sonin.mn

Түүний нэрийг нь сонсож байснаас барааг нь харж байсангүй. "Гурван хөх чулуу" зохиол нь их алдартай. Баруун Монголоос гаралтай нэг тийм романч гэж халти сонссоноос өөр олигтой мэдээлэл надад байсангүй. Түүн рүү тавантаа залгалаа. Ажил ихтэй, ийш тийш нисч бууж явдаг хүн бололтой. Миний яриа ярилцлага авах ч өнгөрлөө хэмээн бодож ээ суутал мань хүн "Манайх танай хажууханд. Гэрт хүрээд ир" гэж байна. Давхиад очлоо.

Мухрын өрөөгөө "албан контор" маягаар засчихсан, түүний яриаг сонсож суухдаа "Базарын Цэдэндамбаа гуайтай яасан ч адилхан өнгөөр ярьдаг хүн бэ дээ" гэж бодож билээ. Монголын их утга зохиолын XX зууны хүүрнэл зохиолын томоохон төлөөлөгч, эрдэмтэн зохиолч Дамбын Цэмбэл 1945 оны сүүл өвөл цаг дор Увс аймгийн Хяргас суманд төрж, хар багаасаа гүжир аж төрөлд нухлуулж хүн болсон аж.

 "Сургуулийн" гэсэн үгээр овоглосон Д.Цэмбэл сумандаа бага сургууль, Улаангом хотын 10 жилийн дунд сургууль, МУИС-ийг /1969/ "Монгол хэл, уран зохиолын багш" мэргэжлээр дүүргэжээ. Монголын радиогийн гадаад нэвтрүүлгийн ерөнхий редакциас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр Монголын залуучуудын хэвлэлийн нэгдсэн редакц /1975-1985/, Москва хотод тусгай сурвалжлагч /1985-1991/, "Залуучуудын үнэн", "Засгийн газрын мэдээ" /1991-1996/ сонинд хариуцлагатай редактор, нэгдүгээр орлогч эрхлэгч, ХУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгчээр тус тус ажиллаж байв.

Доктор, профессор цолтой. Монголын Уран зохиолын академийн жинхэнэ гишүүн. "Ногоон цэцэг" /1979/, "Амарсанаа" /1984, 2009/, "Гурван хөх чулуу" /1987/, "Галдан бошгот хаан" / 1994/, "Золиос" /1996/, "Шенө дунд сэрээнэ" /2002/ хоёр дэвтэр романууд, "Ангийн тоо гүйцсэн нь", "Дөрвөн цагийн аялгуу" /1981/, "Цасан цагаахан хун" / 1982/, "Зорголын ногоон толгод" /1987/, "Хүүхэлдэйн вант улс" /2008/ зэрэг олон арван тууж, үгүүллэг, бэсрэг роман, эрдэм шинжилгээний бүтээлүүд туурвижээ.

Д.Цэмбэлийн бүтээлүүд нь ОХУ, БНХАУ болон Ази, Европын олон орноо хэвлэгдэж, уншигчдын хүртээл болсон байна. 1985 онд ЗСБНХУ-ын Сэтгүүлчийн холбоо, хэвлэлийн "Новости" агентлагаас хамтран зарласан Олон улсын утга зохиолын уралдааны тэргүүн байрын шагналыг хүртэж байсан уран бүтээлч. "Амарсанаа" түүхэн романаараа 2003 оны МЗЭ-ийн нэрэмжит шагнал, засаг төрөөс Монголын оюун санааны салбарт оруулсан жинтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монгол улсын "Соёлын гавьяат зүтгэлтэн" хэмээх эрхэм дээд цолоор Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн түүхт ойгоор тус тус хөхиүлэн шагнасан ажээ.

-Холын аяндаа шувуу шиг сайхан нисээд хүрээд ирэв үү?

-Сайхан явлаа. Хайнань очно гэсэн чинь Тайланд явчихаад ирлээ. Гэтэл хүүхдүүд Тайландын Букет арлыг сонирхуулах сюрприз барьсан юм байж. Уг нь би Тайландад гурван ч удаа очсон. Букетэд очиж байгаагүй. Сая очлоо. Гайхамшигтай сайхан. Есхөн жилийн дотор үсрэнгүй хөгжчихөж. Уртаашаа 30, өргөөшөө зургаахан км, тийм л арал. Цагаан тугалгаа олдворлож, экологид аюулгүй технологиор боловсруулдаг юм байна.

-Тайланд чинь хамгаа гадныханд эзлүүлчихээд, эрчүүд нь таксины жолооч, авгай нар нь биеэ үнэлдэг ажилтай гээ биз дээ.

-Туйлын худлаа байх аа. Далайн эрэг орчмоороо ДОХ элбэг. Гадныханд зориуд анхааруулдаг юм билээ. Их сонин орон. 1930-аад оноос 1962 он хүртэл 17 удаа төрийн эргэлт хийсэн газар. Хамгийн сүүлд авлига, хээл хахууль газар авч, эх захаа алдсан. Ийм нөхцөлд хяналт, хариуцлага ,хоёрын тухай ярихын ч хэрэггүй. Ерөнхийдөө одоогийн манайх шиг болчихгүй юу. Тэгэнгүүт Нийгмийн хэв журмыг дэмжих үндэсний зөвлөл гэдэг иргэний хөдөлгөөний байгууллага төрийн эргэлт хийж гарч ирсэн. Одоо манай томчуулыг хар. Хэн дуртай нь дуртай юмаа хийдэг, ямар ч хяналт, хариуцлага байхгүй.

-Уран бүтээлээ эхэлсэн тэр л цагийн дурсамжаа сэмлэх үү?

-Энэ тухайд бүх л уран бүтээлчид адилхан байдаг. Анх бусдын адил шүлэг бичиж эхэлсэн. Анхны маань багш радиогийн сурвалжлагч Пэлдэн. Дараа нь эрдэмтэн зохиолч Ш.Гаадамба, МУИС-ийн Шархүү багш байна. Хэд хэдэн роман, тууж бичлээ. Бүгдэд нь зүрх сэтгэлээ шингээсэн. Хамгийн сүүлд "Хүүхэлдэйн вант улс" бэсрэг роман бичсэн. Хүмүүс юм уншихаа больж.    Уншихгүй болохоор юу ч ойлгохгүй.

-"Галдан бошгот хаан" гэдэг таны том роман хэвлэгдсэн. Д.Жамъян ах бошгот хааны тухай "Цорс" романаа ч хэвлүүллээ. Уншиж үзэв үү?

-"Чоно"-ын Жамъян уу? Сүүлийн уед надтай холбоо тасарчихаад байгаа нөхөр. Ер нь аливаа зохиолыг хэн нэг нь маш сайн бүтээл болж гэж баримт нотолгоотой шуугиан дэгдээхгүй бол би барагтаа номыг уншдаггүй юм. Надад тийм зав чөлөө алга.

-Та сая "Амарсанаа"-г дахин хэвлүүллээ. Цаг үеийг бодолцон зарим нэг үзэл сурталд тохируулсан зүйлээ хасах маягаар нэмэн засварласан уу?

-Би "Амарсанаа" романыг үзэл суртлын талхинаас зугтаж хийсэн юм. Жамсранжав гээд л хөгшин арслангууд "Энийг хас, тана" гээд л няхуур үзнэ. Ер нь түүхэн зохиолд үзэл суртал нөлөөлөх ямар ч аргагүй. Түүхэн зохиол бичнэ гэдэг тухайн хувь хүн, үйл явдалтай холбоотой бүх баримт, сурвалжийг уншиж, дүн шинжилгээ хийх хэрэгтэй.

-Тэртээ 1985 онд та Москвагаас зарласан Олон улсын уран зохиолын уралдаанд тэргүүн байрт шалгарч байсан. Тэр тухайгаа тодруулж яриач.

-Нэг уран сайхны нийтлэл бичиж илгээсэн юм. Тэгсэн чинь тэргүүн байрыг нь эзэлчихсэн. Олон улсын 300 гаруй зохиолч оролцсон том уралдаан. Тэгээд тэр зохиол маань 14 орны хэл дээр орчуулагдан хэвлэгдэж байлаа шүү дээ.

-Цэмбэл гэдэг хүн ер нь их нууцлаг аж төрөх юм. Өнөөгийн зохиолчид өөрийг тань бараг мэдэхгүй. Ухаандаа би гэхэд л таны гэгээн дүрийг сая л олж харж байна.

-Томчуултай нийлээд, саваад яваад байсан явдал надад огт байхгүй. Би үеийнхэнтэйгээ гайгүй л байдаг шүү дээ. Ер нь байнга л хамт байж, дурсуулахын тулд хүн амьдардаггүй биз дээ. Юмаа сайн хийгээд, дуугүй яваад байсан нь дээр. Цэнджав маягийн улсууд намайг зайдуу, хөндий гэж бодож явдаг байх. Би долоон жил гадаадад байлаа. Өөрчлөн байгуулалтын үед Улс төрийн товчооны томилолтоор зургаан жил Москвад ажилласан.

-Баруун Монголын алдарт яруу найрагч Санжжав агсныг мэдэх үү?

-Аа, тэр их хүнтэй уулзалгүй яахав. Яг үнэндээ би түүнийг гудамжны хүн болчихсон үед нь өрөвдөхийн эрхээр уулзаж, Шар тайлах мөнгө өгдөг байсан. Энэ долдугаар гуанзны тэнд чинь маш хир дагь болсон цагаан цувтай "Би Монголын яруу найрагч Санжжав байна" гэж хоёр гараа зангидчихсан орилоод зогсож байдаг байж билээ, хөөрхий. Тэгтлээ доош орсон нь олон учир шалтгаантай байх. Архинд донтсон байж болно. Авьяаслаг учраас хэт биеэ тоосон байж болно.
Нэр төр, сэтгэлийн хөөрөл хоёроо хутгачихсан байж болно. Агуу их орчуулагч С.Сандагдорж бид хоёр их сайн найз байсан. "Араатны жимээр", "Гаргантюа, Пантагрюэль", "Өвгөн, тэнгис хоёр" гээд 30 гаруй алдарт зохиолыг монгол хэлнээ орчуулсан. Гайхалтай авьяастай сэхээтэн. Мань хүн "Тууврын замд" гэдэг тууж бичээд буруутсан. Юу гэхээр Монголын хонь хил дээр очоод нутгаа эргэн хараад майллаа гэсний төлөө үндэсний үзэл ханхлуулав хэмээн шийтгэсэн.
Бүр Увсад дунд сургуулийн математикийн багшаар цөлсөн. Сүүлд нь архинд ороод их аймаар болсон. Математикийн багшаа гудамжны цэвэрлэгч гэж андуурсан, би.

-Дорных их найрагч Р.Чойномын тухайд та юу үгүүлэх сэн бол?

-Над дээр байнга ирдэг байлаа. Маш олон сайхан хүнтэй би тэр хүнийг танилцуулсан. Өнөөдөр би Чойномын найз байлаа гэсэн улс их олон болсон байна. Би өдий болтол нэг ч дуугарсангүй. "Цэмбэлд баярладаг шүү" гэж Дорноговийн Чулуунбазар бичсэн байна лээ. Чойном нэг хэсэг орон гэр ч байхгүй, айлаас айлд хоног төөрүүлж явсан. Тээр жил энэ "Улаанбаатар" зочид буудалд хушин шар өнгөтэй, адууны шээс шиг амттай нэг их муухай пиво зардаг байлаа.

Би цангахын эрхээр тэр пивоноос аваад ганц балгаад буцаагаад бөөлжчихөж билээ. Эхэн үед тийм мэдрэмж өгөвч сүүлдээ уугаад сурчихаар амтанд нь орчихно. Тэгээд тэнд л анх    Чойномтой тааралдахгүй юу. Очиж мэндлээд "Алтай" гэдэг найраглалаас    нь хэсэгчлэн уншиж өгч байж билээ. Мань хүн их баярлаж байна. Уулаа. Оюутны байрандаа дагуулаад ирлээ. Гадаад оюутнуудаас архи зээлээд, 407 тоот өрөөнд хэд гурав хонож билээ. Миний хаалган дээр наалттай бугын зургийг харж байгаад "Бугын дуун" гэдэг нэртэй шүлэг бичиж билээ.

Тэр нь одоо аль номонд нь орсон байдаг юм бол. Ш.Сүрэнжав дараа нь Р.Чойномыг дагуулаад манай сургууль дээгүүр ч очно. Гэрт маань ч хүрээд ирнэ. Тэр үед Чойномтой цуг яваа хүн хэрэгт орох нь холгүй байсан цаг. Намайг сонинд ажиллаж байтал Чойномын авгай гэнэ үү, нэг хүүхэн над руу утасдаад "Сүрэнжав номыг нь гаргаад мөнгийг нь хулхидчихлаа" гэдэг байгаа. Би уурласан. Хүнд буян болсон хүнийг та тэгж болохгүй гэж.

-Та Чойномоор зураг зуруулдаггүй юм аа гэхэд дөрвөн мөрт бичүүлээд авчихгүй.

-Яалаа гэж тийм юм санаанд орохов дээ. Залуу ч байсан, төдийлөн ач холбогдол өгдөггүй байж.

-Таны их ойрын уран бүтээлч анд гэвэл хэнийг нэрлэх сэн бол?

-М.Цэдэндорж байна. С.Надмид бид хоёр чинь их сүрхий шүү дээ. Их ухаалаг, гоё хүн. Даанч цагаасаа эрт явчихлаа. М.Цэдэндорж бид хоёр бүр цуг ажиллаж байсан. Арван хуруу тэгш хүн байж. Маш их мэдрэмжтэй. Гэрт нь би очно. Манайд байнга ирнэ. Архидах гэж очихгүй уран бүтээл ярих гэж очно.

-Яг одоо та Хүмүүнлэгийн их сургуульдаа багшилж байгаа юу?

-Одоо больсон. Саяхан ажлаа өгсөн. Надад хийх юм маш их байна. Чи энэ ширээн дээрх юмыг харж байна уу. Сургуульд ажиллаж байхад "Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч мөртлөө Цэмбэл чинь зэрэг хамгаалаагүй юм билээ" гэсэн яриа гарч чихэнд сонсогддог юм байна. Гэнэт уур хүрээд "Энэ нусан журуудын дор нь орно гэж хаашаа харсан юм байдаг юм. Тийм цол хэрэгтэй юм бол авчихъя" гэж бодоод л дор нь доктор, профессор болсон.

-Сургуульд эрхлэгч байхад чинь манайхан их очиж байв уу?

-Хар мянгаараа ирнэ. Зарим нь загнуулаад гардаг байсан. Д.Цоодол, Д.Төрбат хоёр байнга ирнэ. Гэхдээ эд шар тайлах гэж ирэхгүй. До.Цэнджав бид хоёр хамт ажилладаг байлаа. Хааяа П.Пүрэвсүрэн маань ирнэ.

-Энэ ширээн дээрх бичвэр дээрээ яг одоо ажиллаад байгаа хэрэг үү?

-Юм бичье гэж санагдаад. Би их чухал үед амьдарч байж. Хүйтэн дайн, өөрчлөн байгуулалтын үед. Энэ бүхнийг юм болгоё гэж санаад сая нэг хэсэг эмнэлэгт байхдаа баримтат уран сайхны зохиол маягийн юм эхэлчихлээ. Миний амьдарч байсан цаг үе туульсын эрин байж.

-Туульсын эриний бичээс төгс төгөлдөр болох болтугай! Мартсанаас гэрэлт хонгор бага насаа дурсаач.

-Намайг бүр багаас "Сургуулийн" Цэмбэл гэж нэрлэдэг байсан. Хар нялхаасаа өнчирч, сургууль надад дэвтэр, харандаа цохож өгдөг байлаа. Гэр орон байхгүй. Ганц нэг хамаатан садныдаа хоног төөрүүлнэ. Бүр Хяргас суманд. Дээл хийж өгсөн айлд хурга хариулж өгнө. Сургууль орохоор шар будаагаа идчихнэ. 1961 оноос шүлэг бичиж эхэлсэн дээ. Мэдрэмж маань намайг утга зохиолд хөтөлж хүргэсэн хэрэг. Хотод оюутан болж ирээд Явуухулан, Найманжин гэдэг улсын барааг хараад сүрдэж билээ.

-Та чинь орос гэргийтэй юм уу. Хоорондоо та хоёр түрүүн нэг хачин орос моросоор хөөрөлдөөд байна лээ.

-Биш ээ биш. Царайг нь хараа биз дээ. Нэг муу халимаг хүн байгаа биз дээ. Монгол, тэр дундаа дөрвөд хүн. Оросын халимаг. Гэхдээ би Халимагаас олж ирсэн юм биш. Халимагаас ирж намайг олж авсан юм. Миний анхны хань. Бид хоёр чинь 40 гаруй жил аж төрж байна. Надад гурван сайхан хүү төрүүлж өгсөн. Нэг нь Токиод байна. Нэг хүү маань өнөө маргаашгүй Тайландад ажиллахаар мордох гэж байна. Бас нэг хүү маань "Жайка"-гийн дэргэдэх Японы зөвлөх компанийн суурин төлөөлөгчийн албатай.

-Өөр хүнээс гарсан хүүхдүүд чинь?

-Тийм юм байхгүй ээ. Ёстой юу ч байхгуй. Хэдэн роман байна.

-Романыг одоо хүн уншдаг юм уу?

-Уншиж байна аа. Ялангуяа миний түүхэн романыг маш их уншиж байна. Сэтгэл маань их өөдрөг байгаа. Харамсалтай нь манай зохиолчид уншдаггүй юм. Би муулж байгаа юм биш. Зохиолч нөхөддөө их гомдож явдаг юм. Тэд том том шагналдаа хүлэгдээд, цаг үетэйгээ зохицон амьдрах дуртай болчихож. Би бол өөрчлөн амьдрах дуртай. Гэтэл манай зохиолчид өөрчлөх бүү хэл улам тал засаад л, зохицоод л...

Тэгж байснаа бүтээгдэхүүн, бараа сурталчилгаанд оччихсон "Ямар сайхан сүү, будаа вэ" гэж үглэсэн улсууд болж. Зарим нь импортын барааны зарлагын самбар дээр ч зураг нь тууж явах шиг. Ингэж болохгүй. Зах зээлийн арилжаа хүртэл элэг барьдаг болсон байна шүү дээ. Амьдарна гэдэг зохицох биш өөрчлөх. Би уран бүтээлээрээ яс махнаасаа тэмцсээр ирсэн хүн. Хойно ажиллаж байхдаа хүртэл ингэж зоог барив гэсэн нэг ч хүлээн авалт бичээгүй. Дэмий хэрэг. Харин хачин сонин хүмүүстэй уулздаг байсан. Тухайлбал Расул Гамзатов, Лев Гумилёв, Олжас... бүгдтэй нь уулзаж, ярилцлага авч байлаа.

-Монгол улсынхаа тухай таны дотоод бодол?

-Энэ улсыг доргиох хэрэгтэй. Тэгж доргиохгүй л бол үндэстэн маань мөхнө. Нөгөө Гумилёвын надад хэлснээр үсрээд 500 жил л оршин тогтноно гэсэн үг. Монголчууд унтчихсан байна. Соёмбон дээрх загас шиг нүд нь хараатайгаа байх юм. Үгүй ээ мөн, удаан унтлаа. Бид нэг зуун жил унтах гэж байна. Шашин ийм болгочихов уу, эсвэл оросууд уу? Хоёулаа ч байж магад. Чингисийн удам дэлхийн хагасыг эзэлсэн гэхэд одоо ч би эргэлздэг. Яаж ийм хүмүүс тийм түүхийг бүтээсэн юм бол.

Улс төрийн эр зоригтой нэг сайн удирдагч төрөх байх. Одооны энэ төрд байгаа улсын хэн нь ч биш юм шүү. Энэ муухай хар хахууль, авлига гээч юм чинь улсыг маань бүтэн багалзуурдаад алж байна. Улс төрчид монголчуудын мэдрэмж, сэтгэхүйгээр их тоглолоо. Хар амиа хичээгч нар муухай муухай амлалт хэлж Их Хурал руу шургалж байна. Амлалт гэдэг бөгснөөс гардаг муу үнэрээс ч илүү хор хөнөөлтэй, аймшигтай хорлонтой эд юм. Ард түмэн нойрноосоо сэрж байж л бүх юмыг зохих байранд нь тавина. Ард түмэн гэдэг үнэхээр их зовлонтой. Харанхуй хар масс юм.

-Монголчууд энэрэнгүй сэтгэлт, гэгээлэг ард түмнээс шууд харх болж хувирлаа. Хаа сайгүй гадныхантай нийлж ариун дагшин газар шороогоо ухаж төнхөн улайрч эхлэв шүү. Ямар гээчид бузарлагдахаараа ингэдэг байна аа хэмээн хөгшид залбирч сууна.

-Уул уурхай бол туйлаас буруу. Энэ бол бодит аюул. Дэлхийд экологид аюулгүй технологи гэж бий. Гэтэл манайхан уул уурхайг хамгийн харанхуй, адал балмад, энэ зууны эмгэнэл болохуйц хэмжээнд олдворлолт явуулж байна. Энэ хувийн эрх ашгийг нэгд тавьчихсан улсаас Монголын төр салах ёстой. Тэдэнд маш хатуу харгис хариуцлага тооцох ёстой. Эд л муу ёрын цаг үеийг эх нутагт минь чирч ирлээ. Бид сэрвэл аврагдах амархан.

Энэ сонгуулиар буруу хүнд санал өгчихөөд Монголын ард түмэн амьдрал минь муу байна гэж хэлэх эрх байхгүй шүү. Буруу сонголт хийвэл ёстой өөрсөддөө гомд. Би лав хохь чинь гэж хэлнэ. Өнөөдөр тэнгэр заяат монголчууд дээдсүүдийн шавхруу    долоож амьдарч байна. Өөрсдөө ийм байх сонголтоо 2008 онд хийсэн биз дээ.

-Цас ханзарч хавар ирлээ. Энэ хавар Монголын хавар болох болтугай! Мөдхөн зун цаг ирнэ. Та яах вэ?

-Урьдын адил аян замдаа гарна. Хагийн нуур луу явганаар аялдаг шигээ баруун, зүүн тийш явганаар аялна. Бас машинаар явна. Би олон улсаар зочилсон.
Дэлхийд гайхамшигт газрууд байдаг гэдэг ч Монгол шиг байгальтай нь хаана билээ. Би Мянганы замаар явж байхдаа ч баяртай байдаг. Н.Энхбаярыг муулж болохгүй, нүгэл болно. Монголчуудыг өрнөөс салгаж өгсөн. Эд сая ахиад 10 тэрбум долларын өрөнд улсаа оруулчихлаа. Би Булганы Уньтын Харганын гол руу очих дуртай. Манай Л.Содов зохиолч төрсөн газар. Гайхалтай.

-Тэгвэл Монголын маань хүүхнүүд Азидаа гоо үзэсгэлэнгээрээ бас гайхуулдаг биз дээ?

-Монгол бүсгүйчүүд гайхалтай гоё болж байна. Ахуй орчноосоо үүдэлтэй байх. Евроазидаа бараг нэг хоёроор жагсана шүү. Дандаа нар салхи бараадаад явдаг байсан үед манайхан эр эмгүй Робинзон Крузо шиг байлаа шүү дээ. Гадаа гандаж, хөдөө хөлдөж явсан хүн царай зүс гунддаг. Бодит үнэн энэ. Охид сайхан болохын эрхээр эр хүүхдүүд их муудаж байна. Бүгд л хаврын нэг тийм хурган хуц шиг болцгоочихож. Цаагуураа ясны тамир нь сул. Дээрээс нь монгйл хүний мөс их муудаж байна. Манай албан тушаалтнууд эхлээд хүн болох хэрэгтэй. Хүн болоогүй сайд хүний мөсгүй шийдвэр хүний эсрэг гаргана.

-Ирэх сонгуульд дуучид, бөхчүүд, эрүүгийн элементүүд... ер нь бүгд дэвшиж, ялах итгэл найдвараар дүүрэн байгаа юм биш үү?

-Тэр чадахгүй байх аа. Ер нь ялах, унахыг нь бид л шийднэ. Тэр эх оронч түшээ гэгдээд байгаа арваад нөхөр гарвал гарна биз. Тэр З.Энхболдыг би шүүмжлээд л байсан гайгүй шударга хүү юм шиг. Тэр Нийгмийн даатгалын Эрдэнэ зөв сэтгэлтэй, зөв юм ярьдаг мэт боловч ёс суртахуунгүй золиг юм шиг байгаа юм. Ер нь орчин үеийн улс төрчид төлөвшил, сайхан сэтгэлгүйгээр явахгүй.

-Бас нэг зүйл тодруулъя. Энэ хятад, оросын эрлийз улс төрчдийн элэг буруу бодол нь үнэхээр цусанд нь хадгалагдаж байдаг гэж үү. Ямар ч байлаа элэнц өвөө нь хулгайч байсан бол гуч нь хулгайч л байдаг юм гэнэ лээ.

-Арга байхгүй. Цаад цусаа ёс юм шиг өвлөж авдаг. Эртний арслан зааныг хувилаад гаргаад авна гэж байна. Тэр ясанд нь нэг юм үлдчихсэн байгаа    болохоор
эрдэмтэд ийн итгэлтэй үгүүлээд байгаа биз дээ. Яс, цусанд байгаа мэдээллийг юу ч хусч чадахгүй. Гэхдээ орос, хужааг буруутгах хэрэггүй. Бид өөрсдийгөе хараах хэрэгтэй. Сүүлийн үед хүүхнүүд засаг барина гэнэ үү. Энэ бол цэвэр солиорол. Би хэлсэн хэлээгүй хүмүүс мэддэг байх. Эмэгтэй хүн гоо сайхан, оюун ухаанаараа гайхуулж, үр хүүхдээ төгс сайхан хүмүүжүүлж, эр нөхрийнхөө түшиг тулгуур болж явах заяатай улс.

Эм хүнийг улс төрд оруулж болдоггүй гэдэг чинь бүүр эртнээс улбаатай. Агуу их Мин улсын төр эм хүнээс болж мөхсөн гунигт түүхтэй. Эм хүн гэдэг нэг буруу тийш явбал бүгдийг орвонгоор нь эргүүлнэ. Ганц нэг сайн эмэгтэй хүн улс төрд гарахыг үгүйсгэх аргагүй. Тетчер, Мандухай шиг хүүхнүүд хэдэн зуун саяд нэг л байдаг байх. С.Удвал гэж сайхан эмэгтэй байлаа.

Тэр хүнтэй би 1986 онд Ленинградын Зохиолчдын бага хуралд очиж байлаа. Яруу найргийн уралдаанд нь Удвал гуайн "Боря минь" шүлэг тэргүүн байр эзэлж, бүх хүн гарын үсэг авах гэж хуйлраад дайрч байсныг би тод санах юм. Тэнд би Гумилёв, Кугультинов тэргүүтэй Оросын томчуултай ёстой архидаж байлаа шүү дээ. Гэтэл Удвал гуай намайг урьсангүй гэж гомдолтой байх шиг байна. Маргааш нь бас нэг арга хэмжээ зохион байгууллаа.

"Утга зохиолын сан"-гийн нэгдүгээр орлогч, Төрийн шагналт зохиолч Карпов ирсэн шиг санагдах юм. Тэр үед "Хуурай хууль" гарчихсан, архи хориотой байлаа. Удвал гуай ороод ирлээ. Уул нь дарс уудаг хүнд хатуу архи хийгээд өгтөл нэг татчихаад, тайвширсан бололтой амрахаар яваад өгсөн дөө. Тэр их хүний сүүлчийн томилолт байсан. Тэрнээс хойш С.Удвал гуай томилолтоор яваагүй.

-С.Удвал ахайтанг МЗЭ-ийн дарга байхад манай зохиолчид их айж эмээдэг байсан юм гэнэ лээ.

-Айх биш юм аа, хүү минь. Хүндэтгэж байхгүй юу. Айх шал өөр ойлголт. Муухай юмнаас айхаас сайхан юмнаас айна гэж юу байхав. Дараа нь Цэдэв дарга болсон байх шүү.

-Цэдэв гуай та хоёр хэр ойр дотно байв?

-Энэ муу Д.Гармаа надтай нэг удаа уулзаад "Цэмбэл ээ, чи Горькийн дээд курст яваач. Хоёрхон жил болоод л хүрээд ирнэ шүү дээ" гэхээр нь эхнэртэйгээ ярилцаж    байгаад Москвагаас хадмынх ойр юм чинь явъя гэж шийдээд Цэдэв дээр орсон. Тэгсэн чинь өөдөөс "Чамайг би мэдэхгүй. Дээгүүр шийдсэн юм бол тэрүүгээрээ шийднэ биз. Надад падгүй" гэж нохойтоод хөндлөн суучихаж байсан нь санаанаас гардаггүй юм. Иймэрхүү талдаа нохой байх аа, цаадах чинь.

Жа.Баяраа
Эх сурвалж: "Утга зохиол, урлаг"