sonin.mn
Жил бүрийн 5 дугаар сарын 29-ний өдрийг НҮБ-аас “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” болгон ёслон тэмдэглэдэг бөгөөд өнөө жил “Энгийн иргэдийг хамгаалах, энхийг хамгаалах” уриан дор тэмдэглэхээр шийдвэрлэжээ. НҮБ-д цэрэг хандивлагч орны хувьд манай улс ч эл өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жилийн “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-т зориулсан баярын хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат, БХЯ, ЗХЖШ-ын зарим удирдлага, энхийг сахиулагчдын төлөөлөл оролцлоо. 
 
 
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад баяр хүргэж хэлсэн үгэндээ “Монгол цэрэг мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, дасан зохицох чадвар, сахилга, зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэх чадавхаараа олон улсад болон мэргэжлийн армиудад хүртэл хүлээн зөвшөөрөгдөж чадсан нь Монголын төр, ард түмний төдийгүй энхийг эрхэмлэгч улс түмний бахархал болсоор байна. Миний бие энэ оны 3 дугаар сард Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад хийсэн төрийн айлчлалынхаа үеэр тухайн улсад үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдаа эргэж, үүрэг гүйцэтгэлттэй биечлэн танилцсан юм. Энэ үеэр тус улсын удирдлага, НҮБ-ын удирдах албан тушаалтнууд манай дайчдын ур чадвар, тэсвэр хатуужил, сахилга, зохион байгуулалтыг өндрөөр үнэлэхийг сонсоод энхийг сахиулагчдаараа өөрийн эрхгүй омогшин, бахархаж байлаа. Цэрэг эрийн ёсоор даалгасан үүргийг мадаггүй биелүүлж, аливаа халдлага, дайралт, исгэрэх сум, тэсрэх бөмбөг, аюул осол, аагим халуун, шаагих бороо, халдварт тахлын алинаас ч няцаж шантраагүй, бэрхшээл бүхнийг сөрөн зогссон энэ цагийн эгэлгүй баатрууд бол энхийг сахиулагчид та бүхэн юм” гэж тодотгов.