнөөдрийн хувьд уяа сойлго бүх зүйл нь таарсан болохоор догдлолоос илүү тайзан дээр гарах хүсэл л их байна. Бушуухан тайзан дээр гарах юмсан. Тайзан дээр гарахын тулд бид маш сайн бөгөөд өндөр түвшний бэлтгэлтэй байх ёстой. Үзэгчдийн хүлээлтийг хөсөрдүүлж болохгүй. Харин ч сайхан тоглолтоороо баярлуулж хариу барих ёстой юм.
 
-Ерөнхий зураачаар ажиллаж буй Г.Ганхуяг хэлэхдээ жүжгийн тайзыг минималист урсгал чиглэлээр засна гэжээ. Тэгвэл та энэ жүжгийг өөрийнхөөрөө юу гэж тодорхойлох вэ?
 
-Эмэгтэй хүний хайр дурлал нь хүний эрх чөлөө юм. Би өөр хүнд хайртай боллоо гээд нөхөртөө хэлж зүрхлэх эмэгтэй цөөхөн биз. Гэтэл зохиолч маань үүнийг зохиолоороо дамжуулан нийгэмд ил гаргажээ. Энэ бол эрх чөлөө. Эндээс би юу хэлэх гээд байна вэ гэхээр уг жүжиг маань эмэгтэй хүний эрх чөлөөний асуудлыг хөндөж тавьжээ. Уг зохиолыг ямар ч насныхан уншиж, нас насныхаа онцлогт тохируулан хүлээн авах нь өөр өөр байдаг. Жүжиг маань өөрөө дуусахдаа заавал асуулттай үлдээгээд байна.
 
-Монголын үзэгчид аливаа шинэ уран бүтээлийг үзэхийн өмнө маш их судалдаг болсон байна. Тэр хэрээр үзвэрээсээ таашаал авдаг болжээ. “Анна Каренина” дээр л жишээ авахад номыг нь их хайж байгаа харагдсан. Энэ нь магадгүй уран бүтээлчдээс илүү их чадвар шаардаж байх шиг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
 
-Үзэгчдийн оюуны чадамж, үнэлэмж их өндөр болсон. Зохиол, кино, жүжиг бүгдийг нь харьцуулж үзэж байна шүү дээ. Анх удаа Монголын тайзнаа тавигдах гэж байгаа гэдэг утгаараа илүү их ач холбогдол өгч байгаа болов уу. Энэ театрын тайзан дээр, хөрсөн дээр хэрхэн тавигдахыг хүлээж байна. Сайн ч, муу ч бай үзэгчид бэлтгэлтэй байна гэсэн үг. Уншаад судалсан нэгэн байхад уншаагүй нэгэн ч орж ирнэ. Ер нь бол олон янзын зритель байдаг. Уншаад харьцуулж үзэх нэгэн байхад олонхыг дагадаг хүн ч бий. Тиймээс энэ бүх хүнд зөв ойлголт, зөв хариулт, зөв тоглолт үзүүлэх хэрэгтэй. Уг зохиол маань 900 гаруй хуудастай. Гэтэл үүнийг найруулагч хүн хоёр, гурван цагт багтаан ямар арга хэлбэрээр тайзан дээр тавьсан нь бас сонин биз. Ийм зузаан зохиолыг Н.Наранбаатар найруулагч хоёр, гуравхан цагт багтаан яаж Монголын тайзан дээр буулгасан нь өөрийн эрхгүй анхаарал татна. Гэхдээ би жүжгийн үйл явдлыг ярихгүй. Өөрсдөө ирээд үзээрэй. Үзэгчдийн хүлээлтийг хөсөрдүүлэхгүй. Би үүнд 100 хувь итгэлтэй байгаа.
 
 
 
 
Ер нь Монголын драмын урлаг манай театрын улаан байшин дотор л өрнөөд байна. Улаан байшин дотроо хэдэн үзэгч цуглуулчихаад л болж байна, бүтэж байна гээд байх шаардлагагүй. Гадагшаа гарч хүч чадлаа сорих хэрэгтэй. Монголын театрын урлаг олон улсын түвшинд ямар хэмжээнд явааг харуулж, өөрсдөө мэдэрмээр байна. Тиймээс яг энэ жүжигтэйгээ театрын өлгий болсон ОХУ-д очиж тоглож яагаад болохгүй гэж.
 
 
 
-Гоё санаа байна. Нээрээ монголчууд Оросын тайзнаа “Анна Каренина”-г тоглож, орос хүмүүс хэрхэн хүлээж авахыг харж болох юм. Их сонин өнцөг гарах болов уу?
 
-Тэгэлгүй яах вэ. Тэр их сонин. Монголд театрын урлаг хөгжөөд 90 жил болж байна. Мэдээж орос школоос авсан. Орос багш нар ирж суурийг нь тавьсан. Өнөөдөр ч тэр уламжлалаар явж байгаа. Тэгвэл монгол уламжлалаар “Анна Каренина”-г хэрхэн амилуулсан нь гаднынханд сонин байх юм. Зөвхөн Орос гэлтгүй бусад орныхон ч сонирхож хүлээж авна. Монголчууд “Анна Каренина”-г бүтээжээ. Яаж тавьсан бол гэсэн хүлээлт гаднын орнуудад ч байж болно шүү дээ. Хэрвээ бид зөв менежмент хийж, гадагшаа цацаж чадвал урилга ирэхийг үгүйсгэхгүй. Зоригтой хэлэхэд энд тэндээс урилга аваад очиж тоглоход нүүр улайхгүй байх.
 
-Азид энэ жүжгийн тавьсан анхны орон болж байгаа гэж сонссон?
 
-Магадгүй шүү. Шекспир дээр жишээ авъя. Түүний эмгэнэлт гэсэн тав, зургаан жүжгийг тавьсан ганцхан орон байгаа нь Монгол. Азийн хэмжээнд шүү дээ. “Анна Каренина”-г тайзнаа амилуулсан анхны орон ч байж мэднэ. Дуурийн хэлбэрээр олон орны үзэгчдийн хүртээл болсон байхыг үгүйсгэхгүй.
 
-Та Аннагийн нөхөр Каренинд тоглоно. Анх танд онооход дүрээ хэрхэн гаргах талаар төлөвлөгөө гаргасан биз. Дүр онооход танд юу бодогдов?
 
-Зохиолоо уншсан, дүртэйгээ танилцсан учраас надад тохирох юм байна гэж бодсон. Бронксий дүрийг оноосон бол тоглох л байсан байх. Гэхдээ энэ дүр надад тохирно. Каренин сайн, шударга, гэр бүлийнхээ төлөө зүтгэдэг хүн. Албан тушаалтай, ажлаа сайн хийдэг, нэр хүндтэй хүн шүү дээ. Гэтэл яагаад эхнэр нь гэнэт өөр хүнд сэтгэл алдрав. Анна бага залуу насандаа Каренинтай суугаад залуугаасаа нийгмээс тусгаарлагдсан шүү дээ. Анна Москва яваад ирэхдээ нүд нь нээгдсэн, өөр хүнд сэтгэл алдарсан. Харин үүнийг нь Каренин буруутгахгүй ч гэр
бүлээ авч үлдэхийн төлөө зүтгэж байгаа юм. Каренин яалт ч үгүй сайн хүн. Үнэндээ нэг мөн чанар байна, түүний дотор. Нэр хүндээ бүтэн авч үлдэхийн тулд бүхнээ зориулж байна. Тухайн үед гэр бүл салалт маш дуулиантай сэдэв байж. Нэр хүнд хугарахаас илүү аймшигтай гээд бод доо. Тиймээс Каренин нэр хүндээ авч үлдэхийн тулд хайр дурлал хамаагүй гэсэн дүр зураг жүжгийн хэсэгт гарна. Үзэгчид үүнийг олж хараасай. Ер нь Каренинаас олж харах зүйл маш олон бий. Каренинаас янз бүрийн мэдрэмж авах байх, манай үзэгчид.
Мэдээж жүжигчин хүн өөрийн бүтээж буй дүрдээ хайртай байдаг. Тэр утгаараа би дүрдээ хайртай. Каренин бол сайн хүн. Гэр бүл ямар үнэ цэнтэй, нандин байдгийг Карениний тоглолт харуулах байх. Нэр төрийг чухалчилж байгаа ч гэр бүл ямар нандин гэдгийг харуулсан байгаа юм.
 
-Таныг залуу хүний дүрийг сайн гаргадаг, чадвартай гэж үнэлдэг юм билээ. Дүр хуваарилах мөчид та өөрийгөө Бронскийд сонгогдоосой гэж бодож байсан уу?
 
-Шууд хэлэхэд байгаагүй. Залуу уран бүтээлч Сэргэлэн түүний дүрд тоглох гээд бэлтгэлээ хангаж байна. Гоё дүр шүү дээ. Тиймээс нөхөртэйгээ жүжиг үзэж буй бүсгүй хүнийг санаа алдтал Бронксийг гаргаж харуулах хэрэгтэй. Тийм дүр харагдах болов уу. Залуу насан дээрээ тоглох дүрийн нэг шүү дээ, Вронский. Жүжигчин хүний мөрөөдөх дүрийн нэг гэж боддог, гоё дүр.
 
-Үзэгчид та бүхнээс ихийг хүлээж байгаа байх. Харин та үзэгчдээс юу хүсмээр байна вэ?
 
-Үзэгчийн соёл чинь тасалбар худалдаж авахаасаа л эхэлдэг. Ер нь гайгүй соёлжсон гэж боддог. Соён гэгээрэх талдаа болжээ. Миний хувьд жүжгээ үзээд зөв сайхан шүүмж бидэнд өгөөсэй. Театрын жүжиг бол кино биш. Бид үзэгчдийн зөв сайхан шүүмжийн ачаар алдсан алдаагаа засч, залруулж болно. Магтаалаас урам авч улам сайн болгоно. Шүүмжиллээ гээд тоглолтоо тэр чигээр нь өөрчилнө гэсэн үг биш. Шүүмж ирээсэй, үзэгчийн алга ташилт харамгүй байгаасай. Алга ташилт тухайн жүжиг, уран бүтээлийн хамгийн том хэмжүүр байдаг. Хэрхэн алга ташихаас хамаарч уран бүтээлд үнэлгээ өгч болно. Тиймээс алга ташилтыг хүсч байна.
 
-Жүжгийн бэлтгэл дээр дуудаад байх шиг байна. Хоёулаа ярилцлагаа өндөрлөе. Төгсгөлд нь та үзэгчдэд хандаж юу хэлэх вэ?
 
-Харин дуудаад л байна. Жүжгийг цөөхөн тоглоно. Үзэгчдэд оюуны таашаал хүртээх нэгэн шинэ алхам тавьсан жүжиг болсон гэдэгт эргэлзэхгүй байгаа. Энэ сайхан жүжгийг ирж үзээрэй, түүнээс таашаал аваарай. Үзсэн жүжгээсээ зөвийг олж харна гэдэг гайхамшиг шүү дээ. Аливаа улс орны урлаг, соёл бүтэн байвал тухайн орон хөгжин цэцэглэдэг. Мөхсөн байвал тухайн орон алга болдог гэсэн үг бий. Тиймээс урлаг, соёлоо сайн дэмжих хэрэгтэй.
 
 
Б.Мөнхзул
Гэрэл зургийг Н.БӨХДАМБИЙ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин