sonin.mn
Вакциныг хэд хэдээр нь нэгэн зэрэг гарган авсан нь коронавирусний цар тахалд нухлагдсан улс орнуудад итгэл урам өглөө. Вакцинжуулалт хийснээр олон сарын хөл хорионоос гарч, хэвийн амьдралдаа шилжин орно гэсэн итгэл найдвар төрж байна. Гэхдээ эдгээр вакцин зуун жилд тохиогоогүй хүнд хямралаас дэлхийн эдийн засгийг гаргаж чадах уу? Энэ талаар ВВС агентлагийн тоймч А.Калмыков дүгнэн бичжээ.
Өргөн цар хүрээтэй өнөөгийн хямрал нь дэлхийн баялгийн өсөлтийг зогсоож, ихэнх улс орны хөгжлийг хэдэн жилээр ухрааж, татвар төлөгчдийн 12 их наяд долларыг залгилаа. Орлого багассаар байгаа хэдий ч хямралын эсрэг арга хэмжээнд дахиад мөнгө шаардлагатай байна. Дэлхий даяар 5 жилийн хугацаанд 28 их наяд доллар дутагдах төлөвтэй байгааг ОУВС тооцоолжээ. 2020 онд гэхэд өрийн хэмжээ 20 их наядаар нэмэгдсэнээр нийт өрийн дүн дэлхийн нэг жилийн ДНБ-ээс 3,5 дахин давах төлөвтэй байна.  
 
АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл 
 
Энэ бүхэн нь вирус гэдэг ганцхан шалтгаанаас үүдэлтэй учраас хэд хэдэн вакциныг гарган авсан тухай мэдээ санхүүгийн зах зээлийнхнийг баярлууллаа. Харин эдийн засагчид, албан тушаалтнууд болон санхүүгийн тогтвортой байдлыг хариуцдаг, хямралын эсрэг мөнгөн тусламж олгож буй Төв банкны удирдагчдын хандлага “тун даруухан” байна.  
Дэлхийн хамгийн нөлөө бүхий банкир болох Америкийн Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл вакцин гарган авсан явдлыг “удаан хүлээлгэсэн таатай сайхан мэдээ” гэж тодорхойлжээ. Гэхдээ ганцхан үг хэлэхэд л дэлхийн зах зээлийг онхолдуулж чадах энэ хүн мэдэгдэхдээ “вакцин гарсан нь ойрын хугацаанд бус харин дунд хугацаанд эдийн засагт нөлөөлнө” гэж хаширласан байдлаар хэллээ. Европ дахь түүний мэргэжил нэгтнүүд ч гэсэн хямрал дууссаныг тохиолдуулан найрлах гэж яарахгүй байна.
 
 
Олон хүн цугларсан газраас зайлсхийж байгаа цагт эдийн засаг бүрэн сэргэхгүй 
 
“Вакцин гарсан нь ойрын хагас жилийн нөхцөл байдлын талаарх бус харин ирэх оны сүүлч, 2022 оны төлөв байдлын талаарх таамаглалд өөрчлөлт оруулж байна” гэж Европын Төв банкны зөвлөлийг даргалж буй Ирландын эдийн засагч Филипп Лейн хэллээ. 
Түүний хэлсэнтэй ОУВС-гийн тэргүүн Кристалина Георгиева санал нэг байна. Тэрбээр “Их20”-ийн орнуудын удирдагчдад илгээсэн захидалдаа “зуны улиралд сэргэсэн эдийн засгийн өсөлт энэ намар удааширна” гэж дурджээ. Буруутан нь цар тахлын хоёрдахь давалгаа.
 
Хонгилын үзүүр дэх гэрэл
 
Бүх нийтийн вакцинжуулалт эхлэхгүй л бол вакцин дэлхийн эдийн засгийг аварч чадахгүй нь бололтой. Гэхдээ яг ч тийм биш ээ гэж өөдрөг бодолтой эдийн засагчид хэлж байна.
“Гэхдээ сайн мэдээ бий. Жишээ нь, хэд хэдэн вакциныг хэрэглэхийг ойрын үед зөвшөөрөх бололтой. Энэ талаас нь харвал, хонгилын үзүүрт гэрэл хэдийнэ харагдаж эхэлжээ” хэмээн ЕТБ-ны захирлуудын нэг болох Фабио Панетта хэллээ. Түүнчлэн Америкийн холбооны нөөцийн банкуудын нэгнийх нь захирал Жеймс Баллард ч ингэж хэлж байна.   
 
 
 
Вакцин гарсан нь цар тахал эцэс болохоос өмнө эдийн засагт сайнаар нөлөөлж эхэлнэ гэсэн дүгнэлт нь хүмүүст өөдрөг бодлыг төрүүллээ. Тарилга хийж эхэлснээр дахиад хөл хорио тогтоохгүй нь гэсэн итгэл найдвар иргэд болон бизнес эрхлэгчдэд төрөх болно. Тэд карантины үеэр болон “хар өдөр”-т зориулж хадгалж нөөцөлсөн мөнгөө үрж эхэлснээр хэрэглээ эрс өснө. Бизнесээ өргөжүүлж, үл хөдлөх хөрөнгө худалдан авч ирээдүйдээ хөрөнгө оруулж эхэлнэ. 
 
 
 
 
Хэрэглээ, хөрөнгө оруулалт хоёр бол эдийн засгийн өсөлтийг хангагч гол хүчин зүйлүүд билээ. Өнөөгийн хямралын явцад энэ хоёр зүйл уналтанд орж, харин худалдаа болон үйлдвэрлэлийн салбар хямралд төдийлөн хүчтэй нэрвэгдээгүй бөгөөд зунаас хойш эрчимтэй сэргэж байгаа билээ.   
ОУВС-гийн тооцоолсноор, вакцин гарсан нь хямралаас учирсан хохирлыг ойрын 5 жилийн хугацаанд 9 их наяд доллароор бууруулах боломжийг олгох ажээ. 
 
Эхлээд байдал дордоно
 
Гэсэн хэдий ч дэлхийн эдийн засаг энэ өвлийг харанхуй хонгилд өнгөрөөхөөс аргагүй болно гэж зарим гутранги бодолтнууд үзэж байна. Үүний шалтгаан нь Европт хоёрдахь удаагаа тогтоосон хөл хорио ба АНУ-д цар тахлын хоёрдахь давалгааг хяналтанд авч чадахгүй байгаа явдал юм. 
АНУ, Европын Холбоо хоёр нийлээд дэлхийн ДНБ-ний 1/3-ээс илүү хувийг бүрдүүлдэг. Дэлхийн эрэлт ба хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр болдог энэ хоёр субъектээс дэлхийн эдийн засгийн эрүүл мэнд бүхэлдээ шалтгаална. Цар тахлыг ялсан Хятад зэрэг улсууд Европ, Америк хоёргүйгээр амссан хохирлоо бүрэн нөхөж чадахгүй.
Одоо таагүй нэгэн мэдээг дуулгая. Вакцин гарсныг дэлхий даяар дуулиантай тэмдэглэж байх зуур “эдийн засаг сэргэх үйл явцыг дагалдан хямрал хэдэнтээ сэдэрнэ” гэж ОУВС-гийн тэргүүний хэлсэн үгийг энэ долоо хоногийн статистик баталлаа.    
 
 
 
 
Европын 19 улсад шинэ хямралын шинж тэмдгүүд ажиглагдаж байгаа бол АНУ-д өсөлтийн хүлээлт нь гутранги төсөөллөөр солигджээ. Bloomberg Economics-ийн эдийн засагчдын үзэж байгаагаар, дөнгөж сэргэж буй эдийн засагт дахиад хямрал нүүрлэх нь.
 
 
 
Цар тахлын хоёрдахь давалгаа ба түүнээс үүдэлтэй хоёрдахь хөл хорио нь дэлгүүр, зоогийн газар, зочид буудлуудад учирсан хүндрэлийг улам гүнзгийрүүлж, аялал жуулчлал, зугаа цэнгээний салбарын сэргэлтийг тасалдууллаа.
Зардал, нислэгийн тоо, хүний нөөцөө хайр найргүй танаж цомхотгосон агаарын тээврийн компаниуд асар их алдагдал хүлээсэн хэвээрээ. Дэлхийн агаарын тээврийн байгууллагын /IATA/ тооцоолсноор, нисэхийн компаниуд энэ онд болон ирэх онуудад 100 тэрбум долларын алдагдал хүлээхээр байгаа бол өнгөрсөн долоо хоногт гаргасан шинэчилсэн таамаг үнэлгээгээр уг тоо 150 тэрбумд хүрэхээр байна.
Гол асуудал бол хэрэглэгчид ирээдүйд итгэлгүй байгаа явдал юм. Вакцин гарсан хэдий ч итгэлгүй байдал улам лавширсаар.
Хуучин тивийн эдийн засаг Америкийнхаас дутуугүй хямарсан боловч ажилгүйдлийн тоон үзүүлэлт АНУ-ынхаас хамаагүй доогуур байгаа юм. Үүний учир нь “сэргээш” хэрэглэсэнд бий.
 
 
 
 
ЕХ-ны гишүүн орнууд ажил эрхлэлт, бизнесийг зохиомлоор буюу мөнгөөр тэтгэсээр ирсэн. Харин хөл хориог цуцалж, үүнтэй зэрэгцээд санхүүгийн дэмжлэгийн хөтөлбөрөө эрх баригчид зогсоох аваас төрийн дэмжлэггүйгээр бүгдээрээ тэсч үлдэж чадахгүй.  Дээр дурдсан судалгааг үзвэл, еврогийн бүсэд ажил эрхлэлтийн индекс хоёр сар дараалан буурчээ.
 
 
 
Хямрал дахиад нэг жил үргэлжилнэ
 
Коронавирусний халдварын хоёрдахь давалгаа нь эдийн засгийн хямралын хоёрдахь давалгааг үүсгэлээ гэх эдийн засагчдын болгоомжлолыг дээрх баримтууд нотолж байна.
Гэхдээ сайн мэдээ ч бас бий. Хоёрдахь хямрал нь хавар дэгдсэн эхний хямралаас хамаагүй сул байх төлөв харагдлаа. Энэ нь бүхэл бүтэн салбарууд цар тахлын нөхцөлд дасан зохицож чадсаны үр дүн юм. Ялангуяа аж үйлдвэрийн салбар. Үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж бөгөөд эдийн засагт нь үйлдвэрлэл чухал байр суурь эзэлдэг Герман зэрэг улсууд үйлчилгээний салбар, аялал жуулчлал давамгайлсан Испани, Грек зэрэг орнуудтай харьцуулахад хямралаас илүү хурдан гарч байна.
 
 
Аж үйлдвэрийн салбар цар тахлын цохилтыг илүү сайн тэсвэрлэжээ 
 
Улмаар хоёрдахь давалгаа саарах үед өсөлтийн өмнөх үедээ эргэн орж чадах эсэх нь цар тахал намжсаны дараа эдийн засгийг зохиомол амьсгаатай байлгах мөнгө Барууны орнуудад хүрэлцэх үү гэдгээс хамаарах болно.
Дэлхийн баян улс орнууд иргэд, бизнес хоёроо маш хүчтэй дэмжсэн. Хэдийгээр эдийн засаг нь 10 хувиар унасан боловч хүн амын орлого буураагүй төдийгүй 5 хувиар өсчээ. Хямралаас хэр хурдан гарах вэ гэдэг нь эрх баригчид мөнгөн дэмжлэгээ үргэлжлүүлэн олгож чадах уу гэдгээс хамаарна.
Гэвч энэ тал дээр бага зэргийн бэрхшээл бий. Америкт гэхэд 1 их наяд долларын багц тусламжийн асуудал Жо Байден тангараг өргөх хүртэл Конгресс дээр гацаад байгаа. Харин Европын орнуудын хямралын эсрэг 2 их наяд еврогийн төсөв нь Польш, Унгар хоёртой маргаан үүсгэхэд хүргэжээ.  
Мөнгө олдлоо ч гэсэн, коронавирус нь ханиад шиг ердийн өвчин болж хувирсан тохиолдолд л хямралаас гарч, хэвийн амьдралд буцаж орох тухай ярих боломжтой.  
Европтой харьцуулахад Америкт нөхцөл байдал илүү эмзэг байна. Сонгуулиас үүдэлтэй улс төрийн сөргөлдөөн хурцадсанаас гадна АНУ-д халдвар авагчдын тоо өссөөр. Америкчууд халдвар судлаачдын зөвлөмжийг үл хайхран өнгөрсөн пүрэв гарагт болсон Талархлын баяраар улс даяар ийш тийш зорчиж, хамаатан садныдаа зочилсон учраас халдвар дахиад хүчтэй дэгдэх магадлал бий. 
 
 
Талархлын баярын үеэр америкчууд эмч нарын зөвлөмжийг хайхарсангүй 
 
“Вирус маш хурдтай тархаж байгаа учраас ирэх хэдэн сар тун амаргүй байх болно. Олон хүн цугларсан газраас зайлсхийж байгаа үед эдийн засаг бүрэн сэргэхгүй” гэж Америкийн Төв банкны тэргүүн Ж.Пауэлл үзэж байна. 
Европын Төв банкны /ЕТБ/ ерөнхий эдийн засагч Филипп Лейн-ий таамаглаж байгаагаар, 2022 оны намраас нааш ДНБ-ийг 2019 оны түвшинд хүргэж өсгөх боломжгүй ажээ. Учир нь, цар тахал нь хэрэглэгчдийн итгэл, хадгаламж, ажил эрхлэлтэнд удаан хугацаанд нөлөөлөхөөр харагдаж байна.   
Ф.Лейнтэй санал нэгтэй байгаагаа ЕТБ-ны удирдах зөвлөлийн гишүүн Фабио Панетта илэрхийлээд “хамгийн өөдрөгөөр төсөөлөхөд, бүх нийтийг хамруулан вакцинжуулалт хийхэд их цаг хугацаа шаардлагатай. Түүнээс гадна, цар тахал эцэс болж, бүх зүйл ард үлдлээ гэдэгт ард иргэд итгэлтэй болох хүртэл бүр ч илүү хугацаа хэрэгтэй.  2021 гэдэг дахин нэг цар тахлын жил биднийг хүлээж байна” гэлээ.
 
 
Б.Адъяахүү