sonin.mn
Ахмадын хорооны өнөөгийн ажил байдлын талаар Аймгийн ахмадын хорооны дарга Ц.Бат-Өлзийтэй хийсэн ярилцлагыг уншигчиддаа толилуулж байна.
 
-Ахмадын хорооны өнөөгийн байдлын талаар ярилцлагаа эхлэх үү?
 
-Монголын ахмадын байгууллага 1931 онд Партизаны комисс нэртэйгээр байгуулагдаж, тухайн үеийн хөгжлийн онцлогт тохируулан нэр, бүтцээ гурван удаа өөрчилж, өдий хүртэл 83 жилийн хугацаанд ахмадуудынхаа эрх ашгийг хамгаалж, түүхэн үүргээ гүйцэтгэсээр ирсэн түүхтэй.
 
Энэ байгууллага УИХ-аар батлагдсан “Ахмад настны нийгмийн хамгаалалын тухай” хуулийн хүрээнд ахмадуудынхаа эрх ашгийн төлөө олон арван санал санаачлага боловсруулан төрийн дээд удирдлагад байнга тавьж, ирснээр зохих үр дүнд хүрч  олон асуудал шийдэгдсээр ирсэн.
 
Гэтэл 2013 онд МАЧХ-ны тэргүүн Г.Баасан гэгч эмэгтэй “Би үүнээс  их зүйлийг хийж бүтээнэ” гэж амлан Монгол улсын Ерөнхий сайдтай гэрээ байгуулан МАхХ-нд олгож байсан төсвийг бүгдийг нь авч зарцуулсан байдаг.
 
Энэхүү мөнгөөр нэг жил гаруй хугацаанд бүх аймгуудаар машин хөлөглөн  МАхХ-ны анхан шатны байгууллагуудад очиж, сүрдүүлэн загнаж, ажлыг чинь авна, оронд нь өөрийнхээ хүнийг томиллоо гэж тамга тэмдэг тарааж, төсвийн мөнгийг өөрийнхөө унаа,буудал, томилолтын зардалд дур мэдэн зарцуулж, түүний үр дүн гэж ахмадуудын ажил амьдралд хэрэгтэй өөрчлөлт гарахгүй байгаад ахмадууд шүүмжлэлтэй хандаж байна.
 
Түүний ярьдаг үг нь МАхХолбоо  юу ч хийдэггүй, төсвийн мөнгийг идсэн, үрсэн, би их зүйл хийсэн, олон жил зүтгэсэн,  МАхХ-ны хийсэн ажлыг өөрөө хийсэн гэж магтан сайрхаж, ахмадуудын тэтгэвэр  өнөөгийн үнийн өсөлтийг даахгүй байгаа, олон ахмадын амьдрал хүнд байгаа дээр дөрөөлөн хүмүүсийн тархи угааж өөрөө нэр хүнд олж авах гэсэн явуургүй оролдлого хийж байгаад ахмадууд харамсаж байна.
 
Г.Баасан анх гарч ирэхдээ Ардчилсан намыг дэмжиж намаа сайн дэмжиж ажилласны төлөө орон сууцаар шагнуулж байсныг иргэд мартаагүй, одоо болохоор нам бус, аль ч намыг дэмждэггүй гэж жүжиглэж явна.
 
МУ-ын Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг ажил үүргээ хэвийн явуулж байгаа МАхХ-ны төсөв мөнгийг хураан авч хуулинд зааснаар нийт ахмадын дийлэнх олонхийн эрх ашгийг хамгаалж чадахгүй, цаашид ч хамгаалж ажиллаж чадах эсэх нь тодорхойгүй МАЧХ-ны Г.Баасанд өгсөн нь цэвэр улс төрийн шинжтэй шийдвэр болсон. Аль алинтай нь гэрээ байгуулан санхүүжүүлж болох үндэслэл ч байгаа юм. 
 
-Манай аймагт байдал ямар байгаа вэ? 
 
- 2013 оны 9-р сард Сангийн сайд Ч.Улаанаас ирүүлсэн албан бичгийг үндэслэн Аймгийн ИТХурал 2014 оны төсвийг батлахдаа Аймгийн ахмадын хорооны төсвийг хасаж, манай аймагт байхгүй, байгуулагдаагүй МАЧХ-ны салбарт зориулан төсөв баталсан.
 
Тэр холбоо нь 2014 оны дөрөвдүгээр сард батлагдсан төсвийг авах зорилгоор Г.Баасан ирж хүн томилсон, одоо хүртэл ахмадуудад зориулсан ямар ч ажил хийгээгүй байгаа.
 
Үүнээс болж Ахмадын Соёл мэдээлэлийг төвийн халаалт, цахилгаан, ус хог, холбооны хөлс төлөгдөөгүй, ажилчид нь цалин аваагүй байгууллага хувь хүмүүс хохирсоор байна.Энэ мэтээр Аймгийн ахмадын хорооны ажилд зарим хүндрэл учирч байна.
 
Энэ талаар Аймгийн удирдлагуудад удаа дараа хүсэлт тавьсаар ирсэн, одоо хүртэл шийдвэрлэгдээгүй, шийдэж өгнө гэдэгт итгэж хүлээсээр байна.
 
-Г.Баасангийн олон түмэнд ярьснаар бол та нар төсвийн баахан мөнгө  хуваагаад авчихсан, идчихсэн мэт ойлголт төрүүлсэн. Энэ талаар?
 
-Төсвийн мөнгө гэдэг бол анхнаасаа тийм зүйлд төдий төгрөг гээд хатуу тогтоосон хэмжээтэй, өдөр дутамд  зориулалтаар нь зарцуулж байгаад нь санхүү төрийн сангийн хэлтэс хяналт тавьж, шалгаад дараа нь шилжүүлж өгдөг журамтай Г.Баасангийн хэлсэн шиг дураараа аваад идчихэж болдоггүй.
 
2014 онд 51 сая төгрөг хувиарласнаас хэмнэгдсэн дөрвөн сая төгрөгийг нь төрийн санд эргүүлээд хурааж авсан.Төсвийн зарцуулалтыг бичээд өлгөчихсөн байдаг, хэн хэзээ ч очоод харж болно. /Төсвийн зарцуулалтын тооцоогоо зүйл нэг бүрээр нь бичээд өгсөн боловч манай сонины зай багтаамжаас шалтгаалж нийтлээгүй болно./
 
- Төсвөөс олгодог байсан мөнгийг нь өгөхгүй болчихоор танайх хэрхэн ажиллах вэ? Үйл ажиллагаагаа зогсоох уу?
 
- Төсөв хөрөнгөгүй боллоо гээд Монголын ахмадын байгууллага үйл ажиллагаагаа зогсооно гэж байхгүй. Ахмадын хамт олныхоо итгэлийг хүлээн сонгогдоод тэднийхээ төлөө нийгмийн идэвхээрээ хөлс мөнгөгүй ажиллаад явдаг олон ахмадууд одоо ч ажиллаж байна.
 
Сумдын ахмадын хорооны дарга нар гэхэд  сард 60000 төгрөгийн урамшуулал төсвөөс авдаг, төрөөс өгдөг цөөн хэдэн төгрөгөөр нь барьцаалж, олон мянган ахмадын санал эрх ашгийг үл тоомсорлож, Монголын ахмадын хороог устгаж, Г.Баасангийн ахмадын байгууллагыг хүчээр байгуулах  гэвэл бүтэхгүй л болов уу.
 
Баг, байгууллагын ахмадын зөвлөл, ахмадуудын олонх нь цаашдаа тийм сайн сайхнаар ажиллана гэж итгэж хүлээн авахгүй байгааг ойлгомоор л юм.
 
-Аймгийн ахмадын хорооноос энэ онд хэрэгжүүлэх гол гол ажлаасаа дурдвал?
 
-Аймгийн ахмадын хороо сумдынхаа ахмадын хороодод ажлын чиглэл өгч, байнгын удирдлагаар хангаж ажилладаг. Ахмадын хороо болон хувиараа олж цуглуулсан аймгийн түүхтэй холбогдолтой номуудыг ашиглан ойгоо тэмдэглэх гэж байгаа сумууд болон Монгол банк, Ус цаг уурын газар гэх мэт байгууллагуудад түүхээ үнэн зөв бичих, материал цуглуулахад нь тусалж, удмын бичгээ хөтөлж байгаа ахмадууд, иргэдийг дэмжиж, цаашид аймгийн нийт иргэдийг удмын бичигтэй болоход нь туслах зорилготой байна.
 
Орон нутгийнхаа нөөц боломжийг ашиглаад элсний эмчилгээний бөөрний сувилалын эхлэлийг хувийн хэвшлийнхний тусламжтайгаар эхлүүлэхээр бэлтгэж байна.
 
Энэ ажиллаад эхэлчихвэл зөвхөн ахмадууд төдийгүй өвчин зовлонтой бүх л хүмүүст хэрэгтэй, үр дүнтэй болж байвал аймаг орон нутгаас дэмжиж албан ёсны сувилал болгох байх гэж найдаж байна.
 
Мөн ахмадуудыг хөдөлгөөний дутагдалаас сэргийлэх, нийтийн бүжиг, хөдөлгөөнт тоглоом, дасгал хийлгэх урам зоригийг нь хөгжүүлэх олон хэлбэрийн ажил хийх орон нутгийн ажил, байгаль хамгаалах  ногоон хэрэм хөтөлбөрт хамруулах, мод бут тарих, монгол ёс заншлаа сэргээж хүүхэд залуучуудад зааж сургах олон ажлуудыг манай байгууллага, сум, багийн ахмадын хороо зөвлөлүүд байнга хийж байна.
 
Түүнээс гадна ахмадуудын амьдрал ахуй, нийгмийн олон асуудлыг  төр. засагтаа тавьж байдаг,  хамгийн сүүлд гэхэд гуравдугаар сард цэргийн тэтгэвэрт гарсан ахмадуудын энгийн байгууллагад ажилласан жилийг нь нэмэн тооцох тухай 2010 онд гарсан тогтоол одоо болтол хэрэгжихгүй байгаа талаар БХЯ, УНДЕГазарт санал тавьснаар хэлэлцэж шийдвэрлэн журам гаргах гэж байгаад баяртай байна. 
 
- Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье. 
 
З.Пүрвээ 
 
Эх сурвалж: "Монгол говь" сонин