sonin.mn
1913 оны "Таван замын байлдаан"-ыг Манлай баатар Ж.Дамдинсүрэнгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Тийм учраас уг байлдааныг удирдан зохион байгуулагчийн нэг, Хаант Монгол Улсын Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны эрхлэн зөвлөх сайд, Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн тухай болоод уг байлдааны тухай сонирхолтой баримт бичиж ирүүлсэн доктор, профессор Г.Мягмарсамбуу, дэд профөссор И.Чинбат нарын өгүүллийг нийтэлж байна.
 
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал (ҮЭЧХ)-аар төрөн гарсан төр, цэргийн нэрт зүтгэлтэн, домогт жанжны нэг бол Дайчин улсын Бүрэн засагчийн аравдугаар (1871) он, цагаагчин гахай жилд Хөлөнбуйрын Шинэ барга зүүн гарын Шулуун цагаан хошууны гутгаар сумын нутаг Цагаан хошуу хэмээх газар буюу Оршуун голын зүүн талд хүй цөглөн мэндэлж, монгол цэргийн түүхнээ Манлай баатар хэмээн алдаршсан Ж. Дамдинсүрэн юм.
 
Түүний өвөг дээдэс нь Халхын Сэцэн хан аймгаас Хөлөнбуйрт нүүн очсон ."хүйцлэг" хал (овог-Г.М)-тай хүмүүс байсны дотор түүний өвөг Өлзий нь хөөгч албатай явсан бол эцэг Жамсран нь ерийн сумын занги (ерийн сумын занги гэдэг нь үе улиран залгамжилсан бус, харин тушаалаар томилогдсон занги юм) тушаалтай, барга ардын дунд "Эмгэн занги" гэж алдаршсан, мал хөрөнгө сайтай хүн байжээ.
 
Ээж Удвал нь ааш зан, царай зүс сайтай бүсгүй байсан бөгөөд тэд 5 хөвгүүн, 4 охин төрүүлж өсгөсний 3 дахь хөвгүүн нь Дамдинсүрэн ажээ. Манлай баатар Дамдинсүрэн багаас түргэн зан, хатуу үг, чанга зориг, сэргэлэн ухаанаараа ах дүү нарынхаа дотроос эрс ялгарч байсан учир долоо, найман настайдаа хошууныхаа "Луу бичээч" гэгчид шавь орж, манж, монгол бичигт идэвхийлэн сурахын зэрэгцээ хятад хэл гадарлах болсноор 14 настайдаа харьяат Бүгдийн даргын яамны туслах бичээч, 20 насандаа Шинэ барга зүүн гарын Бүгдийн даргын яаманд жинхэнэ бичээч,
 
32 насандаа тэргүүн бичээч, мөн жинхэнэ бичээчээр 6 жил ажиллаад орлон хөөгчийн албан тушаалд томилогдон ажилласан нь төр улсын хэрэгт есөн төлөвшихөд чухал нөлөө үзүүлсэн нь дамжиггүй юм. Мөн орлон хөөгчөөр 4 жил ажилласны дараа Дамдинсүрэнг Бүгдийн даргын яамнаас шалгаруулж, сумын зангид тохоон томилохоор Бээжин тийш манжийн эзэн хаанд бараалхуулжээ.
 
Чухам энэ үеэс Дамдинсүрэнгийн төр, цэргийн үзэл бодол төлөвшин тогтож, эр цэргийн эрдэм ухаанд сонирхон, байлдах дайлах арга ухаанд шамдан суралцаж эхэлсэн нь хожим түүний Монгол улсынхаа тусгаар тогтнолын төлөө нэгэн үзүүрт хоёргүй сэтгэлээр хатамжлан зүтгэсэн гайхамшигт амьдрал, тэмцлийн эхлэл болсон түүхтэй ажээ.
 
Манлай баатар Дамдинсүрэнгийн төр, цэргийн үзэл санаа төлөвшин тогтоход тухайн үеийн Монголын нийгэм-улс төрийн гадаад, дотоод ээдрээ төвөгтэй байдал хийгээд нэгэн цаг үеийн төр, шашин, цэргийн нөлөө бүхий удирдагч, эх оронч зүтгэлтнүүд болох ХVIII Богд Жавзундамба хутагт, Чин ван Ханддорж, Хатанбаатар Магсаржав, Ялгуун баатар Сумъяа, Зоригт баатар Тогтох, Шударга баатар Бавуужав нарын үзэл бодлого, үйл ажиллагаа нэн чухал нөлөө үзүүлсээр ирсэн байна.
 
Учир нь Дамдинсүрэн тэдний нэгэн адил өөрийн бүхий л амьдрал, тэмцлээ төр улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн бэхжүүлэхэд насан туршид чин үнэнчээр хүчин зүтгэж, харийн түрэмгийллийн эсрэг удаа дараагийн томоохон байлдаан тулалдааныг удирдан оролцож явсан билээ.
 
Энэ тухай академич Ш.Нацагдорж "Түүний бие ганцхан баргын дотор болж байсан явдалд сэтгэл зовж байсан бус зэргэлдээ Халх нутагт болж байсан явдалд сэтгэл зовж, хэрхэж байгааг мэдэхийг хүсч байсан байна. Тэрбээр хятадын шинэ засгийн бодлогыг зевшөөрч чадахгүй хэмээн эсэргүүцэхээр барахгүй шууд манж, хятадын эрх мэдлээс тусгаарлан гарах бодлогыг баримталж байсан.
 
Ийм учраас Халх Монголд болж байсан үндэсний эрх чөлөөний хувьсгалын үйл явцыг тасралтгүй сонирхож байсан болой" гэсэн байна. Энэ хугацаанд Ж.Дамдинсүрэн 1911 онд Хөлөнбуйрт өрнөсөн үндэсний эрх чөлөөний тэмцлийг оройлон удирдсаны зэрэгцээ 1912 онд Хөлөнбуйрын баргын төлөөлөгчдийг тэргүүлэн Нийслэл хүрээнд ирснээр 1911 оны ҮЭЧХ-ын төлөөх тэмцлийг эхнээс нь дэмжиж, 1912 онд Ховдыг чөлөөлөх байлдаан,
 
1913 оны Өвөрмонголыг чөлөөлөх "Таван замын байлдаан"-ы ажиллагааг тус тус амжилттай удирдан зохион байгуулахад нэн идэвхтэй оролцож, шинэ Монгол улсын төр, цэргийн тэргүүлэх зүтгэлтний байр суурийг баттай эзлэх болсон байна. Улмаар 1912 оноос Монгол улсын гадаад яамны дэд сайд, 1913 оноос Цэргийн яамны Эрхлэн зөвлөх сайд, 1915 оноос мөн "яамны дэд сайдаар дэвшин ажилласан нь үүний бас нэгэн тодорхой жишээ юм.
 
XX зууны эхэн үеийн Монгол улсын тусгаар тогтнолын түүхэнд томоохон байр суурь эзэлсэн удаа дараагийн байлдаан, тулалдааны дотор Өвөрмонголыг чөлөөлөх "Таван замын байлдаан"-ы 100 жилийн ой эдүгээ тохиож байгаа бөгөөд энэхүү байлдааны ажиллагааны гол удирдагчийн нэг нь Монгол улсын Цэргийн яамны Эрхлэн зөвлөх сайдаар тохоон томилогдсон Манлай баатар Дамдинсүрэн байсан нь үнэндээ санамсаргүй хэрэг огтхон ч биш тедийгүй түүний нэр төр, гавьяа зүтгэлтэй салшгүй холбоотой юм.
 
Энэ талаар доктор Г.Мягмарсамбуу 2013 онд туурвисан "Манлай баатар Ж.Дамдинсүрэн" хэмээх нэгэн сэдэвт томоохон бүтээлдээ "Монгол улс Өвөрмонголыг чөлөөлөх байлдааныг амжилттай явуулахад Ховдын байлдааныг удирдсан жанжин Манлай баатар Дамдинсүрэнгийн арга туршлага чухал ач холбогдолтой байв...
 
Цэргийн яамнаас өмнө хязгаарын байлдааныг удирдан зохион байгуулахад тус яамны Эрхлэн зөвлөх сайд Дамдинсүрэн, дэс түшмэл Зоригт баатар Тогтох нар чухал үүрэг гүйцэтгэж байв. Учир нь тухайн үед тэр хоёроос өөр Өвөрмонголын нөхцөл байдлыг сайн мэдэх хятад цэрэгтэй байлдаж байсан дадлага, туршлагатай хүн Цэргийн яаманд байсангүй.
 
Ийм ч учраас Монгол улсын засгийн газар "Таван замын байлдааныг эхлүүлэхдээ Дамдинсүрэн, Тогтох нарыг байлдааны талбарт томилон мордуулалгүй Нийслэл хүрээнд үлдээсэн төдийгүй Дамдинсүрэнг Цэргийн яаманд шилжүүлж, зөвлөх эрхтэй сайдаар томилон ажиллуулсан байна" хэмээн оновчтой дүгнэсэн байна.
 
Түүнчлэн гадаад, дотоодын судлаачдын бүтээлүүдэд Манлай баатар Дамдинсүрэнг "1912 оны өвлийн сүүл сард Өмнө хязгаарын цэргийг захирсан жанжнаар томилсон", "1913 оны нэгдүгээр сарын дундуур Дамдинсүрэнгийн цэрэг Долон нуурыг эзлэн авахаар довтолсон" гэж үзсээр ирсэн боловч сүүлийн үеийн судалгааны үр дүн, түүхэн баримтын мэдээнд үндэслэвэл Манлай баатар Дамдинсүрэн 1913 оны зуны дунд сарын сүүлчээр Зүүн өмнө хязгаарын цэргийг ерөнхийлөн захирах сайдаар томилогдож, Өвөрмонголын зүг мордсон болох нь тодорхой мэдэгдэж байна. Үүнтэй холбогдуулан дараах хоёр түүхэн баримтыг энд авч үзье.
 
(Үргэлжлэл бий)
Эх сурвалж: “Соёмбо”