sonin.mn
Амьдрал өөрөө гэрэлтэй сүүдэртэй. Хүмүүнд энэ гэрэл сүүдрийн аль нэг нь дайрч өнгөрдөг. Эндээс гуниг, баяр хоёрын илүү дутуу ялгарч харагддаг биз ээ. Амьд явахын хамгийн том шагнал бол орчлонг харж мэлмий нээх цаг юм. 
 
Саяхан би "ТМ" телевизээр төрөлхийн хараагүй Б.Одонгэрэл гэдэг залуугийн тухай нэвтрүүлэг үзэж, түүний бичсэн шүлэг, зохиосон дууг сонсч, гайхалтай тэвчээр, өөрийгөө нээж буй авьяасынх нь тамирт биширч билээ. Зүрхний хат сэтгэлийн бяргүй болчихсон зөвхөн л тэнгэр газрын зай завсарлаж яваа амьдралыг сохроор хардаг бэртэгчингүүдийн өмнөөс Одонгэрэлийг өмөөрөн ичихийн элэг дурдайнам.
 
Тэр хүү өглөө нар гэрэлтэн мандахыг, өвсний халиун шуурга үелзэхийг,ээжийнхээ нүдний далдхан гунигийг, сарны туяа залгилсан хээр талыг, тэнгэрийн хэц дээр зогсох Марал бугыг насандаа ч харсангүй, ямар их гуниг вэ? Одонгэрэл хүү өөрийнхөө гунигийг гайхалтай урнаар илэрхийлж чадаж байгаа нь дотоод ухамсрын ялалт юм даа.
 
1990 онд намайг Булган аймгийн Холбоонд ажиллаж байхад нэг өдөр хүнээр хөтлүүлсэн нүдний хар шилтэй залуу ирж уулзаж байсан нь энд цухас өгүүлж буй Одонгэрэл байлаа. Тэрбээр надад шүлгээ уншиж зөвлөгөө авах гэж ирснээ ярьж ижийдээ зориулсан шүлгээ цээжээр уншсан юм.
 
Сэтгэлийнхээ нүдээр харсан түүний гэрэлт бодлууд нь яасан эмзэг, зүрхний нулимс байв аа. Өөрөө орчлонг нэг ч удаа хараагүй, харахыг хүссэн тэмүүлэл нь шүлгээр илэрч намайг хачин ихээр догдлуулж билээ. Шүлэг нь зургаан мөр ч билүү багцлагдан бодол бүрийнхээ төгсгөлд "Ижийгээ л нэг харахсан" гэсэн бурхны гуйлт байсан даа.
 
Байсхийгээд л над руу зорин ирж шүлгээ уншиж зохиосон дуугаа дуулж өгнө. Тэр нэг банзан гитар үүрч явдаг байсан санагдана. Сая телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо цоо шинэ "Ямаха" хэмээх даруулт хөгжим тоглож байна лээ.
 
Би Булган аймагт байхдаа яруу найрагч ахад шүлгээ уншиж би шүлэг бичиж чадах болов уу гэж эргэлзэлгүй асуухад минь чи чаднаа гэж хэлдэг байсан тухайгаа олон жилийн хойно ч мартаагүй дурсч суухад нь яасан их баярласан гэж санана. Түүнд мартахын будан суугаагүй байгаад нь, ямархан халуун зорилго тэмүүлэлтэй яваад нь тэр нэвтрүүлгийг үзсэн үзэгч та ч санал нэгдэнэ гэдэгт итгэнэ.
 
Гэр хороололд амьдардаг тэрбээр өглөө гараад л зовлон бэрхшээлтэй учирдаг тухайгаа, болж бүтнэ гэсэн чиг эрмэлзлэлээр хөтлүүлж явдгаа гунигийн сүүдэргүй ярьж байна лээ. Эмзэг давхаргын хүмүүс гээд л тусламжийн гурил, будаа, хувцас хунар өгч өөгшүүлдэг хөдөлмөрийн чадвартай дугаар хорооны иргэдийн дэргэд ёстой л эмзэг давхаргынхан бол хөгжлийн бэрхшээлтэй гэгддэг хараагүй, дүлий, хэлгүй, тэргэнцэртэй иргэд юм.
 
Муугаар хэлэгддэг социализмын үед ч хөдөлмөрийн хүний үнэлэмж харьцангуй сайн байсан гэж боддог. Ялангуяа ҮЭ-ийн байгууллага энэ тал дээр их анхаарч байсан, одоо ч тэр уламжлал нь үргэлжилсээр, хөдөлмөрчин олныхоо эрх ашгийн төлөө тууштай тэмцэж байгаад талархнам.
 
"Сохор нийгмийн төлөө ч сохор хүн зүтгэнэ" гэсэн нэгэн ухаантны үг өнөөдөр улам ч үнэ цэнэтэй сонсогдож байна. Энэ үгийн дархлаа зөвхөн Одонгэрэлд бус олон олон хараагүйчүүдэд зориулагдсан мэт санагдана. Амьдралын өнгө гэрлийг тэд биднээс илүү мэдэрч байна. Жинхэнэ сэтгэлийн нүд гэдэг л энэ байх даа.
 
Би энд өөр нэг хүний тухай цухас өгүүлье! Өөрөө хараагүй ч Монголын Хараагүйчүүдийн төлөө зүрх сэтгэлээ зориулж явдаг нэгэн бол МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, нийтлэлч Ж.Батноов хэмээх эрхэм юм. Аль дал, наяад оны үеэс л Монголын радиод олон сайхан цуврал нийтлэл явуулж өөрийгөө бус өрөөл бусдын төлөө зориулсан он жилүүд нь бусдаас ялгарах үнэ цэнэтэй гаргалгаа болсноороо ихээхэн онцлогтой.
 
"Утга зохиол, урлаг сонин дээрээс ч түүний бичсэн бодрол, тэмдэглэлийг талархан уншиж уйгагүй тод зүтгэлийг нь харж суухад сайхан байдаг. Энэ талаараа ном бичсэн дуулдана лээ. Батноов бид хоёр энд тэнд их тааралдана. Хүний дууг сонсоод л тэр хүнээ таньж сэтгэл нь сэргээд явчихдаг тийм содон мэдрэхүй бол түүний дотоод эрчим хүч юм.
 
Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангаар мань хүн байсхийгээд л ирчихсэн, ном үнэртээд явж байгаа сураг дуулддаг. Тэр нь нөгөө хараагүй хүмүүсийн баррель үсгийн ном товхимол л болов уу даа гэж мунхаг би төсөөлөхөөс хэтрэхгүй. Ер нь зүгээр нэг сууж өөрийгөө бөөцийлдөггүй хүн л дээ.
 
Тэр чанар нь насан туршийнх нь гэрэлт мэлмий болж түүнийг оюуны "талх"-аар тэжээж явдаг биз ээ. Нацагдоржийн номын сангийн захирал асан Т.Мижиддорж гэж хүнтэй ижий ахай болсон, зохион байгуулах сонор сэтгэхүйтэй хүмүн байлаа. Нацагдоржийн. төрсөн өдрөөр ч билүү баахан зохиолч, уншигч цугласан өнөр арга хэмжээний үеэр Батноов маань хэзээний ирчихсэн гэрэлтэж явж байсныг би тодхон санадаг юм.
 
Манай зохиолчид Батноовыг сайн танина. Өөрөө ч мэнд мэдэхэд л цаад хүнээ таниад явчихаж байгаа юм. Цаанаа ч наанаа ч ийм л дэлгэрэнгүй сайхан хүн л дээ. Мижиддорж захирлын үед Улаанбаатар хотын төв номын сан "Дэйзи-тоон ярьдаг ном"-ыг Монголд нэвтрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж Дэйзи форматын электрон ном үүсгэх Студи байгуулахын зэрэгцээ 21 аймгийн нийтийн төв номын сангаар дамжуулан Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны орон нутгийн нэг салбар бүрт Дэйзи форматын электрон номуудыг түгээх ажил хийгдсэнээрээ өргөн цар хүрээтэй ажил болсон билээ.
 
Үүнд Батноовын бах нэгэнтээ ханаж таньдаг мэддэг хүмүүс, ялангуяа зохиолч, сэтгүүлчдэд өөрийнхээ баяр талархлыг илэн далангүй ярьж явсан дуулддаг юм. Хэр баргийн хүн ингэж догдлохсон билүү дээ. Санахаасаа илүү мартахын хязгаар давамгайлсан ороо бусгаа энэ цаг үед бид ийм хүмүүсийг л илүү хайрлах хэрэгтэй юм даа. Хөгжлийн бэрхшээлтэй ийм хүмүүсийг төр засаг ч илүү анхаарах хэрэгтэй...
 
Одонгэрэл хэмээх тэр авьяаст хүү гэр хороололд амьдардаг юм билээ. Өнөөдөр түлээ нүүрс, талх тариа, мах, гурилын үнэ ямар "багалзууртай" байгаа билээ. "Багалзуурдах" гэсэн нэр томъёог нийгмийн сэтгэл зүйд суулгаж өгөх хэрэгтэй байна.
 
Тэгэхэд Одонгэрэл хүү нийгмийн энэ эрээн барааныг үзэн ядах бус өөрийнхөө зовлонг энэ миний зовлон, би л үүрч гарах ёстой гэж бодож зүтгэж яваа нь мөн ч гуниггүй сайхан сэтгэлээ. Ер нь ийм гудиггүй, шантардаггүй зүтгэл хараагүй хүмүүст л илүүтэй заяагддаг юм шиг санагддаг шүү.
 
Гэхдээ би нэг зүйлд хачин их эмзэглэдэг. Бүсгүй хүн хичнээн гоо үзэсгэлэнтэй байлаа ч хүнээр хөтлүүлэн тэмтчиж явна гэдэг яасан өрөвдмөөр, цагаан сүүний шаналан бэ? Өөрөө эх болж үрийнхээ үнэгчлэхийг харахын хувь дутлаа ч ангир уургаа шимүүлж суухдаа дахин төрөх шиг л амар амгаланд сөгддөг буй за.
 
Аялгуу сайхан дуугаараа "Монголын их амар амгалан"-г бүүвэйлсэн ая зохиогч, МУГЖ Ч.Амаржаргалыг дуулахын тоолон миний хоолой зангирч яасан их сэтгэл бужигнадаг гэх вэ.
 
"Шагналын нүд" түүнийг онож харж Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг уншихад Амаржаргал баруун аймгуудад аялан тоглолтоор явж таарсан ч өмнөөс нь өөрөө авчихсан юм шиг олон хүмүүс баярласан гэдэгт эргэлзэх юун. Та нарыг минь өдөр бүхэн бурхны өлмий тосч байх болтугай!
 
Алтанхан залуу насыг тань Бурхантай хамт хүргэж өгье
Амьдрал хэмээх их нүүдлийн замд тосч уулзъя 
Гэрэлт зүгийн алтан гөрөөс шиг өдрүүдийг бэлэглэе
Гээгдэхгүй их хайр та нарынх байг!
 
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Баянтунгалаг
 
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин