sonin.mn
Өнөөдөр манайд даяаршил гэдгээр гадаад хэлийг дэндүү шүтэх үзлийг төрийн бодлогын хэмжээнд тавин дэвэргэж байгаа нь зөөлөн хэлэхэд мунхаглал юм. Энэ нь манайх шиг жижиг улс орны хувьд ашигтайгаасаа хортой үр дагавар нь илүү байна гээд хэлчихвэл "эрдэм сурахыг хэрэггүй гэж хэлдэг эргүү толгой юу энэ чинь" гэж олон хүн гайхах л байх.
 
Гэвч хүн болгон эрдэм бүхнийг сураад байж чаддаггүй. Тэгээд ч гадаад хэл гэдэг хүн болгон сурах шаардлагатай "эрдэм" ч бас биш ээ. Монгол хүн болгон орчуулагч хийж амьдардаг болж болохгүй биз дээ. Гадаад хэл сурахгүйгээр гэгээрч чадахгүй, сайхан амьдарч чадахгүй гэж батлах хүн байхгүй байх аа.
 
Гэтэл өнөөдөр гадаад хэл шүтэх үзлийн цаана гадаад хэлгүй бол бараг хүнд тооцогдохгүй гэсэн гажуу сэтгэл зүй бий болж байна. Гадаад хэлгүй хүн ямар нэгэн ажил албанд орох, томилогдох эрх нь хаалттай шахуу болж байна. Тэгээд зөвхөн гадаад хэл сурцгаахын тулд хамаг мөнгөө үрж баран гадагшаа сургалтанд явах боллоо.
 
Наад зах нь монголчууд гадаад хэл сурах гэж хамаг цаг заваа бараад амьдралд хэрэгтэй бусад сурах юм аа сурч чадахгүй хоцорч байна. Бусад юмыг сурч амжаагүй хоосон толгой өөрийгөө бусдаас илүү гэдгээ биш юм аа гэхэд дутуугүй гэдгээ илэрхийлэхийн тулд хагас дутуу гадаад хэлээрээ гайхуулж, гадны юмыг сайрхан магтаж эхлэнэ.
 
Эцэстээ энэ нь нийгэмд гадагшаа сэтгэлтэй хүмүүсийг бэлдэж байна. Монголчууд эх орноосоо дайжих болсон нийгмийн сэтгэл зүйн нэг хэсгийг гадаад хэлийг, гадны соёлыг шүтэх энэ л төрийн бодлого, хөөрөгдөл бий болгож байгаа нь бодит үнэн билээ.
 
Үүний уршгаар монголчууд "хээрийн чонотой нийлсэн хотны нохой" гэх шиг харийнханд үйлчлэн зүтгэж, монгол орноо, монголчуудаа цөлмөн луйвардах санаанд хөтлөгдөх боллоо. Өөр юм сураагүй учраас хоолоо олж идэх арга нь тэр. Ийнхүү гадныхны халаасанд амьдралаа багтааж хардаг жижигхэн сэтгэлгээтнүүд дүүрэн боллоо.
 
Англи хүн монгол хэл сурах гэж гүйхгүй. Тэд өөрийн улс орондоо сайхан амьдарч байна. Монголчууд яагаад гадаад хэлгүйгээр сайн сайхан амьдарч болдоггүй юм бэ. Яагаад бид юм бүхнээ гадаадынханд худалдаж, бас гадаадынхнаас гуйж амьдрах ёстой юм бэ?!!!
 
О.Лхагвадорж
 
Эх сурвалж: “Алтан Чагнуур” сонин