sonin.mn
Алтайн хөх уулс 
Ачаа жингийн цуваа шиг хөврөхөд
Хөрхийн өндөр богд 
Хөтөч нь болон  дүнхийнэ
 
гэж нэгэнтээ яруу найрагч шүлэглэсэн байдаг. Тэр л алс өмнийн говийн зэрэглээнд дүнхийн  орших Өндөр богд уулын зүүн суганд насаараа нутагласан “Хүн уул” өндөр бор өвгөн нутаг усандаа анчин, малчин, хилчнээрээ алдаршсан сайхан буурай байлаа.
 
Тэднийх Нүдэн, Баруун зүүн толь, Зээмгийн говь  гэсэн хилийн бүс нутгийг жилийн дөрвөн улиралд гэрийн бууриараа тамгалж, нутаг сэлгэн бууж, Бүдүүн модны хилийн сумангийнхантай хилээ хамт маналцах. Хаа газар нутгийн олон түмэндээ өмөг түшиг нь болсон хүн байдаг шүү дээ.
 
Тэр тийм л нэгэн байлаа. Чухам л Хөрхийн өндөр богд шигээ уужуу ууч сэтгэлтэй, аливаа юманд гярхай ажилч хичээнгүй “хүн уул” байлаа.
Тэр хаврын уяхан салхинд  загийн  хонгорхон шилмүүс ганхсан Зээмгийн их говийнхоо гүн битүү шугуй заган ойн дунд ганган улаан тэмээдээ хариулан өндөр бор атныхаа бөхөн дунд тэр л загийн хонгорхон шилмүүс шигээ ганхаж явдаг сан хөөрхий.  
 
Нэг өглөө босоод холын хүнээс сонсохнээ “Өндөр бор богд” маань нуран унажээ. Ойролцоох өндөрлөг дээр гараад дурандаж ахуйд уудам говь нутгийн минь хаврын хярхагтай тэнгэрийн баруун хаяанаа Хөрхийн өндөр богд уул уйтгартайяа дүнсийн харгадах авай. Хос богд уулын нэгэн нуран унасан хойно арга ч байж уу дээ нутгийн минь хөх уулс.
 
Өвгөн ах минь сайн хилчин. хил хамгаалахад туслах хүчний маш идэвхтэй гишүүн байлаа. Улсын баярын хилийн хүчлэн хамгаалалт зарлахаас өмнө долоодугаар сарын зургаан, долооны үед л аль хэдийнээ чех карбинаа  мөрлөөд хилийн харуулдаа гарчихсан Хөхийн усны хяр, Гомбын харыг оройлдоод буу дуран, дашмагтай  ус сэлтээ зүүчихсэн алхаж явдаг, торгон хилийн халаагүй манаа, эх орны цэрэг эр байлаа.
 
Тэр хүн энэ мэтээр хэдэн ч оны цэргийн халааг авсан юм бүү мэд. Лав л намайг Бүдүүн модны сумангийн захирагчаар дөрвөн жил ажиллахад нэг ч удаа хилийн хүчлэн хамгаалалтыг таслаагүй юм даг. Тэрээр он оны шинэ цэргүүдийг хил хамгаалалтын албанд сургасан Монгол улсын “Онц хилчин” хүн байлаа.
 
Хилийн  бор цэргүүдийг тэднийд яваад очиход  наранд тос дааж жаахан борлосон шуудайны амыг эргүүлж, дээр нь хонины чанасан сүүл тавиад нуугисан шар борцоор дайлдаг сан. Түүнээс нь бид хамартаа тултал хөшиглөж байгаад хоёронтоо түүнээс ч дээш аягаар гүнцэглэдэг сэн.
 
Аяганд шөл гараад л  ай даа мөн ч сайхан сан. Говийн борцтой цай гэдэг ядаргаа тайлах хоол гэхээсээ илүү эмтэй зүйрлэмээр. Бас болоогүй Хорлоо эгч цаашаа эргэнэг рүүгээ эргэвэл офицерууд бид гарыг нь дагуулан харж суудаг байснаа ч нуух юун. Хорлоо эгчийн хүрэн данхыг “хоёр ивэлгэчихээд л” гарна шүү дээ.
 
Тэр маш сайн анчин хүн байлаа. Тэтгэвэртээ гарснаас хойш  өвгөн хилчинд очиж золгоно гэсэн нэрээр борц хөшгөлсөн  аагтай шаргал  цайг нь уухсан гэсэн бодол тээж явдаг байлаа.
 
Тэгээд амжиж уржнангийн цагаан сараар очиж золгоход энэ жил 81 насыг хүрлээ, 81 дэхь чоноо авлалаа гээд уушиг цээжний өвчтэй болсон хирнээ амьсгаадан байж мөрдөж яваад хавхтай чоноо аваад ирж байж билээ.
 
Бас наргианч хошин хүн байж дээ. Бор хулсан даалуугаа бариад вандангийн буланд суугаад  авахаараа “булан”хийх гэж үзүүлээд өгнө. Бид анх тоглохдоо гурван “майхан”нэг “боолт хийнэ” гэж том яриад суух. Тэгээд биднийг дээр доор модоо үзэж амжаагүй байхад л тэнд модоо дэлгэж харагдах.
 
Та чинь яасан хурдан юм бэ гэхэд “үгүй харин баадан мод ирээд л” гэчихээд нэг муухан мушийж суудаг сан. Мөн 2000 онд Хөрхийн ууланд алт гарчээ гэсэн сураг сонсогдсон. Хэзээ хойно яваад очтол Цагаан сүүж, Улаан булаг, Хужирын болон Хайлсан худгийн сайр, Даяанчийн хүрэн гээд тэр чигээрээ алт байжээ.
 
”Нинжа” нар тэр дор нь түүгээд авчихалгүй яахав. Тэгэхэд өвгөн ах чи бид хоёр чинь тэмээ рүү чулуу авч шидээд байна гэсэн чинь алт шидээд байж л дээ гээд хошигнож суусан сан. Тэр өндөр, том хүн байтлаа хүүхэдтэй ялгалгүй тоглож суудаг.
 
Ер нь аливаа ажилд ч тоглоомд ч хүнийг ялгаж сураагүй нэгэн байж. Бас малч ажилч хүн, тэдний ширээ хүрэн тэмээд даанч сайхан, даанч тарган явдаг сан.Тэгэхэд сумангийн болон бусад малчдын ямар ч мал түүнтэй зүйрлэхийн аргагүй харагддаг.
 
Өдгөө 83 нас сүүдрийг зооглоод ануухан явж байгаад л тэнгэрийн орондоо буцчихлаа даа. Тэнэгэр говийн тэр их  хөх уулсын энгэр бэлд нэг хэсэгтээ л  уйтайхан униар татах байх даа. Ширээ хүрэн атныхаа зогдорыг сугсалзууланхан жонжуулж явсан тэр “хүн уул”-аар хүний орчлон дутсаар л. Хорвоогийн мөнх бус жамыг яалтай ч билээ.
 
А.Улам-Ундрах. 
 
Эх сурвалж: "Монгол говь" сонин