sonin.mn

"Уул бүхний эхэнд ус буй, ус бүхний эхэнд лус буй" гэж бидний өвөг дээдэс мянга мянган жилээр тэнгэрээ аргадан залбирч, газраа тахин шүтсээр ирсэн бөлгөө. Олон түмэн олон зуун жилээр тахиж ирсэн уул овоо, ус, мод цөм хүмүүний сэтгэлийн их хураар тэтгэгдэн амилж тэнгэр газрын үйлийг аргадан байх нь нэгэн бодлын үлгэр туульс мэт боловч нөгөө талаар бодит үнэнтэй нийцэх туйлын сонин.

Бидний сайн мэдэх Тариат сумын Мөрөн багийн нутаг "Их Жаргалант" хэмээх газар нь Тарвагатайн нурууны уулсын зүүн урд зүг рүү харсан уртаас урт сайхан жалга, сайхан ч нутаг. Алдарт "Хадатын" рашааны урд ам гэсэн үг. Жаргалантын гол хэмээх тунагалаг уст гол энэ нутгийг сүлэн урсаж хүн малаа жаргаасаар он цагийг үдсэн хэдий ч сүүлийн зуугаад жилээс энэ нутгийн харчуул эрчүүл нь залуу насандаа ч юмуу нас хэвийж явахдаа бурхан болчихдог гэмтэй болсон.

Нутаг усныхан эхэндээ ар давж арилжаа наймаа их хийснээс бөөгийн хараал хүрлээ ч гэж жиг жуг яриад амжсан гэхдээ тэр үе нь хаалттай цаг байсан учир он цагт эдгэрэв. Харин сүүлд нь "буруу тахиж нутгийн цөв ирлээ" гэсээр энэ нутаг овоогоо тахиж уул усаа аргадаж чадахгүй хэдэн оныг үзэв. Ер нь уул усандаа идээ будаагаа өргеж, сэтгэлээ шивнэж, хүүхэд багачуулаа баярлуулж, жалгаараа нэг нэгдээд авах нь юуны буруу байх вэ?

Миний бие 2011 оны зун ШУА, МУИС -ын хэсэг эрдэмтдэд газарчлан "Түүхийн дурсгалт газруудыг улсын өв санд бүртгэх" ажилд нь тусалж, нутгийн ах Лхагвадондовтой явж байхдаа энэ нутгийн "Хангалын ам"-нд байх нэгэн хүн чулуун дээр очиход эрдэмтэд "Эмэгтэй хүн чулуу байна. Эрэгтэй нь энэ хавьд байна уу" гэж эрж билээ. Босоо байх хүн чулуунаас 300-гаад м зайд эрэгтэй хүн чулуу нь бараг газарт далд орох шахсан унасныг нь олсон. Тэгээд би асуусан юм "Энэ нутагт эрэгтэй хүн нь наслахгүй байгаа нь энэ чулуутай холбоотой байж болох уу" гэж.

Эрдэмтэд "Хэдий батлагдаагүй ч олны энерги шингэж, олон зууныг элээсэн гэдгээрээ тийм байх боломжтой" гэсэн. Түрэгийн үеэс тахин идээ будаагаа өргөн шүтэж ирсэн уг хос хүн чулууд бие биенийхээ барааг харж байх учраар ч тэр унаж шингэсэн эр чулуу шиг нь нутгийн эрчүүлд нь цөв таараад байгаа ч байж болох юм.

Ижий нутаг эх Жаргалантын ард зондоо нутаг усаа баярлуулж уул овоогоо тахиж, унаж далд орох шахсан "Эр хүн" чулуугаа босгон усных нь хол, уулсынх нь оройг харуулж эжий чулуутай нь сүүн шанагаар холбож нутгаа нэг баярлуулж, сэтгэлээ бас төвшитгөөсэй гэж бодлоо.

Тариат сум Б.Буяннэмэх

Эх сурвалж: "Архангайн амьдрал" сонин