sonin.mn

Манай улсын хүн амын дийлэнх нь амьдардаг нийслэл хотод хог боловсруулах нэг ч үйлдвэр алга. Нийслэлийн хот, төлөвлөлт, хог хаягдлын менежмент хариуцсан нөхөд "Манайх ялзмаг бүхий шингэн хог байхгүй, хуурай хог ихэвчлэн гардаг болохоор бараг л байгаль орчинд хоргүй" шахуу юм яриад хээв нэг сууж байна.

 

Гэтэл шатдаггүй, боловсордоггүй хог хаягдал уур амьсгалын өөрчлөлтөнд хичнээн сөргөөр нөлөөлж байгаа бол? Ядаж шатдаг боловсордог хог хаягдлаа боловсруулах үйлдвэртэй болмоор. Хогоо дахин боловсруулж хэрэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа олон орны туршлага бий.

 

Хувийн хэвшлийнхэн санаачилгатай ажиллаж хог боловсруулах үйлдвэр байгуулбал ирээдүйд ихээхэн хөрөнгө оруулж байгаа хэрэг болно. Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хогны үйлдвэр байгуулаад ажиллах нөөц бололцоо үндэсний том компаниудад бий.

 

Боловсруулахгүйгээр хогоо шатаалаа гэж бодоход шатсан хогноос хүлэмжийн хий, нүүрсхүчлийн давхар ислийн хий агаар мандалд тархана. Эргээд бид түүгээр амьсгалана. Хичнээн харамсалтай. Орж ирж буй гадаадын хөрөнгө оруулалт, ядаж л "Чингис" бондын 1.5 тэрбум "ногоо"-ноос хог боловсруулах үйлдвэртэй болоход зарцуулж болохгүй юу?

 

Тэгвэл хог түүж байгаа 400 гаруй иргэдээ тэр үйлдвэрт ангилан ялгалт хийлгэн ядаж ажиллуулж ажлын байр нэмэгдүүлнэ. Хот жилийн жилд ярьдаг хогноосоо салж, цэвэр цэмцгэр нийслэлд цээж дүүрэн амьсгалан цаг Улаанбаатарчуудад ирнэ. Нийслэл хотод хогийн гурван цэг бий.

 

Эдгээрт өдөрт 1200-1500 тонн хог хаягдал хүргэж байна. Улаанбаатар хотын хувьд хуурай хог давамгайлж байгаа ч хөрсөнд 100-400 жил оршиж байгаль дэлхийг бохирдуулдаг гялгар уут ихэнх нь. Энэ нь хорт хий ялгаруулан, хөрс, ус агаарыг бохирдуулсаар байдаг.

 

Хүнсний бүтээгдэхүүнийг голцуу савладаг гялгар уут нь бүтээгдэхүүнтэйгээ урвалд орж формалдегид, бензол, тлоул зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулдаг төдийгүй тэр нь эргээд хүнсэндээ шингэдэг байна.

 

Гялгар уутан савлагаатай хүнсний бүтээгдэхүүн гэдэсний савханцар, сальмонеллёз, стафилококк зэрэг нян дамжих үндэс болдог байна. Манайд гялгар уутны хэрэглээг багасгаж, хориглоё, эх дэлхий, эрүүл мэндийнхээ төлөө даавуун тор сонгоцгооё гэж олон жил ярьж байгаа. Уг нь гялгар уутыг нэг удаа хэрэглээд хаях ёстой.

 

Дахин ашиглах боломжгүй байдаг. Гэтэл манайд эргээд ашигладаг. Бид л өөрсдөө хэрэглэхгүй бол гялгар уутны бизнес аажмаар хумигдана. Дэлхийн хэмжээнд гялгар уут хийдэг 700 гаруй компани байдаг аж. Харин даавуун тор, цаасан тор үйлдвэрлэдэг нь дээрх тоог гүйцдэггүй байна.

 

Ногоон хөгжлийн төлөө эко бизнес сонгох үүднээс олон оронд гялгар уутны үйлдвэрлэлд татвар нэмсэн байдаг. Манайхан дотооддоо гялгар уут тун бага үйлдвэрлэж, ихэнх хэрэгцээг урд хөршөөсөө хангадаг. Урдаас оруулж ирж байгаа гялгар уутанд татвар өндөр тогтоож, хор хог худалдаж авах сонголтыг хийхээ болих цаг ирсэн.

 

Эх сурвалж: "Бизнес таймс"