sonin.mn
 
 
 \Түүхчиддээ хандсан ил захидал\
 
 Монголын нууц товчоонд анхааруулсан “Олон хүн эвгүй аваас оорцог хүний идэш болмуй” гэсэн сургаалийг түүхч бид мөн ч их эш татаж лекц яриа, зохиол бүтээлдээ оруулан, хоорондоо эв эвдэрч, өс зангидахгүй явахын чухалтайг даяар монголчууддаа сануулж байдагсан.Гэтэл сүүлийн үест түүхчдийн дотор өөр зуураа мөчөөрхөлцсөн, өс өвөрлөсөн шинжтэй зохисгүй үйлдэл хэмжээ савнаасаа хальж нэгнийхээ эсрэг юу ч хэлж, юу ч хийхээс буцахгүй болтлоо дэвэрч буйд энэ тогоон дотор буй хүний хувьд бас энэ явган хэрүүлд нэр холбогдон буй түүхчийн хувьд санаа зовинон энэхүү ил захидлыг бичиж сууна. 
 Харамсалтай нь түүхч залуусын маань дотор өрнөсөн энэ маргаан онол- судлагааны, мэргэжил арга зүйн, чиг хандлагын, арга барилын ялгаанаас үүдсэн эрдмийн ажлын сэдэлттэй маргаан биш хүн хоорондын харилцааны үл ойлголцлоос үүдсэн явган хэрүүл шинжтэй, түүндээ бүхэл бүтэн түүхийн салбараа, хэн нэгнийхээ хийж бүтээснийг дөрөө гишгүүр болгон ашиглаж, тэр нь нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж, нийт түүхчдийн нэр хүндийг унагаж байгаад нь би харамсч байна. Би та нарыг бүгдийг нь маш сайн мэдэхийн хувьд хэдэн үг хэлэх нь миний үүрэг гэж бодож доорхи хэдэн зүйлийг мэргэн дүү нарын ухааны чагтагт уяв. Саруул оюундаа тунгааж авахыг нь авч гээхийг нь гээнэ бизээ.
1. Яг түүхийн салбартаа харьяалагдаад ном бүтээлээ туурваж, эрдмийн зэрэг цолоо хамгаалан нийтэд тал олж танил болсон түүхчид өнөөгийн байдлаар зуугийн дотор л эргэлддэгийг бид бүгд мэднэ. Мэдээж хүний амьдрал хойно хоорондоо таарамж сайтай муутай байдаг нь байх л зүйл гэж болох ч аливаа юманд хүрээ хязгаар, хүрэх хүрэхгүйн зааг, хэлж болох болохгүй үг, хийж болох болохгүй үйлдэл гэж бий. Үүнийг даан ялангуяа түүхчид бид мэдэхийн дээдээр мэдэж, мэдэрхийн цаагуур мэдэрч явдаг биз дээ. Маргаан өрнүүлэгсэд үүнийг умартжээ. Өөрсдөө түүхээсээ сургамж авсангүй. Тэгвэл бидний, “эвтэй найртай бай хүн ардаа, эв эвдэрвэл төр эвдэрнэ гэж Монголын түүх сургамж болон үлдээсэн юм шүү” гэх үгийг хэн сонсох юм бэ? Өөдөөс чинь –Та нар тэгвэл яагаад хоорондоо эвдрэлцэн дайсагналцаад байдаг юм бэ? гэж асуувал юу гэж хариулах вэ? Алсаа холхон харж алхам хийх ухаан дутаж дээ дүү нарт минь гэж ах нь гуниглаж сууна.
2. Бид эр улс. Ам зөрөх, гар зөрөх зүйл эрчүүдэд олон л тохиолддог. Та нар бол ачаа дааж, үг дааж, үйлдлээ цэгнэж чадах насанд аль хэдийн хүрсэн дөч гарсан эрс. Газар газар явж их ч юм үзэж уншиж, сайн мууг дуулж, туулж явсан нөхөд.
 
Нэг удаа аашны хурц, архины халуунд энгэр заамандаа хүрэлцээ л биз. Эвлэрч яагаад чадсангүй вэ? Эр хүн шиг ярилцаж яагаад түвдсэнгүй вэ?
 
Бидний залууд цусаа гартал зодолдож, мөчөө хугартал нүдэлдсэн ч маргааш нь эвлэрч сайдах орон зайгаа үлдээдэг л байсан юм даа. Гэтэл та нар яагаад эвлэрэл биш өширхөлийг сонгож нэгнийхээ мууг үзэх нь ялалт гэж эндүү ташаа бодоцгоох болов оо? “Жоомоо алах гээд гэрээ шатаах” гэсэн нэг үг байдаг. Нэг хоёр хүний үйлдлээс үүдэлтэй энэ маргаан хонзогнол чинь нийт түүхчдэд очиж наалдаад байна. Та хэд жудаг ханхлуулсан эр хүн шиг бай. Өөрийн эрх ашиг л дийлж байвал цаашид хөлд тааралдсан бүхнээ няц гишгэх шинжтэй үйлдэл гаргаж буйг чинь ах нь сэрэмжлүүж та нарт хүний жудаг ярьж байгаа юм. 
 
3. Түүхч, академич Чулуун ч тэр, түүхч доктор Анхбаяр, түүхч доктор Чинзориг ч тэр та нар бүгд үнэхээр сайн түүхч, чадварлаг эрдэмтэд, нэг үеийнхэн. Та нарын ажлын үр дүнд Монголын түүх судлалд их дэвшил өөрчлөлт гарах бөгөөд судлагааны ажлын өргөн фронт, дараагийн үеийн түүхчдийн залуу халаа үг үйлдэл бүрийг чинь харан хүлээж буй.
 
Нийгмийн шинжлэх ухаан, ялангуяа түүхч эрдэмтэдийн ажлын болон бүтээлийн оргил үе нь 45-75 насанд тохиодогийг бид сайн мэддэг дээ. Ингээд харахаар та бүгдийн бүх ирээдүй тухайлбал ажлын карьер, том амбиц, олонд танигдаж хүндлэгдэн алдар нэрийн оргилд хүрэх зам өмнө чинь л байна.
Түрүүлж хүрсэн нэгнийгээ бүү хойш нь тат, та нар нэг л гараанаас эхэлсэн. Чулуун зан чанарын хувьд мэдээж сөрөг талтай, омголон хурц хэдий ч хүний үг авчихдаг, муудахдаа муудаад сайдахдаа сайдчихдаг цайлган сэтгэлтэй нэгэн гэж би боддог юм. Та хэд уулзаад учраа олох гэж оролдсон уу, дэлгэцийн араас биш зэрэгцэж суугаад эрийн ёсоор ярилцав уу? Ах хүний хувьд хэлэх үгээ нүүрэн дээр нь шууд хэлж, загнаж зандарч байсан удаа надад нэлээдгүй бий. Түүнээс болж бид хоёрын харилцаа төдийлэн сайн биш болж байсан ч хэн хэндээ өс өвөрлөж сайн муугаа олны өмнө дуудалцаж явсангүй. Түүхчид дийлэнх нь гадарлана. Гэтэл нэгэн үеийн, нэг зүгт, нэг зорилготой явах ганцхан замтай, нэгдмэл үүрэгтэй та хэд эргээд уулзахгүй мэт авирлацгаах нь алсдаа Монголын түүхийн шинжлэх ухаанд гарзтай. Үүнийгээ ухаарч одоо эвлэрцгээ та нар. 
 
4. Чулуун бид хоёрын зургийг хятадын төрийн далбаагаар дэвсгэр хийж байгаад “Түүхээ худалдсан түүхчид” гэсэн нэртэй нэгэн гүтгэлэгт нийтлэл “Зууны мэдээ” сонины 2013 оны 3 дугаар сарын нэгэн дугаарт анх гарсан юм. Энэ бол түүх, архивтаа хайртай санаа зовиносон хүмүүсийн үйлдэл байгаагүй. Зорилго нь намайг Архивын ерөнхий газрын даргын албан тушаалаас буулгахад л ашиглах шалтаг байлаа. Энэ удаа тэр гарчгийг дахин ашиглаж Соёлын сайд Чулууны нэр хүндийг унагах зорилготой даанч увайгүй нэвртүүлэг хийсэнд би ихэд харамсаж хэвлэл болон нийгмийн сүлжээгээр хэдэнтээ тайлбар хийсэн билээ.
 
Бид хоёрын нэр хүнд төдийгүй нийт түүхчдийн нэр хүнд унаад байна цаана чинь. Миний бичвэр доорхи санал сэтгэгдлүүдийг түүхчид маань бүгд л уншсан байх. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж үг бий. Дахиад нэвтрүүлэг хийж Чулууныг бүр алаад өгнөө гэж цаад хүүхэн чинь нүүр номдоо бичсэн байна билээ. Дүү нар минь битгий энэ мэт ямар ч үнээр хамаагүй олонд танигдах гэсэн оорцог хүмүүсийн урхинд орж, мэхэнд унаа. Уужуу бай.  Их нь ичиж, бага нь уйлна гэсэн ардын үгийг сана. 
5. Нэгэнт эвдэрсэн эв нэгдэл дахин эвээ олох замдаа ямар их гарз хохирол амсдагийг түүхээсээ бид мэднэ. Халх Ойрдын хагарал ягтаа тулахад олон ноёд сая л учрыг ухан 1640 онд их чуулган хийж цааз хууль гарган эвээ олохыг хичээтэл оройтсон байсныг мартаагүй биз?! Тусгаар тогтнолоо олж улс гэрээ байгуулах гэж явах тэмцлийн замдаа хар, шараараа талцан тэмцэлдэж хятад, оросын идэш болсноо санаж байгаа биз?! Ахмад үеийн Монголын ХХ зууны толгой түүхчид намын үзэл суртлын номлолын золиос, хоорондын өчүүхэн үл ойлголцлоос болж нэг нэгнээ буруутган хэмлэж зохиол бүтээлийг нь хориглон, нэр хүндийг нь сэвтээж, аж амьдарлыг нь хохироож байсныг мэдэж байгаа биз?! Эцэст нь хэн хохиров, хэн хожив. Бодоод үзээрэй мэргэн дүү нар минь. 
 
 Санал
 
Түүхчид минь, хөнжилдөө орох завгүй хөнөөлдөн тэмцэлдэхээ больё, хүн амьтаны доог болж гүйцлээ. Тогоондоо учраа олж, хужираа тунгаацгаая. Хөл хорионы дараа түүхчдийн нэгдсэн зөвлөлгөөн хийхийг би та бүхэнд санал болгож байна. Тэр зөвлөлгөөнөөсөө түүхчдийн холбоо, нийгэмлэгээ шинэчлэн байгуулья. Хамтран ярилцаж, зөвлөн тунгаадаг шинэ гарц хайж олъё. Нэг нэгнээ муучлан гутааснаар нэг нь сайн болж нөгөө нь муу болдоггүй юм шүү. Эе эвээ хичээе. Үүнээс хойш түүхчид жалгын хэрүүл маргаан биш эрдмийн сэдвийн мэтгэлцээнээр байр суурь нэр хүндээ өсгөх аянд мордъё. Түүхийн судлагаа, сургалт явуулдаг байгууллагуудаас төлөөлөл гарган зөвлөлгөөн хийх бэлтгэл ажил хийе. Та бүхнийг уужуу ухаан, холч бодол гарган салбарынхаа эрх ашгийн төлөө нэгэн биеийн эрх ашгийг умартаж чадна гэдэгт би итгэж байна.
 
 Монгол улсын төрийн соёрхолт, түүхч доктор Харцага Балдир  овогт Дэмбэрэлийн Өлзийбаатар.