Дуу хуур, хөгжмийн аялгуу сүлэлдэн байдаг Монгол Улсын консерватори жилийн энэ үед хөл хөдөлгөөнтэй байдаг. Үүдээр нь ороход хөгжмийн зэмсгээ нандигнасан хүүхэд залуус энэ тэндгүй харагддаг. Харин энэ удаад очиход консерватори нам жим байлаа. Нэг давхраас шатаар өгсөхөд төгөлдөр хуур, хийлийн аялгуу сонсогдов.Таван давхарт гарлаа. Чанх урдах хаалга дэлгээстэй, эндээс л тэр уянгалаг аялгуу цуурайтан байсныг мэдлээ. Энэ өрөө Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ч.Чинбатынх. Төгсөөд удаагүй залуу удирдаачдын улсын шалгалтын үеэр толилуулсан дотоодын болон гадаадын хөгжмийн бүтээлийг тэрбээр дахин үзэж байлаа. Монгол Улсын анхны магистр удирдаач бэлтгэн гаргаад буй энэ эрхэмтэй ярилцсанаа хүргэе.
 
-Монгол Улсын консер­ваторийг удирдаачаар дөрвөн хүн төгсөж, магистрын зэрэг хамгааллаа гэсэн сайхан мэдээг сонсоод тантай уулзахаар ирлээ. Хүссэн хүн болгон удирдаач болж чадахгүй. Тиймээс анхнаасаа цөөн уран бүтээлчийг элсүүлсэн юм уу?
 
-Анх удирдаач болохоор таван хүн манай сургуульд элссэн. Тэдний зарим нь давхар ажил хийдэг учраас цаг хугацаанаас шалтгаалан ангиасаа гарсан тал бий. Үүнээс үүдэн дөрвөн хүнийг удирдаачаар төгсгөж байна. Энэ дөрвөн удирдаачийг би их азтай гэж хэлнэ. Учир нь, биднийг удирдаач болохоор суралцах үед оркестр олддоггүй байсан. Сургуулиа төгсөхийн үед сард хоёр удаа л оркестртой ажиллах боломж олддог байлаа. Өөрөөр хэлбэл, сургуулиа төгсөх үед хэсэгхэн хугацаанд оркестртой ажиллаад концертоо тавиад төгсдөг байсан юм. Гэтэл сая төгссөн удирдаач нар таван жилийн өмнөөс “Оюутны мөнгөн өвөл” фестивальд, бакалаврт суралцаж байх үеэсээ оркестртой ажилласан. Мөн ажилладаг урлагийн байгууллагадаа удир­даач хийх бүрэн боломжтой байгаагаараа тэд их азтай. Удирдаач болсон анхны төгсөгчид Морин хуурын чуулга, Монголын үндэсний урлагийн их театр, УДБЭТ-аас гадна Өвөрмонголоос манай сургуулийг зорин ирж удирдаачаар сурлаа. Удирдаач хүн олон хөгжмийг сонсож, нэг урсгал, нэг хөг аятай болгож цэгцлэх нь амаргүй ажил. Гэхдээ энэ болгоныг манай дөрвөн удирдаач маш сайн эзэмшсэн. Залуу удирдаач нар Монгол Улсын урдаа барьдаг дуурийн дуучидтай тайзан дээр гарч, дуурийн хэсгээс удирдлаа. Т.Юндэн, Н.Жигжиддорж, Э.Мөнхбаяр, Б.Ваншигдорж нар “Учиртай гурван толгой” дуурийг оюутны оркестртой Төв аймгийн театрт очиж тоглолоо. Өөрөөр хэлбэл, тэд сурахын хажуугаар оркестртой ажиллаж туршлагатай болсон. Бидний халааг авах авьяас чадвартай удирдаачидтай болсондоо туйлын их баяртай байна. Би л гэхэд 70 нас хүрч байна шүү дээ.
 
-Удирдаачдаас өөрийнхөө ажлыг өвлүүлэх хүнээ сонгочихсон юм шиг санагдлаа. Та тэр хүнд бодлоо хэлсэн үү?
 
-Т.Юндэнг “Сургуулийнхаа оркестрт ирж ажиллаарай” гэж урьсан. Түүнийг надтай хамт ажиллах хугацаандаа мэдэж хоцрох зүйлээ аваасай гэж хүссэн юм. Н.Жигжиддорж Морин хуурын чуулгын удирдаачаар ажиллаж байна. Э.Мөнхбаяр Монголын үндэсний урлагийн их театрын үндсэн удирдаач боллоо. Өвөрмонголоос ирсэн Б.Ваншигдорж удирдаачийн ур ухаанд амжилттай суралцлаа.Багш хүний хувьд эдгээр дөрвөн оюутан биеэ дайчилж амжилттай суралцсанд туйлын их баярлаж байна. Удирдаач амаргүй ажил.Биеэ дайчилж чадахгүй бол гараас нь юм гарахгүй. Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөх шаардлагатай болно. Үүнээс гадна хүндлэл хүлээх нь удирдаачийн чухал зүйлийн нэг. Өөрөөр хэлбэл, хөгжимчдийнхөө хүндлэлийг хүртэнэ гэдэг их том зүйл юм.
 
-Багаасаа урлагтай амьдралаа холбосон, одоо ч энэ салбарт ажиллаж байгаа хөгжимчин голдуу уран бүтээлч удирдаач болжээ?
 
-Тийм ээ. Хөгжмийн сургуулийг бакалавраар төгссөн хүн удирдаач болдог. Залуу удирдаачид кон­сер­ваторид суралцсан учраас сургуулийнхаа оркестрын онц­логийг сайн мэднэ. Бид дэлхийн болон Монголын зохиолчдын том бүтээлийг тоглосон.
 
Хүнийг түшиж явах нэг хэрэг. Зоригтойгоор урлагийн талбар руу алхаж орох нь ондоо асуудал
 
-Цаг үе, нийгмийн байдлыг мэдэрсэн залуу удирдаачид төрөн гарлаа. Одоо та тэднээс юу хүлээж байна вэ?
 
-Тэд надаас ч илүү зүйлийг хийж бүтээх ёстой. Залуу удирдаачдад үзээгүй сэдэв гэж байхгүй. Одоо тэд урагшаа алхах хэрэгтэй. Монголд залуу удирдаач хэрэгтэй байна. Ийм цаг үед эдгээр залуу төгсөж байгаа нь цагаа олсон хэрэг юм. Удирдаач ажилтай байгаа нь хамгийн чухал. Тэгэхгүй олон удирдаач төгссөн ч ажилгүй бол цаашаа явахгүй. Монгол Улс гурван оркестртой. Дуурийн театр, Филармони, Дорнод аймгийн театр л симфони оркестртой байна. Үндэсний урлагийн их театр, Улаанбаатар чуулга өөрийн гэсэн залуу удирдаачтай болсон. Гэхдээ залуу удирдаач нар нэг зүйлийг бодох хэрэгтэй. Хүнээр түшүүлж явах нэг өөр хэрэг. Зоригтойгоор урлагийн талбар руу алхаж орох бас ондоо асуудал. Хөгжмийн хүн сургуулиа төгсөөд сэтгэл ханаж болохгүй. Өдөр болгон мэдлэгээ нэмж, давтаж байх шаардлагатай. Хөгжимчин хүн нэг өдөр давтаагүй бол өөрт мэдрэгдэнэ. Хоёр өдөр давтаагүй бол багш мэдчихнэ. Гурван өдөр давтаагүй бол нийтээрээ тэр хүнийг юу ч хийгээгүйг харна. Тиймээс цаг үргэлж гар, хуруугаа хөдөлгөж, бодож санаж хөгжимтэй нөхөрлөж байж амьдарна. Бидний үзэж, сонсоогүй хэчнээн олон бүтээл байна вэ. Одоо залуус маань энэ далай руу шумбан орох хэрэгтэй. Ирэх жил бид “Уран хас” бүжгийн жүжгийг бүтнээр нь тавина.
 
 
 
Уран бүтээлчийн амьдралын онцлог гэж байдаг. Нэгэнт урлагтай амьдралаа холбосон бол салж чаддаггүй. Зах зээлийн үед манай мундаг уран бүтээлчид ажлаа орхисон ч одоо эргээд оркестртоо сууж байна. Хөгжмийн айхавтар мэдрэмжээс хүн гарч чадахаа больчихдог. Санхүүгийн хувьд хэчнээн боломжийн ажил байлаа ч гэсэн цаана нь ямар нэг зүйл дутагдаад байгааг хүн ойлгодог. Урлагийн бүтээл хүнд дандаа сайхан энерги өгдөг. Хүний дотор агуулагддаг 70 хувь усыг дандаа сайнаар цэнэглэдэг шидтэй.
 
 
 
-Удирдаач гэлтгүй хөгжимчин, уран бүтээлчийн ачаалал маш их. Тэд сонсогчдыг, урлагт дуртай хүмүүсийг баярлуулахын төлөө цаг наргүй ажиллаж байж таны хэлсэн шидийг бүтээдэг.
 
-Тиймээс л багш хүн сурагчаараа бахархдаг. Багш шавиа өөрөөсөө илүү болгохын төлөө сургадаг. Нэг сурагчтай даасан багшаас гадна онолын багш, концертмейстер гээд олон хүн ажиллаж байна. Эндээс ямар их үнэ цэнтэй сургалт гэдэг нь харагдана. Энэ өндөр давааг хүн болгон давж чаддаггүй. Гэхдээ саад бартааг, хамгийн гол нь өөрийгөө ялаад гарсан олон хүн бий. Би манай сургуулийг төгсөөд ажилгүй явж байгаа хүний тухай сонсоогүй. Мэргэжлээрээ биш ч өөр салбарт ажиллахад тэр хүн бусдаас илүү байдаг. Учир нь, урлаг хүнийг хөдөлмөрч болгодог.
 
-Цаг хугацаа, мэдрэмж, хөдөлмөр гэдэг үгээр удирдаачийг тодорхойлох байх. Миний бодолтой та санал нийлэх үү?
 
-Бакалаврын зэрэгтэй бол­чихоод яагаад удирдаачаар дахин суралцаж байна. Заавал тодорхой нэг түвшинд хөгжмийг мэддэг болсон үедээ удирдаач болно гэсэн үг. Үүнд цаг хугацаа шаардагдана. Удирдаач болоход ямар өндөр шаардлага тавьдгийг үүнээс харж болно. Түүнчлэн удирдах авьяастай байхын зэрэгцээ сонсголтой байх ёстой. Зохиолыг найруулахдаа гаргууд хүн байх шаардлагатай. Тиймээс залуу удирдаачдыг туршлагажуулахын тулд бид таван том дуурийг бие даан тавьсан. Дуурийн театрт тавьж байгаа бүтээлийг бид өөрсдийн хүчээр консерваторидоо тавьж байх ёстой. Үүний дүнд мэргэжил, туршлагатай уран бүтээлчид төрөн гарах юм. Удирдаач олон талын мэдлэгтэй байх нь чухал. Зарим зохиол дээр удирдаач өөрийн санаагаа илэрхийлж чаддаг болтлоо хөгжих ёстой юм.
 
-Удирдаач өөрийн гэсэн арга барилтай болох ёстой гэсэн үг үү?
 
-Удирдаачаас “би” гэсэн зүйл гарч ирэх ёстой. Харахад адилхан мэт боловч гарын хөдөлгөөн, илэрхийлж байгаа илэрхийлэл, зогсолт зэрэг нь бүгд өөр. Адилхан байх ч боломжгүй. Тиймээс залуу удирдаачийн онцлогийг эвдэхгүй харин ч дэмжихийг хичээх хэрэгтэй.
 
-Өнөө үед амьдарч буй удирдаачийн давуу тал нь хүссэн нэгнийхээ арга барилыг интернэтээр үзэж судалж байна. Сайн дүгнэлт хийж чадвал магадгүй залуу удирдаач өөрийнхөө онцлогийг мэдэх боломжтой юм.
 
-Тийм ээ. Дуртай удирдаачаа оркестртой нь сонсох боломжтой байна. Олон хүний арга барилыг судлах боломж бүрджээ. Одоо “Эзэн хичээвэл, заяа хичээх” цаг ирлээ дээ.
 
-Та өмнө нь залгамж халаагаа бэлтгэх талаар дурдсан. Эдгээр залуусаас өмнө нь удирдаач бэлтгээгүй байсан юм уу?
 
-Бидний үе гэхээр Н.Туулайхүү, Ж.Бүрэнбэх болон талийгаач Н.Бүтэнбаяр байсан. Үүний өмнөх үе гэвэл Ц.Баатаржав зэрэг ахмад удирдаачид бий. Мөн дунд үеийн гэж хэлж болох цөөхөн хэдэн удирдаач байсан. Одоо олонх нь байхгүй болжээ. Тэд бидэнд сайхан зам тавьж өгсөн юм. Бид сайхан хувь тавилантай. Энэ л хүмүүсийн байгуулж, бий болгосон оркестрын хөгжимчдийн суурин дээр бид ирж ажилласан. Урлаг олны нүдэн дээр байдаг учраас хүнд үнэлэгдэх нь амар. Хүний нүдэнд ил байдаггүй ч бүх ажлыг нь хийдэг масс бий. Түүнийг л сайн ойлгох ёстой юм.
 
Баруун аймгуудын нэгд нь сонгодог театртай болчих юмсан гэж хүсэж мөрөөддөг
 
-Оркестргүйгээр удирдаачийг төсөөлөхийн аргагүй. Гэтэл гарын таван хуруунд багтах цөөн юм. 21 аймгаас ганц нь л оркестртой байна шүү дээ?
 
-Аймгуудаас ганцхан Дорнод оркестртой. Бусад нь долоо, наймхан хөгжимчинтэй. Түүнийг оркестр гэж хэлэхэд хэцүү. Энэ тал дээр анхаарал хандуулж хөгжүүлэх ямар ч бодлого алга байна. Баруун таван аймгаас Ховдод оркестр байсан. Харамсалтай нь, устгачихсан. Баруун аймагт ядаж нэг оркестртой байх хэрэгтэй. Бид баруун аймгуудын нэгд нь сонгодог театртай болчих юмсан гэж хүсэж мөрөөддөг юм.
 
-Тиймээс л сонгодог урлаг гэж юу болох, яагаад улс орон бүр сонгодог урлагийн театртай байдгийг олон нийтэд ойлгуулах шаардлагатай гэж бодож байна.
 
-Хүнийг хөгжүүлэхийн тулд роман уншуулж, уран зураг үзүүлэх хэрэгтэй. Дуурь, балет, оркестрын бүтээлийг сонсгох ёстой юм. Дээхнэ үед Монголд соёлын хувьсгал гэж мундаг ажлыг өрнүүлсэн. Тэр үед зөвхөн хөнжил гудасны даавуу бэлтгээгүй. Их сургуулийн оюутнуудыг анги ангиар нь авчирч симфони сонсгодог байсан. Тэр хүмүүс өдгөө цагт хамгийн сайн соёл, мэдлэг боловсролтой хүмүүс нь болжээ. Харин орчин цагийн эцэг эхчүүд арай өөр болж байна. Хүүхдэдээ үзэсгэлэн үзүүлж, төгөлдөр хуур тоглож сургах хүсэлтэй болжээ.
 
-Та урлагийн байгууллагад хагас зуун жил ажилласан, тэр дундаа Монгол Улсын консерваторид. Манайд сонгодог урлагаар бэлтгэгдэж байгаа оюутан сурагчдын чадварыг харах гэж гадаадаас мэргэжилтнүүд ирдэг гэсэн. Энэ үнэн үү?
 
-Тийм. Манай сургалт, багш нарын ур чадвар хаана ч гологдохгүй. Хаана ч очиж тоглосон эн тэнцүүхэн өрсөлдөнө. Гоцлоочийн хувьд маш их бэлтгэлтэй гарч ирдэг. Эцэг эхчүүд нь өөр юунд ч анхаарлыг нь сарниулахгүйгээр шилдгүүдтэй ажиллуулж мэргэшүүлдэг. Өөрөөр хэлбэл, гоцлоочийг улс орон бодлогоор гаргаж ирдэг. Хэрвээ сайн бэлтгэвэл манай сурагчдад гологдох зүйл байхгүй. Франц, Итали, Испани, Америк, Япон улс гээд хаана ч тэмцээн уралдаанд оролцоход дээгүүр байрт жагсдаг. Гэвч манайд одоохондоо орчныг нь бүрдүүлээгүй байна.Үүний тулд оркестрын тоог нэмэх шаардлагатай. Ховд аймагт дуулж байгаа дуурийн дуучныг үзэхийн тулд Улаанбаатарын үзэгчид тэнд очих хүртэл хөгжүүлэх нь чухал юм. Гэтэл бид одоо төв талбайгаа тойроод эргэлдээд байна шүү дээ.
 
 
 
Уг нь монгол хүн айхавтар авьяастай. Ганцхан бид үүнийгээ сурталчилж чадахгүй байна. Энэ нь бүх зүйлийг хөрөнгө мөнгөөр хэмждэг болсонтой холбоотой. Тэгэхээр үнэлэмж гэдэг зүйл их чухал байгаа юм. Бид сурагчдад театр үзүүлэх ёстой. Насаараа Улаанбаатарт амьдарсан мөртлөө театрт орж үзээгүй хүн олон байна. Энэ нь хүнд өгөх ёстой зүйлийг нь өгөхгүй, аахар шаахар зүйлээр аргалаад байгааг харуулж байгаа хэрэг.
 
 
 
-Танай сургууль консерватори болоод удаагүй ч олон ажлыг амжууллаа?
 
-Манай сургууль консерватори болоод удаагүй байна. Цаг хугацааны хувьд үүнээс өмнө консерватори болох байсан. Ямар ч улс орон тусгаар тогтноод юу анхаардаг вэ гэхээр урлаг соёлоо эн тэргүүнд тавьж, конверваторио байгуулдаг. Яагаад сүүлд консерватори болов гэхээр яаманд мэргэжлийн хүн ховор. Байгаа нэгнийх нь хүч хүрдэггүй байсан. Боловсролын хууль дотроо хөгжмийн сургуулийн талаар тусдаа бүлэг байх ёстой байдаг. Үүнийг анхааралгүй явсаар 70,80 жил болсон. Харин одооноос урлагийн талын асуудлыг нэлээд анхаардаг болж байна. Хөгжмийн дээд сургууль Соёлын сургуулиас өөр гэдгийг одоо л ойлгож байна. Одоо Боловсролын хуулиндаа бага зэрэг өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм.
 
-Цар тахлын үед хөгжмийн олон улсын фестиваль зохион байгуулсан нь нүдээ олсон ажил боллоо. Хүмүүс ч их ам сайтай байна.
 
-Манай сургуулиас дэлхий нийтийг хамарсан фестиваль зохион байгуулсан. Хөл хорионд байгаа хүмүүсийн нөхөрлөж байгаа гол зүйл нь хөгжим. Хүмүүс хөгжим сонсож тайвширч байна. Хөгжим сонсож дасгал хөдөлгөөн хийдэг. Чив чимээгүй өрөөнд хүн суугаад байвал дорхноо галзуурна биз дээ. Үүнээс урлаг гэж ямар тустай зүйл вэ гэдгийг харж болно. Манай сургууль зөв цагт үр дүнтэй ажил зохион байгуулсан нь энэ фестиваль байлаа. Энэхүү фестивальд дэлхийн олон орны уран бүтээлчид оролцсон. Хэдийгээр тодорхой хугацаа зааж фестивалийг зохион байгуулсан ч гадаадын уран бүтээлчид одоо хүртэл бүтээлээ илгээсээр байна.
 
Гадаад л сурвал мундаг удирдаач болно гэж ойлгож болохгүй
 
-Бидний ярилцлагыг уншсан зарим хүн Монгол Улсын консерватори хэзээ дахин удирдаач бэлтгэх талаар сонирхох байх?
 
-Манай сургууль удирдаачийг жил болгон бэлтгэхгүй. Удирдаачийг бусад мэргэжил шиг бэлтгэх боломжгүй. Яагаад гэвэл, цөөхөн оркестртой. Би хувьдаа удирдаач болох хүүхдүүдээ багаас нь бэлтгэж байна. Миний нас хүрэхгүй ч эхлүүлснийг маань дуусгах хүн консерваторид бий. Удирдаачийг гадаадад бэлтгэж болно. Гэхдээ гадаадад л сурвал мундаг удирдаач болно гэсэн ойлголт байхгүй. Бүх зүйл удирдаач болох чин хүслээс шалтгаалдаг юм.
 
-Орон нутгийн театраас удирдаач бэлтгүүлье гэвэл хүсэлтийг нь хүлээж авах уу?
 
-Аймгуудын театр мөн чуул­гуудаас удирдаач бэлт­гүүлье гэвэл болно. Гэхдээ цөөн тооны хүн бэлтгэх болов уу.
 
-Ярилцлагын төгсгөлд нэг зүйлийг тодруулъя. Нэг байгууллага төчнөөн удирдаачтай байна гэсэн ойлголт байдаг уу. Ажиглахад ганц хоёр удирдаачтай байх ёстой юм шиг санагдсан?
 
-Манайхан нэг зүйлийн талаар буруу ойлголттой байдаг. Удирдаач гэхээр нэг газар ганц хоёрхон байх ёстой юм шиг боддог. Гэтэл оркестр хэдийчинээ олон удирдаачтай ажиллана төдийчинээ сонирхолтой байна. Бас хөгжиж, дэвшинэ. Дээхнэ үед ганц хоёрхон удирдаачтай. Гаднаас удирдаач ирвэл баярлана. Гадаадаас ирж байгаа удирдаач нар ч бидэнтэй ажиллах сонирхолтой байдаг. Тэд Монголын оркестрыг магтдаг. Учир нь, манай оркестртой ажиллахад зөөлөн өнгө аястай. Энэ бол азиудын онцлог юм.
 
 
 
Ер нь бол бид сайн хөгжимчидтэй болсон. Ийм хөгжимчдийг бэлтгэж байгаа багш нарт чин сэтгэлээсээ талархаж явдаг. Мэргэжлээрээ ихэвчлэн 20-оос дээш жил ажилласан багш нар манайд байна. Энэ нь бүхэл бүтэн Монголын хөгжмийн сургууль бий болсныг харуулж байгаа хэрэг юм. Ийм мундаг багш нарын хөдөлмөрийг үнэлээсэй гэж хүсэж явдаг. Мөн Соёлын яамтай болохыг мөрөөддөг юм.
 
 
 
Т.Юндэн
 
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ч.Чинбатын консерваторидоо урьсан залуу удирдаач бол Т.Юндэн. 1994 онд төрсөн тэрбээр Хөгжим бүжгийн коллежийг 2016 онд фагот үлээвэр хөгжимчнөөр төгсжээ. Түүнийг сургуулиа төгсөх үед Хөгжим бүжгийн коллеж консерватори болсон байна. Багаасаа удирдаач болохыг мөрөөддөг байсан Т.Юндэн удирдаачаар дахин сурахаар болж Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбатын шавь болжээ. Тэрбээр удирдаач байхын тулд юун түрүүнд дотоод хэмнэлтэй байх ёстой. Үүний тулд багаасаа өдөр болгон бэлтгэдэг байсан аж. Т.Юндэн урлагийн гэр бүлээс гаралтай. Түүний аав УДБЭТ-ын захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс юм. Аав нь Дуурийн театрт ажилладаг байсан болоод ч тэр үү Т.Юндэн багаасаа дуу хөгжим сонирхдог байсан аж. Улмаар ерөнхий боловсролын тавдугаар анги төгсдөг жилээ хөгжмийн боловсрол эзэмших хүсэлтэйгээ гэр бүлийнхэндээ хэлжээ. Түүнийг сонссон аав нь хүүгээ дотнын найзтайгаа танилцуулсан нь Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан А.Мөнхбат байж. Ийнхүү удирдаач болохыг мөрөөддөг хүү фагот хөгжимтэй нөхөрлөсөн байна.
 
Т.Юндэнгийн улсын шалгалт, уран бүтээлийн тайлан тоглолтод толилуулсан бүтээл нь:
Franz fon Suppe. Ouverture.
Х.Билэгжаргал. “Ламбугайн нулимс” дуурийн Лодонгийн ари
Дуучин: УДБЭТ-ын гоцлол дуучин Л.Бүүвэйбаатар
 
 
Э.Мөнхбаяр
 
Залуу удирдаач Э.Мөнхбаяр өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын үндэсний урлагийн их театрын үндсэн удирдаач болсон байна. Тэрбээр 1995 онд Төв аймгийн Зуунмод хотод төржээ. 2008 онд Хөгжим бүжгийн коллежид морин хуурч мэргэжлээр Н.Буянбаатар багшийн удирдлага дор элсэн суралцсан байна. Улмаар тухайн оноос “Чавхдас” морин хуурын дөрвөлийн нэгдүгээр морин хуурчаар ажиллажээ. Тэрбээр хамтлагийнхантайгаа Япон, Орос, Швед, Норвеги, Дани, Хятад улсаар аялан тоглолт хийж байсан аж. 2016 оноос Үндэсний урлагийн их театрын хөгжимчин, 2018 оноос Монгол Улсын консерваторид Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбатын удирдлага дор суралцжээ. Э.Мөнхбаяр өнгөрсөн оноос Монголын үндэсний урлагийн их театрын үндэсний хөгжмийн их найрал хөгжмийн туслах удирдаач болсон байна. 2019 онд тус театрын дэргэд Залуучуудын үндэсний найрал хөгжмийг байгуулжээ. Тэрбээр бие даасан уран бүтээлийн тоглолтоо 2014, 2016, 2018 онд хийсэн байна. Өдгөө тэрбээр Улсын баяр наадмын 120 хүний бүрэлдэхүүнтэй найрал хөгжмийн удирдаачаар ажиллаж байгаа юм.
 
Э.Мөнхбаярын улсын шалгалт, уран бүтээлийн тайлан тоглолтод толилуулсан бүтээл нь:
А.Дворжак. Симфони №9. “Шинэ ертөнц” IV анги.
Ж.Верди “Турбадур” дуурийн Леанорын ари
Дуучин: УДБЭТ-ын гоцлол дуучин Ш.Наранчимэг
 
Б.Ваншигдорж
 
Тэрбээр 1991 онд ӨМӨЗО-ы Алшаа аймгийн Зүүн хошуунд төржээ. 2012 оны есдүгээр сараас Монгол Улсын Хөгжим бүжгийн коллежид Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын удирдлага дор Хөгжмийн зохиолч мэргэжлээр суралцан төгссөн байна. 2018 оны есдүгээр сараас Монгол Улсын консерваторид Найрал хөгжим удирдах урлаг мэргэжлээр Монгол Улсын консерваторийн зөвлөх багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн, профессор Ч.Чинбатын удирдлага дор магистрын зэрэг хамгааллаа. Б.Ваншигдорж нь 2015 оны аравдугаар сард зохион байгуулсан ӨМӨЗО-ы V удаагийн Цөөхүүл дуу хөгжмийн уралдаанд морин хуурын гоцлол “Аялгуу” бүтээлээрээ хоёрдугаар байрт шалгарчээ. 2017 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Жанцанноров сангийн санаачилгаар жил бүр зохион байгуулдаг “Монгол эгшиглэн” ардын бишгүүр хөгжимд зориулсан шинэ бүтээлийн Хөгжим бүжгийн коллежийн 80 жилийн ойд зориулсан IV удаагийн уралдаанд “Эргэцүүлэл” бүтээлээрээ өрсөлдөж дэд байрт шалгарсан байна. 2019 онд Анхдугаар хугацааны Дундад улсын Өвөрмонголын морин хуурын наадамд “Аялгуу” морин хуурт зориулсан бүтээлийг нь шилдгээр тодруулжээ.
 
Б.Ваншигдоржийн улсын шалгалт, уран бүтээлийн тайлан тоглолтод толилуулсан бүтээл нь:
Л.В.Бетховен. “Эгмонт”
Б.Мөнхболд. “Моно опера”. Төгсгөл
Дуучин: УДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Р.Доржхорол
 
Н.Жигжиддорж
 
Тэрбээр 1992 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төржээ. Хөгжим бүжгийн коллежийн морин хуурын ангид 2004 онд элсэн суралцсан байна. 2008 оноос Монгол Улсын Морин хуурын чуулгад хөгжимчнөөр ажиллажээ. Н.Жигжиддорж 2013 оноос Морин хуурын чуулгад концертмейстер, тус чуулгын дэргэдэх морин хуурын квартетын нэгдүгээр морин хуурчаар ажилласан байна. Тэрбээр 2009 онд “Арга билэг” хамтлагийг байгуулалцаж дэлхийн улс орнуудаар аялан тогложээ. Н.Жигжиддорж багаасаа хөгжимд сонирхолтой, зураг зурах дуртай хүүхэд байж. Улмаар Орхон аймгийн хөгжмийн гүнзгийрүүлсэн сургалттай “Баян-Өндөр” цогцолбор сургуулийн морин хуурын ангид элссэн Н.Жигжиддорж тавдугаар ангидаа Өсвөрийн морин хуурчдын улсын уралдаанд авьяас чадвараа сорьж тэргүүн байр эзэлжээ. Энэ үед тэрбээр Монгол Улсын Гавьяат багш Ё.Батбаяртайгаа хувь ерөөлөөр уулзсан байна. Тухайн үед багш нь уралдааны шүүгчээр ажиллаж байсан аж. Н.Жигжиддорж Морин хуурын чуулгад ажиллахдаа Бээжин хотын “Сувдан театр”, Москва хотын “Большой театр”-ын томоохон тайзнаа гоцлон хөгжимдсөн нэгэн юм.
 
Н.Жигжиддоржийн улсын шалгалт, уран бүтээлийн тайлан тоглолтод толилуулсан бүтээл нь:
Ж.Верди “Хувь заяаны хүч” дуурийн удиртгал
С.Рахманинов Төгөлдөр хуурын II концертын нэгдүгээр анги
Төгөлдөр хуурч: Э.Намуун
 
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин