sonin.mn
ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хонконгийн эрх баригчид коронавирусний халдвар оношлогдох, амьдралын боломж тааруу өвчтөнүүдэд тус бүр нь 5000 хонконг доллар буюу 645 ам.доллар олгохоор болсон байна. Энэ тухай Хонконгийн Хүнс, эрүүл мэндийн хэрэг эрхэлсэн нарийн бичгийн дарга /сайд/ София Чэнь ням гарагт мэдэгджээ.  
 
 
 
“South China Morning Post” сонинд мэдээлж байгаагаар, Хонконгийн эрх баригчид “энэхүү мөнгөн тусламж нь тусгаарлагдсан тохиолдолд орлогоо алдана гэж айж байгаа бага орлоготой хүмүүсийг шинжилгээ өгөхөөр ирүүлэхэд нөлөөлнө гэж найдаж байна. Шинэ журмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын газраас дараа нь өгөх аж.
 
 
 
Одоогийн байдлаар Хонконг коронавирусний шинэ, дөрөв дэх давлагаатай нүүр тулаад байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт 12 шинэ тохиолдол илэрсэн бол баасан гарагт 26, бямба гарагт 43 хүн шинээр халдвар авчээ. Ням гаргийн байдлаар 71 шинэ тохиолдол бүртгэгдэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь наймдугаар сарын дунд үеэс хойш өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол болох юм.
Халдварт өвчний нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Хонконгийн эрх баригчид Сингапуртай харилцан зорчих журмыг хялбаршуулах механизмыг 11 дүгээр сарын 22-ноос хоёр долоо хоногоор хойшлуулжээ. Хоёр хотын хооронд зорчигчид нисэх онгоцонд суухынхаа өмнө “COVID-19”-ийн шинжилгээ заавал өгөх ёстой бөгөөд тэдэнд тусгаарлагдах, гэрийн дэглэм сахих шаардлага тавихгүй байхаар хоёр тал тохиролцсон юм.
Мөн шөнийн цэнгээний газар, амьд хөгжим, бүжгийн клубүүдийг хааж, бага ангийн сурагчдын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэхээ мэдэгджээ. Хонконгийн эрх баригчид мөн хоорондоо зай барих журмыг чангатгаж магадгүй байна.
 
Д.Жаргал
 
Эх сурвал: "Монцамэ" агентлаг