sonin.mn
АНУ-д өрнөөд байгаа гадаад аюул заналхийллийн эсрэг тэмцэл, элитүүдийн хуваагдал, улс төрийн харгислал зэргийг Маккартизмын элементүүдтэй холбон тайлбарлаж байна. Бүгд найрамдах намын сенатор Жозеф Маккарти АНУ-ын төрийн департаментад 205 коммунист сэм шургалсан талаар 1950 онд зарлаж нийтийг цочроосон билээ. Хүйтэн дайн эхэлж, хардлага айдас бухимдал дээд цэгтээ хүрч байсан тухайн үед МакКартийг америкууд дэмжин “Үндэсний баатар”-т өргөмжилсөн. Улмаар коммунистуудыг баривчлах “шулмын ан” гэх төлөвлөгөөгөө боловсруулжээ. Нэр алдрын төлөө тэрбээр улсын нууц гэх мэтийн ойлголтыг үл ойшоон радио телевизийнхнийг дуудан коммунист гэсэн нэгнийг олны нүдэн дээр шахан баривчлуулсан юм. Тэр ч байтугай урлаг, спортынхныг заналхийлж, Холливудад дайн зарласан. Түүний үйлдлийг маккартизм гэдэг. Энэ бол хүний эрх, эрх чөлөөний эсрэг хандсан Америкт болсон хамгийн жигшүүрт үйлдэл гэж өдгөө үздэг.
 
 
 
Ардчилсан намынхны шахалтаас болж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Орос улстай харилцаагаа “хүйтрүүлэх” болсон. Зарим шинжээч үүнийг “Маккартизмын сүүдэр Цагаан ордныг бүрхлээ” хэмээжээ.
 
 
Америкийн нийгэм дэх өнөөгийн сөргөлдөөний жилийн өмнөх шулмын ангаас илүү ноцтой байж мэднэ. Энэ санаагаа олон улсын “Вапдай” хэлэлцүүлгийн клубийн тэргүүн Андрей Быстрицки ТАСС-т өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр “Маккартизмтай ижил төстэй байдал үүссэн шалтгааныг би ойлгож байна. Орос, Хятад улсаас гаднын аюул занал, хөндлөнгийн оролцоог Америкийн дотоод улс төрийн хэлэлцүүлэгг маш идэвхтэй ашигладаг. Түүнчлэн Америкийн элитийн хуваагдмал байдал сүүлийн жилүүдэд хэрээс хэтэрлээ. Энэ нь Ардчилсан намын төлөөлөгчид Д.Трамп руу ширүүн дайрч буйгаас харагдаж байна. Сенатор Маккарти карьераа Ардчилсан намаас эхлүүлсэн ч Бүгд найрамдах намын гишүүн болсноороо Д.Трамптай төстэй. Тэд хоёул Нью-Йоркийн шударга бус хуульч Рон Контой холбоотой байсан. Энэ мэт тэдэнд нийтлэг зүйл олон бий” гэв.
 
ОХУ БОЛ ЗХУ БИШ
 
Гэхдээ Вашингтоны улс төрийн нөхцөл байдлыг маккартизмтай зүйрлэх нь учир дутагдалтайг зарим шинжээч онцоллоо. Тэдний үзэж буйгаар Бүгд найрамдах нам Маккарти арга барилтай байж болох ч Д.Трамп Ардчилсан намын зарим гишүүний итгэлийг хүлээжээ. Мөн одоогийн ОХУ-ыг хүйтэн дайны үеийн ЗХУ-тай адитгах хэрэггүйг анхааруулж байна. Маккартизм нь үзэл суртлын шинжтэй. Тухайн үед ардчилсан үнэт зүйлс коммунист үзэл суртлын хооронд тэмцэл өрнөж байлаа. Одоогийн мөргөлдөөн ийм сэдлээс ангид тул Маккартизм гэх боломжгүй. Харин коммунистуудын оронд цагаачдыг тавьж болох юм. Д.Трамп импичментийн үеэр өөрийг нь эсэргүүцсэн албан тушаалтнуудыг шийтгэж, түүний засаглалд заналхийлэл цухалзуулсан дэд ерөнхийлөгч асан Жо Байденд тохирсон шанг нь барихаар төлөвлөж байгааг СNN мэдээлсэн. Тэрбээр оффисуудыг өөрийнхөө араншинд тааруулан шинэчилж, нам, хэвлэл мэдээлэл, ордны удирдлагыг гартаа бүрэн оруулж байна. Ингэснээр түүний эсрэг байр суурь, зүрх зоригтой улстөрч тун цөөхөн үлдэж байгаа ажээ.
 
 
 
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Украиныг хариуцан ажилладаг мэргэжилтэн дэд хурандаа Александр Виндман, түүний ах, Украины маргаантай асуудалд оролцоогүй хуульч Евгений нарыг Пентагон руу татав. Европын холбоон дахь АНУ-ын Элчин сайд Гордон Сондланд мөн эд зүйлээ баглахад хүрэв. Тэд ажлаа чимээгүйхэн өгөөд ордныг орхин явах санаатай байсан ч Трампын зүгээс сэмхэн зайлуулахыг хүсэхгүй байгаа бололтой.
 
 
 
Бүгд найрамдах намын сенатчийн хэлсэнчлэн Ерөнхийлөгч хэнийг ч халах болон өөрт итгэдэг баг бүрдүүлэх бүрэн эрхтэй аж. Импичмент дуусмагц Трамп ийнхүү хурдан хөдөлж буй нь түүний эсрэг боссон хэн ч шангаа хүртэхийн тод жишээ болов. Басхүү түүхэнд анх удаа өөрийнхөө намын даргын эсрэг санал өгсөн сенатч Митт Ромниг ихээр зэмлэж, төрийн тэргүүн үнэнч байдлыг шаарддаг хэмээх мартаж боломгүй сургамжийг Бүгд найрамдахчуудад өглөө.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин